Сүүлийн үед Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинээр батлах тухай ихэд ярих болсон. Тиймээс энэ талаар мэргэжлийн хүнтэй нь ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаярын тухайд энэ чиглэлийн доктор зэрэгтэй хүн юм.
-Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл шинээр батлах тухай их ярих боллоо. Мэргэжлийн хүний хувьд үүнийг хийх цаг нь мөн үү?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл одоогийн энэ Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж дууслаа. Тиймээс шинэ Үндсэн хууль батлах ёстой гэдэг асуудлыг судлаачид, жирийн ард иргэд, улстөрчид ч гэсэн яриад байна. Тухайлбал би өөрөө хувь хүнийхээ хувьд, Үндсэн хуулийн судлаачийнхаа хувьд шилжилтийн үеийн Үндсэн хууль маань үүргээ маш сайн биелүүлж дууслаа. Тиймээс үүнийгээ шинэчлээд, хөгжил дэвшлийн шинэ Үндсэн хууль баталъя гэдэг байр суурьтай байгаа.
Гэхдээ хэн нэгэн судлаач, улстөрч, сургуулийн багш, хэн нэгэн албан тушаалтан Үндсэн хуулийг өөрчилье гэдэг шийд гаргах ёсгүй. Үндсэн хууль гэдэг бол ард түмний бүтээл. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөх эсвэл шинэ Үндсэн хууль батлах асуудлыг зөвхөн бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гээд заачихсан байгаа. Тиймээс үүний дагуу бүх нийтийн санал асуулга зарлая.
Энэ санал асуулгаараа эхлээд “шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай юу” гэдгээ асууя. Хэрвээ “тийм” гэвэл түүнийгээ л ярья. Хуучныг нь ярих шаардлага байхгүй. Хэрвээ ард түмэн маань шинийг батлах шаардлагагүй гэвэл “одоо байгаа Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ тохироод, түүнийг хүлээн зөвшөөрч байна уу” гэдэг санал асуулга явуулья гэсэн санааг хэлэхийн тулд өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийсэн.
Түүнийг маань дэмжиж нэг ТББ-аас ард нийтийн санал асуулга явуулья гэдэг зүйлийг хэлж байна. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаад, бүх намуудын төлөөлөл багтсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гээчийг байгуулчихлаа. Энэ ажлын хэсэгтээ хаврын чуулганд багтааж ажлаа танилцуулахыг үүрэг болгосон байна лээ. Үүнийг хоёр үндсэн шалтгаанаар эсэргүүцэж байгаа. Энэ нь мөн адил тооны шалтгаанаар хардлага дагуулаад байна.
Тухайлбал яагаад гэнэт өчигдөр орой гаргахаар болов. 23 жилийн ой гээд айхтар тэмдэглэж байснаа тэр өдрийнхөө орой ийм шийд гаргаж байгаа нь сонирхолтой. Хоёрдугаарт ард нийтийн санал асуулга явуулах тухай саналууд хүчийг аваад ирэхээр ийм шийдвэр гаргаж байгаа ч хачирхалтай. Мөн гуравхан сарын дотор багтааж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийднэ гэдэг нь цаг хугацааны хувьд маш богино хугацаанд үүнийг шийдэх гээд байна.
Хоёрдугаарт цагаан сар гэх мэт баяр наадмуудын үеэр иргэдийн анхаарал суларсан үеийг далимдуулах гээд байна уу гэсэн хардлага байна. Мөн эдийн засаг хүнд байгаа энэ үед Засгийн газрын зүгээс авч байгаа арга хэмжээнээс шалтгаалаад иргэдийн анхаарлаас хол байх нь. Тэгэхээр улстөрчид маань сүүлийн 23 жилд хамгийн сайн сурсан далдуур хийдэг, хуйвалдаж, үймээн дундуур өөрсөддөө ашигтай зүйл хийдэг шигээ юм болгох нь гэж үзсэн учраас энэ ажлын хэсгийг байгуулсан шийдвэрийг хүчингүй болгоод бүх нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг хурдан шийдэх хэрэгтэй байна.
Хэрвээ УИХ-ын ард нийтийн санал асуулга явуулахгүй, ард түмэндээ итгэхгүй гэвдээ гэдгээ ойлгомжтой хэлчивэл Үндсэн хуульд байгаа “ард түмэн засгийн эрхийг барина. Засгийн эрхийг барихдаа өөрсдөө эсвэл төлөөллөөрөө дамжуулж барина гэсэн Үндсэн хуулийн утга агуулга зөрчилдөх нь.
-Үндсэн хуулийн шинэчлэлт гэхээр л “Дордуулсан 7 өөрчлөлт”-ийн талаар яригддаг. Одоо дахиад ийм зүйл болох вий гэсэн хардлага нийгэмд байна.
-Одоогийн байдлаар УИХ-ын гишүүд болоод улстөрчдийн ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг харахаар зөвхөн процессийн шинэчлэлт хийх тухай байдаг. Тодруулбал аль нэг албан тушаалтны эрхийг нэмэгдүүлэх эсвэл хасах тухай байгаад байна. Жишээлбэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрхийг хасах, нэмэгдүүлэх гэх мэт. 2000 оны дордуулсан 7 өөрчлөлт ч гэсэн яг л ийм байсан.
УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдыг албыг давхар хашиж болно, чуулганы ирц хүрэхгүй тохиолдолд заавал 50 хувь гэхгүйгээр сууж байгаа гишүүдийн 50 хувь гэх мэт Үндсэн хуульд заасан тодорхой зүйлүүдийг зөөлрүүлж, өөрсөддөө ашигтайгаар хийсэн учраас үүнийг “дордуулсан 7” гэж хэлээд байгаа юм. Тэд үүнийгээ үйл ажиллагаагаа явуулахын тулд гэж хэлдэг.
Яг үүнтэй адил улстөрчид Үндсэн хуульд өөрчлөлт хийх юм бол яг л үүнтэй ижил зүйл болно. Захын жишээ л гэхэд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаануудад өөрчлөлт оруулбал юу болох вэ. Эсвэл нэг субьектын эрхийг нөгөөд шилжүүлбэл яах вэ. Ингээд бодвол энэ нь хүний эрх болоод өв уламжлалаа хадгалах гэх мэт Үндсэн хуульд заасан хамгийн үнэт зүйлүүдийг хамгаалах тогтолцоог эвдчихнэ.
Үндсэн хууль гэдэг маань өөрөө Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна. Үүний тулд ийм зүйлүүд хийнэ гэдгийг заагаад хоёрдугаар бүлэгтээ хүний эрхийг заачихсан байгаа. Тэр хүний эрх болоод үнэт зүйлийг хамгаалахын тулд л төрийн байгууллага байгаа. Өөрөө хэлбэл төрийн байгууламж нь зөвхөн Үндсэн хуульд заасан үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд зориулсан арга хэрэгсэл.
Гэтэл энэ үнэт зүйлүүдийг ярихгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг үгээр далимдуулж, арга хэрэгсэлдээ өөрчлөлт оруулж, өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалж үлдэхийн төлөө явж байна л гэж ойлгож байна. Ер нь энэ хамтарсан Засгийн газруудыг байгуулсны дараа үргэлж томоохон хэмжээний төлбөрүүдийг төлдөг. Тухайлбал 2008-2012 онд ажилласан МАНАН-гийн Засгийн газрын үед “Оюутолгой”, “Таван толгой”-г ард түмэнд ашиггүйгээр тавиад туучихсан.
Тэгвэл одоо ард түмэнд ашиггүй, эрх баригчидад ашигтай байдлаар Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Өөрөө хэлбэл Монгол Улс, монголын ард түмэн Үндсэн хууль, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөгөөрөө дэнчин тавьж байж одоогийн хамтарсан Засгийн газрыг байгуулах нь гэж харж байгаа. Мэдээж ард түмэнд, хэн бүхэнд хардах нь эрх нь байгаа учраас тэр хардлагыг нь байхгүй болгох арга бол ердөө л бүх нийтийн санал асуулга.
-Гэхдээ төрийн түшээд ард түмний сонголт, тэдний төлөөлөл гэдэг утгаар ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр шууд төрийн түшээдийн шийдвэрээр үүнийг хийж болохгүй гэж үү?
-Хэрвээ усны, татварын эсвэл төсвийн тухай хууль ярьж байсан бол ямар нэг зүйл ярихгүйгээр төлөөллийн ардчилал хэрэгжих бүрэн боломжтой. Гэтэл Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, өв уламжлал гэх мэт бүхий л харилцааг нэгтгээд Монгол Улсын нийт ард иргэд, байгууллагуудын заавал хэрэгжүүлэх ёстой зүйлүүдийг тодорхойлдог, олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс илүү хүчин чадалтай хуульд 4 жилийн хугацаатай ажилладаг, бүрэн эрхийн хугацаа нь дуусахад 2 хүрэхгүй жилийн хугацаа үлдсэн парламент өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярина гэдэг нь ард түмний эрх ашгийг хамгаалахгүй байх нөхцлийг улам нэмэгдүүлж байна.
Харин 2 жилийн хугацаатай байхаар өөр хуулийн асуудал ярьж байсан бол зөвшөөрч болно. Харин Үндсэн хуулийн тухай энэ асуудал чинь огт өөр шүү дээ. Үндсэн хууль 2025, 2030 онд ч тэр цаашид үр нөлөөгөө өгсөөр л байна. Тиймээс л ард түмний санал асуулга явуулъя гээд байгаа юм. Ард түмний санал асуулга явуулбал ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг 2000 оны дордуулсан 7 өөрчлөлт харуулж байна. Одоо хүртэл бид энэ долоон өөрчлөлтөөс болоод төлбөр төлөөс төлсөөр л байна.
Мөн энэ өөрчлөлтөөс болоод 76 гишүүнтэй УИХ маань хамгийн багадаа 19 гишүүнтэй хууль батлах бүрэн эрхтэй болчихсон байна. Иймээс л энэ ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой. Дэлхий дахины орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны ололтуудын нэг нь 2000 жилийн өмнө Грек, Ромд хэрэгжиж байсан шууд ардчилалыг хүн амын тооноос болоод хэрэглэх боломжгүй боллоо гэж байсан бол одоо шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ачаар тэр шууд ардчиллыг бүр сайн хэрэгжүүлэх ёстой юм байна гэж байгаа.
Түүний хамгийн сонгодог жишээ нь Европын холбооны улс байна. Энэ холбооны бүх улсуудад ЕХ Үндсэн хуультай байх уу, үгүй юу гэдэг санал асуулга явуулсан. Үүний дүнд 15 гишүүний 8 нь шаардлагагүй, 7 нь шаардлагатай гэж үзсэний улмаас Европын холбоо Үндсэн хуультай болоогүй. Яг үүнтэй адил Монгол Улс Үндсэн хуультай холбоотой асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаас өөр аргагүй.
-Ер нь Үндсэн хуульд ямар нэг тодорхой насчилал гэж байх уу. Энэ Үндсэн хуулийг одоо солих цаг боллоо ч гэдэг юм уу?
-Мэдээж математик загварчлалд оруулчихсан юм шиг тэдэн жилийн дараа солино гэж хэлэхэд хэцүү нь ойлгомжтой. Гэхдээ зарим хүмүүс манай Үндсэн хуулийг АНУ-ын Үндсэн хуультай их харьцуулдаг. Ингэж болохгүй. Яагаад гэвэл энэ хоёр улсын эрх зүйн систем нь шал өөр. Бид юутай харьцуулж үзэх вэ гэхээр Герман эсвэл Францтай харьцуулж болно. Миний дээр дурьдсан улсууд бол дэлхийн хоёрдугаар дайны дараа батлагдсан Үндсэн хуулиараа явдаг. Түүнийгээ цаг тухайд нь өөрчлөөд явчихсан байдаг.
Монгол Улстай хамгийн ижил нөхцөлтэй байж болохуйц улсууд нь зүүн европын улсууд буюу хуучин социалист байсан улсууд. Тэр 15, 16 улсуудад ОХУ-ыг оруулаад 1989-1993 оны хооронд бүх улсууд Үндсэн хуулиа шинэчилсэн. Одоо тэр шинэчилсэн улсуудаас 70 гаруй хувь нь шинэ Үндсэн хуультай явж байна. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, шинэ Үндсэн хууль гаргах нь тухайн нийгмийнхээ өөрчлөлт хувьсалтыг дагаж явах ёстой.
Тухайбал 1992 оны Үндсэн хуулийг баталж байх үед Монгол Улсын хүн амын тоо 2 саяд хүрэхгүй байсан. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 20 ам.доллар байсан бол одоо 6900 ам.доллар болчихсон байна. Тухайн үед манайх хоёрхон банктай байсан. Харин одоо 16 банк үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тэр үед манайд компани гэдэг зүйл байдахгүй хувиараа эрхлэх аж ахуй нэгж 10 хүрэхгүй мянга байсан бол одоо хувиараа эрхлэх аж ахуйн нэгж үгүй болоод зөвхөн ХХК-л гэхэд 100 гаруй мянга болчихож.
Гэтэл эдийн засаг, нийгмийн энэ том өөрчлөлтүүд орчихсон байхад нөгөө шилжилтийн үеийн эдийн засаг маань хэвээрээ байгаад байх нь нийгмийн хөгжлийн удаашруулаад байна. Одоо хүн бүр л “Ер нь нэг л болохгүй байна. Энэ нийгэм болохоо байчихлаа” гэж яриад байдаг. Энэ нь бүх л салбарыг хамарч байна. Улс төр, эдийн засаг, боловсрол, тэр ч байтугай оюун санаан дээр хүртэл энэ байдал харагдаж байна.
Энэ чинь ердөө нийгэм маань оршин тогтнох үндэс болсон Үндсэн хууль маань шилжилтийн үеийн үүргээ гүйцэтгэж дуусаад хөгжлийн үе рүүгээ орох болжээ л гэсэн үг. Үүнийг Үндсэн хуулийн зарим заалтууд дээр яривал илүү ойлгомжтой л доо. Жишээлбэл Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын засаг захиргааны нэгжид хот гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр манайд хот хөгжихгүй байна. Үүнээс болоод хүн амынх нь 60 хувь нь Улаанбаатарт төлвөрчихсөн.
Түүнчлэн газар, газрын хэвлий, ус, ой мод, ургамал амьтан гээч нь төрийн хамгаалалтад ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Тэгэхээр логикоор нь аваад үзвэл Оюутолгойн гэрээ ч тэр ашигт матмалын хууль ч тэр, Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн үг. Яагаад гэвэл ард түмний мэдэлд байх зүйлийг аль нэг компанийн мэдэлд өгчихсөн байна.
-Өөрөөр хэлбэл одоо байгаа Үндсэн хууль маань үндсэндээ “болохоо байчихсан” байна гэж ойлгож болох уу?
-Дахиад нэг зүйл нь төр ард түмнийхээ өмнө үүрэг хүлээдэг саяхан орчуулагдаад хоёр дахь хэвлэлт нь гарч байгаа Ж.Ж.Руссогийн нийгмийн гэрээний онолоор аваад үзвэл “Үндсэн хууль гэдэг бол төр ард түмний хооронд хийсэн гэрээ юм. Хэрвээ төр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол ард иргэд нь төрийг унагаж болно” гэсэн л зүйл байгаа юм.
Улаанбаатар хотод хүн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Хамгийн наад захын жишээ гэвэл утааг нэрлэж болно. Энэ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадаагүй байж өнөөдөр төр нь би байна гээд байвал энэ чинь Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг болно. Ерөөсөө Үндсэн хуульд байгаа хүний эрх гэдэг чинь уг нь хоосон тунхаг биш шүү дээ.
Бүхий л төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдын хамгийн түрүүнд хийх ажил нь хүний эрхийг хангах. Үндсэн хуульд заачихсан байгаа 18 эрхээс аль аль нь хангагдаж вэ гээд үзвэл ХЭҮК-аас гаргасан дүгнэлтийг үзэж болно. Тэдний дүгнэлтээр хүний эрхийн баталгаа бол ерөөсөө алга гэсэн байгаа. Энэ маань л өөрөө Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсныг хэлнэ. Гэхдээ өөрчлөх шаардлагатай гэдгийг нь далимдуулаад Үндсэн хуулийнхаа үндсэн агуулга руу хандсан биш зөвхөн косметик хагалгаа шиг зүйл хийгээд хэн нэгэн албан тушаалтны эрх мэдлийг өргөсгөх, эсвэл багасгах байдлаар хандаад байгаа нь улс төрийн хямрал, засаглалын хямрал цаашилбал улс орон цаашид оршин тогтнох аргагүй болох аюул нүүрлэнэ.
Үүн дээр нэг жишээ хэлэхэд Египтэд болсон үйл явдал нийгмийн том хямрал болж дууссан. Үүний үндэс нь юу байв Х.Мубаракын үйл ажиллагаа байсан уу гэтэл хэд хэдэн хувьсгал болоод өнгөрсний дараа манай судлаачид энэ нь Египетийн Үндсэн хуультай холбоотой байж гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийг урагш нь явуулах үүргээ Үндсэн хууль нь биелүүлж чадахаа больчихож. Бүх хууль Үндсэн хуульд суурилдаг учраас энэ нь эрх зүйн систем гэсэн үг.
Монгол Улс одоо ийм хэмжээнд хүрчихлээ. Ганцхан эдийн засгийн хямрал ч биш монгол бахархал, өв уламжлалаа хадгалах асуудлууд хүртэл хямралын, мухардлын байдалд хүрээд байна. Энэ нь өөрөө Үндсэн хууль болохгүй байгаа шинж. Улстөрчдийн хийдэг шиг маш том модны зөвхөн навчийг нь сольчихоод одоо сайхан боллоо гэдэг шиг биш цогцоор нь ярих ёстой.
Цогцоор нь авч үзээгүйн гай хоёр зүйл дээр харагдаж байна. Тухайлбал АИХ дээр Үндсэн хуулийг батлахдаа төрийн тэргүүнийг ард түмэн сонгох ёстой гэчихсэн мөртлөө тэр хэмжээнд нь эрх мэдлийг нь өгч чадаагүй. Ингэснээр ард түмнээс сонгогддог бэлэг тэмдэг болж хувирсан. Өмнө нь парламентаас сонгогддог бэлэг тэмдэг байлаа шүү дээ. Төрийн эрх мэдлийн хувиарлалтад оролцохгүй субьект байсан.
Түүнээс болоод чадварлаг хүн гарч ирэхээрээ засаглалын хувиарлалтад оролцох боломжтой болж эхэлсэн. Сүүлийн үед гарч байгаа хуулиудыг харахаад АТГ эсвэл прокурорын газар ч гэдэг юм уу хүчний байгууллагуудыг бүхэлд нь Ерөнхийлөгч удирдах боломжтой болж ирсэн. Энэ нь засаглалыг хуваах, шүүн таслах, гүйцэтгэн захирамжлах, хууль тогтоох засаглалууд нь хоорондоо холилдохгүй, бие биедээ хяналт тавина гэсэн онолыг зөрчөөд байна.
Тэгэхээр өөрчлөлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Үүний тулд бид ямар нийгмийг зорьж байгаагаа тодорхойлох ёстой. Одоо жишээлбэл бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахын тулд гэж байна. Энэ маань юу юм гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Дараа нь нийгмийнхээ үнэт зүйлүүдийг тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд хүний эрх, эрх чөлөөг яаж тунхагласан бэ гэдгээ хараад түүнд хүрэхийн тулд ийм арга хэрэгсэл буюу улс төрийн байгууллага байна гэж шийдэх ёстой.
-Тэгвэл “Ард түмэн төрийн эрхийг барина гэдэг шиг худлаа зүйл байхгүй” гэдэг үг ч байдаг шүү дээ.
-Ард түмэн засгийн эрх барих уу үгүй юу гэдэг дээр бараг онолын шинжтэй маргаанууд байдаг. Ард түмэн гэдэг нь хэн бэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Ард түмэн гэдэг тодорхойлолтыг ерөөсөө сонгуулийн насныхан гэж хэлж болно. Орчин үеийн техник технологийн ололтын хүчээр ард түмэн засаг барих бүрэн боломжтой болчихлоо. Үүний илрэл нь Кримын үйл явдал байна. НҮБ-ын гишүүн тусгаар тогтносон Украйн Улсын Крим гэж нэг хэсэг газар ард нийтийн санал асуулга явуулаад бид өөр улсын харъяанд орно гээд шийдчихлээ шүү дээ.
Ард түмэн засаг барина гэдэг нь зарчмын шинжтэй асуудлуудыг л шийднэ гэсэн үг. Тухайлбал татвар байх уу үгүй юу, шинэ Үндсэн хууль хэрэгтэй юу үгүй юу гэх мэт. Өөрөөр хэлбэл ард түмэн засаг барихад тооноосоо шалтгаалаад маш том зарчмын шинжтэй шийдвэрүүдийг л гаргана. Түүнээс биш ард түмэн засгийн эрх барьж байна гээд тухайн асуудлыг шийддэггүй.
Ард нийтийн санал асуулга гэдэг энэ зүйл зөвхөн улс орны хэмжээнд биш бүс нутгийн хэмжээнд хүртэл маш хүчтэй хөгжиж байна. Тухайлбал Швейцарь улсад жилд нэгээс хоёр удаа ард нийтийн санал асуулга заавал болдог. Жишээлбэл зарим хотууд нь шинэ татвар оруулах эсэхээ ард нийтийн санал асуулгаар шийдэж байна шүү дээ. Ингэснээр улстөрчдийн дураараа дургидаг зүйлийг үгүй хийдэг. Тэгэхээр ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь одоогоор төрийн эрх барих хамгийн дээд хэлбэр юм гэж хэлж болно.
Гэхдээ нэмээд хэлэхэд процессын эсвэл техникийн шинжтэй асуудлуудаар ард нийтийн санал асуулга явуулдаггүй. Монгол Улсад үүний эрх зүйн үндэс нь 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэж байгаа. Түүнд ямар зүйлээр санал асуулга явуулах вэ. Ямар зүйлээр санал асуулга явуулж болохгүй вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа.
Монгол Улсын түүхэнд 1945 онд ганцхан удаа ард нийтийн санал асуулга болж байсан. Үүгээр Монгол Улс тусгаар тогтносон улс мөн үү гэдэг асуудлаар мөн, биш гэсэн сонголтыг хийж байлаа. Яг үүнтэй адилхан Монгол Улс шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай юу, үгүй гэж асуувал бидний дараагийн үйл ажиллагаа ойлгомжтой болох төдийгүй одоо үүсээд байгаа нийгэм, улс төрийн хүрээнд үүсээд байгаа мухардлаас гарах боломжтой.
-УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсгийнхнээс хоёр нь л хуульч хүмүүс байна лээ. Тэгэхээр энэ ажлын хэсэг энэ том ажлыг хийх чадамжтай юу гэсэн асуулт гарах байх. Мэргэжлийн хүн үүнийг юу гэж харж байна вэ?
-Ажлын хэсгийн гишүүдийн тухайд бол УИХ-ын даргын болоод УИХ-ын гишүүний аль ч ажлын хэсэгт ороод явах бүрэн эрхийн асуудал байгаа байх. Гэхдээ Үндсэн хуулийн тухай ажлын хэсэгт байгаа хүмүүсийн дөнгөж хоёр нь хуульч байгаа нь байж болохгүй асуудал. Яагаад гэхээр Л.Цог болон Д.Лүндээжанцан гишүүн нар л хуульч. Гэтэл Үндсэн хуулийн тухай асуудал ярихад хууль зүйн системийг бүхлээр нь харах боломжгүй. Дээрээс нь олонх гэдэг системээр асуудлыг шийддэг учраас энэ ажлын хэсэг маань Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх зүйн онолын үүднээс болоод цогц олонлог системчилсэн байдлаар нь мэргэжлийн хувьд харах боломжгүй байх аюул харагдаж байна.
Мөн хамгийн гол нь маш богино хугацаанд хийх гээд байна. Үүний цаана ямар өөрчлөлт хийхий нь аль хэзээ хийчихсэн юм биш байгаа даа гэсэн хардлага байна. Хэрвээ тэгсэн бол хууль зүйн болон Үндсэн хуулийн эрх зүйн онолын үндэслэлгүйгээр зөвхөн эрх мэдлийн хувиарлалттай холбоотой өөрчлөлт байна гэдгийг мэргэжлийн хүний хувьд унших боломжтой байна.
-Улстөрчид сүүлийн үед Үндсэн хуулийг АНУ-ын Үндсэн хуультай их жиших болж, энэ нь хэр нүдээ олсон хэрэг вэ. Судлаачид болохоор энэ хоёрыг жиших нь байж болохгүй зүйл гээд байдаг шүү дээ.
-Бидний ардчилсан гэж хэлээд байгаа энэ тогтолцоо маань эсвэл ардчилал маань өөрөө гэхдээ монголын ардчилал шүү энэ маань сүүлдээ сонгуулийн ардчилал болж хувирлаа гээд байгаа учраас монголын гэж хэлж болохоор ардчилал бол шинжлэх ухаанд дургүй ардчилал. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны судлаачдын онолын үндэслэлийг нь харгалздаггүй. Түүний нэг жишээ нь энэ УИХ дээр гарч байгаа шийдвэр.
Хэрвээ бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудлыг ярих юм бол орчин үеийн эрх зүйн шинжлэх ухаан тэр дундаа Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судалгаануудыг маш өргөн хүрээнд хийх хэрэгтэй. Гэтэл манай УИХ-д үйл ажиллагаа явуулж байгаа хуульч, эрх зүйлчид маань одоогоос 20-30 жилийн өмнө мэргэжил эзэмшсэн хүмүүс байна.
Тэгэхээр энэ хүмүүсийн боловсролын хэмжээ өнөөгийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж чадаж байна уу гэдэгт би эргэлздэг. Тиймээс хуулийн шинэчлэлтийн асуудлыг одоо хүртэл хүчтэй ярьж байгаа. Хуулийн шинэчлэлт гэж ярихдаа Х.Тэмүүжин сайдын гаргасан алдаа бол эхлээд тэр шинэчлэлт гэдэг зүйлээ онолын үндэслэлийг нь ямар нэгэн маргаангүйгээр гаргаж тавих ёстой байсан. Гэтэл огт гаргаж тавилгүйгээр Агло Саксоны эрх зүйтэй байдаг АНУ-аас маршалын алба буюу Тахарын албыг шууд оруулж ирээд тавьчихсан.
Тэр нь их газрын буюу Ром, Германы эрх зүйтэй Монгол Улсын шүүн таслах байгууллага болон цагдаа шүүхийн дунд ерөөсөө сууж өгдөггүй, эрэг шураг нь таардаггүй. Тэгэхээр ганцхан хууль зүйн асуудлаар ч биш бусад бүх асуудлаар манай хууль тогтоогчид ерөөсөө онолын үндсийг нь боловсруулахгүйгээр шийд гаргадгын гай. Онолын үндсийг нь тодорхойлно гэдгийн цаана орчин үеийн онолын үндэслэлүүд, өмнө нь хэрэглэж байсан онолын үндэслэлүүдээс гадна Үндсэн хуульд заачихсан бидний очих ёстой зорилго, чиглэл, үнэт зүйлтэй таарч байх ёстой.
-Та сая яриандаа энэ Үндсэн хуулийг баталсан хүмүүсийн боловсролын талаар дурьдлаа. Үүнийгээ тодруулахгүй юу?
-1992 оны Үндсэн хуулийг баталж, боловсруулсан үеийнхэн маань социалист эрх зүйн систем дээр үндэслэсэн хүмүүс байсан. Энэ нь дор хаяж Үндсэн хуулийн эрх зүй биш төрийн эрх зүй гэж нэрлэдэг байсан. Өөрөөр хэлбэл төр нь өөрөө эрх зүйтэй байх ёстой гэсэн үг. Төр нь эрх зүйтэй байх үед тэр социалист эрх зүйн системийн үндэс нь аль нэг нам нь тухайн нийгмийнхээ хөдөлгөгч хүч нь байна гээд заачихсан нийгэм байсан.
Энэ систем буруу зөв гэдэг талаар огт яриагүй. Одоо жишээлбэл яг энэ эрх зүйн систем БНХАУ-д байна. Харин энэ системээр байгуулсан Үндсэн хуулиа одоо 23 жилийн дараа хэзээ ч тийм системтэй байгаагүй АНУ-ын Үндсэн хуультай жиших нь байж боломгүй асуудал. Социалист системээс шилжсэн Унгар, Польш, Чех гэх мэт улсуудтай харьцуулаад үзвэл тэдгээр улсууд маань шилжилтийн үеийн Үндсэн хуулиа өөрчлөөд, хөгжил дэвшлийн замдаа орчихсон байна.
Хэрвээ бид шилжилтийн үеийн Үндсэн хуулиа хадгалж үлдээд байвал нөгөө онолын үндэс байтугай шилжилтийн үеэсээ ч гарахгүй. Гэхдээ гарах гэж байгаа нь энэ гээд цогцоороо байгаа Үндсэн хуулийнхаа нүдийг нь сохлох, хөмсгийг нь хусах байдлаар хандвал байдлыг улам муутгана. Тиймээс мухардлаас гарахын тулд шинэ Үндсэн хууль байх хэрэгтэй юу гэдгийг ард түмнээсээ асууя. Хэрэгтэй гэвэл ямар Үндсэн хууль байх вэ хэн батлах вэ гэдгийг асууя. Тэгээд шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг ярья. Ер нь улстөрчдийн дураараа загнах байдал Үндсэн хууль руу орж ирэхээр улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал хөндөгддөг.
-Сүүлд нь уншигчидад мэдээлэл болгож асуухад таныг олон нийт усны газрын дэд даргаар олон ажилласан гэж мэдэхээс биш эрх зүйч мэргэжилтэй гэдгийг тань тэр бүр мэдэхгүй байх. Тиймээс өөрийнхөө мэргэжлийн байдлын талаар товч танилцуулахгүй юу?
-1999 онд Бүгд найрамдах Унгар Улсын Будапешт хотод байрлах Өтвөш Лорандын их сургуулийг төр эрх зүйн боловсролын доктор зэрэгтэй төгссөн. Миний докторын зэргийг ажлын үндсэн сэдэв бол Үндсэн хуулийн харьуулсан судалгаа байгаа. Миний судалгааны ажлын товч орчуулгыг үзэхийг хүсвэл Удирдлагын хөгжлийн академи болон Төв номын санд хадгалагдаж байгаа. Тиймээс үндсэн мэргэжлийнхээ үүднээс энэ асуудлуудыг ярьж байна. Ингэж дуугарч байгаа нь ямар нэгэн эрх ашиг гэхээсээ илүү улстөрчдийн болоод шинэ “МАНАН”-гийн Засгийн газрын үед ард олны эрх ашигт харшилсан шийд гарахаас сэргийлж хийж байгаа л хэрэг.