Comment.mn

Ноён уулаа аврах уу, алдах уу?

Сэлэнгэ аймгийн Мандал сумыг өнгөрсөн бямба гаригт зорьсон юм. УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаачид, нутгийн иргэд, “Сентерра гоулд” компанийнхантай газар дээр нь уулзах энэ аяллын маань гол зорилго байв. Бид хамгийн түрүүнд Ноён уулын Сүжигтийн аманд буулаа.

download

Эрдэмтэд ажлын хэсгийнхнийг Хїннїгийн їеийн булшнууд руу тївэггїй аваачив.

БОЛОДЫН ЗАХИА ХЭДЭНТЭЭ БИЧҮҮЛЖ БАЙЖ ЭЗЭНДЭЭ ХҮРЧЭЭ

Орос, Монгол, Гер­маны хамтарсан “Мон­голиор” компанийн ажил­тан Болод хэмээх буриад залуу 1912 онд алтны нүх юм болов уу гээд ухаад үзтэл булш гарчээ. Ингээд Оросын газар зүйн нийгэмлэгт “Эртний булш гарлаа” хэмээн олон удаа захидал бичсэн байдаг. Эцэст нь Оросын газар зүйн нийгэмлэг энэ захиаг анзаарч шинжилгээний анги оруулахаар болтол 1917 оны Октябрийн хувьсгал гараад энэ ажлыг эхлүүлж амжаагүй аж. Ингээд 1923 оны үед Оросын алдарт эрдэмтэн Н.М. Пржевальскийн шавь П.К.Козлов зөвшөөрөл аван анх энд ирж малтлага хийсэн юм байна. Тэрээр 1923-1926 онд буюу нийт гурван жил уул ус нь тэгширсэн энэ сайхан хайрханд ажиллажээ.

П.К.Козлов тухайн үед зургаан булш малтаж “Ноён уулыг тойроод 212 ноёдын булш байна” гэж тогтоосон. Энэ нь Хүннүгийн үеийн олдвор гэдгийг анх ингэж дэлхий мэдэж, энэ олдвороороо П.К.Козлов ч алдаршжээ. Учир нь Хүннүгийн үеийн булшнууд дэлхийн соёлын өвд хамгийн хосгүйд тооцогддог. Одоогоор дэлхий дээр Ноён уулын олдвортой эн зэрэгцэхүйц Хүннийг үеийн өв байхгүй юм байна.

П.К.Козловын тогтоосноор Хүннүгийн үеийн 210 гаруй булш Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён ууланд бий гэж эртэмтэд ярьдаг. Харин түүнээс хойш нутгийн иргэдийн тоолж үзсэнээр энэ тоо 500 гаруйд хүрчээ. Булш бунханы мод даац сайтай байснаа он цагийн уртад тектоник хөдөлгөөний нөлөөгөөр газар доош сууж энэ тоо нэмэгдсэнийг үгүйсгэж боломгүй. Юутай ч эрдэмтэд албан ёсны судалгааны тоогоо л барьж ярьдаг аж.

Эндээс гарсан олд­вор, соёлын өвөөс би­дэнд үлдэж хоцорсон нь цөө­хөн. Тухайн үед түүх, соё­лын хосгүй үнэт зүйлсийг асар олон тэ­мээнд ачиж, хойд хилээр гаргажээ. Судар бичгийн хүрээлэнгийн дарга нар Оросын академитай “Эд­гээр материалд судалгаа хийгээд буцааж өгнө” хэ­мээн 1924 онд гэрээ хийсэн ч бү­рэн бүтэн эргэж ирсэн нь тоотой хэдхэн зүйл бай­даг аж.

ХҮННҮЧҮҮДИЙН ДУРСГАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН ӨВД БҮРТГҮҮЛНЭ 

Ноён уулыг Оросын эртэмтэд малтсанаас хойш 1950-аад онд манай археологич Ц.Доржсүрэн гуай малтлага хийж үзсэн байдаг. Мөн 2006, 2009, 2010, 2011 онд Археологийнийн хүрээлэнгийнхэн малтсан юм билээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Батболд “Манай хүрээлэн ОХУ-ын Новосибирьскийн Археологи, угсаатан судлалын хүрээлэнтэй хамтраад нийтдээ дөрвөн булш малтсан. Нэг жилдээ таваас арваннэгдүгээр сар хүртэл нэг булшны малтлага судалгаа хийдэг. Ноён уулын булшнаас хүннүчүүдийг өрнө, дорнотой холбоотой байсныг гэрчлэх Грек, Ромоос гаралтай эд өлгийн зүйлс, мөнгөн хөөмөл чимэглэл, Өмнөд азийн гаралтай хивс, нэхмэл ширдэг зэрэг нь илэрч олдсон. Эдгээр олдворыг ОХУ-ын зардлаар сэргээн засварлуулж авчирч, үзэсгэлэн гаргасан. Монгол Улс Хүннүгийн голомт нутаг. Ноён уул шиг Хүннүгийн язгууртны булш бүхий долоон газар илэрч олдоод байгаа. Хүннүгийн үед холбогдох жирийн иргэдийн жижиг булш нийтдээ 7000 гаруй бий. Үүнээс 6000 гаруй нь Монгол Улсын газар нутагт байна. Хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс, нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан гэж үздэг. Хүннү түүхэнд тод мөрөө үлдээсэн улс. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүннүчүүдийн дурсгал болох хадны зураг, хаадын болон жирийн иргэдийн жижиг булш байдаг. Хүннүгийн язгууртны булш бүхий газруудыг бид ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа” гэв.

Сэлэнгэ аймгийн Ман­дал сумын Ноён уул, Хэн­тий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарс, Архангай аймгийн Гол мод-1, 2 зэрэг газруудыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэн баталгаажуулж, дурсгалт газар болгон хамгаалах юм байна.

download (1)

Ашигт малтмалын кадастрын тойм зургийг газар дээр нь жи пи эсээр харьцуулан їзэв. Гэтэл алтны нєєцийг нь авч ашиглах талбай бїхий координат заасан зурагт Хїннїгийн їеийн булшнууд орчихсон байх юм.

ЦЭВДЭГ ХӨНДӨГДВӨЛ БҮХ ЮМ ЭВДЭГДЭХ АЮУЛТАЙ

Археологич, доктор Д.Эрдэнэбаатар ажлын хэсгийнхэнд өгсөн ашигт малтмалын кадастрын тойм зургийг газар дээр нь жи пи эсээр харьцуулан үзэв. Гэтэл алтны нөөцийг нь авч ашиглах талбай бүхий координат заасан зурагт Хүннүгийн үеийн булшнууд орчихсон байх юм. Тэрээр “АМГ-ын Кадастрын албанаас өгсөн зурагт улаанаар тэмдэглэсэн нь ашиглалтын талбайнууд. Бид 4835, 10630 координат дээр зогсч байна. Гэтэл ашиглалтын талбайд булшнууд орчихлоо. Үүнийг л нягтлах гэж бид энд ирсэн. Арай ч түүх соёлын хосгүй өвийг устгачихна гэж санаагүй. Хүннү Монгол төдийгүй Ирак, Евроазийн соёлын том голомт нутаг. Тэр дундаа энэ Ноён уул бүхэлдээ 2220-иод жилийн өмнө Хүннүгийн төрт улсын хаад язгууртнуудыг онголж нутаглуулсан газар юм. Ер нь Ноён уулыг тойроод ганц Хүннүгийн биш бүхий л түүхэн цаг үеийн булшнууд бий. Бидний зогсч буй Сүжигтийн аманд нутгийн иргэд 500 гаруй булш бий гэж ярьдаг. Харин эрдэмтэд П.К.Козловын тэмдэглэснээр 200 гаруй булш бий гэж ярьдаг юм. Мөн эндээс зүүн тийш Хужирт, Зурамтайн ам гэж бий. Тэнд нийт 300 гаруй булш байдаг гэдгийг би сайн мэднэ. Манай төрийн түшээд мэргэн ухаан гаргаж, түүх соёлын өвөө эвдэж сөнөөлгөхгүй байгаасай” гэж хүслээ.

Аливаа улс үндэстэн өөрийнхөө түүх соёлыг сурталчлах стратегитай байх ёстой. Гэтэл Монгол Улс энэ бодлогоо өөрчилж, газрын доорх баялгийг нь авахаар өөр стратеги хийж байна. 50 тонн алтыг мөнгөтэй үедээ дэлхийн хаанаас ч худалдан авч чадна. Дахин давтагдашгүй түүх соёлын дурсгалаа устгачихвал бид хаанаас ч, хэнээс ч худалдаж авч чадахгүй шүү дээ хэмэээн энд цугларсан эртэмтэд харуусан халаглаж байв.

Ноён уул цэвдэгтэй учраас түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг бидний үе хүртэл бүрэн бүтнээр нь хадгалжээ. Цэвдэггүй газрын булшийг малтахад хүн, малын яс муудсан байдаг бол Ноён уулын булшнаас малгай, дээл хувцас, хивс бүрэн бүтэн гарч ирсэн байна. УИХ-ын гишүүн Г.Уянга “Цэвдэг хөндөгдвөл бүх юм эвдэгдэх аюултай. Гэтэл гүний уурхайгаас алт олборлох арга нь тэсэлгээ. Өөрөөр хэлбэл, цэвдэг рүү нь тэсэлгээ хийнэ” гэдгийг сануулсан юм. Уул уурхайнхны ярьж буйгаар алтыг олборлохдоо эхлээд таван метрийн гүнтэй цооног өрөмдөж, дараа нь тэслээд эксковатороор ачдаг.

Уг нь түүх дурсгалын газрыг тусгай хамгаалтад авчихаад орчны бүсийг 1-3 км-ээр тогтоодог хуулийн заалт бий. Орчны бүсэд тэсэлгээ хийх, ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хуулиар хориглодог юм.

Үргэлжлэл бий.  

polit.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.