Өнөөдөр уул уурхайг мэддэгүй хүн гэж алга. Уул уурхайд орж байсан хөрөнгө оруулалт зогсмогц Монголын эдийн засаг зогслоо хэмээн дарга, цэрэггүй халаглана.
Тэгвэл энэ салбарт ажиллаж байгаа, хамаг хүнд хүчрийг нь үүрч ирсэн иргэд, ажилчдынхаа нийгмийн асуудлыг мэдэх хүн байна уу.
Уул уурхай, эрчим хүчний салбарын ҮЭ-ийн дарга С.Ганболдтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.
– Монголд уул, уурхайгаар амьсгалаагүй хүн алга. Та энэ том салбарын үйлдвэрчний эвлэлийг бишгүй олон жил төлөөлж ирлээ. Амжилт, ололт саад бэрхшээл юу байна вэ?
– Бид уул уурхайгаас гадна эрчим хүчний ажилтан, албан хаагчдыг төлөөлж байдаг юм. Өнөөдрийн байдлаар манайд бүртгэлтэй нь 24 000. Үүний 16 000 нь уул уурхайд, үлдсэн 8 000 нь эрчим хүчнийхэн байна.
Гэхдээ, яг бодит байдлаар өнөөдөр зөвхөн уул уурхайд 50 орчим мянган хүн ажиллаж байна гэж үздэг юм.
Манай энэ салбарт асуудал ямар хүнд байгааг цөөхөн хэдэн статистик тоо харуулна. Та бүхэн хуулбарлаад авч болно шүү.
Сүүлийн 6 жилийн байдлаар энэ салбарт үйлдвэрийн ослоор гэмтэж бэртэж, амь насаа алдсан хүмүүсийн тоо гэхэд 2274 болж байна. Энэ чинь жилд 370 гаруй хүн гэсэн үг. Энэ хүмүүсийн чинь ард аав ээж, эхнэр хүүхэд, ах дүүс нь байдаг юм шүү дээ. Гэвч энэ тоо бол зөвхөн манайд, үйлдвэрчний эвлэл ажилдаг, тэнд бүртгэлтэй ажилчдын тоо шүү дээ.
– Байзаарай, тэгвэл бүртгэлгүй, Үйлдвэрчний Эвлэлгүй газруудад энэ асуудал ямар байдаг юм бол?
– Үүнийг бид тэгж нарийвчлан хэлж чадахгүй. Гэхдээ л аймаар тоо гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ манайд бүртгэлтэй дээрх 2 мянга гаруй осол, аваараас 417 хүн амь насаа алдсан байна. Үнэхээр аймшигтай байгаа биз.
Харин ч эдгээр ослын тоо сүүлийн жилд буурч байгаа шүү. Жишээлбэл, 2013 онд 14 хүн, 2014 онд 10 хүн нас барлаа. Нэг жилд 4-өөр буурч байгаа нь амжилт гэх үү, юу гэх вэ? Эд нар чинь дандаа сайхан залуучууд шүү дээ. Үнэндээ хэлэх ч үг олддоггүй юм.
Гэтэл энэ осол, аваар гарч байгаа компаний дарга цэрэг, эздээс хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй.
Саяхан манай Ерөнхийлөгч үг хэлэхдээ ямар их хурлын гишүүн ямар сайд, дарга нар гаргасан алдааныхаа төлөө өнөөдөр арга хэмжээ авахуулсан билээ хэмээн асууж байсан. Та энэ талаар юм хэлж чадах уу.
– Та надаас асуугаад байгаа юм уу, энэ айхтар тоо, үхэл хагацал, аваар ослын тухай бодож байгаад таны асуултыг анзаарсангүй, уучлаарай. Ганц нэг хүн сайдын ажлаа өглөө энэ тэр гэсэн юм гарч байсан шүү дээ
– Тэгвэл өнгөрсөн энэ жилүүдэд энд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Ганц ч дарга, хариуцлагатай албан тушаалтан. Хүн амины осол гарч л байдаг, тэнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн хүн болон ар гэрийнхэн нь хохироод үлддэг, хариуцсан нэг ахлах мэргэжилтэн нь ажлаасаа халагддаг эсвэл шоронд суудаг ийм л асуудал болдог. Өөр арга хэмжээ байхгүй. Манайд хариуцлагын тогтолцоо хаа хаанаа байхгүй.
Би олон жилийн өмнөөс энэ тухай ярьсан. Уурхайчид бол боловсон шоронд боолын хөдөлмөр эрхэлж байна гэж. Яагаад боловсон шорон гэхээр “Оюу толгой”-д очоод нэг сайхан хашаанд ороод бүтэн 20 хоногийн турш тэндээс хаашаа ч гарахгүй ажиллана. “Чинхуа-Мак”-д 60 хоногийн турш хаашаа ч гарахгүй. Зөвхөн хашаан дотроо л ажиллана. Хашаагүй ч байсан орон нутгаас, Ханбогдоос 30 км, “Чинхуа-Мак” бол Гурван тэсээс 30 км зайд байдаг. Тийшээ хэн яаж явахын, явган гүйлтээ биш ингээд бодохоор боловсон шорон байгаа биз.
Тэнд соёлын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ юу ч байхгүй. За яахав нэг телевизорын өрөөтэй. Тэнд нь хүн бүр дуртай нэвтрүүлэг, сувгаа үзэхийг хүснэ. Гэвч ганцхан телевизороор нэг нь нөгөөгийнхөө үзэж буй сувгийг үзнэ эсвэл телевиз үзэх боломжгүй. Ингэхээр нийгэм соёлоос хол, гэр орноосоо хол, нэг ёсондоо боловсон шоронд байгаа мэт.
Боолын хөдөлмөр эрхлэнэ гэдэг нь унт ажил, унт ажил өөр зүйл байхгүй. Ажиллах цаг, ээлж нь урт 14 хоног оройн наймаас өглөөний найм хүртэл шөнийн ээлжинд, 14 хоног өглөө наймаас орой найм хүртэл хоёрхон ээлж, хамгийн багадаа 28 хоног. Чинхуа-Мак 60 хоног ажиллаад 20 хоног амардаг. Хуучин бол жил ажиллаад ээлжийн амралтаа авдаг байсан. Тэгэхлээр хүн тийм олон хоног ажиллаад амарна гэдэг бол хүнд шүү дээ. Уул уурхай чинь өөрөө хүнд хортой нөхцөлд, газрын дор ажиллаж байгаа учраас хорогдуулсан цагаар ажиллах ёстой. Тэр нь манай сүүлийн үеийн хуулиар хэрэгжихээ больчихсон.
– Энд чинь үйлчилдэг хууль, дүрэм гэж байдаг биздээ?
– Үйлдвэрчний эвлэлийн хувьд Засгийн газраас гаргасан буруу бодлогын нөлөөгөөр ажилчдын эрх ашиг зөрчигдөх явдал тулгамдаад байна. Түүнээс яг ҮЭ-ийн хувьд тулгамдаж буй асуудал байхгүй.
Хамгийн гол нь олон уурхайчид ажлын байргүй болж байгаа явдал юм. Ажилтай, ажилгүй иргэдийн бодит тоог хэлэхэд хэцүү, бүртгэлгүй уул уурхайн компаниуд зөндөө байна. Иймээс мэдээлэл дутуу ирдэг, бүртгэлтэй газрууд мэдээллээ өгнө, бүртгэлгүй газруудын мэдээлэл ирэхгүй.
Гишүүнчлэлгүй учраас ажилчдынхаа эрх ашгийг улам ихээр зөрчиж уурхайгаа дуртай үедээ хаадаг, дуртай үедээ нээдэг. Жишээлбэл өнгөрсөн оны 3 сараас хойш цалингаа тавиагүй уурхайн компани байна. Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг ”Засаг чандмань” гэж уурхай. Энэ уурхайн хууль бус үйлдлийг би эндээс хариуцах ёстой юу, эсвэл тэр аймаг сумынх нь засаг захиргаа хариуцах ёстой юу гээд асуудал яригдаж байна.
Мөн “Алтайн хүдэр”-ийн гүйцэтгэгч компани, хүдэрийн тээвэрдэдэг компани гэхэд 4,5 сараас хойш цалингаа аваагүй байна. “Алтайн хүдэр” мөнгий нь өгөхгүй, хоёр компанийн хоорондын маргаантай асуудлаас болоод ажилчид цалингаа авч чадахгүй байна. Энэ мэт үйлдлээс болж уурхайн ажилчид хохирч байгаа энгийн жишээ олон байна.
Үүнд бодлого буруу гэдэг юмуу, эрх зүйн орчин буруу гэдэг юмуу явж явж эцсийн бүлэгтээ Засгийн газар ч гэлтгүй аймаг орон нутгийн удирдлагууд, тэр нөхдүүдэд маш их эрх мэдэл байна. Уул уурхайн салбарын тулгамдсан асуудлыг дэмжихгүй хандах, намчирхах, улс төржих, танил талдаа үйлчлэх, дов жалганы үзэл гаргах гэх мэт.
Дараагийн нэг асуудал нь уул уурхайг хэт их улс төржүүлж байна, хүн бүхэн уул уурхай мэддэг ярьдаг болчихсон, мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт хэт их түрж орж ирсэн учраас тэд зөвхөн мөнгөний хойноос яваад байна.
Тийм хүмүүс чинь тухайн орон нутгийн байгаль дэлхий, газар шороо, хүн амыг гэх хандлага огт алга. Зөвхөн олборлоод мөнгө, олборлоод мөнгө гэдэг л бодолтой байна. Тэнд ердөө унт ажил, унт ажил гэдэг л зарчим байна. Өнөөдөр өнгө мөнгөний төлөө л хүмүүс ажиллаж, амьдарч байна.
“Гурван Тэс”-д, “Чинхуа-Мак”-д ажиллаж байгаа залуу ажлаасаа гарлаа гэхэд, хэн түүнийг ажлын байраар хангахын. Тэнд нь өөр ажлын байр байхгүй, Өмнөговийн уурхайд очиж ажиллана гэвэл хүндрэлтэй, тиймээс аргагүйн эрхэнд л ажиллаж байгаа.
– Энэ уурхайнуудад ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг ҮЭ хамгаалж зохицуулах ёстой биздээ?
– Уг нь бол тийм. Гэвч би хэлээд байна шүү дээ. Манай ҮЭ-д бүртгэгдээгүй маш олон уул уурхай ажиллаж байна. Тэнд манай улсын хууль үйлчлэхгүй байна. Хэн нэг Дорж, нэг Жон, нэг Ли нар л Монголын уул уурхай, уурхайчдыг дарамтлаж, доромжлоод боол болгоод байна. Энэ асуудлаар өмгөөлж хамгаалаад явах эрх зүйн орчин байхгүй.
Ер нь уул уурхайг буруу замаар будаа тээлгэж байна. Мэргэжлийн бус хүмүүс, мэргэжлийн бус аргаар, дээрээс нь хөрөнгө оруулалтыг буруу хийж байна. Жинхэнэ хөрөнгө оруулалтаа хийхгүй дандаа халаасны хөрөнгө оруулалт хийж байна.
Аль болох өөртөө ашигтай газар л хөрөнгө оруулалтыг хийж байна гэсэн үг. Энэ нь уул уурхайн салбар явах ёстой замаараа явахгүй байгаа гэсэн үг. Одоо бол байгууллага, хувь хүн хоёрын талд л ашигтай болохоос улс орон, ард түмэн, орон нутагтаа нэмэр болж байгаа юм байхгүй. Тиймээс л буруу замаар будаа тээж байна гэсэн үг.
Уг нь энэ салбар чинь ашигтай сайн ажлаад манай орны эдийн засгийг авч яваад байгаа юм биш үү? Уул уурхай зогссонаас болоод өнөөдөр манай улсын эдийн засаг энэ тэр нь муудлаа гэх юм байна шүү дээ?
Уул уурхайгаас мөнгө олж байна. Маш их мөнгө олж байна. Гэвч тэр олсон мөнгөөрөө зам, барилга хоёрт маш их хөрөнгө оруулалт хийж байна, энэ бол хэрэгтэй. Гэвч энэ их мөнгө чинь түгжигдчихээд байна.
Уг нь нэг мөр уул уурхайгаа дэмжээд явах ёстой байгаа юм. Тэр оруулсан хөрөнгө чинь буцаагаад алдагдлаа нөхөөд явна шүү дээ.
Замын хувьд бол буцааж төлөх нөхцөл байхгүй, зам бол урт удаан хугацааны дараа ашгаа өгдөг гэх жишээний. Эдгээр зам, барилга, уул уурхай аль аль нь хэрэгтэй гэхдээ хамгийн түрүүнд уул уурхайгаа буюу амьд мөнгө хэрэгтэй дараа нь зам барилгаа хөгжүүлж болно.
Дээр нь энэ уул уурхайн салбарыг хэт задгай, П.Очирбат гуайн үеэс тавиад туучихсан. Маш олон уул уурхайн ашиглалтын лиценз өгсөн. Тэр нь эргээд дандаа Германы эдийн засгийн хэлбэрээр ажилладаг, улс орны эдийн засагт нөлөөлөхөөр ажилладаггүй.
Хичнээн тонн алт нууж байгааг бид мэдэхгүй, цаанаа нууж л байгаа. Нэг жижиг компани 5 кг алт олчихоод түүнийхээ 3 кг-ийг тушааж байгаа юмуу, 2 кг-ийг тушааж байгаа юм уу хэн ч мэдэхгүй. Тиймээс уул уурхайг хэтэрхий задгай тавьсан. Мөн мэргэжлийн бус улсууд энэ салбарыг уул уурхай биш, ухсан нүх болгож байна.
– Одоо эдийн засгийн ил тодын тухай хууль яригдаж байна. Нэг үгээр нуусан, хаасан болгоноо ил гарга, торгохгүй, шийтгэхгүй, ял өгч шорогнд хийхгүй гэх агуулгатай?
– Нуусан алт эрднэсээ ил гаргана гэж хэзээ ч байхгүй. Цөөхөн хэдэн хүн гаргаж магадгүй.
Би иргэн хүний хувьд өршөөлийн хуулийг эсэргүүцдэг хүн. Тэрүүгээр бол цөөн хэдхэн олигарх буюу компаниуд л өршөөгдөнө. Бусад жижиг татвараа төлж байсан ч гэдэг юмуу ямар нэгэн компани бол өршөөгдөхгүй.
Би өөрөө уулын инженер хүн. Олон жил уурхайд ажилласан. Тийм учраас уул уурхай зөв голдирлоор явахгүй, хөрөнгө оруулалт, ашиг шим нь хэдхэн хүний халаасанд ороод байна гэж үзэж байгаа.
Оюу толгой, таван толгойн хувьд өндөр боловсролтой ажилтан харьцангуй илүү, гэхдээ монголын уул уурхайн салбар гэвэл зөвхөн оюу толгой, таван толгой биш шүү дээ. Өшөө цаана нь олон компани бий.
Алтай хүдэр, Броу голд, Гацуурт гэх мэт том том уурхайнууд олон байна. аргагүй л дээ үүний цаана уул уурхай гэхээр орон нутгийн чанартай, бүс нутгийн чанартай, малаа барсан хөдөөний хүмүүс очиж ажилладаг, тэнд зүгээр л мал болдог, боол болдог гэсэн юм л яриад байгаа. Түүнээс биш Оюу толгой, Таван толгой гэх юм бол 50 мянган хүний 10-20 хувийг нь л ярина биздээ. Цаана нь үлдсэн 60,70 хувийг ярих хэрэгтэй.
Уул уурхайг мэдэхгүй байж дэндүү улс төржиж байна. Жишээлбэл би уул уурхайн чиглэлээр таван жил сураад дараа нь дахиад 2 жил гадаадад мэргэжил дээшлүүлээд түүнийхээ дараа газрын гүнд 10-аад жил ажиллаад дөнгөж саяхан л уул уурхайн инженер гэж нэрийг авч байна. Гэтэл биеийн тамирын багш уул уурхай аваад явж байна, эмч хүн уурхай аваад явж байна гэж байгаа энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө л лиценз олголт, эсвэл танил тал халаасны асуудалтай холбоотой. Түүнчлэн өнөөдрийн уул уурхайн дийлэнх нь бараг 90 хувь нь харуул хамгаалалт, боловсон хүчин, дарга нар нь цагдаагийн байгууллагын хүмүүс. Цагдаагийн хурандаа, цагдаагийн хошууч гэх мэт. Яагаад гэвэл тэд хууль мэддэг, хамгаалж байгаа хэрнээ хуулийн цоорхойг ашиглаж ажлаа хийдэг. Угтаа уурхайг биш уурхайн эзнийг хамгаалж байна. Энэ нь өөрөө бодлогын чанартай асуудал.
Өнөөдөр эмч багш нар цалингаа нэмүүлнэ дундаж цалин таван зуугаад мянга гэж байна. Тэгвэл уурхайчдын цалин ямар байдгийг хүмүүс мэдэхгүй. Салбараар нь ойлгоод уурхайчид өндөр цалинтай гээд байдаг. Бодит байдал дээр энэ салбарын 10 хувь нь том, 90 хувь нь жижиг аж ахуйн нэгжүүд.
Эдгээр жижиг нэгжүүдийн цалин нуулгүй хэлэхэд 350-450 мянган төгрөгийн цалинтай уурхай, эрчим хүчний салбар байна. Ерөнхий дүнгээрээ томоохон үйлдвэрийн дунджаар салбарын цалин өндөр гардаг. Бодит байдал дээр ялангуяа орон нутгийн жижиг уурхайнууд үнэхээрийн цалин бага.
Сүхбаатар аймгийн “Талын гал”, Хэнтий аймгийн “Чандмань”-ийн уурхай дээр очоод ажилчдынх нь цалинг асуугаарай. Тэд бол 350-500 мянган төгрөгийн л цалинтай байгаа. Баялаг бүтээгчдийн цалин тийм байхад шаардсан бүхний цалинг нэмнэ гэдэг буруу, гэхдээ үнэхээрийн бага байгаа бол тухайн үедээ шаардах нь зөв.
Энэ байдлыг төр засаг мэдээд яахын, ерөөсөө засгийн газар улс төрөөс хамааралтай болчихоод байна. Бүтээгдэхүүнээ борлуулах гэхээр зах зээл нь хаалттай, үнэ ханшийг нь Хятадын мэдэлд өгчихсөн. Төмрийн хүдэр, нүүрсний үнийг Хятад барьж байна.
Орон нутагт эрчим хүчний хэрэглээний нүүрсний үнийг Засгийн газар барьж байна. Үнийг чөлөөлөхгүй учраас энэ бүхэн нь засгийн газар, улс төрөөс хамааралтай болчихоод байна.
Үнэ ярихаар л улс төр мэднэ гэдэг, ингэхээр улс төр ярихаас өөр аргагүй байна. Ингэхээр экспортын үнийг Хятад барьчихаад, дотоодын нүүрс эрчим хүчний үнийг засгийн газар бариад ямар ч зах зээлгүй болгож байна.
Тухайлбал Хэнтий аймгийн “Чандмань”-ийн нүүрсний уурхай жилд 23 тонн нүүрс гаргая гэтэл тэрийг хэдэн сумууд нь л авна. Түүнийг урд хил рүү ачиж, тээвэрлэдэг хүн байхгүй, авдаг ч хүн байхгүй. 23 тонноо 30, 40 болгоё, авах газар, зах зээл байхгүй. Дээрээс нь үнийг нь баричихсан. 12000-аас дээш гаргахгүй гээд. Гэтэл экспортын үнэ 60-70 доллар. Ийм харьцангуй үнэтэй. Тэгээд яаж цалинг нь адилхан болгохын, яг адилхан нүүрс ухдаг хоёр хүн байхад харьцангуй өөр байгаа нь төрийн бодлого буруу учраас уурхайчдын амьдрал дээшлэхгүй, цалин хөлс нэмэгдэхгүй байна.
Бидний хувьд хамтын гэрээнийхээ дагуу удирдлагуудтай нь уулзаж цалин мөнгий нь нэмээрэй гэх мэтээр л ярьдаг. Түүнээс яг багш нар шиг инфляцын түвшинтэй уялдуулж энэ тэр ярихгүй байгаа.
Хэрэв тэгвэл уурхайчид хоёр сая, гурван сая төгрөг авая гээд дайрах ёстой. Төр засгаас үнийг зохицуулаад өгчихвөл компаний захирал өөрөө мэдтүгэй гээд л хаях хэрэгтэй.
Том толгойнуудын тухай ярьсаар байтал орон нутгийн уурхайнууд гээгдээд үхэж байна. Тэнд очоод анхаарал тавьдаг хүн байхгүй ганцхан зүйл нь бүгд ҮЭ-д гишүүнчлэлтэй. Үргэлж хамтардаг, манай хамтын хэлэлцээрийг мөрддөг. Том том компаниуд ялангуяа толгойнууд болон Мак зэрэг компаниудад бол тийм асуудал байхгүй.
Шуудхан хэлэхэд энэ нь компаний ноёрхол Засгийн газрын дээр гарчихаад байгаа юм. Засгийн газар өөрөө компанийн ноёрхолд орсон учраас тэдний гарыг хараад байгаа юм.
Иймээс засгийн газрыг ноёрхосон компани, уурхайчдыг ноёрхохгүй гээд яахын, ёстой далайсан газар нь далд ороод, далласан газар нь ил гарч ирээд л явж байгаа юм, энэ уурхайчид бол.
Бид бол янз бүрийн аргаар л тэмцэж байна. Цалинг нь нэмүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах гэх мэт. Хамтын гэрээгээр ажилчдаа хөнгөлөлт үзүүлж, халамжийн үйлчилгээ үзүүлнэ. ҮЭ-гүй газар бол ийм талын үйлчилгээ дутмаг. Гэхдээ бидний зүгээс тэр бүхэнд хүрч чадахгүй, очихоор оруулахгүй байх зэрэг дутагдалтай ажлууд байна.
Ер нь Засгийн газрын бодлого зөв явбал тэр компанид ҮЭ байна уу, үгүй юу хамаагүй өөрсдөө асуудлаа шийдээд явах бололцоотой.
Уурхай мэдэхгүй хүн олон боллоо доо. Би хэлдэг юм долоон буудлын Должин авгай л уурхайн дарга хийх гээд байна. Уул уурхайн мэргэжил эзэмших, тэнд инженер болох гэдэг бол өнөөдөр амархан болж.
Нэг хэсэг хүмүүс хуульч руу хошуурсан, дараа нь нягтлан бодогч руу хошуурсан харин одоо бол уул уурхай болж. Мэргэжилтэй ч, мэргэжилгүй ч сертифекат авахын төлөө явдаг болжээ. Одоо ч тэгээд сертифекатаас сертифекатыг хийдэг болж дээ. Мэргэжлийн хүмүүсийн хувьд энэ салбарыг ингэж доромжлуулахад үнэхээр дургүй хүрдэг юм.
Дээд албан тушаалтнууд салбарын сайд дарга нар нь хүртэл мэргэжлийн хүн байгаасай гэж боддог. Яагаад гэвэл мэргэжлийн бус сайдын зөвлөх нь мэргэжлийн сайн хүн байхад тэрнийхээ амаар л шийднэ. Өөрөө мэргэжлийн байвал тэр мэргэжлийн хүний хэлсэн үгийг тунгаан бодож зөв шийдвэр гаргана. Ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар бол мэргэжлийн бус байж болно. Яг мэргэжлийн уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд зэрэг яамдын сайд нар мэргэжлийн хүн байх шаардлагатай.
Миний бодлоор уул уурхай нь урд, улс төр ард нь явах ёстой. Гэтэл эсэргээрээ яваад байна. Ингээд хүссэн хүсээгүй улс төр яриад байгаа юм. Биднийг юм ярихаар улс төржлөө гэдэг.
– Улс төргүй юм гэж алга. Заримдаа ч улс төрч болох гээд зүтгээд байгаа “бөөн дур”-ын уран сайханчдын зөв юм болов уу гэж бодогдох юм?
– Саяхан, 3 жилийн өмнө уул уурхайн 90 жилийн ой болсон. Энэ ойд зориулсан номны эхний 40-50 хуудсанд Оюу толгойн компаний 8 гадаад ажилтны зураг, хөрөгтэйгээ орсон байгаа юм даа. Гэтэл Оюу толгой ашиглалтад ч ороогүй, бэлтгэл үедээ ажилдаа явж байсан үе шүү дээ. Ингэж болох уу. Монголын уул уурхай 90 жилээ тэмдэглэж байна шүү дээ. Амьдарлынхаа хагас зуун жилийг энэ салбарт зориулсан ард, иргэд маань хаана байна вэ? Арай дэндэж байгаа биз.
Эдгээр гадаадын иргэдийн зарим нь манай Ерөнхийлөгчөөс төрийн өндөр, дээд одон медаль хүртэл гардан авч байлаа. Гэтэл тэд өнөөдөр Монголын төрөөс 35 тэрбум орчим төгрөгийг татвараас нуун дарагдуулсан гэх асуудлаар цагдаа, шүүхэд дуудагдаж байна.
Тун саяхан бид нам төрийн удирдагчдаа шүтдэг байлаа. Одоо энэ үг яг эсэргээрээ гадны хэн нэгэн Жоныг ч юмуу, тэр л биднийг тэжээж байгаа юм шиг шүтдэг болсон байна шүү дээ.
Болдог бол улс төрийн товчоог шүтлээ гээд хэлмэгдүүлж байсан шигээ энэ гадны нөхдүүдийг шүтлээ гээ шийтгэмээр байгаа юм. Зарим үед бухимдах юм. Бид эрх чөлөөгүй, хаагдмал байна.
Зарим тохиолдолд хийсвэр эх орончид их гарч ирж байна. Сүүлийн үед хүн бүр Гацууртын ордыг ярьж байна. Тэр ноён уулын дор 70 тонн алт байж магадгүй гэж. Хэн тэрийг мэдээд судалчихсан юм. Тэгэхээр бид домгийн шинжтэй, сургийн мэдлэгтэй гэдэг л тэр болж байгаа энэ. Номыг нь үзсэн хүнээс илүү сургаар ажиллаж, мэдэгсэд их байна.
Миний хувьд Монгол үндэсний компани гэдэг талаас нь “Алтайн хүдэр” ХХК-ийг дэмждэг. Гэтэл үүнийг дээрээс нь жаахан ч гэсэн дэмжээд өгөхгүй л байна. Нэг сард төмрийн хүдрээ 180 км зөөж байж хилээр гаргана дараа сард нь нэг сар хил хаана олсон мөнгөө нэг сар иднэ.
Тэгтэл “Алтайн хүдэр”-ийг замаа тавьсангүй гээд байгаа юм. Хувийн хөрөнгөөр зам тавина гэдэг бол өртөг өндөртэй ажил. Тэдэнд өртөг зардалыг нь өгөөд тодорхой хугацаанд замаа тавьчих гэвэл бас нэг өөр.
Бас нөгөөтэйгүүр Хятадын засгийн газартай яриад нэг биш хоёр сар хүдрээ зөөе гэж ярих ёстой. Ямар нэгэн байдлаар засгийн газрын хэлэлцээр байх шаардлагатай. Ингээд бодлого буруу гэдэг нь харагдаад байна.
Энэ бол мянга гаруй ажилтантай Говь-Алтай аймагт олборлолтоо хийдэг 100 % монго, үндэсний компани шүү дээ..
Магадгүй улс төрийн өнгө аястай зүйл байгаа байх. Мөн Сэлэнгийн “Болд ерөө төмөр” гээд уурхай бий. Тэр бол үйл ажиллагаа нь яваад л байгаа. Үүний цаана бас улс төрийн учир бий.
Ажилчдын нийгмийн асуудлыг зөвхөн үйлдвэрчин шийднэ гэсэн юм байхгүй болжээ. Энэ чинь хууль дүрэмтэй. Компанийн сайн засаглалтай газар бол асуудлаа шийдээд яваад байна. Сайн засаглалтай төрийн өмчит цөөн хэдэн компани болох Эрдэнэт, Бага нуур, Шарын гол, Шивээ овоо гэх мэт ажилчдынхаа оролцоог хангаад яваад байна.
Харин бусдад нь дан улс төр орчихоод тун хүнд байна шүү дээ.
Цаг зав гарган ярьсан танд баярлалаа. Хүнд хэцүү боловч буянтай ажилд тань амжилт хүсье.
Г.Чугаа