Солонгос улсын Инчон хотын Ёнсү дүүрэгт байх нэгэн цэцэрлэгийн багш Ким (33), өдрийн хоолоо үлдээж идлээ хэмээн уурлаж 4 настай хүмүүжигч охины толгой руу нь унатал цохьсон бичлэг нийтэд тархлаа.
Уг багш нь өнгөрсөн 11 сард мөн 3 настай хүмүүжигч хүүгийн нуруу руу хүчтэй цохин зодсон нь илэрсэн ба түүнд дээрх 2 хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тус цэцэрлэгт байх бүх камеруудыг дахин шалгаж үзэхээр болсон бол хүүхэд зодсон хэрэг гарсан уг хувийн цэцэрлэгийн үйл ажиллагааг цуцалж, энэ тухай мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй захирал болон бусад багш нарыг шалгаж, шаардлагатай гэж үзвэл тэдний цэцэрлэгийн багш хийх эрхийг хасах болно гэж Солонгос улсын Гэр бүл, Эмэгтэйчүүдийн яамны сайд мэдэгдлээ.Бага насны хүүхдүүдийг хамгаалан, тэднийг асран хүмүүжүүлэх үүрэгтэй цэцэрлэгийн багш нар, хүмүүжигч хүүхдээ зодсон тохиолдолд 3 ба түүнээс дээш жилийн ял оноох хуультай ажээ.
Солонгос улсад байх 5 цэцэрлэг тутмын нэг нь л бүрэн камержсан байдаг бөгөөд ийм камерийн тоо нийтдээ 9000 ширхэг болох гэнэ. Дээрх есөн мянган ширхэг камерийг нэгбүрчлэн шүүн үзэж, хүмүүжигч хүүхэд зодсон цэцэрлэгийн багш нарыг илрүүлж, тэдэнд хатуу арга хэмжээ авах ажлыг эхлүүлэх болно гэж мэдэгдсэн яамны сайд, өнөөдрөөс эхлэн хэд, хэдэн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж яваа юм байна.