Do we kill time, or does time ultimately kill us? Anthony Liccione Цаг нөгцөөх бол бодит хэрэгцээ
Эртний homo sapience болон neanderthal хүмүүсийн уургийн хэрэгцээ харьцангуй бага байсан тул үмх мах олоод идчихэд тэр өдөртөө ан хийх, үндэс зулгаах шаардлагагүй болчихдог байжээ. Маш их сул цагтай болсон homo sapience, neanderthal-чууд тэр сул “цагаа хэрхэн алснаас” хамаарч оюуны дэвшил нь хурдсаж, амьдралын төлөөх өрсөлдөөнд ялж, тэсч гарсан аж. Харин тэдэнтэй ижил цаг үед оршиж байсан том биетэй (180см-ээс дээш), уургийн хэрэгцээ ихтэй кроманион хүнд ямар ч зав байсангүй. Тэд өдөр, шөнөгүй хоол хайх шаардлагатай байсан агаад аажимдаа неандерталчуудтай эвцэлдэн ууссан гэж үздэг ажээ. Оюун ухаант хүн буюу та бид илүүдэл цагаа хадан дээр зураг зурж, гал тойрон бүжиг дэвхрэн, хоосон чалчих зэргээр нөхцөөж байсан нь алсуураа хөгжлийн эрс дэвшилд хүргэсэн гэх агаад харилцааны болон хийсвэрлэх чадварын хувьд неандарталчуудыг хол хаяжээ. Биднээс илүү аж ахуйч, прагматик байсан неандертал хүн чөлөөт цагаа ихэвчлэн унтаж өнгөрөөдөг, урлаг маш сул хөгжсөн байсан. Цагийг зөв алж сураагүйнхээ гайгаар тэд бидний өвөг дээдсийн хоолны цэсэнд ороод мөхжээ.
Ухаандаа өвөг дээдэс маань маш их чалчиж(мэдээлэл солилцох гээд ойлгочих), уран бүтээл туурвиж(хийсвэрлэх чадвараа хөгжүүлсэн) “цагийг алдаг” байсныхаа ачаар оюуны хөгжил нь давшингуй явагдаж, мэдээлэл муутай, хийсвэрлэх чадваргүй донгио неандерталчуудыг маллаад, дөнгөөд эцэст нь хүнсээ болгоход хүргэсэн хэрэг юм уу даа.
Kill time – гэх орчин цагийн ойлголт 1768 оны үед европт эргэлтэнд орсон гэж үздэг. Монгол хэлэнд “цаг нөгцөөх” гэж ойлголт байгаа нь яг энэ утгыг илэрхийлж байгаа. Хэзээ хэрхэн бий болсон нь бүү мэд. Орчин үед гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, орон сууц, иргэншлийн дэвшлээс хамаараад хүнд чөлөө зөв их гарсан учраас цаг нөгцөөх хэрэгцээ улам их болсон. Цагийг зугаатай өнгөрөөх өчнөөн арга, хэлбэр байгаагаас бид энэ удаад монголын урлаг, шоу бизнесийн орлого, зарлагын асуудлыг л тоймлох гэж оролдох юм.
“Итгэмээргүй ашиг” олдог монгол кино
2014 оны 4-р сарын 29-нд нэгэн сайт дээр “ганцхан долоо хоногт 132,179,571 төгрөгийн ашиг олсон” Үргээлэг киноны тухай ийм гарчигтай мэдээ тавигджээ. (http://www.sodon.mn/news/1497)
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2014 онд театрт гарсан монгол кинонуудын орлогыг жагсаасныг тогтож харъя. Нийт 39 кино 4 тэрбум орчим төгрөг олсон гэсэн тооцоог тэд хийжээ. Хамгийн их орлоготой киногоор өнөөх “итгэмээргүй ашиг” олдог “Үргээлэг” тодорчээ. Энэ киноны нийт орлого 433 сая төгрөг аж. Үүний араас:
Зүрхээр наадагч – 424 сая
Аз жаргалын шок – 371 сая
Давхар цохилт – 325 сая
Миний ах атаман – 234 сая гэхчилэн жагсчээ.
Хамгийн бага орлоготой киноны жагсаалт ч гарсан байна.
Хүсэл мөрөөдлийн зүгт – 72,700 төгрөг
Бардо – 1,3 сая
Хүдэн – 3,2 сая… гээд үргэлжилнэ.
Тайлбар хийхэд дээрх жагсаалт дээр бичигдэж байгаа дүн бол нийт орлого юм. Одоо орлогын хуваарилалт болон ашгийн тооцоог хийе. Кино театр орлогын 49-50 хувийг өөрийн хувь болгон суутгаж авдаг номтой. “Итгэмээргүй ашигтай” киноныхоо жишээгээр тооцвол 220 830 000 төгрөг киног бүтээгчдийн гар дээр очсон гэсэн үг. Одоо киног бүтээсэн зардлыг үүнээсээ хасна. Жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулга гэгч “Бид нэг киног 100 сая төгрөгөөр чадан ядан хийж байна” хэмээн ярилцлага өгснөөс багцаалбал 120 сая 830 мянган төгрөг киног бүтээсэн зардлаас гадна үлднэ. Ингээд зар суртчилгааны зардал, татвар болон бусад зардлыг хаах үлднэ. Ихэнх тохиолдолд телевизийн сурталчилгааны төлбөрт хожим киногоо өгөхөөр тохироо хийдэг гэж байгаа. Гэхдээ л гудамжны самбар гэх мэт бартер хийхгүй сурталчилгаанд багаар тооцоод 10 сая төгрөг гарна. Татварыг хүн амын орлогын албан татвараар тооцохоор 10 хувь буюу 13 сая орчим төгрөг. Татварын дараах ашиг бараг 100 сая төгрөг болох нь. Киног бүтээхэд зарцуулсан хугацааг 5 сар гэж үзвэл сарын 20 сая төгрөгийн цэвэр ашиг олдог байх нь. Ийм байвал хичнээн сайхан. Кино цувуулаад л суумаар ч юм шиг… Sorry, дээрх тооцоо бол хамгийн төгс нөхцлөөр хийсэн цээжний тооцоо л юм.
Бодит байдал дээр юу болдог вэ? Итгэмээргүй ашигтай киногоор ахин жишээлье. Хийсэн хүмүүсийнх нь яриагаар бол 260 сая төгрөгөөр хийжээ. Тийм багцаа ч киноноос нь харагдна. Харьцуулахад “Миний ах атаман” гэж киног 500 сая төгрөгөөр хийсэн гэх нь хөөстэй тоо байх.
260 сая төгрөгийн зардлаа кино театраас авсан 220 сая 830 мянган төгрөгтэйгээ харьцуулна. Юу вэ, 40 сая төгрөгийн алдагдал ! Тэгэхээр sodon.mn сайтын сурвалжлагч “итгэмээргүй ашиг” олсон гэж үнэн хэлжээ. Тохуутай бичдэг сурвалжлагч юм.
Хэрвээ “Миний ах атаман”-ыг 500 сая төгрөгөөр хийсэн нь үнэн бол алдагдал нь бараг 400 сая болно. “Итгэмээргүй алдагдал” юм уу. Цаана нь бас өөр зардлууд үлдсэн гэж бодохоор дотор харанхуйлна. Гэхдээ Буян Жагаагаас ч баян жүжигчин гэр бүл (400 саяыг алдах юу ч биш болчихсон) байгаа нь баярлууштай мэдээ байх. Учир нь найруулагч Б.Тамир “миний хувьд мөнгөний кино хийчихгүй юмсан л гэж бодож явдаг юм. Уран бүтээлчид хэт мөнгө хөөвөл кино гэдэг утгаа алдана. Аав, ээж хоёр маань ч байнга бидэнд энэ талаар сануулж, зааж, зөвлөдөг юм” гэжээ.
Ер нь арилжааны монгол кинонд заавал машин унагах, гадаадад нууцаар ч болов зураг авсан байх, Бээжингээс жүжигчдийнхээ хувцсыг авчирч өмсүүлэх зэрэг “стандарт” бий бололтой юм. Үүнийг нотлосон найруулагчдын яриаг анзааръя.
Б.Тамир: Жүжигчдийн өмссөн бүх хувцсыг Бээжингээс захиж авчруулсан байгаа. Дэлхийн стандартад бол кинонд заавал хувцасны зураач ажилладаг. Бид энэ стандартыг кинондоо баримталж ажилласан. (mass.mn/n/14694)
Ж.Сэнгэдорж: … анх дэлбэлнэ гэж төлөвлөөгүй. Харин гүүрэн дээрээс машин унагадаг юм уу гэсэн бодол орж ирсэн. Энэ тухай Навчаад хэлсэн чинь “… Машингүй сайхан зохиол байсан. Гэтэл юун машин, тэгээд бүр гүүрэн дээрээс унагах болчихвоо” гээд уурласан. Тэгэхээр нь “Зүгээрээ үсэргээд л авчихна шүү дээ. Яах ч үгүй, жаахан л засвар орно” гэж хэлсэн. Зохиол дээрээ ажиллаж байтал гэнэт “Ер нь энэ машиныг нэгэнт л унагаж байгаа юм чинь бүр мөсөн дуусгачихъя” гэсэн бодол орж ирдэг байгаа. Тэгээд дэлбэлэхээр болсон… Машины хувьд гайхалтай сайхан машин байсан. Ер нь мэдээж дэлбэлэхийг хүсвэл хэн ч муухан машин аваад л дэлбэлдэг шүү дээ. Харин бидний хувьд ширхэг ч зураасгүй маш сайхан тэрэг авсан. Тэр машиныг дэлбэлэхэд харамсалтай санагдалгүй яахав. Хүн болгон л маш их харамсаж байсан.(shudarga.mn/print.php?id=14684) Эндээс харахад “цаг нөгцөөхөөр” кино теарт очиж байгаа монгол үзэгч машин унагаж, дэлбэлэх зэргээр золиос өргөөгүй л бол таашаал эдлэдэггүй бололтой. Ж.Сэнгэдорж “Миний хувьд уран бүтээлээ яаж илүү үзүүштэй болгох уу л гэж бодож байгаа болохоор өөр арга байгаагүй” гэж нэмж хэлсэн байх юм.
Шинэ монгол кино 8000 төгрөгийн тасалбар зардаг гэдгээс хэдэн хүн үзснийг тооцоолбол “итгэмээргүй ашигтай” киног 54 125 хүн үзжээ. Киноны зах зээлийн тооцоог хийхдээ хамгийн багадаа тухайн газарт оршин сууж байгаа хүмүүсийн 6 хувь үзсэн байхаар боддог жишиг бий. Улаанбаатар 1,3 сая хүнтэй гэхээр 78 мянган хүн үзэж байж доод хязгаарт хүрэх ёстой. Тэгэхээр хамгийн орлоготой монгол кино үзвэл зохих доод хэмжээндээ ч дөхдөггүй байх нь. 78 мянган хүн 8 мянган төгрөгөөр үзчихвэл 624 сая төгрөгийн орлого олоод, зардлаа нөхөөд жоохон илүү гарах боломжтой ажээ.
Орлогын дутагдлыг яаж нөхдөг нууц нь зардлаа ивээн тэтгэлэг гуйж, бадар барих замаар босгох ажээ. Монголд ивээн тэтгэх чадвартай компани, хувь хүмүүс цөөхөн. Тэгэхээр байнга хомсдлоо нөхөөд байж чадахгүй. Тэгээд ч ер нь байнга ивээн тэтгэлэг дээр тогтох юм бол бизнес мөн үү гэсэн асуудал гарна. Буяны ажил гэвэл илүү тохирох бололтой.
Итгэмээр орлогод хэрхэн хүрэх вэ?
Уншигч таныг Atanarjuat: The Fast Runner гэж канадын эскимосчуудын хийсэн киног үзээсэй хэмээн хүсч байна. http://www.isuma.tv/fastrunnertrilogy энэ хаяг дээр үнэгүй байрлуулсан байгаа. 2001 онд бүтээгдсэн, Betacam, DVcam зэрэг видео технологи ашигласан кино. Бүтээгчид нь анх 500 мянган доллараар хийсэн гэж ярьдаг байснаа жил ирэх тусам зардлаа өсгөж хэлдэг болсон. Эцсийн мэдээгээр бол 1 960 000 канад доллараар бүтээсэн. Дэлхий даяар 2002-2003 онуудад кино театраас олсон орлого нь 12 631 996 ам. доллар. Чамлахааргүй орлого биз ! Гэтэл энэ кинон дээр ямар ч машин онхолдохгүй, Бээжинд захиалж хийлгэсэн хувцас байхгүй. Зураг авалтын техник гээд сүртэй юм ашиглаагүй нь илт мэдэгднэ. Тэгэхээр юу нь үзэгчийг татчихав аа. Оригиналь – эх чанар нь гэж хэлж болно. Инуит хүмүүсийн ахуй, харилцаа, орчин гээд бүх юм нь сонин, өвөрмөц, хэнийг ч дууриагаагүй. Эскимос гэдэг нь индианчуудын өгсөн доромж нэр юм байна. Түүхий мах идэгч гэсэн утгатай. Тэд өөрсдийгөө инуит гэх нь хүн гэсэн утга ажээ.
Холын жишээ гэж бодож байвал өөрсдийн жишээг дурдъя. “Ингэн нулимс” баримтат уран сайхны кино. 2003 онд германд бүтээсэн, монгол ахуйн тухай кино. Бүтээсэн зардал нь 300 мянган евро. Дэлхий даяар кино үзвэрээс олсон нь 9 328 652 ам. доллар. Телевизд худалдсан орлогын мэдээллийг олж чадсангүй. Кино театрынхаас дутахааргүй гэж сонслоо. Монгол үзэгчдийн нэхдэг машины онхолдоон, бээжин хувцас бас л байхгүй ч “итгэмээргүй ашигтай” кинонуудаас илүү орлого олчихжээ. Зураг авалтыг вьетнам, хонгконг, хятад зэрэг оронд сэм хулгайгаар хийх гэх мэт монголын киночдын үзэгчдээ уяраах “дархан мэхийг” хэрэглэсэнгүй. Ердөө л Өмнөговь аймагт, нэг малчны хотыг сонгоод л хийчихэж.
Эндээс юу харагдаж байна гэхээр 3 сая хүн бол зах зээл биш, нийтийн урлагт огт хангалтгүй тоо. Бүр 50 сая хүнтэй Өмнөд Солонгост ч шоу бизнесийнхэн нь үзэгчдийнхээ тоог хангалтгүй гэж үздэг ажээ. Тийм болохоор тэд korean pop, korean wave гэж юм санаачлаад Зүүн өмнөд азийн үзэгчдийн хармааг сэгсрэх стратеги гаргаад, соёл-урлагийн үйлдвэрлэлийн кластер бий болгон ажиллаж байна. Амжилт олоод эхлэсэн. Үзэгчдийн тоо санасанд нь хүрэхгүй байгаагийн шалтгааныг нь олсон гэж ярьдаг. Тэр нь азийн дийлэнх үзэгч харь одыг төдийлэн тоодоггүй юм байна. Тийм болохоор индонези, тайвань, филиппин, малайз, хонконг хүүхдүүдийг k-pop маягаар сургаад нутагт нь буцаан тавьж, мөнгө хүүлэх шинэ стратегиар ажиллаж байна. Нэрт нийтлэлч нэгний бичсэнчлэн солонгосын кино Холливүүдыг эзлээд байгаа юм ер байхгүй гэнэ. Харин эсрэгээр америкууд өмнөд солонгосын зах зээлийг бүрэн эзлэхийн тулд ганц нэг солонгос жүжигчинг ашигладаг ажээ. Учир нь солонгосын хуулиар кино театрт гарч байгаа киноны 50-иас доошгүй хувь нь үндэснийх байх ёстой юм. Тэгэхээр Холливүүдийн тактик нь зүйрлэбэл Premier league-ийн багууд япон, солонгос дахь борлуулалтаа өсгөхийн тулд ганц нэг тоглогч сэлгээнд суулгадаг шиг юм. Халаалтын үед өөрийнхөө тоглогчийг олж харах төдийд л солонгос фанат галзуурах шахан Arsenal, Tottenham, Manchecter United-ын өмсгөл, бэлэг дурсгалыг үнэ хайрлахгүй худалдан авдаг гэнэ.
Гэтэл манай их мэдэгчид Холливүүд солонгосчуудад эзлэгдсэн тухай сурталдаж суудаг. Мөн чанарыг анзаарвал огт өөр дүр зураг харагдна. Шоу бизнес нь хар тамхины дараа орох их ашгийг өгдөг учраас эхлэн тоглогчдод тийм амар эзлэгдэхгүй. Бараг мафижсан бүтэцтэй бизнесийн салбар юм. Тэр лүү нэвтэрч орох гэдэг бол тусдаа стратеги. Нэг хэсэг япончууд солонгос сериалд дурлаад, үхээд байгаа тухай цуурсан нь ч бодитой бус ажээ. Японы хамгийн ядуу ТВ ч оргил цагаараа солонгос цуврал гаргадаггүй. Өдрийн цагуудаа хямд дүүргэх гэж зарим нэг солонгос цувралыг гаргадгийг нь солонгос гаралтай авгайчууд голдуу үздэг гэсэн судлагаа байна.
Монголын киночид эндээ урлагийн ойлголт, үнэлэмж доогуур, төлбөрийн чадваргүй үзэгчийг баясгах гээд онхолдуулах машин хайж, дараа нь “итгэмээргүй ашигт” шатаж явахаар хаанахын, хэнийг хямдхан ангайлгаад хармаан дах мөнгийг нь ахиухан хамах тухайгаа эртхэн бодсон нь дээр байх аа. Яаж гэдэг нь төлбөртэй мэдээлэл болох учир ингэсгээд дуусгая даа. 2015 онд хэрхэн цоо шинэ машин онхолдуулж, дэлбэлэн итгэмээргүй ашиг олох тухай бодож, төлөвлөж байгаа киночдод зөвлөхөд бусдыг хуулаад шоу бизнест юу ч олж долоодоггүй юм. Хийсэн зүйлээ яавал америк кино мэт харагдуулах билээ гэх мэт жижиг зүйл сэтгэж суухын оронд яавал оригиналь кино хийх вэ гэж сайн бодож, хэрэгжүүлбэл итгэмээр орлого олох боломж бас ч гэж бий.
Г.Мөнгөнчимэг
Үндэстний тойм сэтгүүүл