1999 онд шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг нийгмийн түншлэлийн талуудтай хамтран зургаан удаа байгуулж, биелэлтийг тухай бүр дүгнэж ирсэн бөгөөд энэ удаагийнх долоо дахь нь болж буй юм. Зургаа дахь буюу 2013-2014 оны улсын хэлэлцээрт зургаан зүйл бүхий 77 асуудлыг тусган хэрэгжүүлсэн нь 81.23 хувьтай дүгнэгдсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт бэлтгэх, зохион байгуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлд заасныг үндэслэн Засгийн газрын дэргэд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хүлээдэг бөгөөд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхлыг хамгаалах тал бүрээс тэнцүү тооны төлөөллөөс бүрддэг уг хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцээр эхлэхээс өмнө шинэчлэн байгуулсан юм.
Энэ удаагийн хэлэлцээрт оролцсон Засгийн газрын төлөөллийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны төлөөллийг тус байгууллагын дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭХ-ны төлөөллийг холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар ахалж талууд хэлэлцээрт нийтдээ 70 санал ирүүлснийг зургаан бүлэг 53 асуудал болгон асуудал нэг бүрээр нь хэлэлцсэн.
Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрт улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, эдийн засгийн хямралын нөхцөлд улсын хэлэлцээр байгуулахад улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх гэхээс илүү ажлын байрыг хадгалах, хүн амын орлогыг хамгаалахад санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгслийг ашиглах зэрэг зарчим баримтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцсон юм.
Харин МҮЭ-ийн төлөөлөл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60 хувь өсгөх шаардлага тавьсан нь хэлэлцээрийн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлын нэг болж, хоёр ч удаа завсарлага авч хойшлуулахад хүргэсэн. Гэхдээ асуудлыг шийдэх арга замыг Засгийн газрын төлөөллийн ахлагч, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг идэвхтэй эрэлхийлж УИХ, намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр өрнүүлж чадсаны үр дүнд энэ онд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлэхээр болсон нь хэлэлцээрийг мухардалд оруулахгүй шийдвэрлэх боломж олгосныг МҮЭ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллүүд онцоллоо.
Мөн энэ удаагийн хэлэлцээрт Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар тусгасан нь том ололт хэмээн оролцогч талууд үнэлсэн юм.
Хэлэлцээрийн үеэр талууд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан гарын үсэг зурсан нь өмнөх хэлэлцээрүүдийн үеийнхээс ялгарах том давуу тал боллоо. Уг санамж бичгийн зорилго нь улс орны эдийн засаг хямарч байгаа энэ үед нийгэмд тогтвортой байдлыг хадгалах замаар ажлын байрыг хамгаалах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг бууруулахгүй байх, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулахад нийгмийн түншлэлийн талуудын оролцоог хангахад оршиж буй юм.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ талууд хэрэгжүүлж, эдийн засгийн хямралын нөхцөлд ажлын байр хадгалах, хамгаалахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, төслийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, хувийн хэвшилд ажлын байрыг аль болохоор хадгалах, хэрэв аж ахуйн нэгж татан буугдах, дампуурах, ажилтны тоог цөөрүүлэхтэй холбоотой шийдвэр гаргахын өмнө ажил олгогч нь ажилтны төлөөллийн байгууллагатай зөвшилцөж, ажлын байр хадгалахад чиглэсэн арга хэмжээ авахаас гадна ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх зэрэг чухал асуудлыг тусгасан. Санамж бичиг үйлчилж байх хугацаанд үндэсний болон салбар орон нутгийн түвшинд хөдөлмөр нийгмийн хамгааллын аливаа асуудлаар үүссэн маргаан, зөрчил, гомдлыг гурван тал хамтран ярилцаж гэрээ хэлэлцээр, зөвшилцлийн журмаар шуурхай шийдвэрлэн ажил хаялт зэрэг тэмцлийн хүнд хэлбэрт хүргэхгүй байх талаар гурван тал хамтран ажиллаж улс төрийн аливаа тэмцлээс ангид байх үүргийг хүлээж буй юм.
Эх сурвалж http://www.info.mn