Comment.mn

Орлого хөөсөн уралдааныг болиулах хэрэгтэй

10937687_682126135235154_2008690193_nСүүлийн үед эдийн засгийн хямрал, улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, төр засгийн гаргаж байгаа бодлого, шийдвэрийг эсэргүүцсэн үйл явдлууд ойрын үед ихээр болж байна. Үүний нэг нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, нийтийн тээврийн автобус бааз, компаниудын нэгдсэн Зорчигч тээврийн нэгдлээс хамтарсан жагсаал цуглааныг өнөөдөр “Чингисийн талбай”-д хийж байна.  Уг жагсаалын гол зорилго нь цалин, урамшуулалтай холбоотой асуудал аж. Нийтийн тээврийн ажилчдын цалин 50 хувь нь үндсэн, 50 хувь нь урамшуулал байдлаар олгогддог бөгөөд үүнийг өөрчилж 70 хувь нь үндсэн цалин, 30 хувийг урамшуулал байдлаар өгдөг болгохыг холбогдох шийдвэр гаргагчдад хүргэх зорилготойгоор өнөөдөр ийнхүү жагсаж байна. Учрыг тодруулбал нийтийн тээврийн жолооч нарын үндсэн цалин 445,000 төгрөг бөгөөд урамшуулал цалингаа бүрэн авахын тулд норм төлөвлөгөөгөө заавал биелүүлэх гэж хэтэрхий яарах, үүнээс үүдэн осол аваар гаргах эрсдэлтэй байдаг байна.

10917634_682128031901631_727228257_nЭнэхүү жагсаалд оролцогч Автобус-1 баазын Үйлдвэрчний хорооны дарга Н.Төрбатаас цөөн хэдэн асуултанд хариулт авлаа. 
-Өнөөдрийн жагсаал цуглааны гол зорилго юу вэ?
-Нийтийн тээврийн ажилчдын цалинг цагтаа өгөхгүй байна. Мөн бид алдагдлаа нөхөж чадахгүй байна. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхтэй олон хүмүүс байдаг даа. Оюутнууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд. Үүний мөнгийг төрөөс олгох ёстой байдаг. Гэтэл одоогоор өгсөн юм алга. Улсын төсвөөс нийтийн тээврийн ажилчдын цалинд 73 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 53 тэрбумыг нь өгсөн. Үлдсэн 20 тэрбумыг нь хэзээ өгөх нь мэдэгдэхгүй байна. Мөн орлого хөөсөн уралдааныг болиулахыг хүсэж байна.
-Орлого хөөсөн уралдаан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Нийтийн тээврийн жолооч нарын сарын цалин 445 мянга байдаг. Нэмэгдэл, урамшуулал нь энэ цалингаа нэг нугалаад авдаг. Ингэхээр жолооч нар нь нэмэгдэл урамшуулал болон үндсэн цалингаа авахын тулд илүү олон эргэлт хийх гэж үзнэ. Ингэснээр хурд хэтрүүлнэ, дүрэм зөрчинө, осол аваар гаргана. Харин үүний оронд нийт олгох урамшуулал, цалингийн 70 хувийг нь үндсэн цалин болгоод үлдсэнийг нь тэтгэлэг болговол энэ асуудал арай цэгцрэх болов уу гэж бодож байна. Автобусны жолооч нарын осол аваар гаргаад байдаг нь мөнгөө олохын тулд яарснаас л болж байгаа юм.
-Нийтийн тээврийн жолооч, кондуктарын  ажлын цаг өглөө хэдэд эхлэх вэ?
-Өглөө 5:00 гэхэд тус тусын бааз дээрээ цуглана. Холын чиглэлийн эхний автобус 05:40 гэхэд явж эхэлдэг. Чиглэлийн автобуснууд 06:10-06:20 гээд эцсийн буудлаасаа хөдлөнө. Өдөр 12:00 цагт ээлж солигдох ёстой байдаг. Хашир жолооч, кондукторууд бол 14:00 цаг хүртэл явах үе ч бий.
-Нэг автобус өдөрт хэдэн эргэлт хийх ёстой байдаг вэ?
-Чиглэл чиглэлийн хол ойроос хамаарна. Ойрхон чиглэлийн автобусууд бол өдөртөө 10 гаргаад эргэлтээ хийчихдэг. Холын автобусууд бол өдөрт 5, 6 удаа гээд янз янз л байна даа. Энэ чинь хүнд хөдөлмөр. Төр засгаас тэтгэвэр, тэтгэмж хасна гээд байгаа. Бараг насаараа нийтийн тээвэрт ажилласан хүн тэтгэвэр авахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ. Төр бидний хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэсэн үг. 
-Ярилцсанд баярлалаа.

Ч.Мандах

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.