И-Ти-Берлин 2015 гэж юу вэ?
2015 оны 3 дугаар сарын 3-наас 8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо И-Ти-Би–Берлин 2015 (ITB Berlin 2015) үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.
Энэ бол дэлхийн аялал жуулчлалын салбарын жил бүрийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ юм. 180-аад орны 10000 орчим компани тогтмол оролцож бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилдаг ба дунджаар 100 мянга орчим хүн үзэж сонирхдог. Түүнчлэн 60000 орчим аялагч ирж, 8000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан энэхүү үзэсгэлэнг сурвалжилж байна.
Монгол Улс И-Ти-Би–Берлин 2015-ын Түнш орон.
Монгол Улс уг үзэсгэлэнд 2000 оноос хойш жил бүр тасралтгүй оролцож ирсэн ба 2015 оны хувьд Түнш орны онцгой статустайгаар оролцох гэж байна.
И-Ти-Би–Берлин-д жил бүр нэг л улс албан ёсны Түнш орон байдаг.
Тухайн жилийн Түнш орон нь үзэсгэлэнгийн онцгой зочин болж онцгой эрхтэйгээр оролцож бүх нийтийн анхаарлын төвд байдаг.
Ингэснээр энэ хүндтэй цэгээс Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, олон улсын болон дотоодын бизнесийн түүнчлэн олон нийтийн кампанит үйл ажиллагаанд өргөн хүрээнд хамрагдан, улс орондоо жуулчдын урсгалыг татах онцгой боломж нээгдэж байгаа юм.
И-Ти-Би–Берлин 2015-ын үеэр бид ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
Монгол Улс энэ оны “И-Ти-Би – Берлин 2015” үзэсгэлэнд албан ёсны түнш орны статустай оролцсоноор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн 178000 үзэгч бүхий албан ёсны үйл ажиллагааг нээх,
Олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон Монгол Улсын соёл, зан заншлыг харуулсан хүлээн авалт
Аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг 9 удаагийн илтгэл тавих
Олон улсын Адал Явдалт Аялал Жуулчлалын Нийгэмлэг болон бусад мэргэжлийн холбоо байгууллагуудтай стратегийн түншлэл байгуулах
Бусад хэд хэдэн уулзалт, соёлын арга хэмжээнүүд
Монгол Улсыг сурталчлан таниулсан хэвлэмэл материалууд, каталоги
Монгол Улсаас ямар төлөөлөл оролцох вэ?
Exhibitor буюу Үндсэн оролцогчоор:
– Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, мөн 18 тур оператор компани болон Нийслэлийн аялал, жуулчлалын газар
Visitor буюу оролцогчоор:
-Аялал жуулчлалын салбарын 50 байгууллага, аж ахуйн нэгж
Түнш орноор оролцсоноор ямар боломж нээгдэх вэ?
И-Ти-Би–Берлин 2015-д Түнш орноор оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
Тухайлбал, 2010 онд ийм статустай оролцсон Турк Улсын хувьд 2010 онд жуулчдын тоо 28,6 сая байсан бол 2011 онд 31,4 сая болж 9%-иар, улмаар 2012 онд 39,7 сая болж 26%-иар, 2013 онд дахин 20% өссөнөөр дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг улсуудын 6 дугаарт орж байна.
Монгол Улсын тухайд гэвэл “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх гэж заасан байдаг бөгөөд уг үзэсгэлэн нь энэхүү зорилтыг хангах чухал түлхэц, томоохон боломж юм.
Уг үзэсгэлэнд оролцсоноор германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний бүхий л сувгуудаар дамжуулан монголын талаарх мэдээллийг Европын Холбооны орнуудын 570 сая гаран хэрэглэгчид хүргэн, Монгол Улсыг сурталчлах боломж нээгдэж байна.
Хэдийгээр манай улсын дэд бүтэц нэг сая жуулчин хүлээн авахад одоохондоо хангалттай сайн биш ч Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбартаа ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө зарцуулснаар аялал жуулчлалын салбарынханд бизнесээ өргөжүүлэх томоохон боломжийг олгож улмаар гадаадын жуулчдын тоо ихсэх тусам үүнийгээ дагаад аялал жуулчлал, үйлчилгээний салбар сайжрах юм.
Бэлтгэл ажлын хэсэг:
Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг хангах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, “Аялал, жуулчлал – Ирээдүй” ТББ болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Та бүхэн И-Ти-Би–Берлин 2015 үзэсгэлэнгийн талаар асууж тодруулах зүйл болон Монгол Улс амжилттай оролцоход тустай санал хүсэлт байвал “Аялал жуулчлал – Ирээдүй” ТББ-ын 7711-1523 дугаарт хандана уу.
Эх сурвалж: www.unen.mn