2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж байна.
Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сэргээн эдлүүлэх, хүний эрхийг сахин хамгаалах зорилготой.
2014 онд Хүний эрхийн Үндэсний Комисс нийт 710 гомдол хүлээн авснаас 330 буюу нийт гомдлын 46.5 хувийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлж байна. Гэтэл эдгээрийн 261 нь буюу 80 орчим хувь нь зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангиас ирүүлээд байгаа юм.
Эх сурвалж: www.ugluu.mn