Comment.mn

С.Бямбацогт: Өмнөх засгийн газар өрийн босгыг хуулиас хэтрүүлснээ ард түмнээс нууж ирсэн байна

 С.Бямбацогт: Өмнөх засгийн газар өрийн босгыг хуулиас хэтрүүлснээ ард түмнээс нууж ирсэн байна  С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Танай бүлгийн гишүүд унаж буй машиныхаа шатахууны зардлыг өөрсдөө гаргахаар болж байна. Тэгэхээр энэ хэмнэлт зөвхөн хямралын үед хэрэгжих үү, эсвэл цаашдаа ч энэ шийдвэр хүчин төгөлдөр байх уу?
-Энэ шийдвэр бол эдийн засгийн хямрылн хугацаанд үргэлжилнэ. Хямралаас аль болох богино хугацаанд, хохирол багатай давахын тулд бид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх санаачилга гаргаж байгаа юм. Бидний энэ санаачилгыг УИХ-ын бусад гишүүн дэмжих байх гэж найдаж байна. Хэрвээ гишүүд маань бүгд энэ санаачилгыг дэмжвэл төсвөөс 500-600 сая төгрөгийг хэмнэх боломж бүрдэх юм.
-Төсвийн тогтвортой байдлын тухай буюу өрийн босгыг 70 хувьд хүргэх хуулийн төслийг өмнө нь МАН-ын бүлэг дэмжихгүй гээд унагасан. Харин Засгийн газраас дахин өргөн барихдаа өрийн таазыг 60 хувьд хүргэхээр оруулаад ирсэн. Үүнийг танай бүлэг дэмжих үү?
-Бид Засгийн газарт хамтрахдаа “Засгийн газраас явуулж байгаа зөв бодлогыг дэмжинэ. Харин буруу зүйл дээр шүүмжлэлтэй хандана” гэж хэлж байсан. Энэ ч утгаараа дэмжих асуудлаа дэмжиж байгаа. Харин энэ хямрал хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх гээд байгаа буруу арга хэмжээг би дэмжихгүй. МАН хамтрахдаа  “Үнэхээр улс орны эдийн засаг хүндэрчихлээ, ард иргэдийн амьдрал улам доройтох нь, өмнөх Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа буруу байна” гэдгийг хэлсээр ирсэн. Харин засагт хамтраад бодит тоо баримтуудыг харлаа. Бидний төсөөлж байснаас илүү хүнд нөхцөл байдал үүссэн байжээ. Магадгүй МАН засагт хамтарснаар ард иргэдийн амьдрал улам доройтлоо гээд олон нийт ойлгож болох учраас үүнийг хэлж байгаа юм. Бид анхнаасаа зөвшилцлийн хүрээнд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурьтай байсан ч харамсалтай нь Засгийн газар “Өрийн хэмжээг 60 хувьд хүргэе” гээд хуулийн төсөл өргөн бариад байна. Өмнөх Засгийн газар 40 хувь байх ёстой өрийг хууль зөрчин нэмэгдүүлж 58.3 хувьд хүргэсэн байна. Нэгэнт хууль зөрчин нэмэгдүүлсэн өрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Энэ бол өрийг нэмэгдүүлж байгаа гэсэн үг биш. Нэгэнт хууль зөрчөөд хүрсэн төвшинг арга буюу хүлээн зөвшөөрч таарна. Ийм байдлаар асуудалд хандана гэж МАН-ын бүлэг шийдсэн.

Эх сурвалж: Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.