Comment.mn

Хүүхдийн мөнгийг хурааж С.Баярцогтын нууц дансанд хийнэ гэв

Нэгэн цагт оффшор бүсдэх нууц данс нь илэрч, багагүй сандарч байсан С.Баярцогт УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн болоод чимээ намдаасан. Бусдын өмнө хариуцлага тооцсон болж жүжиг тавьсан нь энэ. Ийнхүү хэсэг шуугиан дэгдээсэн нууц дансны чимээ алсарч, мань эр ч “гэр бүлдээ л санаа зовж байна” хэмээн өөрийгөө ч яасан ч яахав шахуу зүйл яриад өнгөрсөн.

 

Гэтэл Ч.Сайханбилэг Засгийн газар байгуулахдаа өнөөх оффшор бүсэд их хэмжээний мөнгөтэй луйварчнаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тохоон томилов. Шуудхан хэлэхэд нэгэн хулгайчийг ЗГХЭГ-ын дарга болгов. Хулгайч гэсний учир нь тэрээр ард түмний өмч болох Оюутолгойн гэрээг үзэглэсэн сайд нарын нэг. Түүнээс биш тэр Монгол Улсаас нууж данс нээлгэх өөр ямар ч учир шалтгаан байхгүй. Энэ тухай би ганцхан хэлээд байгаа юм биш. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа аливаа зүйлийн учрыг гадарлах УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга гээд болон гишүүд ам дүүрэн хэлдэг юм.

 

Тэгэхээр ийм хулгайчийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилж байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Нууц дансыг нь хамгаалж байгаа хэрэг үү, нууц дансан дахь мөнгийг нь өсгөх гэж байгаа хэрэг үү, бүү мэд. Гэхдээ эдийн засгийн хямралтай үед гадаадад нууц данстай С.Баярцогт маань Засгийн газрын дансанд мөнгөө юүлэх гэсэн юм болов уу гэсэн горьдлого хэн нэгэн гэнэн нөхөрт төрж магадгүй л юм.

 

Гэтэл үгүй л болов уу. Яагаад гэхээр хүүхдэд олгодог мөнгийг танах гэж байгаа болохоор тэр лав нууц дансны мөнгөө гаргахгүй нь лавтай. Гэтэл нэгэн нөхөр энэ тухай ярихдаа “Харин ч эсрэгээрээ шүү дээ. Яалаа гэж. Ч.Сайханбилэг сайд хүүхдийн мөнгийг хурааж, найз С.Баярцогтынхоо оффшор бүсэд байршуулах магадлал өндөр. Түүнээс бус ийм хулгайч луйварчныг яах гэж төрийн толгойд гаргах юм. Тэгэхээр хүүхдийн мөнгийг хурааж С.Баярцогтын нууц дансанд хийх юм гэнэ лээ” хэмээн хошигнох занах хоёрын дундуур хэлэхэд нь олон зүйл бодогдов.

 

Яг үнэндээ өнөөдрийн хямралд гадаадад ихээхэн хэмжээний мөнгө байршуулсан олигархи бүлэглэлийн нөхөд туйлын буруутай шүү дээ. Өнөөдөр нийгмийн амьдрал туйлын ядуу, эдийн засгийн байдал улам л доройтсоор байна. Гэтэл төрийн толгойд гадаадад нууц мөнгөтэй нөхөд олноор шургалж байна. Тэд нууц дансан дахь мөнгөө лав ард олондоо тараах гэж энд суугаагүй. Магадгүй тэр мөнгөө өсгөх үүднээс сууж байгаа гэхэд тэгтлээ буруудах нь юун, дээр занах хошигнох хоёрын дундуур хэлснээр бол. Магадгүй Оюутолгойн гэрээг нэгэн цагт үзэглэж, өнөөдрийг хүртэл буруу зөвөө ард олноор шүүлгэж яваа С.Баярцогт энэ эрх мэдэлд гарснаар гацаанд байгаа Тавантолгойг ч энэ маягаар үзэглэж оффшор бүсдэх мөнгөө зузаалахыг үгүйсгэх аргагүй. Зөвхөн Тавантолгой ч биш, олон орд газар олигархиудын занаанд байгаа шүү дээ.

А.Гал 

www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.