Comment.mn

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

10754391_848759545183046_832708395_oАймгийн удирдлагуудтай хийсэн 2015 оны эхний цахим хурлын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт төсвийн тодотголд тусгасан гол гол өөрчлөлт, шинээр хэрэгжиж буй хуулиудтай холбоотой мэдээлэл өглөө.

Ирэх сарын 2-3-нд ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт, сургалт хийнэ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын 2014 оны ажлыг дүгнэж, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулна. УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэж буй 2015 оны төсвийн тодотгол батлагдсаны дараа төсвийн зарцуулалттай холбоотой олон асуудлыг нарийвчлан тайлбарлана гэж С.Баярцогт сайд хэллээ.

Оны эхнээс хэрэгжиж буй Шилэн дансны хуулийн дагуу төсвийн захирагч нар 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ бүрээ цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхэд Засаг дарга нар анхаараарай. Засгийн газраас өнгөрсөн онд шинэчилсэн журмын дагуу энэ жил нийт 53 малчин, тариаланч, фермерийг шалгаруулна. Улсын сайн малчин, тариаланч, фермерүүдийн цол, тэмдгийг уламжлал ёсоор сар шинийн баяраар гардуулан өгнө. Мөн энэ сард төрнө гэж тооцоолж байгаа Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг аймаг бүр тодруулах ажлыг зохион байгуулахдаа бүртгэл тэмдэглэлийг сайтар хөтөлж, хариуцлагатай ажиллаарай гэж ЗГХЭГ-ын дарга аймгийн удирдлагуудад анхаарууллаа.

10901230_848759221849745_282845081_oХүүхдүүдийг эцэг эхэд нь туслуулах, нөгөө талаар мал маллагааны анхан шатны мэдлэг, соёлыг өвлүүлэх зорилгоор сурагчдын амралтыг мал төллөх үеэр тохируулсан.  Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралтын хувьд,

– I-V ангийн сурагчид 1.10-наас 2.1-нийг дуустал 3 долоо хоног;

– VI-IX ангийн сурагчид 1.10-наас 25-ныг дуустал 2 долоо хоног;

– X-XII ангийн сурагчид 1.10-наас 18-ныг дуустал 1 долоо хоног амрах бол 3 дугаар улиралд:

– I-V ангийн сурагчид 3.21-нээс 4.12-ныг дуустал 3 долоо хоног,

– VI-IX ангийн сурагчид 3.21-нээс 4.5-ныг дуустал 2 долоо хоног,

– X-XII ангийн сурагчид 3.14-нөөс 3.29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна. Үүнтэй холбогдуулан аймаг, орон нутгийн зүгээс холбогдох зохицуулалт хийхийг мөн даалгалаа.

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар яамдын бүтцийн өөрчлөлттэй уялдуулан аймгийн ЗДТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, хөдөөгийн эмч, багш нарт жилд нэг удаа үзүүлдэг буцалтгүй тусламжид ямар нэг өөрчлөлт ороогүй, “Гудамж” төслийн хүрээнд энэ жил Архангай, Увс, Хэнтий аймгуудын төвд гудамж, зам өргөтгөн шинэчлэх ажил хийнэ зэрэг мэдээллийг цахим хурлын үеэр орон нутгаас тавьсан асуултын мөрөөр тайлбарлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.