Comment.mn

О.Цэрэннадмид: Засаг дарга С.Бүрэнбат “Сентерра гоулд” компанид худалдагдсан

1-14-16h_700x700.jpg.300x0_q85_crop_upscaleС.УЯНГА

Сэлэнгэ аймгийн Ман­дал сум, Төв айм­гийн Бор нуур суманд ор­­ших Ноён уулыг Ка­надын хөрөнгө оруу­лалт­­тай “Сентерра гоулд” компани ухаж, их хэмжээний алтыг нь зөөж байгаа талаар Ноён уулаа аврах хөдөлгөөн,  Бай­­галь орчны иргэний зөв­лөл, сумын иргэдийн төлөө­лөл олон нийтэд ханд­лаа. Тэд  өвөг дээдэс, эртний сурвалжит Хүн­нү аймгийнхний алтан шарил, булш бунханыг 2000 жилийн турш хад­галж байгаа Ноён уулыг төр тусгай хам­гаа­лал­тад авахыг шаардсан юм.

Мөн УИХ-аар Гацуур­тын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан  эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ үеийг далимдуулан гадны компанид зүгээр өгчихөж байгааг хэлсэн.  Эх орон, байгаль дэлхий, газрын хэвлийгээ хамгаалж ирээдүй хойчдоо үлдээх эдгээр  чухал асуудлуудад аймаг, сумын удирдлагууд хойрго хандахаар барахгүй мөнгөтэй компанийн талд үйлчилж байгааг  хэвлэлийн хуралд ирсэн иргэдийн төлөөлөл онцоллоо. Энэ талаар  Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид “Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон байдаг. Өнөөдөр харь орны, хүйтэн сэтгэлт хүмүүс өвөг дээдсийн маань алтан шарил нойрсож буй хөрсийг эргүүлж, хөндий дэх алтыг нь авах гэж байна. Эцэг эхийнхээ, элгэн садныхаа шарилыг хөндөх нь бүү хэл хөдөөлүүлсэн газарт нь сар жил тоолон байж очдог Монголчуудын хувьд голомтоо самарсан хэрэг болох биз ээ. Эртний түүх, соёл, палеонтологи, археологийн асар үнэ цэнэтэй дурсгалыг агуулсан Хараагийн Ноён уулын зүүн суга, Нарийн Гацууртайн голын хөндийг Газрын хэвлийн тухай хуулиар хамгаалах ёстой. Ард иргэд нь хамгаалахаар амь насаа үл хайрлан тэмцэж байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон үе үеийн удирдлагууд, Мандал сумын Засаг дарга нар бүгд гадаадын мөнгөтэй компанид худалдагдсан. Би өөрийн биеэр удаа дараа очиж уулзсан ч бөөрөнхийлсөн хариулт хэлж, ариун газраа гадны компанид зарчихаад сууж байна” гэсэн юм.

Эрх баригчид нь хээл хахууль авлаа гэхэд аймаг, сумын удирдлагууд ард иргэдээсээ нүүр буруулж, онгон дагшин байгалиа зараад сууж байгааг иргэд нь эсэргүүцэж, цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ. Тэмцэгчид 10000 гаруй  хүн, УИХ-ын 18 гишүүний гарын үсэг цуглуулсан бөгөөд цаашид зохион байгуулалттайгаар Ноён уулаа ухуулахгүйн төлөө ажиллах  юм байна.

Дашрамд дурдахад  “Сентерра гоулд”-ын Монгол дахь охин компани “Бороо гоулд” компанийн эзэмшилд ашиглалтын арав, хайгуулын дөрвөн  лиценз байгаа бол “Сентерра гоулд монголия”компанийн нэр дээр ашиглалтын долоо, хайгуулын 20, нийтдээ 41 лиценз байдаг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.