Comment.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд ажлын явцаа танилцууллаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд ажлын явцаа танилцууллаа

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор  24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. 2014 оны 10 сард эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд дараагийн ээлжийн барилгуудыг барихаар ажиллаж байна. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн өргөтгөсөн хурал боллоо. Хуралд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, үйл ажиллагааны ажлын явцаа танилцууллаа.

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, замын ажлын зургаа гаргаж, газар чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд 3 сараас  барилгын ажлаа эхлэхээр төлөвлөж байгааг хэлж байв. Харин зарим компанид  цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй бага зэрэг бэрхшээл тулгарч байгаа аж.
Хурлын үеэр НИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга, Д.Баттулга “2013 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид чамгүй олон ажлыг амжууллаа. Та бүхэн идэвхи санаачилгатай ажиллаж, энэ онд багтаан бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай дуусгана гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн тэрээр 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн Цахилгаан, дулаан, эрчим хүчний эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.