Comment.mn

Д.Болд: 379 микроавтобусын 343-ыг нь жагсаалтаас хасна

Д.Болд:  379 микроавтобусын 343-ыг нь жагсаалтаас хасна

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бага оврын буюу микроавтобусын дийлэнх хувийг нь жагсаалтаас гаргахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.

-Нийслэлд хэчнээн микроавтобус иргэдэд үйлчилдгийн хэд нь жагсаалтаас гарахаар болов?

-12-оос дээш жил явсан микроавтобусыг үйлчилгээнээс хасч байгаа. Ер нь манайд бүртгэлтэй бага оврын автобусын олонхийг 2001, 2002 онд үйлдвэрлэсэн байдаг. Тэдгээрийг жил бүр нийтийн үйлчилгээнээс хасдаг юм. Өнгөрсөн онд гэхэд л 519 автобусыг стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар хассан. Харин энэ жил бага оврын нийт 379 автобус иргэдэд үйлчилж байгаагаас 343-ыг нь жагсаалтаас гаргах гэж байна. Мөн том оврын автобусын үйлчилгээний есөн аж ахуйн нэгжийн 15, туслах болон буухиа үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгжийн 151 автобус, такси үйлчилгээний 10 аж ахуйн нэгжийн 32 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан.

-Тэгэхээр энэ жил иргэдэд 36-хан микроавтобус үйлчилнэ гэсэн үг үү?

-Хассан тээврийн хэрэгслийнхээ оронд компаниуд дахин нөхөн оруулж ирэх боломжтой. Жишээ нь, “Танайхаас таван микроавтобус хассан учир дараа оны таван автобусыг нөхөж оруулаад бүртгүүлж болно” гэдэг. Хуульд ч ийм заалт бий. Харин компаниуд энэ талд төдийлөн анхаарал тавьдаггүй. Зарим нь лого нааж үйлчилгээнд явдаг хэр нь нийтийн тээвэрт бүртгүүлээгүй байх жишээтэй.

-Хассан микроавтобусууд хулгайгаар үйлчилгээнд явсан тохиолдол их гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Хассан л бол үйлчилгээнд явах ёсгүй. Зарим нь хулгайгаар үйлчилгээнд явах тохиолдол бий. Үүнд авто тээврийн улсын байцаагчид хяналт тавьж шалгаад цаг тухайд нь торгууль ногдуулах арга хэмжээ авдаг.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.