Comment.mn

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нүүр тулж уулзах уу

3jefdvelui68og59nc860dis3_lӨмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзахад бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрээр Үндэсний телевизийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Энхтайван, нэгдэл нягтралыг бэхжүүлэхийн тулд шаардлагатай бол хэнтэй ч уулзахад бэлэн байна” гээд Хойд Солонгосын цөмийн туршилтыг зогсооход хоёр тал яриа хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн юм. Ким Чен Ун ч мөн шинэ жилээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ тавьсан нөхцөл байдлаас хамааран Өмнөд Солонгостой өндөр түвшний яриа хэлэлцээр өрнүүлж болох юм гэдгийг онцолж байсан билээ.

Хойд Солонгосын тал сүүлийн хэдэн жилд гурван ч удаа цөмийн туршилт явуулсан нь Өмнөд Солонгосыг багагүй түгшээж байгаа юм. Хэрэв Өмнөдийн тал 2015 онд Солонгосын хойгт АНУ-тай хамтран хийхээр төлөвлөж буй цэргийн сургуулилтаа зогсоосон тохиолдолд Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтаа хойшлуулж болно гэсэн болзол тавиад байгаа билээ. Харин Өмнөд Солонгос уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан юм.

Өнгөрсөн хугацаанд дайн дуусч, Солонгосын хойг хоёр хуваагдсанаас хойш хоёр улсын төрийн тэргүүнүүд 2000, 2007 онд гээд ердөө хоёр удаа л нүүр тулж уулзаж байжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард Инчоны наадмын үеэр хоёр улсын төлөөлөгчид уулзалт хийсэн билээ. Сөүлд болсон уг богино хэмжээний уулзалтад Хойд Солонгосыг төлөөлж Ардын армийн генерал Хуан Пён Со болон Батлан хамгаалахын хороо, Цэргийн төв комиссын дэд дарга Чүэ Рион Хэ нар оролцжээ.

Сүүлийн жилүүдэд талууд бие биенээ өдөөн хатгасан, дайсагнасан үйлдэл гаргах нь харьцангуй багассан гэдгийг “BBC” агентлагийн шинжээч  Стивен Эванс  онцлон тэмдэглэжээ.

-Өмнөдүүд Пхеньянийг үгүйсгэсээр байна уу-

Саяхан Солонгос гаралтай АНУ-ын иргэн цахим ертөнцөд Хойд Солонгосыг дэмжсэн утга агуулга зүйл бичсэнийхээ төлөө Өмнөд Солонгосоос албадан гарчээ. Шин Ён Ми хэмээн 54 настай эмэгтэй Хойд Солонгосын талаар эерэг сэтгэгдлээ илэрхийлсэн пост бичиж үлдээсэн бөгөөд түүнийг бямба гарагт Өмнөд Солонгосоос албадан гаргасан байна. Мөн түүнийг Лос-Анжелес хотод очсоны дараа тус улсад таван жилийн хугацаанд зорчихыг хоригложээ.

Албаныхан үүнийг Өмнөд Солонгосын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Учир нь тус хуулинд Хойд Солонгосын талаа магтаж, сайшаасан зүйл олон нийтэд тараахыг хориглодог юм байна. Ерөнхийлөгч Пак Гён Хэ ч мөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ талаар тайлбарлаж хэлсэн аж.

Харин Сөүлийг шүүмжлэгчид Засгийн газар иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Шин Ён Ми Өмнөд Солонгосоос гарахаасаа өмнө зөвхөн Хойд Солонгост аялаж байхдаа төрсөн сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд тус улсын улс төрийн дэглэмийг магтаж сайшаасан өнгө аястай зүйл яриагүй гэж хэлсэн байна.

 

Өмнө нь Өмнөд Солонгосын томоохон хэвлэл мэдээллийн сайтуудаар түүний Хойд Солонгос дахь аялалын тухай өгүүлэл хэвлэгдсэн гарч байсан төдийгүй 2013 онд түүний аялалын тэмдэглэлийг “Засгийн газраас тогтоосон унших материалын жагсаалт”-д оруулсан байжээ. Гэвч сая болсон үйл явдлын дараа Соёлын яам Өмнөд Солонгосын номын сангуудад байсан түүний бүх номыг хурааж, олон нийтэд хүртээхийг хоригложээ.

-Өмнөд Солонгосыг 7 хоногт эзлэх төлөвлөгөө-

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагчийн гаргасан төлөвлөгөө шуугиан тариад амжсан билээ. Ким Чен Ун “Өмнөд Солонгосыг долоон хоногт эзлэх цэргийн төлөвлөгөө” баталсан тухай “JoongAng Ilbo” сонинд мэдээлсэн юм. Тус сонинд бичсэнээр Хойд Солонгосын удирдагч 2012 оны наймдугаар сарын 25-нд Вонсанд цэргийн удирдлагын зөвлөгөөн болох үеэр уг төлөвлөгөөг баталсан гэжээ.

 

Түүнчлэн бэлтгэл ажлыг 2013 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байсан ч дараа нь нэг жилээр сунгасан байна. Мөн цөмийн зэвсэг зэрэг сүүлийн үеийн байлдааны хэрэгсэл ашигласнаар Өмнөдийн холбоотон улсууд ирэхээс өмнө газар нутгийг бүрэн хяналтандаа авах боломжтой гэж тооцоолсон гэнэ. Харин Хойд Солонгос дайралт амжилтгүй болвол 15 хоногийн дараа төлөвлөгөөг зогсоох аж. Гэхдээ энэхүү мэдээллийг албан ёсоор батлах баримт одоогоор гарч ирээгүй байгаа юм.

Эх сурвалж: www.shuurhai.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.