Тиймээс нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газар хүсэлт тавьсны дагуу Засгийн газрын 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх”-ийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс судалгаа явуулж байна. Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарьт өөрчлөлтийг төлөвлөнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn