Prime Pictures”, “U Film”, “Black Ze- bra” продакшны хамтын бүтээл “Тютю” уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт “Тэнгис” кино театрт албан ёсны нээлтээ хийлээ. Энэ үеэр тус киноны ерөнхий найруулагч, жүжигчин Г.Ундармаатай ярилцсан юм.
-Өмнө нь “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзсан. Энэ удаад ч шинэ киногоороо уулзаж байна. Киноныхоо талаар танилцуулна уу?
-Олон улсын киноны стандартад нийцсэн бүтээл хийе гэж зорьсон учраас “Тютю”-г бүтээхэд надад чадалтай хамт олон баг хэрэгтэй болсон. Тэр ч утгаараа их бат бөх, найдвартай багтай ажиллалаа. Тиймээс энэхүү кинонд хамтран ажилласан хүмүүстээ баярлалаа. Киноны дууг “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун бичиж, дуулсан. Одоогоор гадаадад амарч байгаа учраас ирж амжсангүй. Энэ кинонд эмэгтэй хүний нарийн нандин бүхнийг харуулахыг хичээсэн.
-Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгов. Киногоороо яг юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-Киноны зохиолыг сэтгүүлч Г.Бадамцэрэн бичсэн. Зохиолоо анх надад үзүүлэхэд гол агуулга нь их таалагдсан. Тэгээд зохиолд нэлээд өөрчлөлт оруулсны дараа кино хийлээ. Гол буюу Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС- ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсын оюутан М.Цэрэндолгор бүтээсэн. Өмнө нь кинонд тоглож байгаагүй ч балетаар хичээллэж байсан охин. Мөн гол дүртэй хослон тоглосон залуу жүжигчин Л.Гантулгыг зарим хүн мэдэж байгаа байх. Гантулга маань Төгөлдөр хэмээх хийлчийн дүрд тоглосон. Кинонд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэ- рэл сүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нарын туршлагатай жүжигчид тоглосон. Гол агуулгыг та бүхэн ирж үзээд тунгаана биз дээ.
-“Тютю”-г энэ киногоор дамжуулан хүмүүс маш сайн мэдэх болсон шүү дээ. Энэ нэрийг та яг одоо өөрийнхөөрөө тайлбарлавал?
-Мэдээж энэ нэрийг хүн бүр мэддэггүй. Би ч мэдэхгүй байсан. Киноны маань хамгийн анхны амжилт бол бид “Тютю” гэдэг үгийг мэддэг болсон явдал. Манай багийнхан хоорондоо ярилцаж байгаад “Хүмүүс мэдэхгүй тусам энэ нэрийг өгье. Урлаг тодорхой хэмжээгээр хүн бүрт мэдлэг, мэдээлэл өгч байх ёстой” гэсэн үүднээс хүн бүрийн мэддэггүй нэрийг албаар өгсөн. Өнөөдөр энэ нэрийг бүгд мэддэг боллоо. Охиндоо тютю өмсүүлээд явж байхад хүмүүс хараад “Хөөх ямар гоё тютю өмсөө вэ” гэж байна. Тэгэхэд надад маш гоё санагдаж байсан. Жаахан бяцхан охины өхөөрдөм даашинзны хормой Хээнцэр дэгжин бүсгүйчүүдийн гоёлын даашинзны хормой Уран гоо, төгс төгөлдрийн илэрхийлэл сонгодог бүжигчин охидын бүжгийн даашинзны хормой гэхээр нүдэнд тань харагдаж байгаа биз дээ. Даашинзныхаа хормойг дэрвүүлэн эрх дураараа, инээд цалгиулан юунаас ч үл айн, хэнээс ч хараат биш, хүссэнээрээ ажиллаж амьдарч, хайрлаж дурлаж, нүдэндээ гунигийн нулимсгүй, нүүрэндээ зовлонгийн үрчлээсгүй, сэтгэлдээ хөндүүрлэх дурсамжгүй ийм л бүсгүйчүүдээр хорвоо дүүрээсэй. Би ингэж л хүсдэг юм. Тиймээс охид, бүсгүйчүүд та нартаа зориулж “Тютю”-г урласан юм.
-Ингээд ярихад өөрт тань тютю байдаг байх гэсэн бодол төрж байна л даа?
-Охиндоо хамгийн анх дөрвөн жилийн өмнө Солонгосоос тютю авчирч өгсөн. Тэр үед би тютю гэж мэдэхгүй “Нөгөө торон гоё дэрэвгэр балетын юбка” гэж ярьдаг байсан. Одоо энэ үгийг хэлэхэд амархан боллоо шүү дээ.
-Дараа дараагийн уран бүтээлийн сэдэв, санаа төрсөн үү?
-Цаашид хийхээр олон зүйл төлөвлөсөн. Миний уран бүтээлийн гол сэдэв эмэгтэй хүн. Тийм болохоор цаашид бүсгүйчүүдийнхээ өмнө тулгардаг маш олон асуудлыг бүтээлээрээ илэрхийлж гаргах болно.
Эх сурвалж: www.ugluu.mn