Comment.mn

Францын иргэд алан хядлагыг эсэргүүцэн жагслаа

Францын иргэд алан хядлагыг эсэргүүцэн жагслаа

Францад амралтын өдрүүдэд олон мянган хүнийг хамарсан жагсаал боллоо. Жагсаалд оролцогсод тус улсад болсон алан хядах ажиллагааг эсэргүүцэж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, бямба гаригт болсон жагсаалд 700 гаруй мянган хүн оролцсоноос Орлеан хотноо 25, Тулузад 120, Нантед 80, Марсельд 50 мянган хүн жагсаалд оролжээ. Түүнчлэн ням гаригт хамгийн олон хүн оролцсон жагсаал болж, Европын орнуудын удирдагчдаас оролцсон юм. Францын “Шарли Эбдо” (Charlie Hebdo) шог зургийн сэтгүүлийн газарт энэ сарын 7-ны өдөр зэвсэглэсэн гурван алан хядагч халдаж, сэтгүүлчдийг буудсан. Үүний уршгаар 12 хүн амь үрэгдэж, 11 хүн шархадсан байна. Алан хядагчдын хоёр нь ах дүү куашууд байсан бөгөөд тэднийг хожим нь тусгай ажиллагааны явцад хороосон.Тэд Парисаас 50 км зайд орших Даммартен-ан-Гоэль хотноо хэвлэлийн газрын байранд нэг хүнийг барьцаалсан байв. Үүнтэй зэрэгцээд энэ сарын 9-ний өдөр ах, дүү Куаштай холбоотой Амеди Кулибали хэмээх бас нэгэн алан хядагчийг устгах ажиллагаа болсон бөгөөд тэд гурван өдрийн хугацаанд нийт 17 хүний амь насанд хүрчээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Францад исламын шашинтнуудын эсрэг үзэл сэргэж, исламын шашны хэд хэдэн сүмийг галдан шатаахыг оролджээ. Халдлага болохоос өмнө хэт барууны байр суурь баримталдаг Үндэсний фронт намын төлөөлөгчид Европын парламент дахь байр сууриа батжуулж, 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхлээд байв. Харин одоо цагаачдыг олноор нутагтаа амьдрахыг зөвшөөрсөн бодлогыг эсэргүүцдэг эдгээр нам, хөдөлгөөний байр суурь улам баттай болох нь тодорхой. Францад исламын шашинтай зургаан сая орчим хүн амьдардаг бөгөөд нийт хүн амын нь 10 хувийг бүрдүүлдэг. Энэ нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт юм.

Францын эрх баригчид цагаачид гол төлөв амьдардаг дүүргүүд дэх ядуурал, нийгэм, шашны хувьд бусад иргэдээс тусгаарлагдмал байдлыг нь арилгахыг оролддог боловч дорвитой үр дүнд хүрдэггүй. Эдгээр дүүрэгт ажилгүйдлийн төвшин 20 хувьд хүрдэг нь дундаж үзүүлэлтээс хоёр дахин их аж. Гэвч “Шарли Эбдо”-ийн хэрэг явдалтай холбоотой энэхүү зааг ялгаа улам их болох эрсдэлтэй гэж исламын шашин шүтдэг Францын зарим иргэн эмээж эхэлжээ. Учир нь, исламын шашинд зөнч Мухаммед болон хүн, амьтныг дүрсэлж зурах хориотой байдаг. Гэтэл “Шарли Эбдо” сэтгүүл зөнч Мухаммедийг шоглон зурсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Тэдний нэг хэсэг нь ах дүү Куашийн алан хядах ажиллагааг дэмжихгүй байгаа боловч шашин шүтлэгийг нь дорд үзэж байсныг буруу хэмээн үздэг

Д.МӨНХБОЛД

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.