Өмнөд монголчуудаас Ар Монголыг зорин ирж, сурч боловсрох, бизнест хамтрах хүмүүсийн тоо жилээс жилд өсч байна. Гэвч энд ирээд зарим нь үл бүтэх этгээдүүдэд залилуулах, эд хөрөнгөө алдах явдал ч олширч буй аж. Саяхан манай редакцид Өмнөд Монголын хоёр иргэн хандсан юм. Тэд Болормаа гэгч эмэгтэй болон түүний гар хөл бологсдод хэрхэн хулхидуулснаа ярьж байлаа. С.Манлай, Д.Жамбалсүрэн хэмээх энэ хоёр залуу гэнэн цайлган, болгоомжгүйгээсээ болоод их хэмжээний мөнгөөр хохирчээ.
С.Манлай нь Өмнөд Монголдоо 2012 онд Үндэсний их сургуулиа морин хуурчийн мэргэжлээр төгсчээ. Тэгээд Ар Монголд дахин мэргэжлээ дээшлүүлэх санаатай ирсэн юмсанж. Соёл урлагийн их сургуульд суралцахаар хөөцөлдөөд явж байтал визийн хугацаа нь дуусах болчихжээ. Хугацааг сунгуулах гээд учраа ололгүй будилж яваад Болормаа гэгчтэй танилцсан байна. Болормаа нь түүнд өөрийгөө ИХШХЕГ-ын дарга Пүрэвдоржийн хадмын талын эгч хэмээн сайрхаж, би чамд тусалж чадна гэжээ.
Өмнөд монголчууд ер нь хүнд их итгэмтгүй улс бололтой. С.Магнай Болормаад итгээд визээ сунгуулах гэж 500 мянган төгрөг, ажлыг нь бүтээж өгсөнд талархан дахиад 500 мянгыг төлжээ. Визний хугацаа олон сараар хэтэрсэн гээд торгуульд бас нэг сая төгрөг авчээ.
Ийнхүү Ар Монголд азгүйтэж явсаар нутаг буцаж, өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд дахиад хүрч ирсэн байна. Ингэхдээ тэр Ар Монголын Соёл урлагийн их сургуульд заавал элсэнэ гэсэн бодол тээжээ. Тус сургуулийн сургалтын албаны даргыг таньдаг хэмээн ярьсан Болормаагийн үгэнд бас л итгэж орхиж. Болормаа нь “Би Соёл урлагийн их сургуулийн сургалтын албаны Нарангэрэлийг танина. Чамайг би тэр сургуульд чинь оруулж өгөнө гэхээр нь С.Манлай итгэхгүй байж чадсангүй. Цаадах нь түүнээс Соёл урлагийн их сургуулийн сургалтын төлбөр гээд 3080 долллар авчээ. Нутгаасаа гараад манай оронд ганцхан сарын визтэй ирсэн С.Манлайгийн паспортыг мөн Болормаа авсан байв. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-нд ийнхүү хамаг бичиг баримтыг нь авсан Болормаа сүүлдээ сураг тасарч, хаана яваа нь мэдэгдэхээ болив. Өнөөх Соёл урлагийн их сургуулийн сургалтын албанд нь Нарангэрэл гэдэг хүн ажилладаггүйг С.Манлай бас хожим нь олж мэдсэн байна.
“Танай сайдад өөрийн гэрэл зургийг тавиулах боломжгүй, зураг бүү тавиарай” хэмээн чухалчилж гуйсан С.Манлай ярихдаа “Болормаагаас гадна Сараа гэдэг эмэгтэй бий. Энэ хоёр үргэлж хамт явдаг. Болормаа нь надтай уулзахдаа Сараа бид хоёр чиний асуудлыг шийдэж өгнө гэж байсан. Гэвч би сүүлд нь тэдэнд хууртагдаж байгаага мэдээд цагдаа, хэвлэлийнхэнд хандсан. Тэгтэл нэг өдөр Сараа нь над руу утасдаад “Чиний төлөө явж байгаа хүнийг яагаад утсаар дарамтлаад, янз бүрийн юм яриад яваа нөхөр вэ. Тэгвэл чиний виз дээр бид хар тамга даруулаад Монголд дахиж орж ирж чадахгүй болгож чадна шүү” гэсэн. Би цагдаад өргөдөл гомдолоо өгөөд байгаа. Шинэтулга гэдэг мөрдөн байцаагчид мэдүүлгээ өгсөн. Одоо Нямдорж гэдэг мөрдөн байцаагч энэ хэрэг дээр ажиллаж байна. Би Болормаа нартай утсаар ярьсан 30 гаруй бичлэгээ баримт болгож түүнд өгөөд байгаа. Хэргийн материалыг Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр прокурорын хяналтанд өгсөн гэж надад хэлсэн. ИХШХЕГ-ын даргатай би уулзаж чадаагүй. Харин доод албан тушаалтнуудтай уулзсан. Тэд надад “Манай байгууллагын дарга нарын нэрийг барьж иймэрхүү будлиан хийдэг хүмүүс байдаг. Чи визийн хугацаа сунгуулахад тийм их мөнгө төлөх ёсгүй байсан юм. Бид тэдгээр хүмүүсийг мэдэж байгаа. Чи цагдаад хандах хэрэгтэй” гэж байсан. Одоо би прокуророос ямар хариу ирүүлж, залилангийн энэ хэргийг яаж шийдэхийг л хүлээж байна. Би Соёл урлагийн их сургуулийн хөөмийн ангид оруулж өгнө гэсэн Болормаа, Сараа нарт хууртагдан 3080 доллар, дээр нь бас 300 юань өгсөн. 2500 доллар нь нэг жилийн сургалтын төлбөр, 580 доллар нь нэмэлт мөнгө гэж надаас авсан юм. Ухаандаа шалгалтгүйгээр арын хаалгаар оруулахад ийм мөнгө төлнө гэж тэд хэлж байлаа. Гэтэл Болормаа нь сургуулийн зардал гэж надаас мөнгө аваагүй хэмээн ярьж явсан байна. Сараа нь өөрийгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байдаг гэж байсан. Соёл урлагийн их сургуулийн дэд захирал Ганцэцэг багштай уулзаж учраа хэлтэл тэр өнөөх сургалтын албаны ажилтан гээд байсан Нарангэрэлтэй нь утсаар ярьж “СУИС-ын сургалтын алба мөн үү” гэж асуухад тэр мөн гэж хариулсан. Ингээд тэр надад худал хэлсэн нь нотлогдсон. Ганцэцэг багш “Манайд ийм хүн байхгүй” гэж хэлсэн. Ганцэцэг багш мөн тэр үеэр “Манлай гэдэг хүний асуудал юу болж байгаа вэ гэж асуухад Нарангэрэл юу ч хариулж чадаагүй. Одоо миний визийн хугацаа хэтэрчихээд байгаа. Нэг сараар л сунгуулсан байсан юм. Паспорт маань ИХШХЕГ-т бий” гэж байлаа.
С.Манлайн найз Д.Жамбалсүрэн харин Монголд олон удаа зорчих визтэй юм билээ. Гэвч тэр Замын-Үүд рүү очиж визээ сунгуулалгүй найзынхаа зөвлөснөөр Болормаа нараар зуучлуулах гээд бас л мөнгөө өгч хохирчээ.
Д.Жамбалсүрэн нутагтаа Хөх хотын Ажил мэргэжлийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгсөөд Ар Монголд ирж шинэ уран бүтээл хийж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Би өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд орж ирсэн. Тэгээд паспортоо сунгуулах болоод Манлайгийн Ар Монголд 6 сар “харлаад” байсныг янзалж өгсөн гэхээр нь Болормаа нарыг энэ талаар тушлагатай, тус болж чадах хүмүүс юм байна гэж итгээд мөнгөө, паспортын хамт өгсөн юм. Болормаа надад “Паспортыг чинь жилээр сунгуулж, Монголд оршин суух боломжтой болгоно” гэсэн. Тэр надаас нийтдээ нэг сая төгрөг авсан. Гэтэл Болормаа олдохоо больсон. Би одоо мөнгө ч байхгүй, паспорт ч байхгүй болоод байна. Бараг өдөр бүхэн гар утас руу нь залгадаг. Эхний үед “Эгч янзлуулаад өгнө өө” л гэдэг. Сүүлдээ утсаа ч авахаа больсон” гэж байв.
Өмнөд Монголын эдгээр хоёр залуугийн талаар ИХШХЕГ руу залгаж лавлахад “Залилуулсан нь үнэн юм шиг байна. Болормаа нарыг нь бид мэдэж байгаа. Хэргийг нь цагдаагийнхан шалгаж байгаа” гэсэн хариу өгсөн юм.
Болормаа, Сараа нар хохирогч С.Манлайтай утсаар хэрхэн харилцаж, яаж шуу худлаа ярьж байсан зэрэг нь бичлэгээс бэлхнээ ойлгогдож байна лээ. Уншигч та бүхэн дараах бичлэгийг сонирхож, мөнгөний баримт сэлтийг анзаарна биз ээ.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn