Comment.mn

С.Саранцацралт:Би үсчин, гоо сайханд ордоггүй

Өдгөөгөөс олон жилийн өмнө Төрийн шагналт зураач С.Саранцацралттай ярилцаж байв. Харин энэхүү ярилцлага өнөөдрийн уран бүтээлчдэд үнэ цэнэтэй байж магадгүй гэсэн үүднээс ахин хүргэж байна.

 -Сүүлийн үеийн шинэ уран бүтээлээс яриагаа эхлэх үү. Сая орж ирэхэд таны нохойтойгоо харьцаж байгаа чинь их сонин санагдлаа?

-Өнгөрсөн тавдугаар сард “Цаг хугацаа” нэртэй модерн чиглэлийн үзэсгэлэн “Хаан банк” дээр гаргалаа. Одоогоор Солонгос, Англи улсад үзэсгэлэн гаргах гээд бэлдэж байна. Нохойтой юу гээд харьцсан юм бол доо, анзаарсангүй.

-“Миний хүү” гээд эгээ л хүүхэдтэйгээ ярьж байгаа ээж шиг ярих юм?

-Би их жаахнаасаа амьтанд хайртай. Эднийг анх тэжээхээсээ л хүүхэд шигээ бодож, хайрлаж тэжээсэн, түүнээс биш зүгээр нэг байлгах төдийд эдний төлөө алив нэг зүйл зарах нь утгагүй биз. Зарим үед бүр хүүхдээс илүү санагдах үе бий. Хамгийн гол нь эд чинь өөрийгөө ойлгуулж чадахгүй, ярьж чадахгүй өрөвдмөөр амьтад юм. Тэр утгаараа илүү анхаарал халамж хэрэгтэй юм уу гэж боддог. Надад дөрвөн нохой бий.

-Би дээр шинэ уран бүтээл гээд асуучихлаа. “Шинэ юм гэж байдаггүй, сайтар мартагдсан зүйлийг шинэ юм гэнэ” гэсэн нэг үг бий. Үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ, гэхдээ уран бүтээлч хүнээс шинэ уран бүтээл юу байна гэж асуухад мэдээж шинэ зүйлээ л ярина шүү дээ. Гэхдээ бүх шинэ зүйл урьд өмнөх зүйл дээрээ суурилж, тулгуурласан байдаг. Тэр сэрхийж орж ирээд бүтээл болчихсон зүйлээ шинэ юм гэх гээд байдаг юм.

-Саранцацралт гэдэг хүн амьдрал дээр их этгээд юм шиг санагддаг. Энэ талаар?

-Ямар санагддаг юм бол доо. Хүмүүс “этгээд” гээд ярьдаг юм. Чухам юугаа асуусан юм бол.

-Жишээ та энэ ширээн дээр байгаа энэ номыг давхарлаад зөв байрлуулах ёстой атал эсрэг зүгт нь тавьчихдаг шиг. Этгээд гэдгийн хамгийн наад захын жишээ нь энэ?

-Энэ номыг би байрлах ёстойгоор нь байрлуулах юм бол зураач гэж явсны хэрэг алга. Аливаа байгаа бодит зүйлийг байгаагаар нь бодоод, түүнээсээ илүү гарч сэтгэхгүй явна гэдэг уран бүтээлч хүнд байж боломгүй зүйл. Зөрүүдлээд, дураараа аашлаад байгаа юм биш, энэ бол миний сэтгэхүй. Өөрөөрөө байгаагийн нэг илрэл юм болов уу.

-Тэгэхээр та бусдаас зөвлөгөө авдаг уу. Танай урлангаар орж ирэхээр зураачид их чимээгүй, эль хуль. Бусад урлагийн салбар их л үймээнтэй байх юм?

-Манай зураачдын хувьд цуглаж ярих юм бий, гэхдээ бусад шиг байнга бөөнөөрөө суугаад яриад байдаггүй. Мэдээж нэг зураг зурах гээд хэдүүлээ суухгүй.

-Европт бол таны насны хүний амьдрал ид эхлэх тохиолдол ч бий шүү дээ?

-Би чинь Монгол хүн учраас тэдний хөрс суурь биеийн онцлогт таарч амьдрахгүй биз дээ.

-Ингэхэд ихэнх урлагийн эмэгтэйчүүд гоё ганган зүйл хэрэглэж, гоо сайхандаа ихэд анхаардаг. Таны хувьд хэдий хэрийн хөрөнгө зардаг вэ?

-Маш бага, бараг мөнгө зардаггүй гэхэд болно. Би үсчин, гоо сайханд ордоггүй, бүгдийг өөрөө хийдэг. Өнөөдөр хүмүүс бизнес, түүнийг тойрсон сурталчилгаанд их хууртах болжээ. Хумсаа гоо сайханд орж засуулахын хэрэг юу байгаа юм. Тэр хумсыг чинь өөрөө засч болно биз дээ. Сурталчлаад байгаа түүнд л нэг орвол гоё болчих юм шиг санадаг. Дэндүү залхуу гэмээр ч юм уу, сэтгэхүйн доод хэмжээнд очсон ч гэх юм уу их сонин болсон үе юм. Миний хувьд манай бүтээгдэхүүн “Гүүний саамтай тос” гэж бий. Түүнийг аваад л хэрэглэдэг. Хүмүүс үнэмшдэггүй юм. Харин үнэртэй усанд бол мөнгө зардаг. Хүмүүс хичнээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд уур уцаартай явж байгаа харагддаг. Бусдаас ялгарч сайхан харагддаггүй. Хүн байгаагаараа сэтгэлгээ сайтай явахад л болно.

-Таны хувьд байгалиараа байх хэрэггэй гэх гээд байна уу?

-Хүн өөрөө байгалийн амьтан. Тэгэхээр байгалиараа байж, өөрийгөө аргадах хэрэгтэй. Хүмүүс өөрийгөө тордоод витамин хэрэглэж байдаг. Гэтэл нэг эрхтэн нь сайжирч, нөгөө эрхтэн нь муудаж байдаг жамтай. Яагаад гэвэл хүн өөрөө байгалийн нэг эд эс шүү дээ. Атаа хорсол, түүнээс үүдсэн уур уцаараас болж хүн хөгширч байна. Өөрөө дотроосоо сэтгэлээ ариусгаад байгалиараа байж чадвал хүн тараглахгүй, турахгүй өөрийнхөө хэмжээнд байж чадна. Дээр нь зөв олсон мөнгөө амьдрал ахуйдаа хэрэглээд явахад болно гэж боддог.

-Та мөнгө зөв олно гэлээ. Ингэхэд таны хувьд зургаараа л мөнгө олдог байх. Таныг зураачид дундаа чинээлэг гэдэг юм билээ?

-Би насаараа л ажил хийсэнгүй гэж бодохоор ажилгүй хүн шиг сонсогдоно. Миний хувьд зургаараа л амьдарч явна. Үүнийгээ л зөв олж байгаа мөнгө гэж хэлээд байгаа юм. Хэрэв би бизнес ч юм уу ямар нэг юм хийсэн бол бусдыг хуурах гээд заль гаргаад явах биз. Ерөөсөө л бизнес юм чинь  тэгэж байж л мөнгө олно. Тиймэзс миний хувьд урлагаар мөнгө олж, түүгээрээ амьдарч явна.

-Нууц биш бол та нэг зургаа дээд тал нь хэдэн төгрөгөөр үнэлүүлж байв?

-Юу нь нууц байх вэ. Мөнгө одоог бодоход харьцангуй гайгүй байсан 1996 онд “Модун Шанью” бүтээлээ 15 мянган доллараар зарж байсан Тухайн цагтаа их мөнге шүү Манайд бол хэзээ ч ингэж зураг авахгүй. Үнэлэх ч үгүй, орчин үеийн модерн урлагийг хачин юм, юу вэ гээд гайхах нь бий. Гадаадын улс орнуудаас урилга ирэхээр жилдээ хоёроос гурван удаа гадагшаа явдаг.

-Модэрн урлаг баруунд нэг хэсэг мандаад одоо алга болсон гэж ярьж байна, Гэтэл манайхан хөгжүүлэх гээд зүтгэх юм гэсэн шүүмж ч байдаг?

-Энэ утгагүй зүйл, заавал тэнд мандаж, энд мөхөж гээд оюун санаагаа тэр зүйлд чилээж. энүүхэндээ хэрэлдэх. хэрэггүй, Тэр бүтээл надаас гарч байгаа болохоос биш заавал нэг зүйлд чигпэгдээд, албаар хийгээд байгаа юм биш. Нөгөө талаар “Миний энэ бүтээлийг 100 жилийн дараа ойлгоно, намайг үхэхээр ойлгоно” ч гэдэг юм уу, тийм зүйл байж болохгүй. Өерийнхөө оюун санаанаас төрж байгаа бүтээлийг энд тэнд мандаж мөхөж байгаа зүйлтэй зүйрлээд байх нь буруу. Одоо бол харьцангуй материаллаг төвшинд хүрчихлээ. Бид оюун санааны боловсролоо дээшлүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Боловсрол гэхээр сургууль руу орчих байх, Юутай ч оюун санаа сэтгэлгээгээ хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа хэрэг. Дотоод сэтгэлээ хөгжүүлвэл бусад зүйл аяндаа болно, гаднах зүйл бол болно.

-Эмэгтэй хүн уран бүтээл туурвиад амжилтад хүрэхэд хэцүү. Таны хувьд айл гэрийн эзэгтэйн үүрэг, ээж байхаас эхлээд өдий хол уран бүтээлийн замыг  туулаад эргээд харахад юу бодогдох юм?

-Хүн бүхэн хэцүү гэдэг. Өөрийнхөө хийж байгаа ажлыг, нэгэнт сонгосон замаа хэцүү гээд яах вэ. Миний хувьд амьдрал энэ тэр гайгүй явж ирсэн болов уу. Би аливаа зүйлийг хэцүү талаас нь нь биш зөв талаас нь бодож, хийдэг, тэр чанар магадгүй надад их тус болдог байх. Уран бүтээлч, боловсролтой олон сайхан эмэгтэй амьдралын эрхээр уран бүтээлээ орхиж байсан тохиолдол бий. Зарим тал дээр харамсалтай юм.

-Уран бүтээл ойлгох ойлгохгүй тал дээр бид хоёр дээр ярьсан. Таны хувьд ч гэсэн сайн боллоо доо гэсэн бүтээлийг чинь ойлгохгүй бухимдуулж байсан удаа бий л биз дээ. Нөгөө талаар гэр бүл чинь урлагийн хүн учраас зөрчил гарна гээд?

-Би бухимдаад байдаггүй. Миний хийсэн бүтээлийг ойлговол ойлгоно л биз, үгүй бол үгүй л биз. Заавал таалагдах албагүй. Би ямар төгс төгөлдөр хүн биш. Манай нөхөр ч тэр хүүхдүүд ч тэр, тус тусын ажлыг, уран бүтээлийг хөөгөөд явдаг. Түүнээс уран бүтээлч гэр бүл гээд нэг их зөрчилдөөн гардаггүй. Би өвөл хүйтэнд оройтвол урлангийнхаа өрөөнд унтаад өгдөг.

-Зураач хүн номтой нөхөрлөдөг байх. Сүүлд ямар ном уншив даа?

-Ном уншина, хамгийн сүүлд “Огторгуйг огтлогч” гэдэг ном уншлаа. Түүнээс биш адал явдал хөөсөн зохиол уншдаггүй, тэр бол уншаад л ийм юм даа гээд өнгөрнө. Надад үлдэх, бодож, сэхээрүүлэх юу ч үгүй. Тиймээс өөрийнхөө оюун санаа, сэтгэхүйг хөгжүүлэх талын ном уншихыг илүүд үздэг.

-Анх уран зургийн ертөнцөд хөл тавьж байсан тухай асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Зураг зурахын хувьд бол бүр гурван настайгаасаа зураг зурсан. Анх 1976 онд уран зургийн ертөнцөд хөл тавьж байлаа. Тэр цагт өөрийнхөө хүслээр зурж болохгүй. Дуртай уран бүтээлээ хийж болохгүй гээд хаалттай байсан. Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн гэж гарна. Бие даасан үзэсгэлэн гаргаж чадахгүй. Тухайн цагт боддог байсан, үхэхээсээ өмнө үзэсгэлэнгээ гаргаад үхэхсэн гэж. Одоо бол хийж бүтээх зам дардан болжээ.

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.