Comment.mn

Я.Цэрэнханд: Манай улсын шүүх цаазын ялыг хэрэгжүүлж байна

 “Гал үндэстэн холбоо”-ны гишүүд Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн ордоны гадна галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал цуглаан хийсэн үндэслэлээр шүүхээс долоон жил хүртлэх ял сонссон. Тэгвэл Засгийн газраас нэгдүгээр сард багтаан урт нэртэй хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ оны өмнө“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөгчидтэй уулзаж, “Уул уурхайн компани, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий15 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч нэгдүгээр сардаа багтаан Урт нэртэй хуулийн эргэн тойронд хэлэлцүүлэг зохион байгуулъя” гэжээ. Энэ талаар “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Я.Цэрэнхандтай ярилцлаа.

 

-Та бүхэн шинэ оны өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй биечлэн уулзсан байна. Үүнтэй холбоотойгоор“Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна” гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Энэ ямар учиртай вэ?

 

-Уулзалтад “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий зөвлөхүүд болон урлагийн гавьяатууд оролцсон. Бид өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах хүсэлтийг олон удаа гаргасан ч харамсалтай нь ямар нэгэн хариу ирүүлдэггүй байсан. Яг одоо энэ хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа мөчид шийдвэр гаргах төвшний хүмүүстэй нүүр тулж уулзахыг эрэлхийлсэн юм. Энэ хүрээнд бид урлагийнхантай уулзлаа. Учир нь урлагийнхан гол ус, байгаль дэлхий, нутаг усаа магтан дуулж, шүлэглэдэг шүү дээ. Тиймээс “Та бүхэн бидэнтэй нэгдэж бодит алхам хийгээч ээ. Бид энэ хуулийг авч үлдэхийн тулд та нарын дуу хоолой хэрэгтэй байна” гэсэн хүсэлтийг тавьсан. МУГЖ Д.Сосорбарамтай хамгийн түрүүнд уулзсан. Энэ хүн “Уул усны үр сад” кинонд тоглож, олон сайхан байгаль дэлхийн сэдэвтэй дуу, шүлэг уншдаг. Тэрбээр энэ хүсэлтийг маш нааштай хүлээж аваад, Ерөнхий сайдтай уулзсан. Энэ уулзалтаар хуулийг өөрчлөх талаар яриагүй. Бидний зүгээс бол зарчмын шаардлагаа л тавьсан. Энэ хууль яагаад хэрэгжих ёстой, ямар байдлаар хэрэгжүүлэх боломж байгаа талаар ярьсан. Мөн “Өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн хуулийн төслөө эргүүлж тат” гэсэн байр сууринаас хандсан. Ингэхэд Ерөнхий сайд “Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Д.Арвин гишүүн ахалж байгаа. Тийм учраас энэ хүнийг хэлэлцүүлгийн багтаа оруулъя. Би бас өөрөө байна. Танай талаас оролцох ТББ-уудаа өөрсдөө сонгоод ир. Уул уурхайн яам, компаниудаас мөн төлөөлөл оролцуулаад 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулъя” гэсэн.

 

-Та бүхний санаачилж, боловсруулсан Урт нэртэй хуульд Засгийн газраас яг ямар өөрчлөлт оруулах гээд байна вэ?

 

-Ерөнхийдөө бол энэ хуулиас нэн чухал шаардлагатай хэрэгжүүлэх ёстой зүйл заалтуудыг хасчихсан. Жишээлбэл, Гол мөрний урсац бүрэлдэх эхийг тогтоох явцад авч үлдэх уурхайгаа аваад үлдсэн. Мөн хамгаалалтын бүс тогтооход усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг 200-500 метр байхаар хуульчилсан. Хамгийн ихдээ 2000 метр буюу хоёр километрт хамгаалалтын бүс тогтоосон. Гэтэл үүнийг “Ерөнхий сайд 20 километрт хамгаалалтын бүс тогтоосон” гэж ярьж байна лээ. Энэ нь биднээс мэдээлэл авдаггүй, хэтэрхий төрийн талаасаа мэдээлэл авч байгаа нь харагдаж байгаа юм. Иймээс бид хамтарч уулзах нь зөв юм байна гэдэг асуудлыг ярьсан. Одоогийн нэмэлт өөрчлөлтөөр дээрхи уурхайнуудаа хамгаалалтын бүсээс авч үлдэхээр эрмэлзэж байна. Ингэж хуулиа баталчихаад дээрхи уурхайнуудыг ашиглах гээд байна шүү дээ. Тийм учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ хуулийн төслийг эргүүлж татаж аваасай гэж хүсч байгаа. 2013 оны есдүгээр сарын10-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг л эргүүлж татахыг шаардаад байгаа юм.

 

-“Гал үндэстэн” холбооны гишүүн Г.Болдбаатар өлсгөлөн зарлах болсон талаараа мэдээлсэн байна. Шалтгаан нь юу вэ?

 

-Г.Болдбаатар ах нэгдүгээр сарын 19-нөөс өлсгөлөн зарлана гэдгээ хоригдож байгаа 421 дүгээр ангийн захиргаанд мэдэгдсэн. Энэ хүн хорих ангид хүмүүжих боломжгүй, хүнд өвчтэй. Чихрийн шижинтэйгээс гадна зүрхний титэм судасны хагалгаанд 2003 онд орж байсан. Сая шинжилгээ өгөхөд эрүүл байсан судас нь дахиад бөглөрснөөс зүрх нь хагас ажиллагаатай болсон байна лээ. Зүрхний зүүн баруун ховдол гэж байдаг. Тэрнийх нь нэг нь л ажиллаж байгаа гэсэн үг. Иймээс нарийн мэргэжлийн эмч нар “Хорих ямар ч боломжгүй” гэсэн дүгнэлт гаргаж өгсөн. Гэсэн ч энэ хүнийг ялаас чөлөөлж өгөхийг шүүхийн шатанд хүсэлт гаргахаар хүлээж авдаггүй. Уг нь аль 2002 оноос“Цаашид амьдрах чадваргүй болсон хүнийг өвчний улмаас ялаас чөлөөлнө” гэсэн зүйл ангийг барьдаг юм байна. Гэтэл өнөөдөр хорих ангид өчнөөн олон хүн амь тавьж байгаа нь манай шүүх, шүүхийн тогтолцоо, шүүхийн гүйцэтгэл ямар төвшинд байгааг харуулж байна. Ерөнхийлөгч маань “Цаазын ялгүй улс орон боллоо” гэж тунхаглаж байгаа боловч буруутай ч бай, буруугүй ч ял сонссон тэр хүн цаашид амьдрах чадваргүй болсон тохиолдолд л хорих ангиас суллаж байгаа нь“Энэрэнгүй цаазын ял”-ыг хэрэгжүүлээд байна шүү дээ.

 

-Талийгаач С.Дашцэрэн гуайг дээрхи“Энэрэнгүй цаазын ял”-аар шийтгүүллээ гэж хэлэх гээд байна уу?

 

-С.Дашцэрэн ахыг цаашид амьдрах чадваргүй болтол нь цагдан хорьж байгаад ялаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хууч өвчтэй ял эдлэх боломжгүй хүмүүсийг тартагт нь тулгаж байгаад гаргаснаар амь насаа алдахад хүрч байна. Хорих ангиас гараад ямар ч эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй байж байгаад өөд боллоо шүү дээ. Элэгнийхээ 65 хувийг авахуулчихаад элгийг хоргүйжүүлэх, төлжүүлэх эмчилгээ хийлгэх байтал шүүх хурал нь болсон. Талийгаач Зайсангийн хориход хоригдож байсан учраас хорих ангид нь шүүх хурал болсон. Ингээд ар гэрийнхэнд нь ч мэдэгдэхгүй ХСҮТ-д хагалгаа хийлгээд удаагүй байгаа хүнийг шүүх хурал руу аваад явчихсан. Нэгэнт эмчүүлж байгаа эмнэлэгт нь гаргах тушаал шүүхээс өгсөн болохоор эргээд амбулаторийн эмчилгээ авах боломжгүй болсон. Шүүх хурлын тов тодорхойгүй, хаана болох нь ч ойлгомжгүй байгаагаас бид мэдээлэл авч чадаагүй. Нөгөө хүнийг маань “Ялаас чөлөөллөө” гээд гудамжинд гаргаад орхисон. Ингээд 2-3 цаг гудамжинд хөрч даарснаас болоод бие нь улам муудсан. Талийгаач маань хоёр жилийн ял авснаас нэг жилийн ялаа биеэр эдлээд сая өөд боллоо. Бидэнд маш харамсалтай байна.

 

-“Гал үндэстэн холбоо”-ын гишүүн Г.Болдбаатар биеийн байдал нь тун тааруу байгаа атлаа өлсгөлөн зарласнаар ямар нэгэн эрсдэл гарах вий гэж эмээхгүй байна уу?

 

-Бид оны өмнөхөн талийгаачаа эцсийн замд нь үдлээ. Монгол хүний ёс жудгаар ядаж долоо хоног хэл ам хийхгүй байх юм сан гэсэн бодолтой байна. Гэхдээ Г.Болдбаатар ах нэгэнт өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн учраас яах ч арга алга. “Газар шорооныхоо төлөө тэмцсэн шиг тэмцэнэ” гэдгээ энэ хүн ард түмэндээ хэллээ. Дэлхий нийт энэ хүмүүсийн гаргасан санаачилгыг дэмжээд“Гол мөрний урсац бүхий бүс нутагт хамгаалалтын бүстэй болох нь зөв юм байна” гэдгийг дэмжиж, өөрийн улс орондоо хэрэгжүүлж байна. Гэтэл манай улс яллаад байгаа нь утгагүй.

 

-Холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын бие муудаж Зайсангийн хориход ирсэн гэж байсан. Яагаад Өвөрхангайн хорих руу буцаав?

 

-Өмнө нь ч гэсэн Ц.Мөнхбаяр ах бөөр нь өвдөж, даралт нь ихэсч байсан. Тэр үед ардын эмчилгээ хийлгээд сайжирсан юм билээ. Ер нь өөрт нь ардын эмчилгээ маш сайн таардаг. Саяхан өвдөөд Зайсангийн хориход ирсэн. Хорих ангийн даргад нь бид хандаад“Ц.Мөнхбаярт ардын эмчилгээ хийлгэе. Гарах зардлыг нь бид гаргая. Хамгийн гол нь ардын эмчилгээ хийлгэх нөхцөл байдлыг хангаж өгөөч” гэж хүссэн. Ангийн дарга нь ерөнхий эмчдээ“Ийм боломж байгаа эсэхийг судал” гэсэн цохолт хийж өгсөн. Ерөнхий эмч Доржсүрэн ч энэ боломжийг маш хурдан судалж, ардын эмчилгээг хорих ангид нь хийлгэхээр болсон. Гэтэл эмчлэгч эмч нар нь ардын эмчилгээ хийхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, 421 дүгээр хорих ангийн ерөнхий эмчээр ажиллаж байгаа Анаргуль эмчийн дор ажиллаж байсан эмч нар эмчилгээ хийхээс татгалзсан. Тэд, Доржсүрэн эмчийн заавар зөвлөгөөг эсэргүүцсэн. Энэ байдлаас болоод долоо хоног ямар ч эмчилгээ хийхгүй байж байгаад буцаагаад аваад явчихлаа. Бид энэ байдлыг хүний эрхийн үндэсний комисст мэдээлсэн. Харамсалтай нь бидэнд хариу ирүүлээгүй байна.

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.