Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан дахиад л дотроо “дайн” зарлав. Энэ “дайн” нэлээд эртнээс улбаатай. “Дайны” шалтгаан бас дэндүү энгийн, ойлгомжтой. Ердөө л дүрэм бусаар авирлагчид, дүрмээ баримтлахыг хүсэгчдийн хоорондын зөрчил. Товчхондоо, энд “Даш”-ууд хэмээх төрсөн ах дүү нарын цөөн хэдэн нөхдийн намаа хууль бусаар эзэгнэх санаархал, тэдний ёс жудаггүй үйлдлүүд олон жилийн турш ноёлжээ.
Өнгөрсөн хавар тус намын дотоод сонгууль болж, дүрмээ уландаа гишгэгчид урьдын адил намаа өмчилж үлдэхийн тулд Дархан сумынхаа намын хорооны даргыг ёс бусаар халж, намын тамгаа хуурамчаар үйлдэн, сонгуулийн хэсгүүдээ өөрсдийн гарт төвлөрүүлж, “жанжлах” ажиллагааг шаргуу хийсэн байлаа. Үүнд мэдээж шударга гишүүд нь дургүйцэж таараа. Ингээд Дарханд үндсэндээ шударга бусаар, луйвраар өөрсдийгөө намын хорооны бүрэлдэхүүнд “сонгогчид”, дүрмээ баримтлан шударгаар сонгууль явуулагчдын намын хороо гэсэн хоёр байгууллага бий болжээ. Шударгаар намын хороогоо байгуулсан нь намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулж тэмцсэн Л.Наранбаатар тэргүүтэй олонх нь юм. Тэдний маргааныг АН-ын Хяналтын ерөнхий хороо нь өнгөрсөн намар хуралдаж шийдвэрлэхдээ Л.Наранбаатар нарын шийдлийг зөв гэсэн байлаа. Дархан сумын намын хорооны тамгыг будлиулсан булхай нь ч бас улам тодорхой болсон байна. АН-ын ХЕХ-ны тогтоолоор үүнийг нь баталгаажуулжээ.
Харин саяхан өнөөх “Даш”-уудын хүн гэгддэг Г.Гантулга гэгч нь Дархан-Уул аймгийн дотоод сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдсон давуу байдлаа ашиглан бас л будлиан хутгав. Тэрбээр энэ оны 1 дүгээр сарын 6-ны ДоСХ-ны хурлаар Дархан-Уул аймгийн СоНДХ-ны гишүүдээ батлуулж намынхаа үндсэн дүрмийг зөрчжээ. Уг нь аймгийн АН-ынхаа Зөвлөлдөх зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 5 хүнийг томилуулах учиртай байж. Иймээс Л.Наранбаатар даргатай Дархан-Уулын АН-ын /Дүрэм ёсоороо бол энэ нь жинхэнэ нам, нөгөөдөх Н.Мөнхдаш нарынх нь хуурамч нам юм билээ/ гишүүд нь төв намдаа бухимдлаа илэрхийлж, шаардлага хүргүүлжээ. Тэд “Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй, асуудлыг шударгаар, дүрмийн дагуу шийдэхгүй бол тэмцлийн хатуу,хурц хэлбэрийг сонгоно” гэж байна. 2012 оны 12 дугаар сард тэд жагсаал цуглоаан хийж, таван хүн нь өлсгөлөн зарлаж, намын хорооны сонгуулиа шударгаар явуулахыг шаардаж, дараа нь бага гэлтгүй амжилт олж байсан тул тэмцлийн арга хэлбэртээ нэлээд гаршсан бололтой. Ер нь ч тэгээд цаадуул нь буюу “Даш”-ууд гэх дүрэмгүй нөхөд нь дээрээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нарын зэрэг томчуудын дэмжлэг сайтайдаа эрдэж, хүч түрээд л ноёрхоод байх санаатай болохоор Л.Наранбаатар нар ийнхүү яс үзэлцэхээс нааш байдал дээрдэхгүй хэмээж буй аж.
Тэдний шаардлагад “…Н.Мөнхдаш, Г.Гантулга, О.Цолмон нар нь намын дарга З.Энхболдын удирдаж байсан Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцийн Дархан-уул аймаг дахь салбарын ерөнхий зохицуулагч, тэргүүлэгч нар юм. Намын даргаар сонгогдохдоо фракцийн бус намын бодлогыг урдаа тавьж, намын эв нэгдэл, дотоод ардчиллыг бэхжүүлэхээ амлаж байсан З.Энхболд дарга таныг Н.Мөнхдаш, Г.Гантулга, О.Цолмон нарын гишүүдэд хариуцлага тооцож, дахин ийм бусармаг үйлдэл гаргуулахгүй байхыг шаардаж байна” гэжээ.
Аливаа улс төрийн нам бол амьд организм юм. Өвчилсөн бол илаарших эм тан хэрэглэнэ. Тэрхүү эм нь амьд эд эс болох намын гишүүдийнх нь шударга шаардлага, шинэчлэлийн төлөөх хүсэл тэмүүлэл юм. Дархан-Уулын АН ужиг хууч өвчтэй нь тодорхой аж. Өвчнөө эдгээх гэсэн залуусыг буруутгах арагүй. Ер нь сүүлийн хориод жилд намуудын толгойд суугаа хэдэн бул хар чулууд нь хөгжилд саад болж буйг бид бүгдээрээ харж байна. Дархан-Уулын АН-д “Даш”-ууд гэх бул чулууд, бүлээрээ бүлгэрхэж хууль журмаа хэдий болтол завхруулахав гэж тэдгээр тэмцэгчид нь хэлж байна лээ. Нээрээ тийм ч болов уу.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn