Comment.mn

Ц.Элбэгдорж: Бид үнэхээр нэрээ боддог хүмүүсийн үр сад юм бол хувийн хэвшлээ, үйлдвэрлэгчдээ бодох цаг болжээ

Ц.Элбэгдорж: Бид үнэхээр нэрээ боддог хүмүүсийн үр сад юм бол хувийн хэвшлээ, үйлдвэрлэгчдээ бодох цаг болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өчидөр уулзалт хийлээ.

Уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр уулзалтыг хөтлөн явууллаа. Тэрээр уулзалтын эхэнд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл санаачлаад яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Улс орнуудын туршлага судаллаа, улсынхаа дотоод нөхцөл байдлыг ч  байгаа тоо баримт, бодит байдалд нь тулгуурлаж үнэлж дүгнэлээ. Иргэний танхимд үйлдвэрлэл эрхлэгчидтэй 3 удаагийн хэлэлцүүлэг хийж санаа бодлыг нь авч хуулийн төсөлт тусгалаа. Салбарын онцлогоос хамаарч үйлдвэрлэлийг дэмжих бодлого өөр өөр байдаг юм байна. Үйлдвэрлэлийн аль ч салбарт нийтлэг таарч нийцэх бодлого нь нэгдүгээрт,  экспортын баримжаатай  үйлдвэрийг дэмжих, хоёрдугаарт, импортыг орлох дотоодын үйлдвэрийг тарифийн бодлогоор дэмжих гэсэн 2 үндсэн бодлогыг хуульчилж тодорхой болгох шаардлагатай юм байна гэдэг нь ойлгогдож байгаа. Товчхондоо бол төрөөс экспорт, импортын бодлогоо сайжруулах асуудал үйлдвэрлэлийг дэмжихэд түлхүү тавигдах ёстой юм.

Үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол экспортыг дэмжинэ гэсэн үг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх үйлдвэрлэл явуулж чадаж байгаа эсэхийн нэг том шалгуур үзүүлэлт бол бүтээгдэхүүн нь экспортод гарч чадаж байна уу, үгүй юу гэдгээр хэмжигднэ.

Өнөөдөр энд Монголын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл цугларч Ерөнхийлөгчийн үгийг сонсч, санал бодлоо илэрхийлэх гэж байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.

Шинэ оны мэндчилгээгээ Эрдэнэт үйлдвэрээс дэвшүүлсэн нь санаандгүй зүйл байгаагүй

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүс, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид, албаны улсуудад талархаж байна. Он гармагц үйлдвэрлэгчид, бүтээгчид, бизнесийнхний төлөөлөгчидтэй уулзаж байгаа маань учир холбогдолтой. Шинэ оны мэндчилгээгээ манай орны хамгийн томд орох Эрдэнэт үйлдвэрээс дэвшүүлсэн нь ч санаандгүй зүйл байгаагүй. Ер нь Монголын төр, Монгол Улс үйлдвэрлэлд, хийж бүтээж буй хүмүүстээ анхаарлаа хандуулах нь туйлын чухал байна гэдгийг хэлэх гэж, тийш нь олны анхаарлыг хандуулах гэж тэндээс мэндчилгээ дэвшүүлсэн юм. Та бүхэн бизнес эрхлэхдээ, шийдвэр гаргахдаа тодорхой эрэл хайгуул хийж явдаг шиг би ч мөн тодорхой эрэл хайгуул хийж явдаг. Тэгээд жил гаруйн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаачилга гаргаж ярьж, хоёр асуулт тавьж байсан. Эдийн засгаа яаж өсгөх вэ, төрөө яаж засах вэ гэж.

Монголын хөгжлийн зам бол хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил

Эдийн засгаа яаж өсгөх вэ гээд бодоод байхад ер нь хувийн хэвшлээ л дэмжих ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монголын хөгжлийн зам бол миний бодлоор хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил. Хувийн хэвшлийг яагаад бодит сектор гэж нэрлэдэг вэ гэвэл төрөөс ангид орших чадвартай. Энэ нь улс орныг аваад явах чадвар учраас, нөгөөтэйгүүр бид үнэхээр хүн төрөлхтний нийтлэг замыг сонгосон юм бол хувийн хэвшлээ дэмжих ёстой. Хувийн хэвшил гэдэг өөрөө өргөн ойлголт юм. Тиймээс хамгийн түрүүнд үйлдвэрлэгчдээ дэмжих учиртай юм байна. Үйлдвэрлэл нь босоод ирэхээр бусад салбарласан хувийн хэвшил нь дагаад босох юм байна гэж бодсон. Оны өмнө Засгийн газар өөрчлөгдөхөд би Ерөнхий сайдтай санал солилцож “Үйлдвэрийн яам бий болгоё. Энэ манайд их чухал байна. Шинэ Засгийн газар, Ерөнхий сайд ажлаа зөв хийж чадвал энэ хамгийн зөв эхлэлийн нэг болж магадгүй” гэж хэлж байсан. Түүнээс гадна манайд үйлдвэрлэлийг дэмжих төсөл гэж байсан. Яавал, ямар хууль гаргавал үйлдвэрлэлийг дэмжиж болох вэ гэдэг судалгаа бас хийсэн. Үйлдвэрлэлийг дэмжих хуультай улс орон цөөн ч гэсэн байдаг юм билээ. Салбар салбарынх нь хуулиар зохицуулаад явж буй улс орнууд ч байна.  Ингэж нэлээд ажилласан учраас ер нь үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад ямар асуудал тулгамдаж байна гэдэг дээр тодорхой ойлголттой болсон гэдгээ өнөөдрийн уулзалт дээр хэлье хэмээн бодсон юм.

Энэ Засгийн газар, УИХ-ын хувьд нэг амжилттай шийдвэр гаргасан нь Аж үйлдвэрийн яам цоо шинээр байгуулж сайдыг нь томилон ажилд нь оруулсан явдал. Шинэ яам ажлаа эхэлж буй үед үйлдвэрлэгчдийнхээ төлөөлөгчидтэй уулзаж байгаа нь төрийн яам, үйлдвэрлэгчид хоёр ажлаа уялдуулахад аль алинд нь хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Үйлдвэрлэлээ хөгжүүлэх нэгдсэн бодлого, зохицуулалт алга

Үйлдвэрлэлийг Ерөнхийлөгчөөс, төр засгаас дэмжих хэдэн шалтгаан байна.  Нэгдүгээрт улс төртэй холбоотой шалтгаан байна. Хараад байхад үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь олон яаманд салж тарамдсан учраас манай үйлдвэрлэгчид нэг газар асуудлаа очиж шийдүүлэх боломж алга. Тиймээс улс төрчдийг дагасан, нэгдсэн бодлогогүй энэ байдлыг дагасан хандлага харагдаад байна. Үйлдвэрлэгчид маань албан тушаалтнуудын ааш аяыг дагасан, үүд хаалгыг нь сахисан, тодорхой улс төрчдийг л “биднийг дэмжих болов уу” гэж харсан, тэдний хойноос гүйсэн, лоббидсон байдалтай байдаг. Тэд нар нь сонгуулиар баахан юм амласан атлаа сонгуулийн маргаашаас мартчихдаг. Иймд үйлдвэрлэлийн бодлогыг нэгтгэх хэрэгтэй байгаа юм. Хоёр дахь шалтгаан бол улсын нэр хүндтэй холбоотой. Одоо бид юу хийж байна. Үсний хавчаар, шүдний чигчлүүр гээд аваад үзвэл хийж л байгаа байх. Социализмын үед бид хадаасаа ч хийж чадахгүй байна гэж бие биеэ шүүмжилдэг байсан. Хоцрогдлоо ингэж жишээлж ярьдаг байсан. Энэ өнөөдөр ч үргэлжилсэн байдалтай байна.

Бүтээнэ, үйлдвэрлэнэ гэдэг улс орны нэр хүндэд маш чухал

Уламжлалаа аваад үзэхээр монголчууд олон зүйл хийж, бүтээж, үйлдвэрлэж байсан агуу үндэстэн байдаг. Түүнийгээ дэлхий нийтээр тарааж байсан. Монголчуудын хувцас хэрэглэл гэхэд л ямар агуу байлаа. Монголчуудыг хүчээ аваад их гүрэн байгуулаад босоод ирэхэд бусад улс үндэстэн дуурайж байсан. Үсний засалтыг нь хүртэл дуурайж байсан. Монгол жанжнуудын өмссөн хувцсыг, тохсон эмээлийг, барьдаг сэлмийг дуурайж байлаа. Эмэгтэйчүүдийнх нь зүүсэн гоёлыг дуурайдаг байсан. Тэр бүхнийг монголчууд өөрсдөө хийж чаддаг байсан. Бүр ган хайлуулж зэвсгээ хүртэл хийдэг байлаа. Хархорины малтлагаас гангийн маш олон зуух гарч байсан. “Марко Поло” гэдэг кино сая гарлаа гэсэн. Тэр хүний тэмдэглэлд “монголчууд хар чулуу түлж байна” гэж байгаа. Хубилай хааны үед нүүрс түлж ган хайлуулдаг, газрын тос эсгийнд шингээн асааж хэрэм давуулан хаяж шатаан эзэлдэг, дарь гарган ашиглаж тэсэрдэг зэвсэг хийдэг байжээ. Монголчууд хийж бүтээж байсан тэр үедээ дэлхийд нэртэй төртэй гүрэн байгуулж явсан хүмүүс. Үүнээс харахад юм хийнэ, бүтээнэ, үйлдвэрлэнэ гэдэг улс орны нэр хүндэд маш чухал үүрэгтэй.

Юу хийж, бүтээж, үйлдвэрлэж, юуг хүн төрөлхтөнтэй хуваалцаж байна гэдгээр нь улс орны хөгжлийг дүгнэдэг. Зарим орны нэрийг мэдэхгүй атлаа хийсэн, үйлдвэрлэсэн барааны нэрийг нь хүмүүс мэдэх нь бий. Ийм бүтээгдэхүүн улсынхаа нэрнээс илүүтэйгээр тухайн орныхоо нэрийг гаргаж явдаг. Дэлхийд ийм олон брэнд бий болгосон ямар ямар орон байдгийг бид мэднэ. Хүчирхэг, нэр хүндтэй орнууд ийм л байгаа. Тэгэхээр бид үнэхээр нэрээ боддог, “нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг хүмүүсийн үр сад юм бол энэ асуудлыг бодох цаг болжээ.

Манай эдийн засгийн бүтэц буруу байна

Гуравт манай эдийн засгийн бүтэц буруу байна. Энэ бүтэц сүүлийн 30 жилд засагдаагүй. Манай гадагш гаргадаг бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхайн салбарынх. Баялгаа ухаад зөөгөөд гаргадаг. Наймхан хувь нь боловсруулсан, Монголд үйлдвэрлэв гэсэн  бүтээгдэхүүн. Ийм улс орон, нийгэм хөгжинө, хүмүүс нь сайн сайхан амьдарна гэсэн ойлголт ерөөс байхгүй. Үүнээс үүдээд дөрөв дэх шалтгаан гарч ирдэг. Яагаад сайн сайхан байх зорилт тавьж ажиллахад хүндрэлтэй байдаг вэ гэвэл маш амархан хямралд өртдөг. Түүхий эдийн үнэ өндөр байхад тансаглаж эхэлдэг, унахаар бүгд хямардаг. Өнөөдөр бид үүнийг хангалттай үзэж, амсаж байна. Энгийн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Түүхий эдийг боловсруулахгүй тэр чигээр нь гаргавал бүрэн хямралд өртдөг. Хагас боловсруулаад гаргавал хагас хямардаг. Бүтэн боловсруулаад гарвал бага хямардаг. Иймээс Монгол хажуугийн зах зээлд нүүрсний үнэ унахад, тэнд татвар тавихад л хямардаг. Бид хийж бүтээдэггүй, хямралд өртөмтгий, гүн хямардаг, түүнээс нь янз бүрийн үр дагавар гардаг болчхоод байна. Үүнийг үргэлжлүүлж болохгүй, одоо бид ухаарч байгаа дээрээ засах хэрэгтэй. Улс төр ярилгүй тал талаасаа хэлэлцээд шийдэх бүрэн боломжтой гэж би бодож байна. Үүнд л хүмүүсийн анхаарлыг хандуулъя гэж би бодсон юм. Тав дахь хэлэх гэсэн зүйл бол бодлого, үйлдвэрлэл байхгүй болохоор үйлдвэрлэлийн соёл бидэнд алга.

Монгол адууны соёлтой болохоос үйлдвэрлэлийн соёлтой улс биш

Монголд үйлдвэрлэл гэж байдаггүй юм шиг хүмүүс нь бүр тийм ойлголттой. Үйлдвэрлэл гэдэг тодорхой соёлыг бий болгодог. Монгол адууны соёлтой болохоос үйлдвэрлэлийн соёлтой улс биш байна. Энэ соёл хэчнээн урт хугацаа зарж байж тогтдог вэ гэдгийг та нар мэдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрт очиход манай уул уурхайн бодлого хаа хүрээд зогсдог нь харагдаж байна. Манай бодлого тодорхойлогчдын нүдний хараа хаа хүрээд зогсож байна гэвэл хайх, олборлох, баяжуулах гээд. Үүнээс цааш зохицуулах хууль ч алга. Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа баяжмалаа зэс болгоё гэвэл яаж зохицуулах юм, нөгөө төрийн оролцоо нь байх юм уу, хаана хийх юм, юу болгох юм бүгд тодорхой бус. Ерөөсөө зохицуулалт байхгүй. Шийдвэр гаргах юм уу, хэн мэдэх юм бэ гэсэн хэдэн  цаас барьсан, санаа зовсон хүмүүс олон арван жил явлаа. Тодорхойлолт ч алга, эрх зүйн дэмжлэг ч алга. Ийм учраас өнөөдөр манай хөгжил шинэ бодлого, шинэ шатыг шаардаж байна. Төр ард түмнээ боддог юм бол үүн рүү харахаас өөр аргагүй болж байна.

Улс орнуудыг бүтээгдэхүүний экспортын чадамжаар нь үнэлдэг

Үйлдвэрлэлийн бодлого гэхээр толгой эргээд байх юм байхгүй. Хоёр үгэнд л уягддаг шүү дээ. Экспорт, импорт гэж. Экспорт гэдэг нь бидний гадагш гаргаж байгаа зүйл, импорт гэдэг нь бидний гаднаас авч байгаа зүйл. Улс орнуудыг үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний экспортын чадамжаар үнэлж дүгнэдэг. НҮБ-д бүр ийм тусгай салбар байгууллага байдаг. Монгол Улсынх бол 0.00079 гэж гардаг. Японых бол 0.54. Бид хаана явааг дэлхий хүртэл тодорхой хэлэхэд хэцүү болсон байгаа. Экспортын бүтээгдэхүүний чадавхтай эхний таван орон бол Япон, Герман, АНУ, БНСУ, Сингапур гэж байх жишээтэй. Гэхдээ бид бас бүр нэг болохгүй зүйл яриад ч байгаа юм биш. Экспортын чадавхыг хийж бүтээсэн бүтээгдэхүүний нь хэн худалдан авч байна, хэнд очиж байна, хэнтэй хуваалцаж байна, хүн авч байна уу үгүй юу гэдгээр л тодорхойлдог юм байна. Аливаа үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн дэвжээ л хэрэгтэй. Дэлхийд л чансаагаа үзэх хэрэгтэй. Дотооддоо хэрэгцээгээ хангаж, зарж борлуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гадаадын хүн худалдан авч байна уу, захиалга ирж байна уу гэдэг л өөрсдийн чинь цаашдын чадамжийг тодорхойлно.

Хамгийн том далай манай улсын эргийг угаагаад байж байна

Монголд нэг гайхамшигтай давуу тал бий. Бид гадагшаа явахдаа ч ярьдаг. Ер нь бол хүмүүс далайд гарах гарц гэж яриад байдаг. Монгол бол далайд гарах гарцгүй орон гэж ярьдаг. Яг үнэндээ бол зах зээлд гарах гарцыг л хэлж байгаа. Түүнээс далайд гарах дуртай хэдэн хүн яваад л, тэнд шумбаад л, сэлээд л байна гэсэн үг биш. Тэгвэл дэлхийд хамгийн том зах зээл БНХАУ манай улстай хамгийн урт хилээр хиллэдэг. Энэ бол хамгийн том далай манай улсын эргийг угаагаад байж байна гэсэн үг. Юу ч хийсэн болохоор. Гэтэл улс орнууд далай гаталж гэрээ байгуулахаар манай урд хөрштэй ярилцаж байна. Бид  боомтоор гарах тухай л ярьж байна. Энэ бол том боломж. Нөгөө талаар манай хойд хөрш бас том зах зээл. Бид чинь том улсуудтай харьцдаг болохоор бүр том юм бодоод байдаг. Хятадаас том, хурдан хөгжиж буй зах зээл дэлхийд байхгүй. ОХУ-аас өөр манай ноос, ноолууран бүтээгдэхүүнийг авах том зах зээл дэлхийд байхгүй. Хэдхэн хоногийн өмнөөс визгүй зорчдог боллоо. Нөгөө хаагдаад байсан ресторанууд, зоогийн газраар чинь дүүрэн орос, буриадууд явж байна гэсэн шүү дээ. Манай нөгөө ноос, ноолууран бүтээгдэхүүн хийдэг хүмүүс “Борлуулалт 60 хувиар нэмэгдлээ” гээд бөөн баяр. Хиам, махан бүтээгдэхүүн чинь жигтэйхэн сайн борлож байна гэсэн сурагтай. Юм хий л дээ. Хийвэл боломж байна шүү дээ.

Өндөр дээд хэмжээнд ярьсан зүйл ингэж ард иргэдийн амьдралд тусч байгаа нь сайн хэрэг. Юу үйлдвэрлэх юм бэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа учраас энэ талаар олон зүйл ярихаа больё. Монгол бол бүх юм хийх гэж гүйх шаардлагагүй. Тийм боломж ч байхгүй. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулах хэрэгтэй. Мах, сүү, яс, арьс шир гээд малаас гардаг хэдхэн зүйлийг л бид ярьдаг. Тэдгээрийг дахин боловсруулаад ажиллахад л гайхамшигтай олон зүйл хийж болох юм билээ. Би нэг махны үйлдвэрт очиж байсан.  110 гаруй нэр төрлийн эм бэлдмэл гаргаж авч байсан. Тэр тусмаа манай дөчин хэдэн хэмийн хасах хүйтэн, дөчин хэдэн хэмийн нэмэх халуунд өсөн үржиж буй гентэй мал гэдэг бол гайхалтай юм билээ. Зөвхөн энэ талаар судлаад ажиллахад дэлхийд гайхагдах бүтээгдэхүүн гаргаж авах боломж бий. Манайд ургаж байгаа ургамал, ногоо ч адилхан. Ингээд явахад болно.

Энэ цагаас хойш гахиурын үйлдвэр гэж ярих ёстой

Одоо гангийн үйлдвэр байгуулагдаж байна. Сайн хэрэг. Цементийн үйлдвэр байгуулагдаж байна. Энэ цагаас хойш цементийн биш “гахиурын үйлдвэр” гэж ярих ёстой. Алийн болгон гадаад үгээр ярих вэ. Гайхаж байх шиг байна. Тэнд хүн алга ташиж байна. Бид чинь өөрийн хэл соёлтой ард түмэн шүү дээ. Дээрээс нь цөөхөн болоод ч тэр юм уу монголчуудын оюуны чадавх нь гайхамшигтай. Би ер нь ирээдүйд, 2050 он гэхэд Монголд тэргүүлэх салбар программ хангамж болсон байж магадгүй гэж боддог. Ингэж бодож ч явах ёстой. Энэ их уудам орон зайтай, дэлхийд нэг хүнд ногдох зай талбайгаараа тэргүүлэх ийм улсад хийх юм маш их байна. Гаднаас зүгээр бэлэн зүйл авчраад угсарч болно. Одоо эрдэмтэн судлаачид, бүтээгчид гэрээс гараад алхмын зайд л миний амьдрах орчин байгаасай гэж хүсч байна. Машин унах, хотын шуугиан зэргээс бүрэн залхжээ. Би энэ сэдвээр өнгөрсөн онд хоёр газар лекц уншсан. Хүмүүс сонирхож байсан. Бидэнд үнэхээр гайхамшигтай боломж байгаа. Нэг хүнтэй уулзахад хуванцрын үйлдвэрлэл бол гангийн үйлдвэрлэлээс дутуугүй чухал юм шүү гэж хэлж байсан.  Үнэн байх гэж бодож байна. Хуванцар ордоггүй юм гэж байхгүй шүү дээ. Ингэж харж юм хийвэл Монголд өөрт нь асар их боломж байна.

Ийм уудам нутагтай, дэлхий дээр нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг тэр чинээгээрээ бидэнд хийх бизнес маш их байна. Гаднаас бэлэн эд ангийг нь авч ирээд угсарч болж байна. Өнөөдөр хүмүүс  бидний алхах орон зайн дунд амьдрах бүх орчин маань байгаасай гэж хүсдэг. Ер нь хүмүүс утаа,хотын бөглөрөл, чимээ шуугиан зэргээс үнэндээ залхсан. Би энэ сэдвээр өнгөрсөн жил хоёр газар лекц уншсан. Хүмүүс сонирхож байсан.

Үйлдвэрлэл гэдгийг их өргөн утгаар ойлгох хэрэгтэй

Ер нь үйлдвэрлэл гэдгийг их өргөн утгаар ойлгох хэрэгтэй байгаа юм.  Нэг хүн надад хэлж байсан. Хуванцарын үйлдвэр гэдэг бол гангийн үйлдвэрээс дутуугүй чухал юм шүү гэж. Би үүнийг үнэн  байх гэж боддог. Хуванцар ордоггүй юм гэж байхгүй. Хэрэв ингэж харж чадвал Монголд өөрт нь асар их боломж бий.

Та бүхэн үндэсний үйлдвэрлэгчидээ чухам яаж дэмжих вэ гэдэг асуултыг надаас асуухыг хүсч байгаа байх. Би үүн дээр маш тодорхой гурван зүйлийг хэлье.

Нэгдүгээрт татвар тарифтай холбоотой асуудал байна. Би сая экспорт гэж ярьсан, одоо харин импорттой холбоотой  хэдэн зүйл хэлье гэж бодож байна. Аливаа улс оронд иргэд нь жаахан юм хийгээд бүтээгээд ирэхээр, түүнтэй холбоотой зүйлүүдийг нь  харж байгаад яг  халууны шил шиг л хандаж байх ёстой юм л даа. За манайхан энэ бүтээгдэхүүнээрээ жаран хувиа хангаад эхэллээ. Тэгэхлээр  өмнө нь импортын бүтээгдэхүүний татварын хэмжээ бага байсан бол  татварын хэмжээг  нь тодорхой хэмжээгээр нэмээд дотоодын үйлдвэрлэгчиддээ өрсөлдөх боломжийг нь дэмжээд өгье гэх мэтээр бодлогоо боловсруулаад явдаг байх хэрэгтэй байгаа юм.  Импортын бодлого гэдэг бол тухайн улсын үйлдвэр лүүгээ хандсан хамгийн чухал бодлого байдаг.

Өнгөрсөн онд Японд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байсан ажлын хэсгийнхэн  бүр гайхаж ирсэн.  Хэлэлцээрийн импортын татварын хэсэгт  Японы талынхан инээгээд байх юм гэнэ. Учир нь манай ихэнх бүтээгдэхүүний татвар таван хувьтай байж. Японд бол долоон хувийн татвартай  ч бүтээгдэхүүн байна. Тэг  хувьтай бүр хорин хувийн татвартай нь ч  байна. Сар татвар тавиад өөрчилдөг бүтээгдэхүүн ч байна. Гэтэл манайд бүх юм нь тав. Таван төрлийн хүнсний ногоо  нэг 15-20 хувийн, өндөг,гурил 15, шар айраг 25 хувийн ч  билүү татвартай байдаг.  Тэд нар танайх худалдаа хийдэг юмуу,ямар хачин зохицуулалттай юм бэ гээд бүр гайхаж байна гэсэн.

Татварын бодлого  ер нь бодлого гэдэг чинь байнга хөдөлж байдаг зүйл шүү дээ. Гэтэл импортын татварын асуудал хариуцсан манай тарифийн зөвлөл дөрвөн жил цуглаагүй л гэж байгаа юм. Нөгөө таван хувь дээрээ тавьж аваад л унтчихгүй юу.

Үйлдвэрлэгчид хэчнээн их зовж байна. Хүмүүс хэчнээн удаа асуудал болгож тавьж байна. Төрийн чих тийм л хатуу байгаа байхгүй юу. Ерөөсөө мэдрэмж байхгүй. Ажлаа мэдэхгүй, сэтгэл гаргадаггүй ийм л болчихоод байна. Энэ  бол хамгийн анхаарах ёстой  асуудал юм.

Бид хоёр хөрштэй. БНХАУ-ын импортын татварын хэмжээ дунджаар 20 хувь,ОХУ-ынх 30-35 хувьд эргэж байгаа. Ийм өндөр татвар дээр байж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалдаг, бусад улсуудтай  найрамдалт хамтын ажиллагаатай бол тодорхой  бүтээгдэхүүн дээр сараар бүр өдрөөр тооцож худалдаа хийдэг шүү дээ. Гэтэл манайд энэ механизм ажиллахгүй байна.  Үүн дээр аж үйлдвэрийн яам хамгийн түрүүнд анхаарах байх л гэж бодож байна.

Намайг 1998 онд Ерөнхий сайд байхад Засгийн газрын хуралдаанаар ус савлах тухай асуудал орж ирээд манай танхимын гишүүд ус савлаад ашигтай юу гээд л их сүрхий хэлэлцүүлэг болж байсан. Үнэндээ ч 1990-ээд оноос өмнө ус савлаад зардаг гэхээр нөгөө муу капиталистууд гээд л шүүмжилдэг  байсан л даа. Гэтэл одоо усаа савлаад өөрсдийгөө хангадаг  болсон бол гаднаас орж ирдэг ундаан дээр  татварыг нь сайн л тавьж өгөх хэрэгтэй шүү дээ. Гадны юм уух гэж байгаа бол арай л өндөр үнэтэй юм уу л даа. Гадны ундаа манай үйлдвэрт үйлдвэрлэдгээс хорин хувиар л үнэтэй байх ёстой. Дээр нь авч ирсэн тээврийн зардал юмаа нэмээд гучин хувиар илүү  үнэтэй ундааг л авч ууг л дээ. Хориглосон хүн байхгүй. Монгол дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон бүтээгдэхүүнээ 20-30 хувь дотор хөдөлгөх эрхтэй орон. Тэр тусмаа үйлдвэрлэл эхэлж байгаа оронд үүн дээр нэмээд ч өөр бодлого байдаг. Бид үүнийг ашиглах ёстой.


Буруу бодлогыг өнөөдрөөс зогсоох хэрэгтэй

Манайхны бас нэг дутагдал нь үйлдвэрлэл гэхээр л хошуураад эхэлдэг. Мэдээлэл байхгүй. Энэ бас л нэгдсэн бодлого байхгүйг харуулж байгаа юм. Нэг үе гурилаар дутлаа гээд л хошуураад байсан. Одоо эргээд харсан чинь  Монголд байгаа нийт гурлийн үйлдвэр  улсын хэрэгцээнээс нь бараг гурав дахин их  гурил үйлдвэрлэх хүчин чадалтай  болчихсон. Одоо гахиурын үйлдвэр нь бас тийм болох юм шиг байгаа юм. Тэгэхлээр үүн дээр бодлого байх ёстой юм шиг байгаа юм. Үйлдвэрлэлийн зураглал, чиглэл гэж юм байна. Бодлогыг нь боловсруулах яам нь ажлыг дэмжих биш унагах юм болчих вий л гэж айгаад байгаа юм. Бид сайн юм бодоод л яам байгуулдаг. Аж үйлдвэрийн яам гээд л байгуулсан чинь хоёр жилийн дараа яамтай байснаас яамгүй байсан дээр байж  гэчихсэн сууж байвал хэцүү шүү дээ. Өнөөдөр Эрдэнэбат сайд энд сууж байна. Тийм байхгүй гэж амлах байх гэж бодож байна. Үнэхээр энэ бодлогыг зангидаад явуулдаг л яам болоосой.Манай үйлдвэрлэгчдэд дэмжлэг болдог яам болоосой л гэж бодож байна.

Бас нэг жишээ хэлэхэд ноолуур хөдөөнөөс оруулж ирээд угаадаг. Угаагаад хамаг бохирыг нь гол ус руугаа нууж хийгээд баахан байгаль орчноо сүйтгэдэг. Тэгээд угаагаад гадагшаа гаргаад зарахаар татваргүй. Угаасан ноолуураа самнаад утас болгоод ээрэх гэхээр тус бүртээ НӨАТ гээд татвартай.  Ийм утгагүй. Энэ бодлогыг өнөөдрөөс зогсоох хэрэгтэй. Дотоодын үйлдвэр  худалдаж аваад үйлдвэрлэл хийж байгаа бол тэр татварыг хамгийн түрүүнд алга болго. Энэ чинь л дэмжлэг байхгүй юу. Одоо бүрдээрээ үүнийг ойлгох цаг болсон. Үүнийг ойлгож ядаад ч байх юм байхгүй. Төрийн бодлого ажил амьдралтайгаа уялдахгүй байгааг л бид үүнээс харж байна. Ард түмний шүүмжлээд байдаг ч үнэн.

Бизнес бол цагтай уралддаг. Харин цаг бол төртэй уралдддаг

Цаг хугацаа, орчлон ертөнц, бидний хөрш яг л нэг системд ороод байгаа. Бизнес бол цагтай уралддаг. Харин цаг бол төртэй уралдддаг. Улс төр бол цагтай уралдаггүй.  Нэг томилогдоод авсан бол 4 жилээ гүйцээхийг боддог. Яаж удаан цаг өнгөрвөл сайн бэ л гэж боддог. Харин бизнест бол тухайн цаг хугацаанд маш хурдан шийдвэр гаргаад яаж үүн дээр ашиг хийх вэ гэдэг ойлголт байдаг.  Ийм маягаар,  ийм их саад учруулж, ийм утгагүй байдлаар өөрсдийгөө хохироодог энэ явдлаа зогсоомоор байгаа юм. Тэгээд гаргаж байгаа бүтээгдэхүүн дээрээ нэгдмэл бодлоготой байх ёстой. Ерөөсөө л манайхны буруу тэр шүү дээ. Түрүүлж гүйж очоод л үнээ унагаад байдаг. 1930-аад онд түрүүлж гүйж очоод л “хойшоогоо матаад” байсан юм гэнэ лээ. “Манай энэ дарга муу байна алаад өг” л гээд. Ерөөсөө л тийм. Одоо бол түрүүлж гүйж очоод л үнээ унагаад байдаг. Одоо Аж үйлдвэрийн яам үйлдвэрийн бодлогоо зангидах байлгүй дээ. За тэгээд зангидаж байгаа нь энэ гээд цоожлоод хаячихав даа. Тэгснээс түрүүлж гүйж очоод унагаж байсан нь дээр шүү. Тэгэхээр аливаа газар, аливаа байгууллага удирдлагаасаа шалтгаалдаг. Д.Эрдэнэбат үйлдвэрлэлийн салбарт энэ чиглэлээр ажиллаж байсан, сэтгэлтэй хүн гэж би ойлгож байгаа.Арай тийм сэтгэл гаргахгүй байх. Тийм ч учраас харж үзэх болов уу гэж би найдаж байна.

Нэг том дэмжлэг бол төрийн худалдан авалт юм

Хоёрдахь том дэмжлэг бол төрийн худалдан авалт л байгаа юм. Манайхан нэг зүйлийг их буруу ойлгож ирсэн. Зах зээлийнхээ жамаар хөгжсөн гэдэг ойлголт бол тэр зэрлэг капитализмд ч байхгүй. Яг үнэндээ бол тэр том ундааны үйлдвэрүүд ч АНУ-н цэргийн захиалгаар анх хөл дээрээ  босоод тэр захиалгыг 10 жил хийгээд л үйлдвэрээ босгосон байдаг. Та бүхэн барууны бүх том үйлдвэрүүдийг ажиглаарай. Улсын, цэргийн ямар л захиалга байдаг юм, тэр бүхнийг хийдэг. Үүнийг л худалдан авалт гэж нэрлээд байгаа юм. Манайхан мөнгө олсон л бол дундаас нь 20, 30 хувийг нь унагана гэнэ. Тэгээд л гадагшаа чанаргүй, үнэгүй юмны төлөө яваад, дотоодынхоо үйлдвэрлэлийг унагаад л баллаж байна. Худалдан авалтынхаа хуулийг гаргах хэрэгтэй.

Би өчигдөрхөн Ерөнхий сайдтай ярьж байсан юм. Хэрвээ гаднаас ширээ сандал худалдаж авах гэж байгаа бол бүү аваарай. Дарга нар ширээ сандлаа шинээр солих гэж байгаа бол битгий худалдаж аваарай. Дотооддоо хийсэн ширээ сандлыг л ав. Бүр тийм сайн компаниудыг сонгон шаргаруулаад таван жилийн гэрээ байгуулчихдаг юм байна лээ. Чи таван жил ширээ нийлүүлж чадахгүй бол чиний гэрээг цуцална шүү гээд. Тэгээд таван жилийн дараа өөр компанитай бас гэрээ байгуулдаг. Тэгэхэд нөгөө өмнөх компани маань хөл дээрээ босоод цаашаа үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа юм. Ингээд л төр нь салбар салбараар нь, үйлдвэр үйлдвэрээр нь босгож өгч байгаа юм. Тэгэхээр худалдан авалт гэж хэчнээн чухал зүйл болохыг та нар хар даа. Орон нутгийн жижиг сумдад хийж байгаа зүйл, аймагт хийж байгаа зүйлийн чанар нь нийцэж л байгаа бол түүнийг ав. Нийцэхгүй байгаа бол түүнийг нь хамтарч сайжруулж байгаад л авдаг юм байгаа биз. Үүгээрээ төр үйлдвэрийг босгодог юм. Манайд ус, ундаа, сүү, мах гээд хүний иддэггүй уудаггүй юм байхгүй шүү дээ. Манай хилийн цэрэг гэхэд хэчнээн их худалдан авалт хийж байна.. Тэгэхээр үүнийг тодорхой бодлого руу оруулах юм бол ажил цаашаа явна л гэж би бодож байна.

Эдийн засаг бол сонгуулийн амлалтад хууртдаг зүйл биш. Эдийн засаг бодитой мөнгөөр хэмжигддэг

Гуравдахь зүйл бол баталгааны асуудал. Би Засгийн газар УИХ-д нэг зүйлийг хэлээд байгаа юм. Үнэнээр амьдаръя. Эдийн засаг бол сонгуулийн амлалтад хууртдаг зүйл биш. Эдийн засаг бодитой мөнгөөр хэмжигддэг. Түүнээс биш эдийн засаг бол тал еэвэнд хууртахгүй. Энэ тал нь байна. Нөгөө тал хаана байна гэхээр энэ байна гээд хууртдаг зүйл биш. Энэ бол эдийн засаг биш. Сонгуулийн үеэр ийм амлалт өгч байгаа улстөрчид байж болно. Өнөөдөр Монголын өрийн тааз гээд яригдаад байгаа. Энд байгаа УИХ-ын гишүүд бүгд мэдэж байгаа шүү дээ. Өрийн таазыг 40 хувь гээд бид нар хуульчилсан байгаа.

Тэгсэн Засгийн газар зээл аваад одоо хэд хүрсэн бэ. Сангийн сайд гарч ирээд 53 хувьд хүрснийг албан ёсоор зарласан. Хуулин дээр уг нь 40 хувь байгаа, амьдрал дээр 53 хувь болчихлоо. Би үүнийг л битгий худал хэлж амьдраач гээд байгаа юм. Одоо Сангийн яам тооцоо бодож байгаа. Оны сүүлээр 60 хувь хүрнэ, ОУВС болохоор 65 хувь гэж тооцсон байна лээ. Монгол, Засгийн газар нэг ч төгрөг гаднаас зээлэх эрхгүй болчихсон юм уу. Ийм болоод ирэхээр та бүхэн одоо мэдэрч байгаа. Энэ ханшийн өөрчлөлт гэдэг дотоодын, манай ард иргэдийн өмч хөрөнгийн үнэлгээг унагаад байдаг. Үүн дээр л одоо та бүхэн бүр хашгирч байх ёстой. Хөрөнгө орж ирэхгүй, хөдлөхгүй л болохоор та бүгдийн өмч хөрөнгийн үнэлгээ унаж байгаа.

Засгийн газарт нэг зүйлийг хориглочих хэрэгтэй. Арилжааны зээл авахгүй шүү

Улаанбаатарын гудамжинд хиншүү гартал орилж байсан улсууд өнөөдөр байхгүй. Ард иргэд, жирийн иргэн цалингаа авах гээд хүрэхгүй, 100 ажилтантай байсан үйлдвэр 70-ыг нь халж байхад, 1000 ажилтантай байсан үйлдвэр 500-г нь явуулж байхад хэн орилж байна вэ, энэ гудамжинд. Орилохгүй л байна шүү дээ. Ингэж улсыг балласан, ингэж энэ бизнес унасан юм. Тийм учраас энэ асуудал дээр бид онцгой анхаарч ажиллах ёстой. Төрийн зүгээс дэмжих гэж байгаа. Үүн дээр Засгийн газарт нэг зүйлийг хориглочих хэрэгтэй. Арилжааны зээл авахгүй шүү.

Одоо би та бүхнээс нэг л юм хүсье. Энийг бараг хуульчлах хэрэгтэй. Ер нь манай аж ахуйн нэгжүүд олон улсын стандартад нийцсэн аудитыг бүгд хийлгэх хэрэгтэй. Манай аж ахуйн нэгжүүд бол ерөөсөө л нэгдүгээр үеийн, гэр бүлийн аж ахуйн нэгжүүд л байгаа. Тэндээсээ гарч чаддаггүй, ичдэг. Одоо олон улсын стандарт руу орох хэрэгтэй. Олон улсын бүртгэлтэй л болчих. Манай захын гайгүй үйлдвэр, захын банк гараад зээл авъя гэхэд эднийд 100 сая ам.долларын зээл өгч болно, асуултгүй өг гэдэг тийм л ойлголт юм. Тэр нь юу вэ гэхлээр олон улсын аудитын үнэлгээ хийлгэчихсэн аж ахуй нэгжид олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэлийн систем нэвтрүүлчихсэн л байдаг. Та өөрийгөө бага, хийх гэж байгаа үйлдвэрээ муу гэж бодоод байж магадгүй. Аягүй бол зүгээр л гарахад 10 сая ам.доллар зээлэх боломж байгаа.

Хамгийн муу газар Засгийн газар нь арилжааны зээл хөөцөлдөж байгаа шүү дээ. Энэ бол Монголд байгаа. Тэгээд л оруулж ирээд үйлдвэрлэгчдэдээ өгдөггүй, зам руу хийж булдаг. Ингээд л дуусаа. Одоо бид ийм аймшигтай байдалд орчихоод байна. Тэгэхээр УИХ үүнийг нь хориглох хэрэгтэй. Засгийн газарт нэг боломжийг нь олго. Олон улсын байгууллага, Олон улсын банкнаас 30 жилийн дараа зээл нь төлөгдөх, магадгүй жилийн 1 хувь, 2 хувийн хүүтэй, жилийн 0,5 хувийн хүүтэй зээл олдож байна. Тийм зээлийн төлөө бол Засгийн газар явж болно. Тийм биз. Жилийн 2 хувийн хүүтэй зээлээр бол байшин барьж болно. Жилийн 8 хувийн хүүтэй зээлээр бол зам тавьж болохгүй. Жилийн 8 хувийн хүүтэй зээлээр бол 6 сар эргээд бүтээгдэхүүн нь гардаг тийм үйлдвэрийг л санхүүжүүлэх хэрэгтэй. Одоо ойлгогдож байгаа байх. Жилийн 20 хувийн хүү авдаг тийм зэрэглэлтэй орон болох юм бол дэлхий дээр зарим нэг ийм орон байгаатай л адилхан. Гаднаас зээл авах гээд Засгийн газар явахад Монголын зэрэглэл 2 хувиас доош байгаа бол арилжааны зээл хөөцөлдөж болно. Урт хугацааны зээл дээр бол үүнийг гаргаж болно. Чингис бондоос эхлээд эхнээс нь бид нар хэлж л байсан. Чингис бондоос 1 ам.доллар гаргахад 9 ам.доллар гаднаас оруулъя гэж шаардлага тавьж байсан. Өөдөөс “Үгүй ээ, Ерөнхийлөгч өө, энэ бол дэндүү хатуу, ёстой амьдралгүй байна, үүнийг болъё” гэсэн. 3 ам.долларын 30 хувь гэж Аюулгүй байдлын зөвлөмжид хийгээч гээд бид 30 хувь гэж хийж байсан. Та нар 100 сая ам.доллар зээлэх гэж байхад Засаг, төр өнөөдөр 30 саяыг нь өгнө өө гэхэд чиний 60 сая, 70 сая чинь дорхноо л босох байсан биз дээ. Тийм үйлдвэрт л өгөх ёстой. Яг ийм байдлаар л энэ зээлийн бодлогыг шийдэж чадах юм бол үүний баталгаа гэж байгаа юм. Өнөөдөр нэг компани босож ирээд зээл авъя гэхэд гаднын захын банкууд “Засгийн газар чинь баталгаа гаргачихаж чадах юм бол зээл өгнө өө” гэдэг шүү дээ. Яг банкууд нь дүрэм журмыг нь үзээд зээл өгөхөөр шийдчихсэн байх юм бол тэр зээлийг гаргаж өгдөг. Иймэрхүү байдлаар бид явах ёстой л гэж бодож байгаа.

Монголын цаашдын бодлого бол экспортод гардаг бүтээгдэхүүнийг дэмждэг л байх ёстой

Тэгэхээр ийм гурван том дэмжлэг байна. Энэ гурван дэмжлэгийг хэнд үзүүлэх юм бэ. Түрүүлж ирсэнд нь үзүүлэх юм уу, танилдаа үзүүлэх юм уу, сайдын ойрын компанид үзүүлэх юм уу? Энэ боломжгүй зүйл. Тийм учраас миний нэг хэлэх гээд байгаа зүйл бол шалгууртай болъё. Ямар компанид дэмжлэг үзүүлэх вэ гэхээр Үйлдвэрлэлийг дэмжих бодлого. Тэр хуулиндаа би хэдэн шалгуур хэлээд байгаа юм. Экспортод бүтээгдэхүүн нь гардаг, нэг бол гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнийг орлодог бүтээгдэхүүнийг Монголдоо хийдэг. Ер нь Монголын цаашдын бодлого бол экспортод гардаг бүтээгдэхүүнийг дэмждэг л байх ёстой. Энэ дотор уул уурхайн бүтээгдэхүүн орохгүй. Тэр олборлох, баяжуулж байгаа бүтээгдэхүүн орохгүй. Эцсийн бүтээгдэхүүнийг бол оруулж ярьж болно. Тэгэхээр уул уурхай гэхээр тэр ерэн хэдэн хувь нь шууд хасагдаж байгаа юм. Тэгээд татвар төлөлтийн хувьийг 20 жил яаж төлсөн бэ? Дээр нь тэр үйлдвэр байгаа бол дотоодын үйлдвэр, дотоодын аж ахуй нэгжүүдээс ямар бараа худалдаж авч байна вэ? Түүнийг нь бас шалгаруулдаг, дотоодын аж ахуйн нэгжүүдээр гэрээгээр ямар ажил гүйцэтгүүлж байна вэ, түүнийг нь шалгуур болгодог. Тэгээд олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын үнэлгээтэй. Ийм байх юм бол асуудал шийдэгдэнэ. Тэгээд дотоодын хөрөнгийн биржээр ард иргэдэд тодорхой хувь нь зарагдсан байх ёстой.

Хөрөнгийн биржээ олон улсын стандарт руу хурдан шилжүүлье

Ер нь манай энэ үйлдвэрлэлийн улсууд ойлгох хэрэгтэй. Яг үнэндээ үйлдвэрлэлийн асуудлыг, өөрийг чинь таньдаг сайд хамгаалахгүй ээ. Одоо энэ Засгийн газрын анхны хийх ажил нь Хөрөнгийн биржээ олон улсын стандарт руу хурдан шилжүүлье. Манай Хөрөнгийн бирж олон улсын стандартаар ажилладаг болчих юм бол манайхан дотооддоо хувьцаагаа гаргаад зараг. Танай үйлдвэрийн хувьцааг 20000 хүн авдаг боллоо. Би 5000 төгрөгөөр үйлдвэрийн чинь хувьцааг авлаа. Төрийн муу бодлогоос болоод миний 5000-аар авсан хувьцаа 3000, 4500 болж уналаа гэхэд тэр 20000 хүн танай үйлдвэрийг хамгаалж босох, танай үйлдвэрийн төлөө дуугарах ёстой. Ингэж ажил явдаг, нийгмийн тогтвортой байдал хангагддаг. Тэгэхээр үүнийг шалгуур болгож тавьж, нийтээрээ,  нийгмээрээ гудсан дороо хадгалж байгаа тэр мөнгө, банкинд бага хүүтэй өгөөд байгаа мөнгө, хадгалах гээд хадгалж чадахгүй зараад байгаа мөнгөө үнэхээр сайн үйлдвэр, бизнес байгаа бол тодорхой хувийг нь манай иргэд худалдаад аваг л дээ. Үүнийг чинь л зах зээл, чөлөөт эдийн засгийн сайн сайхан гэж нэрлээд байгаа юм. Үүнгүй 25 жил явсан учраас манай хүмүүсийн жаахан хэсэг, цөөхөн хувь нь тасартлаа баяжлаа гэж хэлээд байгаа нь үнэн. Түүнийгээ хуваалцахгүй байна шүү дээ. Одоо төгрөг мөнгөтэй, амьдрал нь гайгүй яваа цөөнхөө тийм боломжгүй байгаа олонхиосоо яаж хамгаалах вэ гэдэг нэг асуудал үүсэх нь байна. Тэр хамгаалалтын механизм нь уг нь дотор нь байгаа. Үүнийг хурдан шийдэх юм бол асуудал цаашаа хурдан явна.

Төрийн хяналт шалгалтыг шилэн болгоё

Төрөөс хийчихмээр хэдэн ажил байгаа. Би үүнийг шаардъя гэж бодож байгаа. Шилэн дансны хууль мөрдөгдөөд эхэлж байна. Төрийн хяналт шалгалтыг шилэн болгоё. Одоо Хяналт, шалгалтын хууль гарах гэж байгаа. Хяналт шалгалт гэж зовоодог гээд бүгд босож ирээд л юм ярьдаг. Одоо нэг байцаагч очоод танай компани үйлдвэр, гуанзыг шалгах гэж байгаа бол шууд удирдамжаа батлуулдаг, удирдамж нь шилэн. Би тэр гуанзыг шалгахаар явах боллоо, тэр нь гар хөлийн үсэгтэй. Би тэнд очоод ийм юм үзлээ, ийм торгууль тавилаа гээд шийдвэр гаргаж байгаа бүх юм нь шилэн байх ёстой. Тэгээд аж ахуйн нэгж нь хүсэх юм бол тэр нөхөр ирээд 100 мянган төгрөг нэхлээ, өдрийн хоол үнэгүй өг гэж дайрлаа, түүнийгээ бичээд л гарга. Ингээд энэ хяналт шалгалт гэдэг юм чинь шилэн болчих юм бол үүгээр бүх хяналт бий болно. Энэ бол нээлттэй нийгмийн давуу тал. Тийм учраас иймэрхүү байдал руу ер нь орсон нь дээр болов уу гэж бодож байгаа.

Их хэмжээний татвар гэдэг нэртэй юман дээр жаахан будилаад хүндрээд ирэхлээр эрүүгийн хэрэг боллоо гээд байдаг. Би үүнийг Хууль зүйн сайд, бусад улсуудтай ярьж байгаа. Үүнийг ер нь авбал яасан юм бэ. Өнөөдрийн ярьж байгаа юм ч байгаа. Үнэхээр тодорхой хүндэтгэх шалтгаанаар татвар төлж чадаагүй бол түүнийг нь зөрчил гэж үздэг, түүнээс биш эрүүгийн хэрэг гэж үздэггүй, компанийн данс хаагаад л захирлыг нь айлгаж ичээдэггүй л болъё. Тэгэхээр та нарт нэг л юм үлдэж байгаа биз дээ. Ажлаа сайн хий, ашгаа ол, татвараа төл. Боллоо. Ямар нэгэн шалтгаанаар асуудал гарсан бол түүнийг чинь зөрчил гэж үзье. Хэрвээ хүлээн зөвшөөрөгдөхгүй бол шүүх рүү очьё. Ингээд ойлгомжтой, ийм л байдал руу оръё. Үүн рүү оруулахад, үүн рүү Засгийг шаардаж ажиллахад би бэлэн байна.

Дээрээс нь ганц нэг юм хэлье. Ер нь энэ дордуулсан хууль гээд эрх зүйн ойлголт байдаг. Үүнийг буцааж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Манай Их Хурал явж байгаад гэнэт нэг өндөр татвар тавиад л дордуулаад эхэлдэг, нэг бол шүүхийн шийдвэргүйгээр очоод дансыг нь хаадаг, нэг бол нэг байцаагч гүйж очоод үндэслэлгүй их торгууль тавьдаг, иймэрхүү асуудал байгаа. Тэгэхээр эдгээр асуудал дээр Их хурал, Засгийн газар анхаараад маш хурдан шийдүүлчих боломжтой. Үүн дээр ажиллая.

Одоо миний хүсэж байгаа юм бол саяны миний ярианд ороогүй, санаа өгчихөөр тийм зүйл байж магадгүй. Би түрүүн хэлсэн. Бид нэг хэсэг нь дөнгөж төрсөн, өөр газраас, харь гаригаас ирсэн улсууд биш ээ. Зовлонг ер нь гадарлаж байна. Юу хийхээ ч ойлгож байна. Хамгийн гол нь юм хийж өгөхгүй байгаа, шийдвэр нь удаан гарч байгаа, гарсан хууль нь хэрэгжихдээ бас буруу байгаа, муу байгаадаа л асуудал байгаа. Энэ зүйл дээрээ төр анхааръя. Тэгээд энэ шинээр байгуулагдаж байгаа Аж үйлдвэрийн яам маань онцгой анхаарч, үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах байх аа гэж бодож байна.

Их баярлалаа, та бүхэнд гэлээ.

Төрийн тэргүүнийг үг хэлсний дараа уулзалтад оролцогчид санал бодлоо илэрхийллээ.Нийт 20 гаруй хүн санал бодлоо илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

“Де Факто” нэвтрүүлгийн хөтлөгч Жаргалсайхан:

-Ерөнхийлөгч жилийн жилд сайхан үг хэлдэг. Сая хэлээгүй 2 зүйл байна. Төр, засгийн удирдлагын чадварын асуудал, ашиг сонирхлын зөрчилдөөний  асуудлыг тавимаар байна. Монгол Улсын сайд болж байгаа хүмүүс өөрсдийнхөө салбарт бизнес хийдэггүй баймаар байна. Тэд өөрсдөдөө ажил төрлийн шаардлага гэдгийг тавимаар байна. Харилцааны соёлтой, 2-3 гадаад хэлтэй, ашиг сонирхлын зөрчлөө орхисон хүн байхгүй бол таны сая хэлснийг дараа дараагийн Засгийн газар ярьсаар байх болно.

Яам байгуулснаар эдгээр ажлыг хийдэггүй. Амжилтад хүрсэн бүх оронд эдгээрийг хувийн хэвшил өрсөлдөөний замаар хийдэг. Хувийн хэвшилд өрсөлдөх замыг нь нээж, төр зөвхөн стандарт тогтоож өөрөө шүүгч нь байх ёстой.

Шилэн дансыг улс төрийн намууд дээр бий болгохгүй бол намд хандив өгсөн нэрээр бизнес нь орж ирээд, өөрсдөө шүүгч болоод, шүүгч болоогүй хүмүүсд маш их саад болж байна. Хөлбөмбөгөөр бол өөрөө гоол хийж байгаа сураг, дүр зураг маш их байна.

Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Арслан:

-Энд би ганцхан асуудал тавина. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд хөрөнгө, санхүү гол нөлөө үзүүлдэг. Манай банкуудын зээлийн хүү 25-30 хувьтай байхад үйлдвэрлэл яаж явах юм бэ. Манай арилжааны банкууд ард түмнээ шулсан тийм л банкууд. Үүнийг эмх цэгцтэй болгож онцгой анхаарал тавьж өгөөч. Далд л болохоос гадаадын банкууд Монголд бүгд байгаа. Гаднаас бага хүүтэй зээл аваад ард түмний гар дээр өндөр хүүтэй болгоод тавьж байхад үйлдвэрлэл хөгжиж чадахгүй. Гаднын банк эрсдлээ үүрээд өөрөө Монголд орж ирэг л дээ.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо Цандэлэг:

-Тариаланчид маш хэцүү байгаа. Одоог хүртэл гурилын үйлдвэрт буудай борлуулсан мөнгөө авч чадаагүй байна. Гэтэл үнэ тогтворжуулах төсөл гэж хэлээд их хэмжээний мөнгө гаргасан. Тэр одоо хаана явна вэ. Түүнийг олж бидэнд өгүүлээч ээ. Монголбанкин дээр байна уу, арилжааны банкууд дээр хүүлэгдээд яваад байна уу.

Мөн оноос өмнө бид гадаадаас сэлбэг, ургамал хамгааллын бодис авах захиалга хийх ёстой байсан. Одоо тэр захиалгууд байхгүй болсон. Ирэх жил бид гурил идэх үү, яах вэ. Ирэх жил газар тариалан, үр тариа 40 хувь буурах хандлагатай байна. Үүнд Ерөнхийлөгч та анхаарч өгөөч. Монгол хүн мах, гурилтай байвал хямралын үед өөрсдийгөө болгочихно шүү дээ. Дээрээс нь хэлэхээд тариаланчдад Ерөнхийлөгч та шагнал өгөхөө больсон байна шүү. Та энэ салбарыг анхааладаа аваач ээ.

Үндэсний үйлдвэрлэгчид 888 холбооны зөвлөх Аюуш:

-Эдийн засагт далд байгаа мөнгийг ил гаргах хуулийн төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ ил гарсан мөнгө бодит эдийн засгийн салбарт орох ёстой. Энэ механизм алга байна. Үүнийг суулгаж өгөх хэрэгтэй. Гадаадаас мөнгө орж ирвэл үүнийг зөвхөн Хөрөнгө оруулалтын санд оруулна гэсэн заалт оруулж өгөөч гэж онцгойлон хүсч байна. Хөрөнгө оруулалтын санд хувийн оруулалтын сан гэсэн хэлбэртэй учраас хувийн компанид ч хөрөнгө оруулж болно.

MCS Энержи компанийн гүйцэтгэх захирал Мөнхтөр:

-Чингис бондыг хамгийн оновчтой ашигласан хэлбэр бол Тавантолгойн цахилгаан станц болов уу гэж бодож байна. Төслийг бэлтгэх зардалд 10 сая орчим ам.доллар хэрэгтэй байх гэж бодож байгаа. Ингэснээр Монгол Улсдаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломж гарч ирж байгаа. Эдийн засгийн маш өндөр үр ашигтай төсөл болно гэж бодож байна. Урт удаан хугацаанд үр ашгаа өгөх стратегийн ийм төслүүдэд улс дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй байх аа. Үүн дээр улс зээл биш баталгаа гаргах нь зүйтэй. Өрийн удирдлагын тухай хуультай болох гэж байгаа. Тэгвэл ТЭЦ-5 төсөл Монгол Улсын Засгийн газрын баталгаагаар хэрэгжих ёстой. Өндөр үр ашигтай төслүд дээр өрөө багасгаад баталгаагаа гаргаж өгдөг байх нь зүйтэй болов уу.

Монголын оёдол үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ассоциацийн гүйцэтгэх захирал Жаргалмаа:

-Өнөөдөр тендерийн асуудлыг ярихгүй байж болохгүй нь. Хөнгөн үйлдвэр, оёдлын салбарт тендер 20 гаруй жил булхайтай явж ирлээ. Энд үндэсний аюулгүй байдлын асуудал ч гарч ирдэг. Төрийн өмчит “Бөртэ” үйлдвэр гэхэд өнөөдөр ажилгүй сууж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний жагсаалт байдаг. Тендергүй оёх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг бид удаа дараа гаргаж өгч байсан. Үүнд шуурхай арга хэмжээ авч өгөхгүй бол цэрэг, цагдаа, батлан хамгаалах болоод сурагчдын дүрэмт хувцсыг Хятадаас оруулж ирдэг болсон. ОХУ, Хятадад оёдлын салбар тендэргүй байдаг. Үүнийг анхаарах байх аа.

Хөтөлийн Гахиур-шохойн компанийн захирал Батдорж:

-Дөрвөн асуудал хөндөж хэлье. Нэгд, манайх шиг том үйлдвэрт эрчим хүчний асуудал хүнд байна. Бид сардаа нэг тэрбум гаруй төгрөгийн эрчим хүч хэрэглэдэг. Эрчим хүчний монополь том хуулиас болж цахилгаан түгээх компаниас өртгийн зөрүү гардаг. Хоёрт, шинэ үйлдвэр маань амжилттай сайн ажиллаж байгаа. Тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл гээд асар их зүйлийг бид импортоор оруулж ирдэг. Монголд үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, НӨАТ-аас чөлөөлж өгнө үү. Гуравт, манай шохойн чулууны нөөц өөр компанийн мэдэлд очсон. Үүнийг анхааралдаа аваач ээ. Дөрөвт, хүний нөөцийн асуудал. Үйлдвэр 30 жил болсон учраас анхны инженер, мэргэшсэн ажилчид тэтгэвэртээ гарсан. Сургалт, үйлдвэрийн төвүүдийг үйлдвэрүүдийн дэргэд өгөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол бид боловсон хүчин, материаллаг бааз талд нь анхаарч ажилламаар байна.

Үндэсний үйлдвэрлэгч 888 холбоо Болормаа:

-Батлан даалтын санг нэмэгдүүлэх тал дээр анхаармаар байна. Энэ санг ЖДҮ-д нэмж өгмөөр байна. Банкууд Батлан даалтын сангаар явуулах дургүй байдаг. ЖДҮ хөрөнгө мөнгө муутай, үүгээр нь боомилж унагадаг байж таарахгүй.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Лхагважав:

-Эдийн засгийн ил тод байдлын хуулийг УИХ-аар нэн даруй батлах хэрэгтэй. Санхүү нь булингартай учраас энэ олон компани бүгд хөгжлийнхөө сүүлийн шатанд очоод байна. Ил тод байдлын хуулиар одоо ААН, хувь хүн, төрийн бүх тайлан, балансыг шинээр эхэлье. Шилэн дансны хууль үүнд асар их нөлөөтэй. Татвар төлдөг нь цаашаа явж, төлдөггүй нь зах зээлээс хасагддаг байх ёстой.

Хоёрт, өнөөдөр бүх зүйл өмчийн маргаан дээр очиж байна. Өнөөдөр Монголд төрийн нийтийн хамааралтай өмч буюу газрын хэвлийн баялаг, ой мод, ус гээд нийтийн өмчийг зохицуулсан эрх зүйн акт байхгүйгээс болж зөвхөн төрөөр, улс төрийн намаар дамжиж эдгээр өмчид очдог асуудал байна. Нийтийн хамааралтай өмчийн тухай хууль гарснаар эдгээрт цэвэр өрсөлдөөний зарчмаар ханддаг болно.  Би Ерөнхийлөгч санаачилсан гэж бодож байна, Арбитрын шүүхийн тухай хууль байгаа. Бизнесийн таатай орчныг бүрдүүлдэг ганц шүүх бол Арбитрын шүүх юм. Эдгээр эрх зүйн орчинг бүрдүүлээд өгвөл манай бизнесийнхэн хүндрэлийг өөрсдөө даваад явчихна.

Үндэсний хөгжлийн хүрээлэн Энхбайгаль:

-Каластерийн чиглэлээр хөгжих маш их боломж харагддаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид хоорондоо хамтарч ажиллавал маш их олон асуудал шийдэх боломж байна.Бусад орныг харахад 100 км-ийн радиус дотор сайн дураараа хамтарч болно. Үйлдвэрлэгчид өөр хоорондоо харилцан ашигтай хамтарч ажиллах боломж байгаа. Технологи авах, хүмүүсээ сургах зардал, бусад зардлаа дундаасаа гаргах боломжтой.Манай үйлдвэрлэгчид дотоодын зах зээл дээр өрсөлдөхөөсөө илүү гадаадын, олон улсын зах зээл дээр өрсөлдөх нь чухал байна. Үйлдвэрлэгч бүр тус тусдаа үйлдвэр байгуулах гэж зүтгэж байна. Тэгснээс каластер хэлбэрээр хамтарч зохион байгуулалтад орвол илүү их боломж харагдаж байна.

“Өгөөж” компанийн захирал Түмэнгэрэл:

-Ерөнхийлөгчийн хэлдгээр бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй. Тэгэхийн тулд төртэйгээ хамтарч ажиллая.Төр маань 2 хөршдөө Монголд үйлдвэрлэсэн барааг чөлөөт худалдааны хэлэлцээгээр татваргүй, эсвэл бага татвартай гаргах тал дээр ажиллаж өгөөч. Мөн үйлдвэрлэлийн соёл хэрэгтэй байна. Хөдөлмөрийн хуулиа өөрчилмөөр байна. Хүмүүс ажлын байрны үнэ цэнийг мэдэхгүй байна. Төр, засгийн зүгээс бид хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэдэг ойлголтыг ард түмэнд өгмөөр байна. Халамжаар сайхан амьдарна гэж ойлгуулснаас болж юм л бол халамж авах хүсэлтэй болоод байна.

Монголын сүүний нэгдссэн холбооны тэргүүн Амарцэнгэл:

-Номиналь хэрэглээгээр бодоход зөвхөн Улаанбаатарын иргэдэд 200 гаруй тэрбум төгрөгийн сүү хэрэглэх зах зээл байдаг. Гэтэл бид үүний 80 хувийг импортлож байна. Санхүүжилтээс болоод сүүний үйлдвэрлэл хөгжүүлэхэд бэрхшээл үүсч байна. 24 хувийн хүүтэй зээлээр явахад өрсөлдөх чадвар үнэхээр алга. Нийслэлээс фермерүүдэд хөрөнгийн эх үүсвэр тавьсан боловч банкны системээр ороод жижиг, дунд фермерүүдэд хүртэхээ больсон. Тэднийг дэмжих хөрөнгийн асуудлыг арай өөрөөр зохион байгуулмаар байна. Арилжааны банкнаас гарч ирдэггүй байдалд оруулмааргүй байна. Стратегийн хүнс үйлдвэрлэж байгаагийн хувьд төрөөс зайлшгүй дэмжлэг хүсэх шаардлагатай байна. Литр шингэн сүү тутамд олгох урамшууллыг яаралтай олгож өгөөч ээ. Мөн улсын өрийн таазыг нэмэхийг үйлдвэрлэгчид дэмжиж байгаа гэж ойлгож байна. Мөнгөгүй бол бид юу үйлдвэрлэх юм бэ.

“Монполимет” үйлдвэрийн зөвлөх Гарамжав:

-Монголд үнэхээр үйлдвэржих цаг үе иржээ. Олон хүн үйлдвэр байгуулахаар хэр хэрдээ ажиллаж байна. Илүү шилдэг технологитой, эко, орчин үеийн стандарт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг  Монголдоо нэвтрүүлснийг нь тусгайлан дэмжиж байвал яасан юм бэ. Тог цахилгаан хэмнэдэг, ус багатай говийн бүсэд ус бага хэрэглэдэг, эрчим хүчинд хэмнэлттэй, ийм сүүлийн үеийн үйлдвэрүүдийг нэвтрүүлэх шардлагатай байна. Үүнийг онцгойлон дэмжих нь зүйтэй. Үйлдвэр байгуулахад олон яамнаас зөвшөөрөл авдаг. ЖДҮ-ийг гаалийн татвараас чөлөөлөхдөө адилгүй, шударга бус ханддаг. Үүнийг шударга болгож өгөөч.Мөн тогтвортой хөгжлийн бодлого барихгүй байна.

Үндэсний үйлдэрлэгч 888 холбоо:

-Бид 20 гаруй жил хөгжлийнхөө цогц хэлбэрийг олоогүй явсныг Ерөнхийлөгч олж харсан байна.Бид Үндэсний үйлдэрлэгч 888 гэсэн ТББ байгуулаад явж байна.Гэтэл яамдад хаалттай тулгарч байна. Бид бол Монгол Улсын хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр хангах чиглэлд л явж байгаа хүмүүс. Бидний асуудлыг анхаарч тусалж дэмжээрэй.

888 холбоо,Батбаяр:

-Барилгын материалын үйлдвэр байгуулахаар 10 жил явж байна.Өнгөрсөн зун Москвад очиж 4 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Гэвч Төрийн банкны хүнд суртлаас болж саатаад байна.

Монголын хүлэмжийн аж ахуйн холбоны тэргүүн Оюунчимэг:

-Бид 2014 онд Чингис бондоос зээл авч 10 га-гийн хүлэмж байгуулсан. Удахгүй бидний шинэ ургацын ногоо гарна. Өргөст хэмх, лооль, чинжүү, гүзээлзгэнэ, мөөг тарьж байна. Гэтэл импортын ногооноос болж үнэ унаж байна.Энэ төрлийн импортын ногоог татвартай болгож өгөөч гэж хүсч байна. Чингис бондоос 6-7 тэрбум төгрөг үлдсэн. Хөгжлийн банк, Голомт банкнаас энэ мөнгийг яаралтай гаргуулаач ээ. Үйлдвэрлэлээ өргөтгөх ажлыг тээврийн зардал бага байгаа энэ үед хиймээр байна.

Монголын Ой модны үйлдвэрлэгчдийн холбоо, Маамуу:

-Оффисынхоо ширээ сандлыг солих газрууд дотоодын үйлдвэрээсээ аваарай гэж Ерөнхийлөгч хэлсэнд их баярлалаа. Шинэ сургуулийн хүүхдүүдийн ширээ сандлыг хийгээд өгчихөд л модон эадлэл үйлдвэрлэгчид маш амархан сэхнэ гэж бид олон жил ярилаа. Гэтэл тендер нэрээр Хятадаас чанаргүй зүйл оруулж ирж байна.Сурагчийн ширээ, сандлыг гаднаас битгий аваач ээ. Сургууль, цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн тавилгыг бид хийж өгөхөд модны салбар босоод ирнэ.

Арьс, ширний холбооны УЗ-ийн гишүүн Зоригт:

-Монголд үйлдвэрлэдэггүй утас, зүү зэргийг гаалийн татвараас чөлөөлж өгөөч. Дотоодод үйлдвэрлэж байгаа бүх төрлийн хүүхдийн хувцсыг НӨАТ-аас чөлөөлж өгмөөр байна. Ажлын байр өргөтгөхөд хөрөнгө мөнгө гаргаж өгдөг баймаар байна.

Майтез компанийн гүйцэтгэх захирал Ганбат:

-Манай үйлдвэр Монголын ургамлын тосны хэрэгцээг 100 хувь хангах үйлдвэр юм. 2014 онд ашиглалтад орсон. Ургамлын тос, түүнээс гарч байгаа шавхдасыг НӨАТ-аас чөлөөлж өгнө үү. Хүний нөөц тааруу, яам, тамгын газруудад мэргэшсэн хүмүүс тавиагүйгээс ажил цалгардах байдал ажиглагддаг.

Үндэсний шилдэг 100 брэнд төсөл:

-Манай төсөл эдгээр хүмүүсийн хийж бүтээж байгааг цэнхэр дэлгэцээр дамжуулж нийтэд хүргэдэг. Үндэсний шилдэг 100 брэнд төслийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр хийж байна. Үүндээ төр, засгаас  сохор зоос ч аваагүй. Энэ төслийг цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч зохион байгуулах хүсэлтэй байна.

Ноос, ноолуурын холбоо Бадамханд:

-Бид энэ 23 жилд үзээгүй хямралаа үзэж байна. Борлуулалт юу ч үгүй алга болдгийг анх удаа үзлээ. Монгол үйлдвэргүй биш, үйлдвэртэй болчихсон. Болчихсон үйлдвэрээ дэмжээч ээ. ЖДҮ-үүд сөхрөх гэж байгааг анхааралдаа аваач. Татвар дээр асуудал байна. Дөрвөн 10-ын бодлогоо дөрвөн 5-ын бодлого болго. Эсвэл бүх нийтээрээ татвар төлдөг бол. Оюутолгой, өрийн тааз 2-ыг хөдөлгөж байж хямралаас гарна шүү. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үйлдвэрүүдээр явж үзмээр байна. Нүдээрээ үзээд юм хийж байгаа хүндээ зээл өгөөч ээ. БНСУ-д эмэгтэй захиралтай компаниудын жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 5-10 хувийг төр нь худалдаж авдаг. Ингэж худалдан авалтын бодлого барьдаг. Байгууллагын дэргэдэх цэцэрлэг гэдэг санаачлагыг Ерөнхийлөгч гаргасан. Манайх дэргэдээ 115 хүүхдийн цэцэрлэг байгуулсан. Гэтэл хувьсах зардлыг бүрэн хүчин чадлаар нь биш, тухайн байцаагч орж ирж тоолсон өдөр хэдэн хүүхэд байсан тоогоор олгодог нь буруу байна.

Монголын махны холбооны дэд ерөнхийлөгч Төмөрбаатар:

-Өнгөрсөн 9 дүгээр сарын байдллаар ОХУ, Монголын хооронд махны чиглэлээр хэлэлцээ хийгдсэн. Тэр дагуу бид банкнаас жилийн 18 хувийн хүүтэй зээл авч махны экспортын тал дээр түлхүү ажиллахаар шийдсэн. Гэтэл квот байхгүй болсон. Сарлагийн мах 1000 тонныг бэлтгэж гаргасан. Одоо складад 2000 тонн сарлагийн, 2000 тонн адууны мах хадгалаастай байна. Нөгөө сайхан уриа лоозон ингээд суучихлаа. Дотоодын зах зээлд эдгээр мах борлогдохгүй. Оросын хиам, консервын үйлдвэрт л борлогдоно.

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Эрдэнэбат:

-Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд 5 жилийн хугацаатай зээлээр хөгжүүлж болохгүй байна.10-15 жилийн хугацаатай зээлээр хөгжинө үү гэхээс биш үйлдвэрээ шинээр байгуулах гэж 1-2 жил, ажилчдаа сургах гэж 2-3 жил гэсээр 5 жил нь дуусчихдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр бодит байдалд нийцэхгүй байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллийнхэн үнэгүй сурталчилж байх хэрэгтэй. Гадаадын орнуудын туршлагаас харахад эхлээд бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглээд дараа нь гадаад руу экспортолдог.Түүнээс биш шууд үйлдвэрлээд экспортод гаргана гэж байдаггүй. Манай холбоо хөдөөгийн 12 аймагт ноос угаах үйлдвэр нээсэн. Гэтэл хөдөө ажиллах хүн олддоггүй. Улаанбаатараас хөдөө орон нутаг руу шилжин ажиллаж байгаа хүмүүст урамшуулал олгодогсон уу, ямар нэг хөшүүрэг баймаар байна. Дараагийн асуудал бол манай дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг дөнгөж хийнгүүт урд хөршид үйлдвэрлээд оруулаад ирдэг. Гаалийн 5 хувиа ч төлөлгүйгээр гаальтай машинаар орж ирэн хамгийн хямд үнээр маш чанар муутай бүтээгдэхүүн ард түмний гар дээр очдог үүнийг таслан зогсоомоор байна.

Герман-Монголын хамтарсан “ГерМонгаз” компанийн төлөөлөл Мөнхтуяа:

-Манайх бол Монгол Улсад маш ихээр байдаг хямд үнэтэй хүрэн нүүрсийг ашиглаж Монголын стратегийн чухал бүтээгдэхүүн болох бензин үйлдвэрлэх зорилготой төрийн өмчит компани юм. 51 хувь нь төрийн өмчтэй гадаадын хөрөнгө оруулалттай компани. Манай компанийн зүгээс Эрдэнэс МГЛ дээр байгаа Шивээ- Овоогийн 540 сая тонн нүүрсний лицензийг төрийн компаниас төрийн компани руу шилжүүлээд энэ үйл ажиллагааг цааш нь явуулах боломж байна. Үүнийгдэмжиж өгөөч хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд хэлэх гэсэн юм.

“Өүлэн менч” ХХК-ийн Ерөнхий захирал Буянбаатар:

-Үйлдвэрлэгчид бид өнөөдөр худалдаачидтай тэмцээд, өрсөлдөөд байна. Гаальтай машиныг олон жил ярилаа. Үүнийг таслан зогсоож өгнө үү. Шилэн гаальтай болж болдоггүй юм уу. Худалдаачдыг нэгтгэсэн яам газар, эзэнтэй болгож өгөөд бодлогын түвшинд биднийг хооронд нь уялдуулж ажиллуулбал болох байна.

Ёндонсамбуу:

-Төрийн үүрэг функц хөшүүн байгаа нь Засгийн газрын эрх үүрэг аж ахуйн ажилд багадаад байгаагийнх юм. Жаахан татвар тогтоох гэтэл УИХ дээр бүх зүйл шийдэгдээд уначихаад байдаг. Тиймээс Засгийн газрын эрх, үүргийг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн манайхан НӨАТ-аас чөлөөлүүлнэ гэж их яриад байна. Үүнийг зүгээр нэг хэрэгжүүлж болмооргүй байна. Нийт бүтээгдэхүүнийхээ 30-40 хувийг экспортолж байгаа тэр үйлдвэр, аж ахуйн газруудын дотоод борлуулалтыг НӨАТ-с чөлөөлнө гэсэн хуулийн заалтыг оруулж өгвөл зөв болох болов уу гэж бодож байна.

Дараагийн асуудал бол нутагтаа гадаадын банк ажиллуулдаггүй гуравхан орон дэлхийд байдаг юм байна. Тэр нь Хойд Солонгос, Монгол, Куба. Гадаадын банк ороод ирвэл бид заавал 20 хувийн зээлд унаад байх шаардлагагүй. Тэндээс зээл аваад улсаа хөгжүүлье л дээ. Бас хувьчлалаар том том үйлдвэрүүдийг хувьчилсан.Зарим нь үйлдвэрлэл явуулаад сайхан байна, зарим нь зараад үрээд хаясан. Зориулалтаар нь ажиллуулаагүй хуучин аж ахуйн газруудын том байруудыг үйлдвэр болгомоор байна. Тэгэхгүй бол түрээсээр жижиг үйлдвэрүүд хөгжих боломжгүй байна.

Элс, хайрга, дайрга үйлдвэрлэдэг Карьер ХХК-ин захирал Баяраа:

Яамд сүүлийн жилүүдэд эзэнгүй болж байна. Улс төрийн томилгоогор мэргэжилийн бус хүмүүс яамыг толгойлж байна. Инженерийн засаглал гэж юм байхгүй. Шинжлэх ухааны монополь гэж байхгүй, эрх зүйт төрийг шүтэж ирсэн.Яамдад сонгуулийн сурталчилгаанд явсан намуудын гишүүд л орон тоо бөглөж байгаа энэ цаг үед Монгол Улс шинжлэх ухаангүй улс болсон.

Монголын уул уурхайн зөвлөх инженерүүдийн төвийн тэргүүн Сарантуяа:

-Үйлдвэрлэлийн үндсийн үндэс бол эрдэс баялаг.Сүүлийн жилүүдэд улсын төсвөөс санхүүжигдээд геологи хайгуулын ажил хийгдсэнгүй. Ийм учраас геологи хайгуулын ажлыг дэс дараатай, стратегитэй, бодлоготой хийх талаар анхаараач ээ хэмээн хүсмээр байна. Уул уурхайн салбарын 87 хувьд нь эрчүүд ажиллаж байна. Хүнд хүчир нөхцөлд ажиллаж байгаа эрчүүдийн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаар тусгайлсан заалтыг хуульд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн саналаа хэлье гэв.

Эх сурвалж http://www.info.mn

Ц.Элбэгдорж: Бид үнэхээр нэрээ боддог хүмүүсийн үр сад юм бол хувийн хэвшлээ, үйлдвэрлэгчдээ бодох цаг болжээ
Ц.Элбэгдорж: Бид үнэхээр нэрээ боддог хүмүүсийн үр сад юм бол хувийн хэвшлээ, үйлдвэрлэгчдээ бодох цаг болжээ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.