Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо “Үйл ажиллагааны зардал” гэх нэрээр нэг хувийн шимтгэл авдаг. Банкуудын мөрдөж буй журмаар, нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая, хоёр тэрбум бол 20 сая төгрөгийн шимтгэл авах жишээтэй. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн” гэж үзэн шимтгэл авахаа зогсоох хугацаатай шаардлагыг өнгөрсөн зургадугаар сард арилжааны банкуудад хүргүүлсэн байдаг. Гэвч банкууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй ШӨХТГ-ыг шүүхэд өгснөөр олон сар болсны эцэст уг маргааныг шүүх анхан шатны хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд болсон юм. Анхан шатны шүүхээс арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг “Хууль бус үйл ажиллагаа учир иргэдийн хохирлыг барагдуул” гэсэн шийдвэр гаргасан Тиймээс зээлийн нөхцөл бүрээс нэг хувийн шимтгэл авснаа банкууд иргэдэд эргүүлэн төлнө гэсэн үг. Шимтгэл нэрээр иргэдээс хэчнээн төгрөг авсныг тооцоолж гаргах хүндрэлтэй ч нарийн тооцвол олон их наяд төгрөг болох нь гарцаагүй. Харин банкууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх нь одоогоор бүрхэг байна. Шүүхийн шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах боломжтой. Харин шүүхийн шийд- вэрийг арилжааны банкуу дад гар дуулан өгөх гэсээр байтал шинэ жилийн баяр болсон. Гэхдээ шинэ жилийн баярын дараа гардуулан өгсөн бол одоо давж заалдах боломжтой 14 хоног үргэлжилж байгаа гэсэн үг. Энэ талаар Монголын банкны холбооны нэгэн ажилтанаас тодруулахад шүүхээс “Банкууд буруутай” гэсэн шийдвэр гараагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд агуулгын хувьд буруу байна. Гэсэн ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хүн одоогоор байхгүй” гэх хариултыг өгсөн юм. Ер нь манай улсад банкны зээлгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй Хэрэв банкууд давж заалдалгүй шүүхийн шийдвэрийг биелүүлбэл олон хүн шимтгэл нэрээр төлсөн мөнгөө буцааж авна. Энэ нь эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед иргэдийн амьдралд багагүй дэм болох нь дамжиггүй. Гэвч арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйн тулд элдвийн арга саам сэдэх нь тодорхой.
Зээлийнхээ хүүг бууруулаагүй байж шимтгэл авч байгаа нь буруу
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун:
-Үйлчилгээний хөлс гэж авах ёстой. Гадаадын олон оронд үйлчилгээний хөлс авдаг жишээ бий. Үйлчилгээ үзүүлж л байгаа юм чинь хөлсөө авах ёстой шүү дээ. Энэ хөлс нь хүүний бус орлогыг бүрдүүлдэг. Олон улсын практик, онолд хүүний бус орлогыг бүрдүүлж байгаа тохиолдолд зээлийн хүү буурах тогтолцоо байдаг. Харин зээлийнхээ хүүг бууруулаагүй байж энэ шимтгэлийг авч байгаа нь буруу. Зээлийн хүүний бус орлого нэмэгдэж байхад хүү нь буурч байх ёстой. Шимтгэл авч л байгаа бол зээлийнхээ хүүг бууруулахыг арилжааны банкуудад шахах нь зүйтэй. Зээл авсан иргэдийн төлсөн шимтгэлийг буцааж олгоно гэдэг бол санхүүгийн нэлээд нарийн тайлан шинжилгээ хийж байж өгөх үгүйг шийдэх байх. Түүнээс биш шууд “өг”, “ав” гэдэг зүйл байх боломжгүй. Угаасаа арилжааны банкууд үйлчилгээ явуулсан зардалдаа шимтгэлээ шингээж байгаа шүү дээ.
Зээл авсан иргэдийн төлсөн нэг хувийг буцаан олгох боломжгүй байх
Эдийн засагч, шин жээч, судлаач Ч.Анхбаяр:
-Арилжааны банкуудын авч байгаа шимтгэл нэг хувь байх үгүй нь эргэлзээтэй байдаг. Яахав тухайн банк дотроо олон салбартай учраас “Зардлаа үйл ажиллагааны хөлсөнд шингээгээд нэг хувь болдог” гэж байгаа бол миний бодлоор нэг хувь биш зээлийнхээ дүнгээр ярих ёстой. Өөрөөр хэлбэл, зээл олгоход үйл ажиллагаанд хэдэн төгрөгийн зардал гаргадаг, тэр дүн нь тогтмол байх ёстой л доо. Ер нь зээл авсан иргэдийн төлсөн шимтгэлийг буцааж олгоно гэдэг боломжгүй байх. Энэ шимтгэлээ банк өөрөө “Орлого” гээд бүртгэсэн байдаг. Буцаалаа гэхэд бүртгэлээ ямар байдлаар шийдэх вэ гэх мэт асуудал их гарна. Тиймээс ийм боломж байхгүй л болов уу.
Шимтгэлийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдаг
Иргэн Ө.Эрдэнэчулуун:
-Би “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас “ХААН” банкаар дамжуулан бичил зээл авдаг. Нэг сая төгрөгийн зээлийг гурав дахь удаагаа авч байна. Ер нь зээл авах болгондоо шимтгэл өгдөг. Тухайлбал, нэг сая төгрөгийн зээл авахад шимтгэл төлөөд, нотариат, хувилагчийн мөнгө гэж суулгасаар гар дээр 980 гаруй мянган төгрөг ирдэг юм. Тэгсэн хэрнээ зээлээ эргүүлэн төлөхдөө сая төгрөгийн хүү төлдөг. Миний авч буй зээл их биш болохоор шимтгэл нь бага. Гэтэл олон сая төгрөгийн зээл авч байгаа хүний хувьд тэр хэрээрээ шимтгэл их төлдөг юм билээ. Яах ч аргагүй мөнгөний хэрэг гараад л зээл авч байгаа болохоор шимтгэлийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдаг. Түүнээс биш зээл авч илүү мөнгө төлөхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Банкуудын энэ үйл ажиллагааг шүүхээс “Хууль бус” гэж тогтоосон гэсэн. Гэхдээ авсан шимтгэлийг энэ удаад буцаан олгохгүй л биз дээ. Харин цаашид шимтгэл авдаггүй болбол сайн байна.
Нэг хувийн шимтгэл, хүү гээд иргэдийг маш их шулдаг
Иргэн Ц.Оюунлхам:
Манайх ХХI хороололд байр худалдаж авах гэтэл мөнгө дутаад “Капитал” банкнаас 40 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үедээ үйл ажиллагааны зардал гэж нэг хувийн шимтгэл авсан. Сар бүр гурван сая 300 мянган төгрөг төлдөг. Манай нөхөр Солонгост ажиллаж байгаа болохоор зээлээ цаг тухайд нь төлж байна. Түүнээс биш энд ажиллаж байсан бол сар бүр энэ хэмжээний мөнгө төлнө гэдэг бидэн шиг залуу гэр бүлд хэцүү шүү дээ. Ээж маань хувиараа худалдаа хийдэг болохоор банкнаас үргэлж зээл авдаг. Тэр болгондоо л зээлийн шимтгэл өгдөг. Ер нь айл бүр аль нэг банкинд тодорхой хэмжээний зээлтэй. Тэр болгоноос нэг хувийн шимтгэл, хүү гээд иргэдийг маш их шулж байгаа шүү дээ. Үүнийг зогсоох л хэрэгтэй.
Шүүхийн шийдвэрийг дагах л ёстой шүү дээ
Иргэн Ш.Мягмардэлгэр:
-Нөхөр бид хоёр төрийн албан хаагч гэдэг утгаараа 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж байр авсан. Урьдчилгаа 30 хувийг нь бэлнээр төлсөн. Харин үлдэгдэл 70 хувь буюу 30 сая төгрөгийг банкнаас зээлсэн. Үүний нэг хувь болох 300 мянган төгрөгийг банк шимтгэл болгож авсан. Уг нь иргэдийн авсан зээлээс шимтгэл авах ёсгүй шүү дээ. Тэртээ тэргүй банк хүүгээ авч байж дээр нь шимтгэл авахаар иргэдэд давхар дарамт болдог. Хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу авсан шимтгэлээ буцааж олговол сайн л байна. Хэнд ч мөнгө хэрэгтэй. Ер нь шүүхийн шийдвэрийг хэн ч байсан дагах л ёстой шүү дээ
Эх сурвалж http://www.info.mn