Хамгийн хачирхалтай нь, энэ яамыг нам нэгт нөхөр Н.Удвал удирдаж байсан атал эгээ л эсрэг өрсөлдөгч намынхаа хүмүүсийг толгой дараалан хяргаж, заналтайгаар хомроглон халж байгаа гэнэ. Түүний эрээ цээргүй авир нь олны дургүйцлийг төрүүлж эхэллээ. Саяхан болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал дээр энэ талаар шударга гишүүд нь хурцхан шүүмжлэл өрнүүлэхэд Г.Шийлэгдамба сайд үзэгдэх нь бүү хэл сүүлээ хавчаад арилжээ.
Түүнд хоёр л ажил байдаг. Нэг бол хүмүүсийг халах, эсвэл БНСУ явж Н.Энхбаяр эзнээсээ зарлиг авах. Энэхүү халаа сэлгээг намын даргаасаа авсан даалгавар, түүнийг нь ягштал биелүүлж байгаа гэх хүмүүс ч байна. Хачирхалтай нь, энэхүү эрээ цээргүй авираа салбарын сайд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн заавраар хийж байгаа юм хэмээн ам таглах болжээ. Г.Шийлэгдамба эхлээд яамны удирдлагыг ийнхүү 100 хувь халаад, өөрийн дураар тонгочиж, “загас усанд мөргүй” мэхээр ажиллахаар зэхэж байна. Одоо түүний өдрийн бодол шөнийн зүүд нь эрүүл мэндийн салбарыг идэх уух уурхай гэж үзэн, яамны Төрийн нарийн бичгийн даргад өөрийн хармааны найз Халдвар судлалын Үндэсний Төвийн захирал Л.Төмөрбаатарыг үхэн хатан зүтгүүлж байгааг эх сурвалж хэлж байна. Л.Төмөрбаатар нь Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн баз хүргэн бөгөөд эх сурвалжийн хэлж байгаагаар эмнэлгээс төрсөн тэрбумтан гэх.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ яамны Төрийн нарийн бичгийн даргаар өөрийн найз, Сувилахуй ухааны сургуулийн захирал, хатагтай Н.Одонгоог санал болгосон ч Г.Шийлэгдамба сайд мэдээж өөрийн хүнээ зүтгүүлэхээ урьтал болгож буй гэх яриа байна. Эрүүл мэндийн салбарыг эрх ямба, их хөрөнгө хэмээн эндүүрч, эрээ цээргүй авирлаж байгаа эрхэм сайдын занганд сөгдөж, унасан гэгдэх салбар нь улам шалдаа бууж, шал дордох угтвар бүрэлджээ. Эх сурвалж www.wikimon.mn
www.wikimon.mn