Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэллээ. Том төрөөс ухаалаг төрд шилжих анхны алхам Шилэн дансны тухай хууль болж байна. Товчхондоо, уг хуулийн агуулга шилэн данс гэх нэртэйгээ салшгүй холбоотой. Төрийн байгууллагын төсөв, санхүүтэй холбоотой бүх мэдээлэл шилэн буюу ил тод, нээлттэй байх ёстой гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд “Татвар төлөгчдийн мөнгөөр албан тушаалтнууд амарч зугааллаа”, “Ах дүү , хамаатан саднаа тендерт сонгон шалгарууллаа”, “Иргэдийн хөлсөө урсгаж олсон мөнгийг цагаан захтнууд гарын салаагаар урсгаж байна” гэх мэдээллүүд ар араасаа хөвөрдөг байсан. Яг үнэндээ иргэдэд хяналт тавихаасаа илүүтэй хардах эрх нээлттэй байв. Харин одоо Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр татварын мөнгийг яам, агентлагууд юунд зарцуулж байгааг иргэд мэдэхээс гадна хяналт тавих эрхийг нь хуульчилж өглөө. Их эзэн Чингис хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүхэн надад сануулж бай” хэмээн зарлигдсан шиг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснийг албан тушаалтнууд өглөө бүр санаж явах” хэрэгтэйг нэгэнтээ сануулсан. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд төсөв мөнгөний зарцуулалтаа ил тод болгохыг гараа өргөн дэмжихгүй нь ойлгомжтой. Ерөөсөө хүн бүр дарга болохоор зүтгэж байгаа нь эрх мэдэл, мөнгөтэй холбоотой гэвэл хилсдэхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төсөл дураараа дургидаг дарга нарыг гонсойлгосон нь лавтай. Тэгвэл саяхан мэндэлсэн Шилэн дансны тухай хуулийн төслийн хэрэгжилт бодит байдалд ямар байгаа нь сонирхол татлаа. Тиймээс“Шийдлийн” Засгийн газрын бүх яам болон агентлагийн цахим хуудсаар зочилж, шинэ хуулийн хэрэгжилтийг шалгав. Яамдын олонхи нь шилэн данс гэх цэсийг өөрийн байгууллагын цахим хуудастаа нээжээ. Өнгөрсөн ням гаригийн байдлаар Уул уурхайн яамны цахим хуудаст шилэн данс гэх цэсийг ч байршуулаагүй байсан юм. Харин Гадаад хэргийн болон Зам тээврийн яам шилэн дансны цэс байршуулсан ч дотор нь төсвийн орлого, зарлага, бусад гүйлгээний талаар ямар ч мэдээлэл алга. БСШУЯ цэсээ байршуулсан ч төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын талаар мэдээлэл тавиагүй байлаа. Хууль зүйн яамны хувьд“Мэдээлэл бэлдэж байна” гэсэн тайлбарыг цахим хуудастаа байршуулжээ. Өөрөөр хэлбэл, Шилэн дансны хууль аль хэдийнэ хэрэгжиж эхэлсэн ч яамд бэлтгэлээ бүрэн хангаагүй байна. Зарим яамдын шилэн данс гэх цэсэнд байршуулсан мэдээлэл харилцан адилгүй байна. Эрүүл мэнд, спортын яам Эрүүл мэндийн сайдын багцын2014 оны тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, их засварын санхүүжилтийн талаар мэдээлсэн байхад Хөдөлмөрийн яам төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн туслах цэс байгаа ч мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл, яамдууд шилэн данс гэх цэсээ цахим хуудастаа дөнгөж байршуулж амжжээ. Ерөнхийдөө яамд санхүүгийн тайлан мэдээллээ огт байршуулаагүй, шилэн данс гэх цэс рүү орохоор хоосон байна гэсэн үг. Санхүүгийн гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан яам “Өдрийн од шиг” цөөхөн байна. Агентлагуудын олонхи нь шилэн данс гэх цэсээ нээсэн ч дээрх яамдтай адил ямар ч мэдээлэл байршуулаагүй байх юм. Уг нь хуулийн төсөлд “Санхүүгийн тайлан тооцоо, шийдвэрийн талаар тодруулга өгөх албан тушаалтны утасны дугаарыг тавина” хэмээн заасан. Гэвч нэг ч хүний утасны дугаарыг олж харсангүй. Шилэн дансны тухай хуульд иргэд хяналт тавих юм. Хэрвээ тухайн байгууллага нь иргэдийн санал гомдлыг хүлээж авахгүй бол төрийн аудитын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Түүнчлэн иргэд татвар төлөгчдийн эрх ашгийг зөрчлөө гэж үзэх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандаж болно. Төрийн байгууллагын албан тушаалтан Шилэн дансны тухай хуулийг зөрчсөнийг хууль хяналтын байгууллагаар тогтоосон тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульд заажээ. Уг нь Шилэн дансны тухай хуулийн төслийн талаархи хэлэлцүүлэг, сургалт, судалгааг төрийн байгууллагуудад олон удаа явуулсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ч иргэний танхимд энэ хуулийн тухай хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, иргэд, яам, агентлагийн төлөөллийг оролцуулан нэг бус удаа хийж байв. Гэвч Шилэн дансны тухай хуулийг бодит байдалд хэрэгжүүлж байгаа нь цөөхөн байна. Энэ хуулийн тухай улстөрчид өнгөрсөн жилээс хойш ярьж, хэрэгжээд дөрөв хонож байхад дөнгөж цэсээ байршуулж, гараанаасаа гарч байна. Уг нь бүх ажлыг жин тан болгох хугацаа яамдад хангалттай байсан ч шинэ жилийн баярыг далимдуулж ажлаа цалгардуулсан байдалтай байна.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж : www.unen.mn