Comment.mn

Эмнэлгүүдийн төсвийг танаснаар иргэд эм тариагаа өөрсдөө авчрах болжээ

Эмнэлгүүдийн төсвийг танаснаар иргэд эм тариагаа өөрсдөө авчрах болжээ

Энэ удаагийнхаа сурвалжлагыг III шатлалын томоохон эмнэлгүүдээс бэлтгэлээ. Амьсгалын замын өвчин болох томуу, томуу төст өвчин эрчимтэй ихэсдэг улирал бол өвөл. Тийм ч учраас эмнэлгүүдийн ачаалал энгийн үеийнхээс эрс нэмэгдсэн байдалтай байна. Гэтэл ийм цаг үед эмнэлгүүдийн төсвийг танаж байгаад ажилчид болоод иргэд тийм ч таатай хандахгүй байв. Учир нь танасан төсвийн зөрүүг бүрдүүлэхийн тулд эмнэлгүүд зарим нэг үйлчилгээгээ төлбөртэй болгож эхэлжээ. Энэ нь эдийн засгийн хямралаа давж чадахгүй сөхрөхдөө тулсан иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгааг тэд онцолж байсан юм. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд манай улс эмийн нөөцөд зориулж 68-69 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Харин энэ онд дээрх төсвийг 60 тэрбум төгрөг болгон танажээ. Үүнийг “Инфляци”-тай уялдаагүй, нүдээ олоогүй шийдвэр гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа аж. Энэ өвөл өмнөх жилүүдээс цас багатай, нэлээд дулаахан өвөл болж байна. Гэхдээ томуу, томуу төст өвчин буурахгүй харин ч нэмэгдэх хандлагатай байгааг бидний очсон эмнэлгийн эмч нар хэлж байсан юм. Ханиад хүрч, хатгалгаа туссан, баярын өдрүүдээр хоолны хордлго болсон, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хөлдөж, бэртэж гэмтсэн, ужиг өвчин нь сэдэрсэн олон иргэн эмнэлгийн хаалгыг татаж, урт дараалал үүсгэж байв. Бид хамгийн түрүүнд III эмнэлгээр орсон юм. Тус эмнэлгийн амбулатори, клиникийн тасаг нэлээд ачаалалтай байв. Тэнд ирсэн хүн бүр эмчид үзүүлж оношоо тодруулан, эмчилгээ хийлгэж, эрүүл саруул болох нэгэн зорилготой. Гэхдээ тэдний энэ зорилго ямар нэгэн шалтгаанаас үүдэн амархан бүтэхгүй байх нь олонтаа. Тухайлбал, үзлэгийн урт дараалал, орны хүрэлцээ, төсөв мөнгө хангалтгүй зэргээс шалтгаалж, тэдний зорилго биелэх нь хойшилдог. Аль эсвэл өртөг өндөртэй хувийн эмнэлгийн хаалгыг татахад хүрдэг байна.

 Яаралтай тусламжийн эм тариаг таслахгүйн тулд бусад тасгийн төсвийг танажээ

III эмнэлэг олон хүний хөлд дарагдсан байв. Тус эмнэлгийн амбулаторийн үйлчилгээний хувьд зарим тохиолдолд хиймэл ачаалал үүсдэг гэдгийг эмнэлгийн ажилчид онцолж байв. Учир нь, эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх дугаар авсан үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь тухайн өдөртөө ирж үзүүлдэггүй байна. Энэ нь аль аль талдаа хүндрэл учруулж, хиймэл ачаалал үүсгэдэг гэнэ. Олон хоног хүлээх боломжгүй хүмүүс тэр дундаа хөдөө орон нутгийнхан дарааллаа хүлээхээс цааргалж, хувийн эмнэлэгт ханддаг аж. Ингээд ирэх цагтаа ирдэггүй нөгөөх хиймэл ачааллыг үүсгэж, дараа дараагийн хүндээ чирэгдэл учруулдаг байна. Харин клиникийн бүх тасгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн гэдгийг хэлж байлаа. Хэвтэн эмчлүүлэх иргэд урт дараалал үүсгэжээ. Энэ нь ачаалалтай гэдгийг бодитоор харуулж байв. Түүн дотор орон нутгийн иргэд нэлээд харагдаж байв. Гэхдээ тэдэнд богино хугацаанд хэвтэн эмчлүүлэх боломж гардаггүй байна. Тухайлбал, мэдрэл болон зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлэх өвчтөн 7-14 хоног хүлээдэг гэнэ. Эмнэлгийн ачаалал ийн эрс нэмэгдэх болсон нь хэд хэдэн шалтгаантай аж. Тухайлбал, иргэд өөрсдөө хэвтэн эмчлүүлэх эмнэлгээ сонгож байгаатай хамааралтай. Нөгөө талаар өнгөрсөн оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эмнэлгүүдийн төсөв хүндэрсэнтэй холбоотой. Багахан төсөвтэй учраас эмч нар шаардлагатай эм тарианы мөнгө хангалтгүйгээс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж өнөөдрийг хүрчээ. Тухайлбал, III эмнэлгийн удирдлагууд яаралтай эрчимт эмчилгээний эм тариаг таслахгүйн тулд бусад тасгийн төсвөөс танан ашигладаг байна. Иймэрхүү байдалтайгаар эмнэлгүүд өдрийг аргацааж байгаа аж. Тус эмнэлгийн поликлиникийн эрхлэгч Ц.Цэрэнхандаас зарим зүйлийг тодруулсан юм.

Энгийн өдөр 500, ачаалалтай үед 1200 хүн үйлчлүүлдэг

-Бид ачаалал юунаас шалтгаалан нэмэгдэж байгаа талаар үйлчлүүлэгчдийн дунд судалгаа хийсэн. Эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх дугаарыг ажлын тав хоногт авсан тохиолдолд товлосон хугацаандаа ирж үзүүлдэг. Харин 10-14 хоногт авсан иргэдийн 50 хувь нь, түүнээс олон хоногт бол 70 хувь нь ирдэггүй. Ингэж ачаалал үүсгэдэг талтай. Хэн нэгэн хүн манай эмнэлэгт ирээд бүртгүүлэхэд доод тал нь долоо, түүнээс дээш хоногоор хүлээх шаардлагатай байдаг. Гэсэн ч тэд бүртгүүлдэг. Тэгсэн атлаа ирдэггүй. Тийм болохоор бид долоо, долоо хоногоор бүртгэхээр болсон. Үүнд иргэд тийм ч таатай хандахгүй байна. III шатлалын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх болсон бас нэгэн шалтгаан нь иргэд өөрсдийн дураар эмнэлгээ сонгох болсонтой хобоотой. Зарим нь сум, дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой хэрнээ заавал танай эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ гээд олон хоногоор дугаарладаг. Уг нь өвчтөний онош тодорхойгүй, хүндэрсэн тохиолдолд III шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой.

 ГССҮТ-ийн эмчилгээний зардлын 20 хувийг танажээ

Бидний дараагийн очсон эмнэлэг бол Гэмтэл, согог, судлалын үндэсний төв юм. Хүйтний улиралд хальтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэд тус эмнэлгийг зорьдог. Биднийг очиход гар, хөл, хүзүү, толгойгоо бэртээсэн “Эмч ээ, надад туслаарай” хэмээн хашгирах өвчтөнүүд эмнэлгийн заалыг дүүргэж байв. Тэдний дунд хөлөө бэртээсэн Ч.Уламбаяр гэх эмэгтэй сууж байв. Түүнээс эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Энэ эмнэлгийн ачаалал хүйтний улиралд илүү ихэсдгийг бүгд мэднэ. Гэтэл ийм ачаалалтай үед санхүүжилтийг нь танах шаардлага байхгүй. Эдийн засаг хямралтай гээд эрүүл мэндийн салбарынхаа төсвийг танах ёсгүй шүү дээ. Санхүүжилтийг нь танаснаар иргэд зарим эм, тариагаа өөрсдөө авч байна. Би гараа бэртээснээс хойш гурав, дөрвөн удаа тариа авсан. Эрүүл мэндийн шимтгэл төлж байгаагийн хувьд улсаас үнэ төлбөргүй эмчилгээ хийх ёстой. Тийм л хэцүү хүнд байдалтай байгаа бол сайд нарынхаа тоог нэмэх шаардлага баймааргүй юм. Танах, хасах ажлаа сайд, дарга, УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлээсэй. Ард түмнийхээ нуруун дээр ачаалал битгий өг. Тэртээ тэргүй бид сөхөрч унахад бэлэн байна” гэв. Харин өвчтөнүүдийг хүлээж авдаг, эмчилдэг тасгууд эмчилгээний зардал байхгүйн улмаас хэрэгтэй гэсэн эм, тариагаа авч чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Салбарын яамнаас төсвийг танаж байгаа нэрээр ГССҮТ-ийн эмчилгээний зардлын 20 хувийг танажээ. Энэ шийдвэрийг тус эмнэлгийн эмч, ажилчид буруу гэж үзэж байгаагаа хэлж байв. Дэлхийн улс орнуудын жишгээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ арав гаруй хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг байна. Гэтэл манай улс 2.8 буюу гурав ч хүрэхгүй хувийг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг аж. Ийм л байдлаар ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаа юм. Монгол Улс гурван сая иргэнтэй болоход ойртсон гэх статистик дүн мэдээ байдаг. Аль нэгэн улсын үнэт капитал, баялаг нь хүн, бидний ирээдүй болсон хүүхэд. Гэтэл монголчууд шинэ иргэнээ хүлээж авах бэлтгэлээ одоо болтол хангаагүй байна. Сүүлийн хоёр жилд эх нялхсын эндэгдэл, өвчлөл буурахгүй байгаа аж. Эмнэлгийн удирдлагуудын хэлж буйгаар “Эрүүл мэндийн салбарын төсвийг танаснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрч төлөвлөгөөт хагалгаа болон эрчимт эмчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгарахад хүндрэл учирна” гэв. Учир нь эм тариа, хагалгаанд шаардагдах багаж, тоног төхөөрөмжид их хэмжээний мөнгө шаардлагатай аж. Биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнд гурван удаа хагалгаа хийх ч тохиолдол гардаг байна.

 Төрөх эмнэлгүүдийн ачаалал сүүлийн хоёр жилд 20 хувиар өсчээ

Өмнө нь жилд 60 гаруй мянган эх амарждаг байсан бол энэ тоо өнөөдөр 80 мянгад хүрч, 50 хувь нь буюу 30 гаруй мянга нь нийслэлд амаржиж байна. Гэтэл төрөх эмнэлгийн хүрэлцээ хүндрэл, ачааллаас болж 2013 онд 1029 нярай энджээ. Энэ нь хүн амын дунд төрөлт ихэсч байгаа, нөгөө талдаа төрөх эмнэлгийн байрны хүрэлцээ хангалтгүй байгааг харуулсан бодит тоо юм. Хүндрэлтэй болон хөдөө орон нутгаас ирж амаржих эхчүүдийг хүлээн авдаг ЭХЭМҮТ-д хоногтоо 40-50 эх амаржиж байна. Биднийг тус эмнэлэгт очиход хүүхдээ тэвэрсэн ээж, амаржих дөхсөн эмэгтэйчүүд энд тэндгүй эмчийн өрөөний үүд сахиад сууж байв. Ингээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.

Г.Баттулга: Хүүхдийн болон төрөх эмнэлэг ус агаар шиг хэрэгтэй байна

-Эрүүл мэндийн салбарын төсвийг таналаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Төсвийг танасан. УИХ-ын чуулганаар төсөвт тодотгол оруулах асуудлыг шийднэ. Тэр үед л хэчнээн төгрөг төсөвлөсөн нь тодорхой болно.

-Танай эмнэлэгт өнгөрсөн онд хэчнээн эх амаржсан бэ?

– Өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар 9678, хоногт дунджаар 30-40 эх амарждаг. Дутуу төрөлт ихэсч байна. Орон нутгаас ирж төрөх эхчүүдийн тоо 48 хувиар нэмэгдсэн.

-Орон нутгаас ямар шалтгаантай эхчүүд ирж төрдөг вэ. Энэ талаар тодруулна уу?

-Биеийн байдал нь хүндэрсэн, яаралтай эмчилгээ авах шаардлагатай эхчүүд ирдэг. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх орны эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Мөн онош тодруулах шаардлагатай, хавсарсан эмгэгтэй буюу хүндэрсэн өвчтөнд эмчилгээний өртгөөс хэд дахин их үнэтэй эмчилгээ хийх тохиолдол бий. Тухайлбал, Баян- Өлгий аймгийн эмнэлэгт гурван удаа хагалгаанд ороод биеийн байдал нь хүндрээд манай эмнэлэгт ирсэн өвчтөн бий. Гурван сар хэрэглэх төсвийг тухайн өвчтөнд нэг сарын хугацаанд зарцуулсан.

-Хувийн эмнэлэгт эхчүүд 3-5 сая төгрөг төлж төрчихөөд биеийн байдал нь муудахаар улсын эмнэлэгт ирдэг гэсэн. Танай эмнэлэгт ийм тохиолдол хэр их гардаг вэ?

-Ийм тохиолдол гардаг. Хувийн эмнэлэг эхчүүдээс 3-5 сая төгрөгийн төлбөр авч төрүүлдэг гэх яриа бий. Ашгийн төлөө ажилладаг байгууллага учраас эмчилгээний зардал их гардаг байх. Гэтэл биеийн байдал нь хүндэрвэл манай эмнэлэг рүү шилжүүлдэг.

-Төрөх эмнэлэг барихгүй байгаа нь ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байгаа байх?

-Хуучин 300 мянган хүн амтай байхад дөрвөн төрөх эмнэлэг л байсан. Гэтэл одоо хүн амын тоо өссөн ч нэмж барьсан нэг ч төрөх эмнэлэг алга. Яг л хэвээрээ байна. 1997 онд III төрөх эмнэлгийн барилгыг буулгаж байсан. Аливаа зүйлийг нураагаад тараахад ямар амархан бэ гэдгийг эндээс харж болно. Харин эргүүлж барихад ямар хэцүү байдгийг хүн бүхэн мэдэх байх. 1990 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн салбарыг хариуцан ажилласан 13 сайд бий. Нэг нь ч төрөх, хүүхдийн эмнэлэг бариагүй. Монгол Улсад төрөх болон хүүхдийн эмнэлэг ус агаар шиг хэрэгтэй. Үүнд Засгийн газар, УИХ-ын гишүүд хариуцлагатай хандаж, ажиллах нь чухал байна.

-Төрөх тасгийн орны хүрэлцээ болон боловсон хүчин хэр хангалттай байна вэ. Эмч, сувилагчаар төгссөн оюутнууд хувийн эмнэлэгт ажиллах сонирхолтой байдаг?

-Сайн эмч нар хувийн эмнэлэгт ажиллах сонирхолтой. Яагаад гэвэл, хүссэн хүсээгүй хүн бүрт санхүүгийн асуудал тулгардаг. Их цалин амлахаар тухайн хүн амьдрал ахуйгаа бодоод саналыг нь хүлээж авна. Миний бие 1997 онд сургууль төгссөнөөс хойш ЭХЭМҮТ-д ажилласан. Тэгэхэд 3000-4000 эх амарждаг байлаа. Өнгөрсөн онд л гэхэд 11000 гаруй эх амаржсан. Гэтэл 1997 онд ажиллаж байсан боловсон хүчний орон тоо одоо ч хэвээрээ.

-Танай эмнэлгийн эмч нарыг төрөх гэж байгаа эхчүүдээс тодорхой хэмжээний мөнгө авдаг гэх яриа бий. Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Нийгэмд тодорхой хэмжээний хардлага бий. Үүнийг би үгүйсгэхгүй. Төрөх үедээ эмч, сувилагчид мөнгө өгдөг гэх яриа гардаг. Яг мөнгө авсан эмч байна уу, үгүй юу гэдгийг нягталж үзэхэд баримт гарч ирдэггүй юм.

Монголын үнэн-С.ЮМСҮРЭН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.