Comment.mn

Буянгийн Жаргалсайхан: Би оймсоо цоорохоор оёод өмсдөг

20150105025600Б.Жаргалсайхан 1959 онд Улаанбаатарт төрсөн. Нийслэлийн төвд, тухайн vеийн боловсролтой гэр бvлvvд хvvхдvvдээ сургадаг орос багш нартай 23 дугаар дунд сургуулийг дvvргэжээ. Тэрээр Эрхvvд цөмийн физикч мэргэжлээр сурсан. Сурагч байхаасаа эхлvvлсэн пянзны цуглуулгаа оюутан болоод арвижуулсан нь Монголдоо толгой цохьдог байж. Пянз тvvнийг панз наймаанд дөртэй болгосон байж ч мэднэ. Жагаа пянз солилцох арилжаанд овсгоотой, мөнгөлөг оюутан байжээ. Зах зээлийн санаа тvvнд хар нялхад нь суучихсан байв. Монголоос тарваганы арьс, туулайн малгай, нэхий дээл зөөж зардаг бийлэгжvv оюутан зуны амралтаараа чемодан дvvрэн ховор бараатай харьж наймаа vсэргэнэ. Б.Жаргалсайханы “Буян” компанийн vндэс суурь аль 1987 онд тавигджээ. Тэрээр ийм нэртэй нөхөрлөл байгуулж оёдол, худалдаа эрхлэн бизнесийн гараагаа “албан ёсоор” эхэлсэн байна. 1989 онд ардчилсан хөдөлгөөн өрнөхөд ГАЗ-24 суудлын тэрэгтэй Жагаа хувьсгалчдын “танкчин” нь байжээ. Ардчиллын анхны 13-ын vйл хэрэгт тухайн vед санхvvгийн хувьд хэнээс ч хараат байхаа больчихсон 30 настай эрийн тусламж чухал байсан гэдэг. Дэлгvvрийн лангуунд давснаас өөр бараагvй тарчигхан байхад “Буян” Жагаа 50 кг-ийн шуудай дvvрэн элсэн чихрээр ардчиллынхныг дайлж байсан ч гэх шиг одоо сонсоход хөгтэй дурсамжаас өнөөгийн томчууд ичдэг байлгvй.

Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлчихсэн л байдаг юм. “Бат-Vvл гэрт нь хоол байхгvй гээд миний машинаас буудаггvй ээ. Тэгэхээр нь хонины ганц гуя авч өгч байж салж билээ” гэж. Шинэ Vндсэн хуульт Монгол Улсын анхны саятан нь “Буян” Жагаа гэх албан бус тооцоо байдаг. Ингээд түүний хэвлэлд өгсөн улс төржөөгүй яриаг хүргэж байна.

-Таныг багадаа их наймааны ухаантай их сүрхий хүүхэд байсан, их дэлгүүрийн ард бууз, 12 мөнгөний дэвтрийг зардаг байсан гэдэг?
-Биднийг бага байхад амьдрал их гоё байж. Чөлөөт цагаараа дугуйланд явна, банзан гитараа нүднэ. Өнөөдөр орцонд дуу дуулж байгаа хүүхэд байна уу? Техник сонирхож, онгоц, пуужин хийдэг хүүхэд байна уу? Байхгүй. Би онгоц, пуужин хийж байсан. Би пуужин хийгээд тэр маань овоо дээшээ хөөрч байсныг санадаг юм. Ангиараа, байраараа Туул гол руу явж усанд орно, өвөл
Хандгайтанд гулгана. Хоорондоо ном их солилцож уншина. Харин би бууз, ном дэвтэр зарж яваагүй, зардаг хүүхэд ч байгаагүй. Өнөөдөр ажил хийдэг хүнгүй, техникийн мэдлэг, мэргэжилтэнгүй боллоо, ажилчингүй боллоо. Одоо Монголоор дүүрэн хуульч, орчуулагч, менежерүүд байна. Барилгын инженер, үйлдвэрийн механик, электроник инженер, химийн инженерүүд байхгүй боллоо. Одоо Америк, Японд ажиллаж байгаа боловсролтой залуучуудаас, мэргэжилгүй залуучууд нь илүү сайн ажиллаж, өндөр цалин авч байна. Болсон болоогүй боловсролтой нь шал арчиж явна. Манайхан дээд сургууль төгсчихвал зангиа зүүгээд, ширээний ард суугаад, жиип унаад дарга болно гэж мөрөөддөг. Социализмын үед бол болдог байсан, одоо бол байхгүй ш дээ. Аав ээж нар хүүхдүүддээ хэрэггүй боловсрол олгохын оронд, хэрэгтэй мэргэжил эзэмшүүлсэн нь дээр.

-Танд “Буян” үйлдвэрээс өөр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгж бий юу?
-Байхгүй. Монгол боссууд их олон юм руу үсчээд харсан бүх юмаа ганцаараа булааж авч хийх гээд хашгираад, хэн хог цуглуулсан нь төдий чинээ баян хүн болж харагдах гээд… монголд газар хувьчиллаа гээд сандраад том том газар аваад хашаа хатгаад байна. Тэгэх хэрэггүй ш дээ. Тэртээ тэргүй Монголын газар нутаг хангалттай. Монголд ирж бидэнтэй газар булаацалдаж авах гадаадын хүн байхгүй. Зун нь +30 хэм халуун, өвөл нь -35 хэм хүйтэн байдаг газар хүн ирж амьдрахгүй. Өвөр Монголыг Хятад эзэлсэн л гэдэг. Өвөр Монголынх нь газар нутгийн 90-ээд хувь нь хоосон эзэнгүй л байна ш дээ. Тэгэхээр Монголд газар үнэд хүрч чадахгүй. Тодорхой байгалийн баялагтай газрыг түрээсээр өгч болох юм. Яахав, сүүлийн үед барилга, орон сууц барьдаг компаниуд газрыг их булаацалдаж байна. Өөрөөр хэлбэл хотын төвийн цахилгаан, дулаан эрчим хүчинд холбоход ойрхон байдаг газруудыг булаацалдаад муухай, муухай улаан тоосгон байшингууд бариад байна. Монгол улүс нийслэлдээ орчин үеийн, өнгө зүстэй барилга барих хэрэгтэй л дээ. Хотын барилга архитектурын газрын нөхдүүд маш муу ажиллаж байна. Дандаа брак, муухай байшингууд барьж байна. Ар өврийн хаалгаар цохолтоор зөвшөөрөл олгож, тэр нь бизнес болчихсон. Үүнийг уудлаад яриад байвал дуусахгүй.

-Таныг шоубизнест одтой байдаг, сайн зохион байгуулдаг гэдэг. Энэ салбарт танд аль хэр өгөөжөө өгдөг вэ?
-Манай соёл урлагийнхан үнэхээр хэцүү болж байна. ам ангалздаг урлаг их хөгжиж байна ш дээ. Дуугаа бичлэгтэй нь, хөгжимтэй нь биччихээд амаа ангалзуулаад байдаг. Сая Сингапурын MTV ирэхэд манай урлагийнхан тайзан дээр гарчихаад амьдаараа дуулах гээд чадахгүй нүдний булай болж багааг нь. Хөг нь гарчихсан домбор шиг юмнууд л дуугараад байна лээ. Ичмээр юм. Тэр тоглолтонд манай хамгий мундаг хамтлаг дуучид нь орсон. Гэтэл аймшгийн солгой хоолойгоор л наагаад байх нь тэр. Тэр “Камертон” тас солгой хоолойгоор хангинатал гөвөөд байна билээ. Англиар дуулсан уу? Арабаар дуулаад байгаа юм уу би ойлгоогүй. Ганц хоёрхон дууг сайхан бэлдэж болно доо. Цаадуул чинь бэлдээгүй дээ. Маргааш арга хэмжээтэй гэхэд л тэр дөрвөн нөхөр ганцхан цаг дуулж бэлдсэн байгаа. Тэгэхээр арга байж уу. Модон хэлтэй орохоос биш яахав. Японд, Германд, Америкт баруунд зөндөө л концерт үзсэн. Кассет тавиад, амаа хөдөлгөөд зогсож байгаа дуучин нэг ч үзээгүй. Тийм учраас урлагийнхныг ард түмэн хүндлэхгүй байна. өөрсдөө залхуураад нэр хүндээ алдаад байна. өнөөдөр би ч Монголд дуучин, “од” болж чадна. Хойтон жилээс дуулж үзье гэж бодож байгаа, хэдэн сайхан хөгжим бичүүлнэ. Рок, поп, ардын дууг бүгдийг нь би дуулна. Манайд бүх юм хуурамч, булхайгаар явдаг. Шагнал авсан ч бүгд авдаг. Хорвоо сайнтай муутай байдаг. “Буян”-гихйн Жаргалсайхан УИХ-ын сонгуульд 10 жил оролцоод ялаагүй, тэглээ гээд би гомдоогүй. Намайг муу болохоор сонгоогүй биз, зөв ш дээ. Надаас илүү сайн хүн байж болно. Манайхан бүгд амаа хөдөлгөөд, ам хөдөлгөсний шагнал гэдэг “Алтан микрофон”, “Пентатоник” байна. Дээр нь “Энэ дуучин шагнал авлаа, би аваагүй” гээд хэрэлдээд байна гээч. Ичмээр. Ам хөдөлгөх тэмцээн хийж байгаа бол үлээдэг бохь авч үлээлгээд, хэн сайн илүү зажилж, том шаариг үлээнэ, тэр нь түрүүлэг л дээ. Урлагийнхан сонсвол гомдоно биз. Гомдог. Би урлагийг хүндэлдэг учраас хөгжөөсэй, өөрчлөгдөөсэй гэсэндээ ингэж ярьж байна. Үнэн үг хэлсэн хүндз хүн өшөөтэй байдаг.  Энэ зун Монголд дэлхийн хамгийн мундаг гоцлол дуучин Демис Руссос ирлээ. Түүнийг дэлхийн хаана чочсон заал дүүрэн хүн үздэг. Гэтэл Стадионд аравхан хүн үзэж байх жишээтэй. Демис Руссос дахиж хэзээ ч Монголд ирэхгүй ш дээ. Дэлхийн мундаг гоцлол дуучны тоглолтыг тийммуу зохион байгуулж болохгүй л дээ. Хамгийн гол нь үзэгчид очиж үзэхгүй байгаа нь сонин. Алиа хошин гээч аймшигийн юм “Хүрээд ихр. Та нарыг доромжилье” гэхээр бүгдээрээ очоод амаа урагдтал инээгээд суучихна. Өөрийг нь доромжлоод байхад л ангалзаад инээгээд суугаад байдаг. Ер нь бүх спорт ч гэсэн шударга үнэлгээтэй ялсан шиг ялж, нөгөө нь ялагдсан шиг ялагдаж, ялсаныгаа хүндэтгэж, хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Одоо чанарын асуудлаг бүх нийгмийн салбарт тавих хэрэгтэй. Манайхан сүүлийн хэдэн жил олимпоос нэг ч медаль аваагүй. Аргагүй ш дээ. Спорт ч урлаг шигээ болж байна. Монгол тамирчид дөрвөн жил зүгээр хэвтэнэ. Олимп долоо хоногийн дараа болно гэнгүүт хэдэн бизнесмэнээсээ мөнгө гуйгаад гүйнэ. Тэмцээн болохоос гуравхан хоногийн өмнө нь мөнгө нь бүтнэ. Тэгээд л гурав хоног гэрээ тойрч гүйгээд олимпод оролцохоор явна. Уул тойрч гүйвэл арай л өөр байна биз дээ. Ингэхээр яаж медаль авах юм бэ? Гадаадынхан олимпод дөрвөн жил бэлддэг юм шүү дээ.

-Таныг гартаа их дүйтэй гэдэг?
-Юм юм хийж үзсэн. Анх арван жилийн сурагч байхдаа өмд оёхдоо ангийнхаа Сайхнаа гэдэг хөвгүүнийг ширээн дээр хэвтүүлж байгаад даавуу тавьж хөлийг нь тойруулж шохойгоор зураад түүнийгээ хайчилж, эсгэж, оёсон. Зарим газар нь ялимгүй татгар болсон л доо. Оёсоор байгаад сүүлдээ сайжирсан. Модоор ширээ сандал хийчихнэ. Ер нь Монголд гайгүй 1000 компани байхад монголчууд бүгд гэдэс цатгалан, мөр бүтэн амьдраад явна. Харамсалтай нь зарим нэг компаниуд харсан бүх юмаа ганцаараа хийх гээд байх юм. Би л гайхдаг, амьдрал нь хүрэх юм болов уу? Авгай хүүхэддээ царай зүсээ харуулж чадах юм болов уу. Эсвэл зургаа гэртээ өлгөчихөөд дандаа ажил дээрээ байдаг юм болов уу? Ганц хүн хаана ч хүрэхгүй ш дээ. Тэгэхээр хөдөлмөр хуваарилалт зохицуулалтыг төрөөс сайн хийх хэрэгтэй. Жаргалсайхан ноолуураа дагнаж сайн хийж, олон улсын түвшинд оруулсан нөхцөлд, дараагийн бизнес рүү ордог байх хэрэгтэй. Оджаргал “Coca cola” хийдэг бол колагаа уудаг шингэ юу байна, тэр бүгдээс супер уудаг шингэн хийх хэрэгтэй. Тэр Мянганбаяр хүрз жоотуу бариад газар ухаад алтаа хайж байгаа бол, тэрийгээ үхэн үхтлээ маш сайн хийх хэрэгтэй. Хүмүүс бүх юм руу орох гээд далбаганаад гүйгээд байна. тэгээд алийг нь ч хийсэн юмгүй үлддэг. Болохгүй, бусаддаа бас орон зай үлдээх хэрэгтэй. “АПУ” гэсэн нөгөө нь “САПУ” гээд гаргаад тавьчихсан. Гадуур бие биетэйгээ яг адил юм хийгээд бүгд унадаг. Наймаан дээр ч яг адил шалны паркет үнэд хүрч байна гэвэл бүгд таван паркет бариад ирнэ. Тэгээд бүгд шатдаг.

-Та ганзагын наймаа хийдэг байсан гэсэн. Хэр сайн наймаачин байсан бэ?
-1989-1993 онуудад монголчууд гялгар өнгөтэй л юм байвал хамж авч өмсдөг, иддэг уудаг, хэрэглэдэг байсан үе. Тэр үед наймаа эхлэгчид нилээн мөнгө хийсэн. Би монголчуудаа бага шулсан, харин гадныхныг их шулсан. Хятад, Орос гээд, одоо хэлбэл ичмээр дээ. Хятадаас 10 төгрөгийн бараа авч, Орост мянган төгрөгөөр зараад зогсож байх жишээтэй. “Хитачи” видеокамерыг Сингапураас 2000 доллараар аваад Хятадуудад 4000 доллараар зарж явлаа.

-Орчин үеийн залуус баяжихын тулд юу хийх хэрэгтэй вэ? Та ямар зөвөлгөө өгөх бол?
-Унтахдаа 8 цаг зар, үлдсэн 16 цагийг ажил амьдралд зар. Мэргэжлээ маш сайн эзэмш. Мэргэжлийнхээ дагуу ажиллаж, компани байгуулах болбол цөөн хүнтэй эхэл. Хоёрт, хөдөлмөрөөрөө эхлэх хэрэгтэй. Барилга барьж байвал “Би обйг чинь нааж өгье. Тэдэн төгрөг өг” гэж санал тавь. Тэгэхээр тэр хүнд банкнаас мөнгө зээлэх шаардлага байхгүй биз дээ. Мөнгө гарахгүй эрхэлдэг ажлыг эрэн сурвалжилж олох хэрэгтэй. Олсон хуримталсан ашгаа ажилд оролцсон бүх хүндээ хувааж өг. Дараагийнхаа ажлаас хуримтлалаа нөөцөлж, аж ахуйн байгууллагаа байгуулж эхэл. Тэрнээс биш мөнгө л олболтэвэрч гүйгээд баар, ресторан хэсээд, хөөрхөн охидод өгөөд байвал хоосорно доо. Юм хийхдээ яаж, хамгийн сайн чанартай юм хийх вэ гэдгээ бод. Хүнд хэн ч, юуг ч зүгээр өгөхгүй. Хүн болгон өөрийнхөө хийж бүтээснээрээ амьдрах ёстой. Одоо дарга болсон нь, түүнд тал засаж чадаж байгаа нь юмтай болох жишээтэй, худлаа ярьж байгаа нь жаахан юмтай болж байна. Энэ бол цаг зуурын үзэгдэл. Цаашдаа амьдрал их хэцүү болно. Мэргэжилтэй л бол.

-Харин та “Буян” компаниа яаж, хэдэн төгрөгийн дүрмийн сантай байгуулсан бэ? Бизнесийнхээ гарааг яаж эхэлж байснаа дурсаж ярихгүй юу?
-Анх 20-иод мянган төгрөгтэй, ах дүү, хамаатан садангуудтайгаа нийлж оёдлын үйлдвэр байгуулсан. Монголд өөр юу хийхэв. Танк, онгоц хийлтэй нь биш, архи хийлтэй нь биш. Наймаа ч хийж явсан. Гэхдээ наймааг шүтээд бишрээд байж болохгүй. Наймаа хийсэн нь өрөнд ороод, хоосроод, ядуураад байхад л бүгд хошуураад байх юм.

-Архины үйлдвэр их ашиг авчирдаг юм биш үү?
-Хүний амьдралыг бусниулж байж, мөнгөтэй болоод ч яахав. Архины наймаачид урьд хойд насандаа сайн амьдардаггүй юм шиг билээ. Киноноос үзэхэд хар тамхи, зэвсэг зарж баяжсан хүмүүс хамгийн сүүлд бүгд үхэж дуусдаг биз дээ. Спиртийн наймаа хийж байсан хүмүүс нэг их сайн явдаггүй юм билээ дээ. Архинаас болж асар олон хүн үхлээ, гэр бүл саллаа, хүүхэд өнчирлөө. Архийг хөхүүлэн дэмжиж хөрөнгөжих гээд байгаа хүмүүс дараа нь тэр хэрээрээ нүгэл нь үр хүүхэд дээр нь ирэх байх.

-Одоо та юм оёж чадах уу?
-Би оймсоо цоорохоор оёод өмсдөг. Манайхан төрлөө мэдэхгүй донгосдог, нэг хэсэг нь од, нөгөө нь улстөрч, босс гээд. Урьд нь монголчууд уранхай хувцасаа нөхөж цойлдоод өмсөөд, боорцгоо идээд амьдардаг байсан. Түүнийгээ мартах хэрэггүй. Дэлгүүрт Монголд хийсэн хувцас байхгүй, бүгд хужаагийн бараанууд. Түүхээс харахад монголчууд сүүлийн 200-300 жил их зовж амьдарч ирсэн юм билээ. Ямар сайндаа “цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэдэг үг байхав дээ. Өлөн зэлмүүн, цагаан сараар айл хэсэж нэг гэдэс гардаг ядарсан хүний үг биз дээ.

-Хөөрөг, машин, морь өнөөгийн боссуудын нүнжгийг илтгэдэг болсон юм шиг санагддаг. Та юуг онцолж хэрэглэж, анхаардаг вэ?
-Хөөрөг барих ямар хэрэгтэй юм бэ? Ач тус нь юу юм бэ? Хөөрөг, дээл хоёрыг нас дал гараад хэрэглье гэж боддог. Том том хөөрөг барьж, дээл өмсчихсөн өвчигнөөдөвгөн цариалсан хүн юу нь сайхан байгаа юм бэ. Өвчин аллерги юм л даа. Надад тэгж чамирхах сэтгэл байхгүй. Хэр зэрэг том машинтай байна, төдий чинээ мундаг. Хэн үхрийн толгой шиг том хөөрөгтэй байна, тэр баян тарган гэдэг ч юм уу өрсөлдөх утгагүй. Хэрэглээ сонин биш болчихсон цаг. Нэг өмдтэй, машинтай л байгаа биз, нэг уулын чулуу авчраад нүхлээд барьчихаа л биз. Яадаг юм, би уулаар явж байгаад морь харвал минийх гэж боддог. Би хүсвэл худалдаад авч чадна. Хүн харсан юмаа л минийх гэж бодож байх хэрэгтэй. “Улаанбаатар” зочид буудлыг хажуугаар явахдаа минийх л гэж боддог. Яагаад гэвэл би дотор нь ороод хоол идэж чадна. Хүн хэрэглээгээрээ л байдаг. Тэрнээс биш хэний нэр дээр байх нь, бичигдсэн нь сонин биш. Хүн аар саархан жижиг хэрэглээгээр гайхуулдаг үе өнгөрсөн.

-Та баян хүн мөн үү?
-Миний хувьд ядуу ч биш байх. Баян гэдэг харьцангуй ойлголт. Компаниар нь овоглодог баячууд гээд их хөөргөдөг. Бүгдээрээ хөөрхий актлаад устгагдчихсан, арилжааны банкиндаа нэг их өндөр хүүтэй хэдэн төгрөгийн өртэй тийм л байгаа биз дээ. Баян гэхэд хэцүү. Хийж бүтээх гээд тэмцэлдээд явж байгаа улсууд юмаа гэвэл бас үнэнд жаахан ойрхон бууж байна. оросын баячууд үнэхээр баян. Швейцарын банкинд тэрбумаар нь хадгалж байна шүү дээ. Монголд хэдэн зуун сая доллар гаргаад тоолох баян ховор шүү дээ.

Эх сурвалж:  http://agshin.mn/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.