Comment.mn

Ч.Уртнасан: Баярын өдрүүдэд 33 хүн золгүйгээр амь насаа алдсан

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 597 хүнд торгох арга хэмжээ авч, 14 хүнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 419 зөрчил илрүүлж, осол, зөрчил гаргасан 22 тээврийн хэрэгслийг журамласан байна. Баярын өдрүүдэд гарсан хэрэг, зөрчлийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвийн Мэдээллийн менежер, ахлах дэслэгч Ч.Уртнасангаас тодрууллаа.

 

-Баярын өдрүүдэд Шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаар нэлээд ачаалалтай ажилласан байх. Голдуу ямар дуудлага зонхилсон бэ?

 

-Шуурхай удирдлагын төв баярын өдрүүдэд маш их ачаалалтай ажиллалаа. Нэгдүгээр сарын 3-ны өдөр гэхэд 10131 дуудлага бүртгэсэн байна. Хоногийн дуудлагыг ажлын өдрүүдтэй харьцуулж үзэхэд даруй нэг мянгаар өссөн үзүүлэлт гарсан. 102-т ахуйн хүрээний, 103-т хүүхдийн түргэн тусламжийн дуудлага их ирсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн өвчлөл их байна. Тухайлбал, бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, артерийн даралт ихсэх, архаг хууч өвчтэй хүмүүсийн өвчлөл сэдэрсэн дуудлага зонхилж байна. Бага насны хүүхдийн ханиад баярын өдрүүдэд сэдэрч, хүндрэх шинж тэмдэг ихэссэн.

 

-Ачаалал их байгаагаас түргэн тусламж оройтож очих тохиолдол байна уу?

 

-Эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагыг манайх аваад 103-т шилжүүлдэг. Гэтэл дуудлагад өдөрт гурван эмч явдаг гэж байгаа. Цагт 60 гаруй дуудлага ирж байгаа учраас хүн хүч, техник хаанаа ч хүрэхгүй байна гэсэн үг. Хүн хүч хүрэлцээгүй, цаг хугацаа алдаж түргэн тусламж хүрч байгаагаас иргэд дахин дуудлага өгч, бухимдалтай байгаа нь үнэн.

 

-Зам тээврийн осол хэр их гарав. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил багагүй гарч байгаа талаар мэдээлж байсан?

 

-Зам тээврийн осол 200-300 бүртгэгдсэн. Тэгэхээр өмнөх үеийнхтэй адил төвшинд буюу хэвийн байсан гэж ойлгож болно.

 

-Иргэд баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх нь бий. Үүнээс золгүй байдлаар амь насаа алдсан хэдэн тохиолдлыг бүртгэв ?

 

-Манайх баярын болон амралтын өдрүүдэд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 32706 дуудлага бүртгэж авсан байна. Баярын гурван хоногт буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-30-ны өдрүүдэд гэмт хэргийн 296 зөрчлийг бүртгэсэн. Бусдын биед гэмтэл учруулсан арав, хүний амь насанд санаатайгаар халдсан хоёр, хүчин хоёр, хулгайн 81, бусдын эд хөрөнгийг булаах хоёр, дээрэмдэх зургаан хэрэг, танхайн 63, зам тээврийн 77, золгүй байдлаар амь насаа алдсан 33, бусад 20 хэргийг бүртгэсэн байна.

 

Б.Цэцэг

www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.