Үндэсний статистикийн хорооноос гаргасан мал тооллогын урьдчилсан дүнгээр өнгөрсөн оны жилийн эцэст манай улсын мал сүргийн тоо 51.9 сая толгойд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 6.8 сая толгой буюу 15.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр 3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22 саяд хүрсэн байна. Энэ нь 2013 оныхоос адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3.1 сая, ямаа 2.8 сая толгойгоор тус тус өссөн үзүүлэлт аж. Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтжээ. Харин Орхон аймагт мал сүргийн тоо 55.9 мянган толгойгоор буурсан аж. Харин өнгөрсөн жил Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан зэрэг 12 аймаг болон Улаанбаатар хот малаа таван төрөлд өсгөжээ. Малын өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл адуун сүргийн тоогоор Төв, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймаг, үхэр сүргийн тоогоор Архангай, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий, тэмээн сүргийн тоогоор Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Дундговь аймаг эхний тавд жагсчээ. Харин хонин сүргийн тоогоор Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Булган орсон бол ямаан сүргийн тоогоор Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай Хөвсгөл Төв аймгууд эхний таван байрт оржээ. Харин улс даяар мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн дүн мэдээ энэ сарын 10-нд гарах юм байна.
С.НЭМЭХ
www.unen.mn