Угтан ирсэн шинэ он баяр жаргалаар дүүрэн биднийг угтлаа. Улиран одсон он ч алдаа оноогоо өөртөө агуулсаар цагийн тоосонд дарагдаж үлдэв. Энэ үеэр хэн хэнээс завгүй баярласан хүмүүс бол дуучид. Тэр тусмаа залуу дуучид гэнэ. Учир нь эдийн засгийн хямралтай энэ цаг үед зарим байгууллага үүдээ барьсан болон зарим нэг нь ч Шинэ жилийн баярыг хөл болон тэмдэглэсэнгүй тэрхэн зуурт ёслоод өнгөрчээ. Тодруулбал, Шинэ жилийн баярын төсвөө танаж цомхон хүрээнд хийсэн аж. Тэр тусмаа өнөөх л урлаг соёлын алдартнуудыг мөнгөөр зодон авчирч дуулуулж уйлуулдаг цаг ард үлдсэн бололтой.
Тиймээс өөрсдийнхөө төсөв мөнгөнд таарах залуу дуучдыг урин авчирч дуулуулсан байна. Харин өнөөх л үнэ нь тэнгэрт гарчихсан поп Б.Сарантуяа, “эрос “Т.Ариунаа, “Харанга”, “Хурд” энэ тэр бол ёстой л гараа элгэндээ тэврээд Шинэ жилийн баярыг үдсэн юм байх. Яагаад гэхээр байгууллагууд тэдний өндөр үнээс айгаад тойроод байсан байна. Уг нь тэд нар нь ч битүүхэн урилга хүлээн хямд өртгөөр ч хамаагүй дуулах, хамгийн гол нь баярт оролцох сонирхол байсан ч ийнхүү үл ойлголцол үүссэн юм байна. Зохиолын дуучдын хувьд ч тэр. Дунд үе, түүний дээд үеийн аваргууд бол ярилтгүй. Хэн ч уриагүй аж. УГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэтунгалаг, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмээ гээд олон дуучид мөн л баярын сэтгэгдэл дундуур үлдсэн гэнэ. Дундуур ч юу байхав, урилга заллага тун тааруу байжээ.
Харин энэ сиймхий, үл ойлголцол нь залуу дуучдад ганц том боломж болсон байна. Нэн залуу үеийн дуучид шүү дээ. Тухайлбал, А.Түмэн-Өлзий, Д.Намсрайноров, Д.Буянжаргал, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа тэргүүтэй залуус өнгөрөгч Шинэ жилийн баяраар амрах завгүй дуулжээ. Өөрөөр хэлбэл халтуурт дараатай баярыг өнгөрөөсөн хэрэг. Ах эгч нарын хувьд үнэ нь ахдаад, өөрсдөө үнэд ороод байсан бол залуусын хувьд байгуулагуудын хэлсэн үнэ ханшид дуулсан учраас ийнхүү амрах, баярлах завгүй Шинэ жилийг үджээ.
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар А.Түмэн-Өлзий нийтдээ 23 сая төгрөгийн халтуур хийсэн бол залуу дуучин Д.Намсрайноров, Д.Буянжаргал нар тус бүр 19 сая төгрөг, залуу дуучин Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар тус бүр 17 сая төгрөг олсон байна. Тэгэхээр угтан ирсэн Шинэ жилийн баяр, олон байгууллагын баяр дээр дуу хоолойгоо өргөж ард түмнээ баясгасан залуу дуучиддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хамгийн гол нь ард түмэндээ ая дуугаа хүргэж тэднийг баясгаж явах үүрэг нь тэднийх гэдгээ дээрх залуу дуучид сайтар ухамсарласан бололтой
Эх сурвалж: www.unen.mn