Comment.mn

Арван таван он монголчуудад ,аз одыг билгэдэж байна.

Дуулиант 2014 он алдаа оноотойгоо ард хоцорч, айлсан буугаад буй 2015 он таахын аргагүй үйл явдлаар биднийг угтан авлаа. Энд улиран одсон 2014 оны алдаа оноог дүгнэн цэгнэх гэсэнгүй. Өнөөдрийн алдаа маргаашийн том ололт байхыг ч үгүйсгэхгүй, мөн өнөөдрийн ололт нь нөгөөдрийн маш том алдаа байх ч явдал бий. Тэгэхээр алдаа оноог нь өнгөрсөн цаг үед нь орхиод маргаашийн тухайд хүүрнэх нь зүйн хэрэг буй заа. Нөгөө талаар цаг хугацаа бол хамгийн том шүүгч байдаг учраас тэр шүү дээ.

 

Он дамжсан эдийн засгийн хямрал ч өнгөрөгч онд биднийг багагүй ширвэсэн. Энэ хэрээр ч нийгмийн амьдралд урьд өмнө төдийлөн гарч байгаагүй сөрөг үзэгдлүүд ч мэр сэр байв. Тэгэхээр бид нар нэгэн саарал бүдэгдүү хэрнээ гэрэл гэгээ энд тэндээс гэнэ гэнэхэн цацруулсан он жилийг ардаа орхилоо. Ийм түүхэн цаг үед төрийн эрх барьсан хүмүүс ард түмний өмнө буруутан болсноор 2014 он улиран одлоо. Энэ бол цаг үеийн тохироо болохоос биш хэн нэгэн нөхөр улстөрийн жолоо атгаад дампууруулчихсан эдийн засаг биш л болов уу. Өргөн агуулгаараа тэр шүү дээ. Түүнээс бус бага сага алдаа бол цагийн цагт л байсаар ирсэн, байх ч болно. Ийм байж гэмээнэ л амьдрал тогтож, хорвоо оршино биз дээ.

 

Нийгэм төдийгүй хорвоо өөрөө гэрэл сүүдэртэй байдаг хойно. Нийгмийн амьдралд саарал будан татаж ахуй өнгөрөгч цагт манай спортынхон тив дэлхийд гялалзсан амжилт гаргаж дэлхийн аваргууд ч шил даран төрөв. Энэ бол түүхэн он цагийн чимэг. Урлаг, утга зохиолын салбарт ч одууд гялалзав. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг эх орондоо авчирсан сайхан тохиол байв. Жүжигчин Б.Амарсайхан холливудын ертөнцөд хөл тавьж, тэдэнтэй мөр зэрэгцэн кинонд тоглож, дуурийн дуучид маань дэлхийн хэмжээний шагналыг түүж, монголдоо авчрав. Энэ бол үндэсний бахархал хийгээд нийгмийн бүдэг саарал өнгөнд харвасан хурц тодхон гэрлүүд байв.

 

Энэ мэтчилэн нийгэмд гэрэл гэгээ харвуулсан олон сайхан үйл явдлыг дурдаж болно. Дурдаад барахгүй урт жагсаалт миний өмнө байгаа ч би зөвхөн тоймлон хүргэсэн нь энэ. Өнөөдөр бидний яншиж байгаа эдийн засгийн хямрал энэ тэр бол яахав. Нэгэн цагт илаарь болж л таарна. Н.Алтанхуяг нь хямруулаад Ч.Сайханбилэг нь хямралаас гаргадаг ч зүйл биш. АН нь дамууруулж, МАН нь дампуурлаас гаргадаг ч зүйл биш. МАХН, МҮАН, ИЗНН энэ тэр бол хямралаас гаргах ч үгүй. Хямруулж ч чадахгүй. Цагийн юм цагтаа л болж өнгөрнө. Чухам хэнийх нь үед мандаж, хэнийх нь үед унах нь цаг үеийн алтан тохироо юм шүү дээ. Хэн ч таашгүй энэ цаг үеийн эерэг сөрөг үйл явдалд хэзээд бэлэн байх төр л хэрэгтэй. Түүнээс  биш өөр хэн ч хэзээ ч цаг хугацааны урсгалыг өөрчилж чадахгүй. Боломжгүй зүйл. Боломжгүй учраас л эрдэмтэн мэргэд байж, тэд нар нь болсон болоогүй санаа дэвшүүлдэг. Улстөрчид байж, тэд нар нь болсон болоогүй шийдвэр гаргадаг жамтай юм хойно.  Алдаа гаргасан нөхөд нь цаг хугацааны шүүх хэмээх аймшигт зүйлийн өмнө хэзээ нэгэн цагт яллуулж, ололт гаргасан нэгэн нь энэ цаг хугацааны индэр дээрээс шангаа хүртэж л таарна. Наана нь хэн нэгнийг яаран яллаж эсвэл шагнах гэсний хэрэггүй. Магадгүй өнгөрөгч 2014 онд алдаа нэрийн дор шийтгүүлсэн эрхмүүд 2015 онд гавьяатан болохыг ч үгүйсгэх арга алга. Эсвэл өнгөрөгч онд магтаалын индэр дээрээс буугаагүй нөхөд гав дөнгөтэй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Цаг хугацаа бол хамгийн том шүүгч учраас тэр.

 

Юутай ч 2015 он гарсаар хүмүүсийн нүдэнд тодрох инээмсэглэл арай л өөр болсон нь юунаас ч болов ажиглагдана. Урьд өмнө гудамжинд зөрж өнгөрөх хүмүүсийн хөмсөг зангидсан байдал, хэт их бухимдал нь алхам тутамд тохиолддог байв. Харин шинэ он гарсаар энэ зүйл аажмаар илааршиж байгаа мэт. Тэгэхээр айлсан ирсэн шинэ он монголчууд бидэнд гэрэл гэгээ хайрлах нь дамжиггүй.

 

Цаг агаарын байдал гээд олон тал дээр энэ л тайван байдал он гарсаар үргэлжилж байна. Олон шинжээчид 2015 он монголчууд бидэнд аз од билгэдэж байгааг давтан өгүүлж буйгаас харвал айлсан ирсэн шинэ он монголчууд бидний хувьд ахин давтагдашгүй амжилтын жил болой. Болой гэсний учир нь зурхайч тэргүүтнүүд төдийгүй дэлхийн эдийн засаг, ард түмний аж байдал үүнийг бэлхнээ өгүүлж байгаа юм.

С.Ууганбаяр

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.