“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, эх орныхоо төлөө тэмцэгч С. Дашцэрэн нь хүнд өвчний улмаас 2014 оны 12 сарын 30-ны өдөр тэнгэрийн орноо одож, хамтран зүтгэгчид, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолоо. С. Дашцэрэн нь Монгол эх орныхоо төлөө, Монгол газар шорооныхоо төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэж, эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн уул ус, нутаг бэлчээрээ эх оронч нөхдийн хамтаар цуцалтгүй хамгаалсаар байсан юм.
Гэвч эх орон, газар шороо, тусгаар тогтнолоо хамгаалсан эх орончдыг шүүн ялласны улмаас хилс хэргээр ял шийтгэл эдлэж суллагдсан хэдий ч эрүүл мэнд нь доройтсоор амиа алдлаа. Эх орныхоо төлөө тэмцэгчийг ялладаг, хорьдог, эрүүл мэндийг нь хохироодог, гадныхантай сүлбэлдэж газар нутаг, эрдэс баялгаа нууцаар наймаалж, улс эх орноо өрөнд баригдуулж, ард түмнийг ядуурлын ирмэгт аваачиж, Монгол хүний амьдралын эх үндэс болсон бэлчээр нутгийг сүйтгэж, гол усыг хордуулж буй ичгүүргүй луйварчдыг өөгшүүлдэг төр засагтайгаа Монголчууд бид бүгд ойлгож ухаарах чухал цаг мөч тулж ирснийг С.Дашцэрэн ах маань сануулсан юм.
Эх оронч ах маань үнэнийг илчлээд тэнгэрийн орондоо буцлаа. Та минь хүнд өвчнөөр шаналж байхдаа ч тэмцэж байж батлуулсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиндаа сэтгэл зовниж, “Хуулиа заавал авч үлдээрэй” гэж захисан сүүлчийн захиас тань журмын нөхөд бидэнд үлдлээ. Эх нутаг, элгэн түмнийхээ хойч ирээдүйн төлөө тэмцэх халуун сэтгэлтэй, эгэл даруу Монгол эр таны гэгээн дүр хамтран зүтгэгчид, найз нөхөд, бид бүхний сэтгэл зүрхэнд үлгэр дуурайлал болон мөнхөд дурсагдах болно. Таны эхлүүлсэн үйлсийг үргэлжлүүлж, захиасыг биелүүлэх эх орончдын эгнээ улам өргөжин бэхжих болно оо. Та минь амгалан нойрсоорой. Ум сайн амгалан болтугай.
Гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Гал Үндэстэн Холбоо
Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн
Голомт-ЦЭХ
Босоо Xөх Монгол
Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл
Баяншарга
Алтай бидний шүтээн
Ангир нүдэн мөндөөхэй
Онги голынхон
Гурван Тэс эх нутаг
Тосон Заамар
Хүдэр гол