Монголын улс төрийн амьдралд ч, эрүүгийн ертөнцөд ч таахад бэрх адармаатай зам туулж буй Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгост биеэ эмчлүүлсээр байгаа. Тэрбээр цөөн хоног эх орондоо ирээд буцахдаа баахан бужигнуулж орхисон дуулиан нь одоо ч бүрэн намжаагүй байна. Түүний АН-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зурсан өдөр уг гэрээнийх нь хавсралт гэх бичиг цахим хуудсуудаар тарж, үүнээс нь болоод тагнуулынхан МАН-ын байрыг нэгжиж сүйд болцгоосон. Мөн үүнээс өмнөхөн УИХ-ын гишүүдийн гар утсанд гадаадаас бөөн мессеж ирж, тагнуулчид маань овоо хийх “ажил”-тай болоод байлаа. Харин нууц хэмээх нөгөө гэрээний хавсралтыг тамга, гарын үсэгтэй нь “сийлсэн” этгээдийг тэд олсонгүй. Хүмүүсийн дунд МАН-аас зориуд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах гэж ийм зүйл хийлээ гэсэн ерөнхий таамаг төдий юм л үлдэв. АН-ынхнаас Н.Алтанхуягт дургуй нөхөд Э.Бат-Үүл баатарыгаа дайчлан байж Засгийн газраа унагаж санаа амрав. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гарын үсгээ зурсан өнөөх гэрээг нь ч хүчингүй болгов. Н.Энхбаярын Монголдоо ирээд буцсан нь үндсэндээ иймэрхүү ажлуудыг оволцуулаад өнгөрчээ.
Аа, бас тийм, мань хүн өөрийн намын томчуудын нэг, УИХ-ын дэд дарга Л.Цогийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах МАН-ын гишүүдийн саналын хуудсанд гарынхаа үсгийг зурлаа гээд түүний өрөөнд давхиж ороод бүтэн хоёр цаг гаруй ярилцахдаа “Ц.Элбэгдорж, С.Баяр нартай тооцоо бодох ёстой. Би бол хулгайч, тэгээд та нар яадаг юм” гэх зэргээр дөвчигнөсөн гэдэг. Түүний хажууд байсан хүмүүс дараа нь “Энэ Н.Энхбаяр гуайн бие тааруу болж. Их л бухимддаг болсон байна. Арай ч ингэж хамаа намаагүй ярьддаггүй хүн юмсан” гэцгээжээ.
Ийнхүү дуулиан тарьсан Н.Энхбаяр 2015 онд Монголдоо бүрмөсөн ирнэ гэж эх сурвалжууд хэлж байна. Үнэн байх. Түүний эмчилгээ үндсэндээ цагаан сараас өмнө дуусах бололтой. Зарим нь цагаан сараар ч ирж магадгүй, эсвэл зуны дэлгэр цагаар ирнэ гэж буй.
Н.Энхбаярын сургаар 2015 оны улс төрийн амьдрал хэрхэн өрнөхийг төсөөлж суугаа хүн цөөнгүй. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо төгсгөлд нь түүний “Би өшөөгөө авна. Тэгэхдээ эх орноо хөгжүүлж өшөө авна” гэсэн нь хүмүүст янз бүрийн юм бодогдуулсан байх. Сүр дуулиантайгаар баривчлагдсан, хоригдсон, өлсгөлөн зарлаж амиа золихоо шахсан зэрэг хурц үйл явдлуудаасаа болоод “Намайг Монголын төр хэлмэгдүүлсэн” гэх түүний энэ үгнээс хэн нэгэнд хорсох хорсол цухалзах мэт…
Хэрвээ Н.Энхбаяр эх орондоо ирээд улс төрд идэвхтэй оролцвол бужигнаан үүсч мэдэх л юм. Гэхдээ Шийдлийн Засгийн газарт нам нь хамтарч байгаа болохоор арай эргүүлээд хаячихгүй биз. Тийм боломж түүнд олдохгүй болов уу. Нөгөөтэйгүүр, “Би цаашдаа улс төрд оролцохгүй” гэж хэлсэндээ хүрээд өөр аргаар ажиллах гэж үзэж магадгүй. Юутай ч өнгөрч буй 2014 онд олны дунд “Өшөө авагч” хэмээгдэх болсон Намбарын Энхбаярын сураг ажиг ийнхүү дуулдаж байна.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn