Comment.mn

Найруулагч Б.Алтанхуяг: Гэгээлэг хайрын сэдэвтэй бүтээлүүд “Баярлалаа Ээжээ” тоглолтод эгшиглэнэ

Маргааш Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр тохиож буй. Энэхүү өдөрт зориулж Анир поп оркестр болон уран бүтээлчдийн хамтарсан “Баярлалаа Ээжээ” тоглолтоо толилуулна. Тэгвэл тус тоглолтын найруулагч, хөгжмийн зохиолч Анир студийн захирал, Анир поп оркестрын үүсгэн байгуулагч Б.Алтанхуягтай бэлтгэлийнх нь үеэр цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Маргааш “Баярлалаа Ээжээ” тоглолт болох гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлогийн талаар?

-Манай “Баярлалаа Ээжээ” тоглолт маргааш буюу 3-р сарын 08-нд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр 15:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тавигдах гэж байна. Энэ удаагийн тоглолт маань тусгай хөтөлбөртэй гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл их хөгжимлөг тоглолт болно. Бүтэн жилийн хугацаанд тоглогдсон шилдэг бүтээлүүдийн түүвэр тоглолт. Эх үрсийн, ээж, эгч, охин үрийн сэдэвтэй дуунууд эгшиглэнэ. Мөн Монголын шилдэг ээжийн тухай дуунуудыг хөгжим болгож тоглож байгаа. Гэгээлэг хайрын сэдэвтэй 100 хувь амьд тоглолт сайхан тоглолт болно. 

-Тоглолт хэдэн хэсгээс бүрдэх вэ?

-Тоглолт үндсэндээ хоёр хэсгээс бүрдэнэ. Гэхдээ сэдэв бол нэг. Дотроо дуучидтай, хөгжмийн гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Манай Монголчууд Анир поп оркестрын хөгжимд дуртай болчихсон байгаа байх гэж найдаж байгаа. Энэ хөгжмүүдийнхээ шилдэг бүтээлүүдээс тоглоно. 

-Анир оркестр, Анир поп оркестр энэ жил маш олон ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа монголын ард түмэндээ шинэ концертыг бэлтгэж толилуулна. Мөн гадагшаа тоглолтоор явах урилгатай байгаа. Үүнээс гадна хүүхдэд зориулсан програм хийж байгаа. Хүүхдийн хөгжмийн боловсролд анхаарах хэрэгтэй байна. Энэ нь нийгэмд үнэхээр тустай гэдэг нь батлагдсан. Улаанбаатар театртай мюзикл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна даа. 

-Анир оркестр байгуулагдаад 20 гаруй жилийн хугацааг үдэж байна. Таныхаар үзэгчид хэр соёлжиж байна?

-Манайхан их соёлтой болсон. Харин програмын өөрчлөлтийг байнга хийж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, номеруудын шинэчлэлтийг байнга хийж байх шаардлагатай. 

-Миний ажигласнаар монголд тавигдаж буй тоглолтуудын ихэнхи нь насанд хүрэгчдэд зориулагдаж байгаа харагддаг. Өсвөр насныханд урлагаар дамжуулан чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бололцоо хэр байна. Тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд хомс байгаа. Таны бодол?

-Өсвөр насныханд залууст зориулж үндэсний сэтгэлгээг суулгахын тулд сэтгэлд нь хүрсэн контент бүтээлүүдээр шинэчилж байх ёстой. Өсвөр насныханд зориулсан тусгай хөтөлбөр хийж байна. Үүн дотроо хуучны дуунуудыг орчин үеийн хөгжмийн найруулгыг хийж шинэчилж байна. Мөн тэдний үзэж өссөн аними хөгжмийг амьдаар нь тоглуулж үзүүллээ.

Залуусын сайн мэдэхгүй хуучны гоё кинонуудын аяыг мэдрүүлэхийн тулд шинэчилсэн найруулга хийж тэндээ сонсгох талаас нь ажиллаж байна. Тухайлбал, Нандин Эрдэнэ киноны ая, Би чамд хайртай киноны хийлийн аяыг мэдрүүлэх хэрэгтэй. Манайх поп оркестр болохоор ингэж орчин үе рүү хувирах бүрэн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, цахилгаан хөгжим, симфони хөгжимтэй холимог байдаг учраас. Одоо жишээ нь дан симфони хөгжим байвал хөнгөн жанр, поп хэсгийг тоглоход хэцүү. Эсвэл поп нь симфони болж болдоггүй. Харин манайх холимог болохоор хаашаа л бол хувирах боломжтой. Энэ давуу талаа ашиглаад орчин үеийн хэлбэрээр найруулаад залуучуудын дуртай хөгжмийг нь бэлдэж өгөх гол зорилготой мөн ажиллаж байна. 

-Маргааш баярын өдөр. Баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монголын бүх эмэгтэйчүүд ээжүүд, охидууддаа баярын мэндийг хүргэе. Эмэгтэй хүн гэдэг бол Монгол үндэсний эх ундарга гэж би ойлгодог. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дахин дахин хүргэе. Сайхан баярлаарай. 

-Тоглолтод нь амжилт хүсье.

-Баярлалаа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.