Comment.mn

Хан хэнтий аймаг 100 жилийн ойгоороо 100 өрхийг халуун дулаан гэртэй болголоо.

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд иргэд олон нийтийн хандиваар авсан иж бүрэн 100 гэрийг өнөөдөр төрийн байгууллагууд болон иргэдэд гардуулан өглөө.

Тодруулбал 15 гэрийг сургууль цэцэрлэгт өгсөн бөгөөд цаашид сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа ашиглах, хүүхэд багачуудад уламжлалт ахуйг сурталчлахад нь хэрэглүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн сум, тосгонд 22 гэр, сайн ажилласан соёлын төвд явуулын соёлын үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжлэг болгох зорилгоор 5 гэр олголоо. Сум тосгоны хувьд хүлээн авсан гэрээ ямар зориулалтаар ашиглах, иргэдэд олгох эсэхийг өөрсдөө шийдэх юм байна.

10 гэрийг онцгой комиссын мэдэлд үлдээж, гамшиг ослын үед болон пост ажиллуулахад ашиглуулахаар шилжүүлсэн бол үлдсэн гэрүүдийг төрийн байгууллагын үйлчлэгч, жолооч, сувилагч, туслах багш зэрэг үйлчилгээний ажилтнуудад болон Хэрлэн сумын багийн иргэдэд олгожээ. Ингэхдээ байгууллага болон багийн даргын тодорхойлолт, өрхийн амьжиргааны түвшинг харгалзан үзэж зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдэд олгож байгаа юм.

Эргэн сануулахад Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан хийгдэх ажлын төлөвлөгөөнд иргэдээс цахимаар санал авсан бөгөөд үүнд иргэдэд үр өгөөжөө өгөх ажлыг төлөвлөгөөнд оруулах хүсэлтүүд нэлээдгүй ирсэн. Үүний хүрээнд “100 жил-100 гэр” арга хэмжээг төлөвлөгөөндөө тусгаж, энэхүү ажил өнөөдөр биеллээ олж 100 гэр эздэдээ очлоо.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.