Comment.mn

Д.Бямба-Очир: Жил бүр өвөл болно, эрчим хүчний салбар цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй байна

Дулаан хангамжийн холбооны тэргүүн, зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Бямба-Очиртой ярилцлаа.

– Эрчим хүчний салбарын сайд энэ өвөл Улаанбаатар хотыг хөлдөх эрсдэлтэй байгаа талаар онцолсон. Үнэхээр ийм нөхцөл байдалд хүрчихсэн юм уу. Ер нь эрчим хүчний нөөц ямар байна вэ?

– Эрчим хүчний салбарын хамт олон маань энэ жил түүхт 100 жилийнх нь ой тохиож байна. Ойгоо тэмдэглэх завгүй хөдөлмөрлөж байгаа салбарын нийт хамт олондоо шинэ онд нь ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Энэ өвөл хотын дулаан хангамж шугам сүлжээний хувьд найдвартай дулаан өвөлжинө гэж бодож байна. Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд Улсын төсвийн 200 гаруй тэрбумын хөрөнгөөр дулааны шугамуудыг шинэчилж, найман насос станц бүрэн сольж шинэчилсэн. Мөн сүүлийн дөрвөн жил буюу улсын төсвийн хөрөнгө дутагдалтай болсон үед Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлээр хамгийн хүнд, муудсан дулааны шугамуудыг өргөтгөн шинэчлэх ажлууд хийгдсэн.

Энэ утгаараа дулааны шугам сүлжээ бол хэвийн найдвартай өвөлжинө. Харин эх үүсвэр Дулааны цахилгаан станцуудын тоноглолуудын насжилт өндөр болсон, дулаан, цахилгаан үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдсэн нь, бүрэн хүчин чадлаараа бэлтгэл тоноглолгүй ажиллаж байна. Мөн дулааны цахилгаан станцуудад гол сэлбэг, техник, материал нийлүүлдэг Украин улсад дайн болж байгаа нь багагүй хүндрэлийг учруулж байгаа байх.

Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд эрчим хүчний эх үүсвэрүүдэд онцгой анхаарч, өвлийн оргил ачаалалтай үеийг давахад нэг cap л үлдээд байна. Хэдийгээр хүндрэлтэй ажиллаж байгаа боловч манай Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад мэргэшсэн, чадварлаг учраас нийслэл хотоо хөлдөөхгүй, өвлийн их ачааллыг амжилттай давна гэдэгт мэргэжлийн хүний хувьд итгэж байна.

– Эрчим хүчний шинэ эх үүсвэр гаргах ямар нөөц, боломж байна вэ?

– Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд баруун талдаа Дулааны цахилгаан станц-2, Дулааны цахилгаан станц-3, Дулааны цахилгаан станц-4-өөс ф1,200/1,000мм голчтой том шугам гарч зүүн тал руу хот сунаж барилгажсан шугам нь ф500/400мм голчтой болж нарийсдаг.

Ийм дулаан хангамжийн инженерийн байгууламжид хотын зүүн талд нь дулааны эх үүсвэр барьж, зүүн талын хэрэглэгчдийг тусад нь дулаанаар хангаснаар шугамын нэвтрүүлэх чадвар, даралтын горим сайжирч байгаа. Үүний бодит жишээ бол Амгалан дулааны цахилгаан станц юм. Одоогоор богино хугацаанд дулааны эх үүсвэр нэмэгдүүлэх хувилбар бол Амгалан дулааны станцыг өргөтгөх шийдэл юм.

Энэ станц ашиглалтад орсноор хотын дулаан хангамж сүүлийн таван жилд эрс сайжирч иргэд ая тухтай өвөлжиж байна. Мөн Яармаг, Буянт-Ухаа чиглэлд шинэ хорооллууд цогцлон баригдаж байна. Нэгэнт амьдралд бодит үр дүнтэйг нотлоод байгаа Амгалан дулааны станцыг 100 Гкал/ц-аар өргөтгөж байгааг нэмэгдүүлж 200 Гкал/ц- аар өргөтгөж 12, 15 дугаар хорооллуудыг оролцуулаад хотын зүүн хэсгийг бүхэлд нь хангах тооцоо, судалгааны ажлыг Дулаан хангамжийн холбоо хийж байна.

– Судалгаанаас ямар үр дүн гарч байна вэ?

– Тооцооны үр дүн сайн гарч байгаа. Энэ өргөтгөлийг л богино хугацаанд хийх боломж байна. Ингэснээр ДЦС-3-ын Дунд даралтын хэсгийг зогсоож бүрэн шинэчлэх боломж бүрдэнэ.

Амгалан дулааны станцад дулаан үйлдвэрлэлийн өөрийн өртөг өндөр байдаг, тэгвэл дэлхийн бүх орон дулаан хуримтлуулах технологийг өргөнөөр ашиглаж байгааг Амгалан дулааны станцын 300 Гкал/ц-ийн өргөтгөлтэй хослон ашиглавал дулааны өөрийн өртгийг буурах тооцоо гарсан.

Дулаан хангамжийн холбоо Улаанбаатар хотын зүүн, хойд болон баруун хэсэгт 100 Гкал/ц-ийн дулааны хэд хэдэн эх үүсвэр барих судалгаа, тооцооны ажлыг хийж энэ талаар өнгөрсөн оны тавдугаар сарын 06-нд “Парламент” телевизийн “Ярих өнцөг” нэвтрүүлгээр танилцуулж байсан. Газ болон хог хаягдал ашиглах, ус хангамж, бохир ус гээд бусад инженер хангамжийн асуудал, барих газрын байрлал гээд нэлээд судалгаа, цаг хугацаа шаардахаар байгаа юм.

– Яг одоогоор манай улс эрчим хүчний салбартаа ямар ажлыг хийх нэн шаардлагатай байна?

– Ер нь бол жил бүр өвөл болно, эрчим хүчний салбар цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй байна. Төрийн Хэмнэлтийн хуулийн хүрээнд дулааныг бүх түвшинд хэмнэх бодлого явуулах шаардлагатай байна. Тухайлбал, өнөөдөр ДЦС-3-аас 80 гаруй үйлдвэр, ДЦС-2, ДЦС-4-өөс 20 гаруй үйлдвэр технологийн хэрэгцээнд 170-185 градустай уур авч хэрэглээд 80-95 градус хувирсан усыг (конденсатыг) ашиглахгүй бохирын сувагт хаяж байна.

– Энэ чиглэлээр Дулаан хангамжийн холбооноос ямар нэг ажлыг хийж байна уу?

– Тэгвэл энэ хувирсан усыг тусгай банканд хуримтлуулж буцаагаад үйлдвэрийн халаалтад хослон ашиглах технологи схем, судалгааг Дулаан хангамжийн холбооны инженерүүд боловсруулж “Улаанбаатар Дулааны сүлжээ” компанийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр шийдвэрлүүлсэн. Эхний төслөө “АПУ” компанийн гурван үйлдвэрт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

– Энэ төсөл ямар үр дүн, ач холбогдолтой вэ?

– Энэ технологи схемээр төсөл хэрэгжүүлснээр жилдээ 60 гаруй сая төгрөг дулааны үнэнд төлөхийг хэмнэж, цагт 0.4 Гкал/ц дулаан хэмнэх тооцоо гарсан. Энэ технологийг бусад үйлдвэрүүдэд хэрэгжүүлж эрчим хүчийг хэмнэх шаардлагатай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.