Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх 11:40 цагт буюу морин цагт тангараг өргөв.
Тангараг өргөх ёслолд үе үеийн Ерөнхийлөгч нар, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, гадаад улсын элчин сайд нар, урлаг соёлын төлөөллүүд уригджээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдрийн ёслолд УИХ-ын 68 гишүүн хүрэлцэн ирсэн. УИХ-ын 2021 хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан нээснийг мэдэгдэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн дагуу шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөнө.
Тангараг өргөх чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа бүрэн эрхт дипломат төлөөлөгч нар, суурийн төлөөлөгч нар урилгаар оролцож байна” гэлээ.
У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөлөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид тамгаа өргөн барьснаар У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо.