Comment.mn

Хоньчин З.Очир гуайгаар л Хөдөлмөрийн баатрыг төсөөлж ирэв шүү

Юуны өмнө, сүүлийн хэдэн өдөрт төрдөө үнсүүлж, энгэрээ цоолсон хүн бүрт баяр хүргэе. Төрдөө үнэлүүлнэ, шагнуулна гэдэг чинь сайхан л даа,  Мэдээж хэрэг, төрийн өндөр шагнал хүртсэн хүн бүр гавьяатан мөн. Төрийн шагнал нүдтэй байдаг ёстой.

Харин сүүлийн хэдэн өдөрт Ерөнхийлөгч маань төрийн шагналыг ёстой л бөөндлөө дөө. Цар тахлын энэ хүнд үеэр бүтэн арав гаруй хоног Төв талбай дээр улс амьтныг бөөгнүүлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.

Уг нь шагнал хүртэгсэд цөөхөн байх тусмаа үнэ цэнэ нь өндөр байх учиртай. Ерөнхийлөгч нар, ер нь Монголын төр ингэж бодож ирсэн.

Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс сүүлийн хоёр жилд цар тахал гээд шагнал овоорчихсон, тэрийгээ олгосон гэх тайлбарыг хийжээ.

Жил гаруйхны өмнө дөө, гурван сая монголчуудаас Чингис хааны одон авчих алдартан олдохгүй хоёр жил өнжсөн. Тэр үеийн ЕТГ-ын дарга ийм тайлбар хийж байсан юм. Оргүй зүйл ярьсан бололтой. Учир нь өнөөдөр хоёр биш бараг хорин жилийн шагнал тараачих шиг боллоо.

Уржигдар гэхэд л 50 гаруй уяачид алдар цол олгожээ. Хоёрхон жилд ийм олон Тод манлай, Манлай, Алдарт уяач төрж байсан билүү?

Бас отгон Хөдөлмөрийн баатрууд анхаарал татаад байгаа юм. Анх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны арванхоёрдугаар сарын 31-ний 234 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг бий болгожээ. Уг тогтоол нь “…“БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг бий болгосугай”, “…“БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг манай оронд социализм байгуулах үйлсэд гарамгай бүтээл гаргасан хүмүүст олгож байхаар тогтоосугай”, “…“БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол шагнагдагсад “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” гэдэг медаль олгож байсугай” гэсэн үгтэй.  1992 оны шинэ Үндсэн хуулиар улсын нэрийг “Монгол Улс” хэмээн нэрлэх болсон тул үүнээс хойш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох болсон юм.

Ууган Хөдөлмөрийн баатраар уурхайчин тодорчээ. 1957 онд Налайхын уурхайн уурхайчин Дамдины Даваажав энэ цолоор шагнагдаж байжээ.

Араас нь 1958 онд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн тракторч, комбайнч Намжилын Бямбацогт, жолооч Цэвээний Лувсансамбуу, 1959 онд Арьс ширний үйлдвэрийн ажилчин Дамбын Шарав, хоньчин Зундуйн Очир нар Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Энэ цолоор нийтдээ 200 шахам хүн шагнуулсан байдаг.

Яахав, сүүлийн жилүүдийн нэлээд хэсгийг тамирчид эзлэх болсон. Яалт ч үгүй баатрууд л даа.

Харин төрийн өмчит компаниудыг удирдаж, төсөл хэрэгжүүлсэн захирлууд Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолоор шагнуулдаг боллоо. Одоо Ардын хувьсгалын 100 жилээр Хөдөлмөрийн баатар болчихоод тэтгэвэртээ гарна гээд албан тушаал ацаглаад сууж буй захирал ч байна.

Хөдөлмөрийн баатар цолыг анх бий болгосон үндэслэл, түүх одоо баахан гажаад байна уу гэж “Баатар захирал”-уудыг хараад бодогдож байгаа юм.

Гэтэл бидний мэддэг Хөдөлмөрийн баатруудын намтар нь хүртэл домог шүү дээ. Хөдөлмөрийн баатар, хоньчин Зундуйн Очир гуай гэхэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хужиртын гол” гэдэг газарт 1905 онд төрсөн. 1940 онд “Харцага” нэгдэлд орж, улмаар 1948 онд “Улсын сайн малчин” цол, шагнал авсан. З.Очир гуайн малаа малладаг туршлага, тэрнээс нь  улбаатай амжилт Хөдөлмөрийн баатар цолд хүргэсэн байдаг. Хэдхээн жилийн өмнөхийг хүртэл бага ангийн сурах бичигт нийтлэгдсэн түүх намтрыг нь “Малчин Очир”, “Нэгдлийн Очир”, “Баатар Очир” гэсэн олон нэртэйгээр нь уншиж байв шүү.

Гол хэлэх гээд байгаа юм гэвэл тэр үеийн Хөдөлмөрийн баатар цолыг сум, нэгдлийн даргад нь биш хонио маллаж өсгөсөн хоньчин З.Очир гуайд олгож байжээ. Бас Ерөөгийн сангийн аж ахуйн дарга, Налайхын уурхайн дарга, Арьс ширний үйлдвэрийн даргад бус тракторч, комбайнч, уурхайчин, ажилчинд нь олгосон байгаа юм.

Энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож ирсэн уламжлал. Харин өнөөдөр тэр төмөр замчинд бус, тэр уурхайчинд бус, тэр цэрэгт биш даргад нь захиралд нь Хөдөлмөрийн баатар цолыг олгож байх юм. Нөгөөх нь ч том дээл хөөргөчихсөн гүйж очоод “…Намайг биш манай хамт олныг шагналаа” гээд зүүгээд явчих аж.

Нөгөө талаасаа, өдгөө заавал гүйцэтгэгч, ажилчин хамгийн том шагнал, үнэлгээг хүртэхээ больсон цаг. Дэлхий нийтээр санаачлагчийг шагнадаг, идеаг үнэлдэг болчихсон. Хувьцаа нь ам.доллар болж цутгадаг бизнестэй эрхмүүд үүний жишээ. “Christian Dior”, “Louis Vuitton”, “Givenchy”-гийн худалдааны тэмдгийг эзэмшдэг Францын LVMH /Moet Hennessy- Louis Vuitton/ корпорацын тэргүүн Бернар Арно, “Facebook”-ийн эзэн Марк Цукерберг,  “Zara” брэндийг эзэмшигч Амансио Ортега нарын орлого цаг минутаар, бүр секундээр гүйж байдаг.

Гэхдээ манай төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын захирлуудыг эдэнтэй зүйрлэж болохгүй. Манай хэд ажлаа л хийсэн. Харин түүнийхээ төлөө Хөдөлмөрийн баатар “зүүх” нь шударга бус. Энэ нь логикоороо “…Хулгай хийгээгүй учир”, эсвэл “…Хулгайг нуусан учир”, бас “…Даалгавар сайн биелүүлсэн” гэх мэтийн “онцгой гавьяа”-гаа үнэлүүлсэн болж харагдаад байгаа юм. Шагнуулсан үндэслэл нь эдний нэг гэдгийг бүгд мэднэ дээ. Гол нь энэ хэдэн захирал ичих хэрэгтэй. Уурхайчиндаа, төмөр замчиндаа, цэрэгтээ энэ шагналыг хүртээх хэрэгтэй.

Аль эсвэл энэ “гайхамшигтай” бүтээн байгуулалтын санаачлагчид нь Хөдөлмөрийн баатар цол олгох хэрэгтэй байсан юм. Бас л хэцүү. Ерө нь боломжгүй. Арав гаруй жил гацсан ажил л даа.

Эцэст нь, хэзээ нэгэн цагт төсөв зардал нь нууцаас гарч, нийтэд ил болоход, энэ төслөөс “төрсөн” Хөдөлмөрийн баатрууд, Гавьяатууд яаж мундраа хутгана даа л гэж бодогдож байна шүү.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.