Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах тухай асуудлаар МҮОНРТ-ээс мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий Захирал Б.Бүрэнбаатар: “МҮОНРТ өөрийн чиг үүргийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсаар ирсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ анх удаа 6 жилээр сонгогдох хариуцлагатай сонгууль. Энэ хариуцлагатай цаг үед МҮОНРТ нь өмнөхийн адил, сонгуульд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж дуусаад байна. Бид үндсэн чиг үүргийнхээ дагуу мэтгэлцээнд бэлдсэн. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр мэтгэлцээнийг явуулахаар 3 намын төлөөлөлтэй хугацаагаа тохирсон.
Гэвч Д.Энхбат нэр дэвшигч “ковид19” өвчний халдвар авсан нь 2 удаагийн шинжилгээгээр батлагдсан. Тийм учраас цахим орчинд мэтгэлцээн хийх үү? гэдэг асуудлыг ярилцлаа. ХҮНамаас, нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэмийг нь сахиулаад студид авчирч болох уу? гэдэг санаачлага гаргасан. МАН, АН мөн тэр талаар судлаж үзээч гэж хэлсэн. Мөн 3 нэр дэвшигчийг эмнэлэгт аваачиж, эмнэлгээс мэтгэлцээн явуулах боломжтой юу? гэдэг гаргалгааг хайсан. Бас явуулын станц эмнэлэгт байрлуулж, Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө 2 нэр дэвшигчийг студиэс мэтгэлцээнд оруулах гэсэн ийм 3 хувилбар яригдсан. Д.Энхбат нэр дэвшигчийн хэвтэн эмчлүүлж байгаа Хоёрдугаар эмнэлэгт албан хүсэлт хүргүүлсэн. Улаан бүс рүү гадны ямар нэгэн хүн оруулахгүй, ЭМЯ, УОК-ын гаргасан шийдвэрийг зөрчиж болохгүй гэдэг хариуг өнөөдөр бидэнд ирүүллээ.
Мөн нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэдэг зүйлийг хэлсэн. МҮОНРТ-ийн зүгээс мэтгэлцээнийг зохион байгуулах ажлыг бүрэн хангасан байтал ийм шинэ нөхцөл байдал үүссэн. Ийм учраас бид энэ удаагийн улстөрийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Энэ мэтгэлцээнийг дамжуулах боломжгүй болсондоо харамсаж байна.” гэв.