Монголын эгэл жирийн айлын охин дэлхийн фэйшн загварын хот болох Итали улсын Миланд Accademia Bella arti di brera сургуульд хувцасны дизайны чиглэлээр магистераар суралцаж байх хугацаандаа өөрийн TUVZA брэндээ үүсгэн байгуулж өдгөө эх орондоо уран бүтээлээ туурвиж байгаа юм. Энд өгүүлэх түүхийн эзнийг маань Ачитын Түвшинзаяа гэдэг.
Түүнийг дунд сургуулийн сурагч байхад нь ээж нь айлын хүүхдийн цахилгаан нь эвдэрчихсэн гадуур хувцсанд товч, шилбэ хадаж өмсүүлсэн байна. Тухайн үед хүүхэд байсан болохоор үеийнхэнээсээ их ичсэн гэдэг. Бусад айлын хүүхдүүд бүрэн бүтэн хувцас өмсөөд явж байхад би яагаад ийм гадуур хувцас өмсөх ёстой юм бол хэмээн ихээхэн эмзэг хүлээн авчээ. Энэ явдлаас хойш өөртөө бусдад байхгүй гоё хувцас хийж өмсдөг болно гэх хүсэл сэтгэлийн мухарт нь бий болж. Наймдугаар ангиа төгсөөд юм оёж сурахыг мөрөөдсөөр сэтгэл шулуудан ээждээ энэ тухайгаа дуулгажээ. Оросын бор чемодантай хөдөөний бор охин анх гэрээсээ гарсан нь загварын ертөнц рүү эргэж буцалтгүй алхан орох эхлэл нь тавигджээ. Үүнээс хойш түүний очсон газар болгонд нь чемоданы өнгө нь өөрчлөгдсөөр өөрийн ур чадвар нь ч сайжирсаар байв. Түүний фэйшн загвараар сурахын төлөөх аялал нь зургаадугаар ангиас нь эхэлжээ. Сумынхаа сурагчдын дунд зохион байгуулагдсан хувцас загварын уралдаанд бөглөөгөөр анх удаа хувцас урлаж оролцсон нь аймгийнхаа наадамд өрсөлдөх эрх нь нээгдэх нь тэр. Бөглөөгөөр хувцас хийсэн гэхээр та гайхаж байна уу? Хадаас улайсгаад бөглөөгөө цоолж хооронд нь холбон хувцас хийсэн аж. Түүнийг ээжийнх нь найз одоо харахаараа зуухныхаа өмнө утаа униар болчихсон бөглөө цоолоод сууж байсан нь нүдэнд харагдах юм хэмээн хуучилдаг гэнэ. Ингээд аймгийнхаа тэмцээнд сумаа төлөөлж явах том ажилд томилогдож. Дэрснээс санаа авч “Тариан түрүү” гэх хувцаснуудаа хийж гуравдугаар байранд оролцох болзлоо хангажээ. Гэтэл шүүгч нар нь төгсөх ангийн хүүхдэд нь шагналыг өгчихсөн гэдэг. Ингэсэн ч түүний гал цог унтралгүй улам дүрэлзэн бадамласаар 2014 оны Гоёл наадмаас шилдэг залуу дизайнераар тодорчээ.
-Хилийн дээс алхан дипломоо ивээн тэтгүүлсэн нь-
Түүнийг БНХАУ-д хөл тавихад СУИС-ийн Б.Мөнхцэцэг багш нь тусалсан байна. Дэлхийн хамгийн том зах зээлийг эзэлдэг Хятад улсад дадлагаа хийжээ. Энэхүү боломжийг алдалгүй багш нь дипломын ажлыг нь ч тухайн газарт нь хийлгэх санал тавьж. Аз ивээж А.Түвшинзаяагийн дипломын ажлыг ивээн тэтгэж хийхээр болсон байна. Ингэж л СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Хувцасны зураач, дизайнерын ангийг бакалаврын зэрэгтэй төгсөж, дипломоо ивээн тэтгүүлсэн байгууллагадаа төгсөөд нэг жил ажиллах гэрээ байгуулсан ч бүр таван жил ажиллажээ. Тус компанид хамгийн удаан ажилласан дизайнераар хүртэл тодорч. Нэг зүйлдээ тууштай байж сурсан эрдмийнхээ шимийг хүртэнэ гэдэг л энэ байх даа. Цаашдаа илүү ихийг сурч мэдэхийг эрэлхийлсээр Итали улсын нэг жилийн хэлний бэлтгэлд суралцахаар өөртөө зорилго тавьжээ. Түүнд Италийн Милан хотод очих зам мөр тийм ч дардан байгаагүй юм. Маш их даваа бартааг туулсаар дэлхийн фэйшн загварын хотод хөл тавьж чаджээ. Багадаа аавыгаа алдаж, ээжтэйгээ хамт өссөн түүнд мөнгөөр тусалж дэмжих асуудал багш ээжид нь байгаагүй гэдэг. Гагцхүү өөрийнхөө ажиллаж олсон хуримтлалаараа санхүүгийн асуудлаа зориг гарган шийдсэн байна.
-Дэлхийн фэйшн загварын хот Миланд санхүүгийн асуудалтай ч зориглон хөл тавьжээ-
Эргээд харамсаж суухгүйн тулд маш зоригтой алхамыг хийж өндөр шалгууртай Миланыг зорьжээ. Тус хотод хөл тавьсан цагаасаа эхлэн олон ажлыг давхар хийжээ. Бидний хэлж заншсанаар сүлжээний бизнест хүртэл хөл тавин гоо сайхны бүтээгдэхүүн борлуулсан гэнэ. Тэрбээр сарынхаа хэрэглээг хумьж, долоо хоногийн идэх хоолоо хүртэл төлөвлөсөн графикын дагуу иддэг байж. Төлөвлөөгөөнөөсөө хазгай гишгэх л юм бол түүний мөрөөдөлдөө хүрэх замд цэг тавигдах учир шантралгүй, зоригтойгоор урагшилсаар байжээ. Санхүүгээс гадна шалгалт гэх хамгийн том давааг хэдэнтээ сайн давж чадсан нь түүний мөрөөдөлдөө хүрэх гүүр нь тавигджээ. Италид сургуульд суралцахаар очсон монгол хүүхдүүдийн 100-ны 80 хувь нь эрсдэлд ордог. 20 хувь нь шүүрэн шанаган дээр дөнгөж үлдэх үгүйтэй тунаж үлддэг байна. Анх түүнтэй 17 монгол хүүхэд суралцаж байгаад гурван л төгсөж чаджээ. Амьдрах өртөг өндөр газар амьд үлдэх тулаанд хэлний бэлтгэлдээ суралцаж байх хугацаандаа оролцож амжилттай даван туулсан байна. Түүнд санхүүгийн асуудал байнга тулгарна. Үүндээ тэрбээр шантраагүй харин ч хэрхэн мөнгө олох уу гэдэг алхамаа маш зоригтойгоор хийж иржээ.Үүнийхээ ачаар Дэлхийд нэртэй брэндэд ажиллаж арвин туршлага хуримтлуулсан азтай нэгэн. Гүүглээс фэйшн брэндийг хайж байгаад өөрөө шууд очоод өөрийгөө танилцуулаад хийж чаддаг зүйлсээ хэлээд бүтээлээ үзүүлээд долоо хоног туршилтаар ажиллах боломжоо олж авчээ. Дураараа басхүү зоригтой алхам нь түүний зам мөрийг тэгшилж байсан уу гэлтэй. Ингээд л тухайн брэнддээ ажилд орж. Хийвэл бүү ай гэдэг. Хүн зориглож л хийхгүй айгаад байвал юунд ч хүрэхгүй. Мэдээж унаж, босож байж амжилтын үүдээ нээнэ. Алдахаас айдаггүй. Нэгэнт л алдчихсан бол алдаанаас дахин нэг зүйлийг суралцдаг хэмээн А.Түвшинзаяа яриандаа онцолсон юм. Нээрээ ч түүний хэлдэг зөв шүү. Алдахаас айж хойш суугаад байвал нэг л байрандаа мөнхөрнө. Суусан тэнэгээс явсан цэцэн хамаагүй дээр гэдэг ардын үг бий. Монголоос Итали явахдаа дансан дахь бүх мөнгөө Евро болгожээ. Тэнд очоод тэгээс бүхий л зүйлээ эхлүүлсэн байна. Яая одоо л зогсох гээд байна даа яанаа гэсэн үед түүнийг бурхан ивээсэн мэт авралын боломж хаа нэгтээгээс гараад ирчихдэг байж. Ёстой л цаанаасаа чи мэргэжлийн дизайнер болох хувьтай төрсөн хүн гээд байх шиг зөн совиндоо хөтлөгдөн мөнгөгүй гэдэг үгээр хаалт хийлгүй зүтгэжээ.
Gianni, Tolentino-д ажиллаж байхдаа эх орондоо очоод өөрийн брэндээ үүсгэн байгуулж гоё зүйл хийнэ дээ гэсэн хүслээр өөрийн хүчээ цэнэглэн ажилласаар байж. Хүн хүсэх л юм бол ямар ч цэгт хүрч болдог юм байна гэдгийг өөрөө туулсан болохоор залуустаа захиж хэлмээр байна гэж яриандаа өгүүлж суулаа. Заавал мөнгөтэй байх шаардлагагүй. Өөрөө л хүсэж байвал ажил хийж хуримтлуулаад мөрөөдөлдөө хүрдэг юм. Чин сэтгэлийн дуудлагаа сонсоорой болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй гэдгийг захисан шүү. Хүний нутагт түүний нэр хэн байх нь хамаагүй. Гагцхүү л монгол гээд шууд улсынхаа нэрээр дуудуулчихдаг болохоор маш их үүрэг, хариуцлагыг амжилттай үүрсээр дэлхийн брэндүүдтэй хамтран ажиллахдаа ч алдаршуулсаар эх орондоо иржээ.
-Италийн Bulgary брэндтэй оюутны амьдралаа холбосон нь-
Тэрбээр Bulgary брендтэй өөрийн зохиосон загварын хувцасаа өмсөж яваад л холбогджээ. Манайхаар бол УИД-тэй төстэй Milani renascente нэртэй дэлгүүрт үнэртэн сонирхож, явсаар тус брендийн лангуун дээр очиж, багахан худалдан авалт хийсэн байна. Тэр үед тэнд байсан хүмүүстэй буу халж нилээн ярилцаж. Тэгээд л өөрийгөө монгол хүн, стилист гэж яриад л өнгөрсөн аж. Харин дараа нь орохдоо өмнө нь ярилцсан хүмүүстэй дахин тааралдаж бүтээл, шинэ загварынхаа талаар хөөрөлджээ. Өөрөө ч загвараа өмсчихсөн явж байсан гэнэ. Тэрийгээ үзүүлтэл тэдэнд маш их таалагдсан. Тухайн загварын Versace материалаар хийсэн байжээ. Зуун хувь силкэн материалтай. Бараг бүх мөнгөө тэр материалыг авахад зориулчихсан байсан гэнэ. Тэр ганцхан бүтээл л гарч байвал бусад нь яахав гэж тухайн үедээ дизайнер А.Түвшинзаяа бодсон гэдгээ нуулгүй ярив. Гэтэл бүтээсэн загварыг нь Bulgary-гийн хүмүүс маш таатай хүлээж аваад шинэ сүрчигэнд зориулан хувцас урлаж болох уу гэх гайхалтай саналыг түүнд тавьжээ. Ингээд л оюутан түүний амьдрал дахин нэг дэлхийн брэндтэй хамтран ажиллах үүд нь нээгдсэн байна.
-Хүүгээ төрүүлчихээд оёдлын машин аваад анхны хүүхдийн загвараа гаргажээ-
А.Түвшинзаяа хэдийнээ дизайнер мэргэжлээ эзэмшээд өөрийн брэндээ үүсгэн байгуулаад баг хамт олонтойгоо шинэхэн загваруудаа гаргаад үйлчлүүлэгч нараасаа магтаалын үгийг харамгүй хүртэж явна. Өөрийн мөрөөдлийн үзүүрээс чанга атгасан тэрбээр ээждээ илүү дэм болохыг хүсдэг аж. Түүнийг суралцаж явах хугацаанд ээжийнх нь бие өвдсөн байна. Энэ үед тэр эхээс ганцаараа тул мөнгө цуглуулсаар ээжийгээ эмчлүүлж чаджээ. Өөрөө ээж болоод л хүүхдийн ертөнцтэй танилцсан дизайнер бүсгүй маань хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа гэртээ хоёр оёдлын машин аваад боди хийж туршиж үзсэн байна. Үүнээс эхлэн анхны нярайн загваруудаа гаргажээ.
Би бага багаар урагшилж яваа залуу уран бүтээлч. TUVZA брэндийнхээ өөрийн гэсэн онцлогийг шингээсэн хээтэй болохыг хүсэж явна хэмээн цаашдын зорилгыг нь асуухад даруухан хариулсан юм. Миланд ажиллаж, магистрт суралцаж байхдаа өөрийн брэндийнхээ логог бүтэн таван сарын турш тасралтгүй зурсаар бий болгожээ.
Хийсэн ажлаа л ярих дуртай. Тэрнээс хийгээгүй зүйлээ ирээдүйд тэгнэ ингэнэ гэж том ярихыг зорилгоо болгодоггүй гэв. Ирээдүйдээ хийх зүйлээ дотроо маш их тунгааж байгаад л шууд л хийчихдэг талын хүн аж. Өөртөө цор ганц бүтээлийг хийлгэхийг эрхэмлэдэг хэн бүхэнд түүний ажлын үүд хаалга нээлттэй. TUVZA брэндийн дизайнертайгаа ярилцаад өөрийн хүссэн загвараа зуруулаадь өнгөө тодорхойлуулаад, зургийн дагуу бүтээл нь бий болдог байна. Түүний онгод нь гэнэт л толгойд ороод ирдэг. Сонирхолтой нь хааяа бүүр бодоод байхад л толгойд юу ч орж ирдэггүй гэнэ лээ уран бүтээлч хүмүүстэй ярилцаж байхад ихэнхи нь ийн хариулах нь олонтай. Нэг бүтээл хийж байхад нь материал нь дутчихдаг гэнэ. Тэр агшинд бүтээл төрөх гоё санаа ороод ирдэг байна.
Монгол хэв шинжээ шингээсэн өдөр тутмын биед тухтай загваруудаа гаргахаар тэд төлөвлөжээ. Загваруудаа нэг хувийг хийгээд өөрөө хэрэглэж үздэг байна. Учир нь би өөрөө ч бас нэг хэрэглэгч шүү дээ хэмээсэн. Тиймээс өөр дээрээ зөндөө их туршиж байж дараа нь худалдаанд гаргадаг. Дутуу хийсэн зүйл байвал нэмнэ. Хүүхдийн хувцасыг хүү дээрээ бүх туршилтаа хийжээ. Заримдаа их гоё санаа олно тэгэхээрээ баярлаад бүжиглэж өгнө гээд л инээд дүүрэн хөөрөлдөв. Тэрбээр ядрахаараа хийсэн бүтээлүүдээ хараад сэргээд цаашлах хүч нь ороод ирдэг байна.
-Хүүхдийн эрүүл мэндэд анхаарч загваруудаа урладаг-
Монгол загвартай хүүхдийн боди яагаад байж болохгүй хэмээн бодоод зөрсөн энгэртэй зөөлөн боди туршиж үзсэн. Эцсийн байдлаар загвараа туршаад бэлэн болгочихсон. Хараахан худалдаанд гаргаагүй байгаа гэнэ. Охиныхоо, хүүгийнхээ сэвлэгийг үргээх баяраар нь монгол захтай даашинзаа бомбер, гутлаа хослуулаад захиалгаар хийлгэж болно. Бомбер нь цүнхтэйгээ, аав ээж, ах дүү гээд ер нь гэр бүлээрээ хослох боломжтойгоор урлагджээ. Хүүхдийн хувцсанд силкийг яагаад сонгох болсныг асуухад маш зөөлөн учир арьсанд таатаж мэдрэмж төрүүлдэг, базаа тавихад ч үрчийдэггүй. Мөн олон хувирах загвартай гардаг байна. Тухайлбал, хүүхдийн баривч нь энгэрээрээ шулуун онгойдог. Хүүхэд хурдан өсөж торнидог учраас ханцуйг нь эхний ээлжинд нугалж өмсгөөд том болоод ирэхээр нь нугалаасаа шулуун болгон өмсөх боломжтойгоор зохион бүтээжээ. Бас бүсийг нь салгаад авчихдаг ингээд л монгол загвартай цамц болчихдог шидтэй байна. Хүүхдэдээ нэг баривч аваад багадчихлаа гээд дахиж өмсдөггүй. Энэ байдлыг халахын тулд арай урт хугацаагаар өмсөх боломжийг худалдан авагч нарт шийдэж өгсөн давуу талтай гэнэ шүү. Хүүхдийн биед наалдах хэсгийг 100 хувийн даавуу материалаар хийжээ. Нэг авсан хослолоо цагаан сар, наадам, төрсөн өдөр гээд олон баяраараа гоёх боломжтой. Тус брэндийн хүүхдийн хувцсыг гадаад руу бэлгэнд явуулахаар сонгож их хийлгэдэг аж. Хувцасны бэлгийн уутаа хүртэл тухайн бүтээлийнхээ онцлогт тохируулж өөрсдөө үйлдвэрлэдэг байна. Хүүхдийн гутлын диайзнер нь 0-5 нас хүртэл урладаг. Хүүхдэд гүйх, харайхад нь гутлын үдээсийг нь хөврөхгүй байх үүднээс нь хялбараар шийдэж өгчээ. TUVZA -гийн урланд зочилсон хэн бүхэнд дулаан, таатай орчин таныг бүчин авах болно.