Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат мэдээлэл хийж байна. Нэр дэвшигч Д.Энхбат “Монгол хүн чадна гэдэг бидний уриа. Бүх зүйлийг төр гартаа авч байгаа, бүлэглэлүүд бүх зүйлийг эзэмшиж байгаа энэ байдлыг өөрчлөх ёстой. Гурван сая хүн бүгд хөдөлж байж хавтгайрсан халамжийг таслан зогсоож байж бид хөгжинө” гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн менежерээр ажиллаж буй. Тэрбээр “Монголчуудын, залуусын хүсэлтийг хүлээн авсан Д.Энхбатад талархаж байна. Энэ бол бидний амжилт. Бид чадсан. Цаашид ч чадах болно. АН-аас гаргасан уриалгыг Зөв хүн электорат эвсэл дэмжиж байна. Цар тахлаас болж бид стресстэй бухимдалтай нэг жилийг өнгөрөөж байна. Бид төрийн тэргүүнээ сонгож байгаа тул бид харилцан сөрөг хар мэдээллийг цацахгүй байя. Харин нийгэмд гэрэл асаах, стресс бухимдлыг тайлах чиглэлд ажиллана. Багадаа таван удаа мэтгэлцээн хийе. Үүнийг уриалж байна. Мэтгэлцээнийг нэг талаас хийх буруу байна. Гурван талаас нэг нэг сэтгүүлчийг сонгон баг болгож, асуултаа бэлдэж, таван удаа мэтгэлцээн явуулъя. Бид Дефакто Д.Жаргалсайханыг өөрсдийн сэтгүүлчээр сонгож байна. 2017 оны мэтгэлцээн шиг уян зөөлөн асуулттай байж болохгүй.