Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх билээ.
Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав. Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар үнэмлэхээ авах юм.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл хүлээлгэсэн намын нөхөд болон ард иргэддээ талархаж байна. Мөн нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа амжилт хүсье.
Ерөнхийлөгчийн сонгуулийг зөвхөн Монголчууд биш дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Сонгуулийн дүнг ард иргэд төдийгүй олон улс ажиглаж байгаа. Тиймээс сонгуульд өрсөлдөж байгаа болон сонгуулийн кампанит ажилд ажиллаж байгаа хүмүүстээ ил тод, шударга өрсөлдье гэж уриалж байна. Түүнчлэн цар тахал хэмээх аймшигт өвчин дэлгэрсэн энэ үед сонгуулийн зардлыг аль болох хэмнэж, хямд зардлаар явуулахыг анхаарч ажиллах нь зүйтэй.
Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүд дээр анхаарч ажиллана.
Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна. Хараат бус шүүх, прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна.
Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Монголын ард түмний үнэт зүйл, ололт амжилтын нэг бол парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн зах зээлийн эдийн засагтай нийгэм. Энэ тогтолцоог хадгалах, улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.
Дээр нь улс, үндэсний эв нэгдлийн асуудлыг ард түмэн хөндөж, ярьдаг болсон байна. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Тиймээс улс орны эв нэгдлийг илэрхийлэг, сахин хамгаалагчийн хувиар ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
Түүнчлэн Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Байгалийн баялаг гэдэг бол хэн нэг хүний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тэр утгаараа монголын иргэн бүр байгалийн баялагаас ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс баялгийн сан байгуулж, түүнээсээ бүтээн байгуулалтуудаа санхүүжилт, иргэддээ ногдол ажиг олгодог байхад анхаарал тавьж ажиллана.
Дараагийн асуудал бол гадаад харилцааны ажил. Төрийн тэргүүний нэг чухал ажил нь гадаадад улс орноо төлөөлөх явдал байдаг. Энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн болно. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон гадаад улсад Монгол Улсын олж авсан нэр хүндийн улам өргөжүүлэхийн төлөө бүхий л боломж нөөцөө зориулан ажиллах болно.
Эцэст нь хүчирхэг эдийн засагтай Монгол Улсын бий болгох ёстой. Үүний тулд 4-10 жилийн хугацаа хэрэгтэй гэж бодож байна. Ирэх 30 жилд Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, төлөвлөгөөгөө бид баталсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хувиар Засгийн газар, УИХ-т бүхий л дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллах болно.