Comment.mn

Ховсдогч Ерөнхийлөгч

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, “ТВ-9” телевизийн Ерөнхий Захирал Т.Баасансүрэнгийн бичсэн “Бөмбөрцөг бөөрөнхий” нэртэй, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван эрхэмийн тухай эргэцүүлэл хөргийг цувралаар хүргэж байна.

Бөмбөрцөг бөөрөнхий 

/Эргэцүүлэл хөрөг/

Хувь заяаны сонирхолтой заяа тавилангаар гэх юмуудаа миний бие Монгол Улсын сүүлийн таван ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар ойртож холдож явсан байх юм. Өмнөх он жилүүд буюу БНМАУ-ын удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх нарын үед удирдлагад нь бас хамт ажиллаж байлаа. Тэр хоёр бол цалингаас цалингийн хооронд маньтайгаа адилхан амь зуусан манай үеийнхэн. Онцын огцом ялгаа байхгүй.  “Тойрон хүрээлэгчид” хэмээх хилс хэрэгт тулгагдаж бүтэн гурав дөрвөн жил мөрдөгдөж байцаагдаад ард түмнээсээ арван төгрөг ч мэхэлж завшаагүй нь тогтоогдож сүүлд ариун нэр нь аяндаа цагаатгагджээ. Харин тэдний үйл хэргийг үргэлжлүүлэгч Монгол Улсын сүүлчийн таван Ерөнхийлөгчийн түүх намтар бол их өөр юм. Шинэ цагийн хүмүүс. Тэдний тухай “Ерөнхийлөгчийн тод мөр, том толбо” шинжлэлт нийтлэлийг чадан ядан тэрлэв. Хэн нэгнийг нь хэтрүүлж магтсангүй. Гайтуулж шүүмжлэхийг ч урьтал болгосонгүй. Байгаа байдлаар нь өгүүлэн хүүрнэв. Тэр бүхнээ товчлон хураангуйлж тус бүрт нь нэг нэг жижигхэн хөрөглөл бүтээлээ. “Ерөнхийлөгчийн тод мөр, том толбо”-ын агуулгын хураангуй гэж ойлгож болно. Таалан соёрхоно уу. 

Ховсдогч Ерөнхийлөгч

/Халтмаагийн Баттулга/

Монгол Улс сүүлийн гучин жилд таван ерөнхийлөгчийн нүүр үзэв. Тав дахь нь Халтмаагийн Баттулга. Дүрслэх урлагийн дунд сургуульд зураачийн мэргэжлээр суралцаж байсан. Урлагийн сургуулиас их юм сурсан. Хүнд их юм өгдөг газар. Аливаа зүйлийг өөр нүдээр харах дадал олсон гэж тэр хэлдэг. Ерээд оны ардчилсан хувьсгалын эхлэлийг залуу уран бүтээлчид тавьсан юм. Нийгмийг тэд нойроос сэрээсэн гэж ярих дуртай.

Тэгж суралцаж байхдаа өмд цамц оёж, пянз зарж, арилжаа наймааны алсын замд гарсан байдаг. Дээд боловсролгүй. Дунд боловсролтой, түүнийгээ хэнээс ч нуудаггүй. Харин ч хэлж ярих дуртай. Түүнийг нь сэтгүүлч Д.Төрмөнх АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольнтой зүйрлэж жирийн нэг гуталчны хүү аугаа том орны төрийн тэргүүн болж чадсантай юуны ялгаа байна гэж бахархах өнгө аясаар бичсэн нь бий. Өнгөрсөн зууны ерээд онд манайхнаас цөөнгүй нь ийш тийш явж энд тэндхийн их дээд сургуулийн хавтас өвөртөлж ирцгээсэн. Түүх намтартаа түмэн янзын цол гуншин бичиж чимэглэдэг болсон. Заримыг нь ч худалдаж авсан байж мэднэ. /ОХУ-ын зах дээр их, дээд сургуулиас эхлээд элдэв шинжлэх ухааны докторын диплом хүртэл худалдаж байсан цаг үе бий./ Тэр нь илэрч дуулиан шуугиан тарьсан нь ч нэг биш бий. Халтмаагийн Баттулга харин тэгээгүй. Тийм боломж түүнд байсан ч тоож ч бодолхийлэлгүй өнгөрсөн.

Түүний түүх намтар сонирхолтой. Адал явдлын кино адил сонин. Сайд, тамирчин хоёр л гадаад улс оронд явдаг юм байна. Юм үзэж нүд тайлъя гэж зориглоод спортын ертөнцөд хөл тавьжээ. Төрсөн дүү Х.Баттуул нь чөлөөт бөхөөр хичээллэж 19 настайдаа улсын аварга болж, гадаадад явж барилдаад ахдаа бохь авчирч өгч, зурагтай футболк бэлэглэж, чихэвчний хөгжим үзүүлээд хорхойг нь бүр ч хөдөлгөчихсөн гэдэг юм.

“Хөдөлмөр” нийгэмлэгийн чөлөөт бөхийн дугуйланд ороход нь Намшир багш нь чи самбо, жүдогоор явах хүүхэд байна гээд Жадамба, Буядаа багшид хүлээлгэж өгчээ. Бэлтгэл хийж барилдаж эхэлсэн байна. Эхлээд шууд хотын аварга, улмаар улсын аварга болсон гэнэ. 1983 онд хүсэл мөрөөдөл нь биелэн хорин настайдаа гадаадыг зорьж дэлхийн аваргын тэмцээнд оролцжээ. “Сразу майор” гэдэг шиг Дэлхийн аварга болчихоод эх орондоо нүүр бардам эргэж иржээ.

Түүнд нэг ховор чанар байв. Айдаггүй, бас шантардаггүй. Эр биеийн бяр чадал, эзэн Чингисийн үр садын сүр сүлдийг үзүүлж шуугин дайрч ороод бүдрүүлж, тонгоруулж, бүр дээр нь гаран тэнгэр харуулж байгаад бүргэдийн дэвэлтээр ялж дийлэн гардаг байлаа. Бөхтэй, бяртай, бас мэхтэй арабын нэг орны алтан медалийн эзэн аваргатай тэр яг л тэгж барилджээ. Нүд ирмэхийн зуурт тэнгэр, газар эргэлдэн байраа сольсон байна. Айлын бөх гайхан алмайрч “энэ юу болоод өнгөрчих вэ, арай намайг ховсдчихсон юм биш биз” гэж гайхшран шүүрс алдаад толгой сэгсэрч байсан гэдэг юм. Энэ үг түүнд их содон сонсогджээ.  Ховсдоод байхдаа ч яахав дээ, хурдтай гэвэл харин болох байх гэж боджээ. Мөнхбат аварга барилдаад газар шороодох хүртлээ угсруулж хийх мэхээ ухаж бодож чаддаг, бас хийдэг гэдэг, тэр л зөв юм байна гэж бодогджээ.

Гэр хорооллын боргил залуу нэг удаа самбо бөхийн холбооныхоо ерөнхийлөгч Л.Энэбишид “Би дэлхийн аварга болчихсон ч байргүй хэцүү байна” гэж зориглон гомдоллоход цаадах нь “Дахиад нэг алтан медаль авчих, тэгвэл байр өгье” гэхээр за гээд л шуудран дайрчихаж. 1988 онд Улаанбаатарын Дэлхийн цомын аваргын тэмцээнээс аваргын хоёр дахь алтан медалиа аваад орон сууцаар шагнуулсан байдаг юм. Дэлхийн аваргад, дэлхийн цомд тус бүр гурван удаа барилдаж хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Гадаадад явж юм юм үзлээ, гайгүй ч олон медальтай боллоо. Одоо боллоо, зорилго биеллээ гээд их спортоо гэнэт орсон шигээ мөн л гэнэт орхиод бүр өөр ертөнц рүү алхан орсон байна.

Тэр нь ганзгын наймаа. Гахай зөөж газар үзэж, түмэн зүгт зорчин буман хүнтэй танилцаж эхэлсэн аж. Аажмаар арилжаа наймаа нь өргөжин тэлжээ. Шар таксийг зуу зуугаар нь оруулж ирэн гүйлгэж, саятан сугалаа санаачлан мянга мянгаар нь хуйлруулж, диско клубууд нээж залуусын зүрх сэтгэлийг соронздон татаж, супермаркет ажиллуулан айл гэрийн эзэгтэйчүүдийг чөдөрлөн тушиж… Тэр хэрээр бор төгрөгийг боодол боодлоор цуглуулж, түүнийгээ ногоон дойлуур болгон чангалж… нэг л мэдэхэд “Баянгол” зочид буудал, “Талх чихрийн комбинат”, “Мах импекс”-ийн эзэн болчихсон байжээ.

Энэ бол түүний чин зүрхний хүсэл мөрөөдөл нь, өөрөөр хэлбэл “Загалмайлсан эцэг” киноны утга санаанд бүрэн автаж мафийн толгойлогч болохоор өвчилж, арван долларын өдөн курткийг зуун доллар болгон дамлах ухаан сийлж явснаас нилээд хойшхи үеийн үйл явдал бөгөөд Женко жинхэнэ томорч эхэлсэн цаг үе. Нийслэл Улаанбаатарт байгуулсан супермаркетын дэлгүүрүүддээ урьд нь төдийлөн үл үзэгддэг байсан бүтээгдэхүүнүүдийг буюу “ногоон” хурганы арьс нохойн битүү туурай”-наас бусдыг харьцангуй хямд үнээр санал болгож хэрэглэгчдийг дасган идээшлүүлэх тактик  нь амжилттай хэрэгжиж нэг мэдэхэд нийслэлийнхний хөлд битүү дараастай байдаг болжээ. Ганзгын наймаагаар овоо хэдэн янчаантай бологсод, сайд дарга нарын авгай хүүхдүүд, өөрсдийгөө бусдаас дутах юмгүй “дундаж давхаргын” гээд ойлгочихсон даржин сэхээтнүүд бүгдээрээ түүний шинэ үйлчилгээ рүү соронз адил татагдаж түнтийсэн түрүүвч нь шалчийж, хээнцэр хэтэвч нь налчийж байлаа. Женко бага үнэтэй бүтээгдэхүүнүүдээр их ашиг олох тусам барьцаа алгуурхан чангалж, үнэ ханшаа үл мэдгээр өсгөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн нутагшуулж байв.

Орой, шөнийн баар цэнгээний газрууд нь оюутан голдуу залуусаар пиг дүүрч шар айраг мэлтэлзэн, шилтэй цэнхэр цэлэлзэж дуу хуураар халгиж бялхана. Караоке хэмээх цоо шинэ үйлчилгээнийх нь гадаад, дотоодын дуу хөгжмүүд зөвхөн залуусыг төдийгүй ахимаг насныхан, албан хаагчдыг ч хуйлруулан чангаана. Хөгжим эгшиглэж дуулах дууных нь үг бадаг дэлгэц дүүрэн тодрох нь аятай таатай төдийгүй зугаатай, хөгжилтэй ажаам. Аяга тагш юмандаа ам халсан үйлчлүүлэгчид нэг мэдэхэд наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай ”мэргэжлийнхэн” болж хувирдаг байлаа. Яам газар, пүүс компани, аж ахуйн нэгжүүд, сургууль соёл, эмнэлэг, үйлчилгээнийхэн… ер нь хавтгайдаа ажил тармагц хэсэг хэсгээрээ хэлхэлдэн караокеддаг шинэ моод нийслэл хотыг нөмрөн дэлгэрсэн билээ. Аяга шар айраг шимж, хундага галзуу харыг залгилж, цээжээ онойтол чадал мэдэн хэд чанга хашгираад орхихоор шалдар балдар өдрийн шаралхал дээрэлхэл, алжаал ядаргаа агшин зуурт арилан тайлагдаж, зовлон шаналал хийсэн одоод амьдрал тэмцэл “мянга нэгэн шөнийн үлгэр” шиг жаргалтай сайхан болоод ирнэ.

Миний багшилдаг их сургуульд манай нутгийн нэг банди сурдаг байв. Сэргэлэн цовоо хүүхэд, сурлагаар ч муугүй. Үе үе өглөөд унтаж хичээл тасалчих гээд байдгийг эс тооцвол өөлөх зүйл байхгүй. Хагас жилийн шалгалт болтол сургуулийн сургалтын албанаас түүнийг шалгалтад оруулж болохгүй, хагас жилийн төлбөрөө төлөөгүй байна гэлээ. Учир байдлыг өөрөөс нь асуувал удахгүй төлчихнөө багшаа л гээд өнгөрөв. Тэгтэл тэр өдөр эцэг нь утасдав. Хүүгээ хичээл сурлагадаа ямар байна гэж асууж байна. Хичээлдээ явж байгаа, харин хагас жилийн төлбөрөө яагаад хийгээгүй байгаа юм бэ, улирлын шалгалт эхэлчихсэн байдаг гэж учирлавал эцэг нь ихэд гайхаж өөрт нь өгөөд явуулсан шүү дээ гэлээ.

 Хэрэг мандаж өнөөх нөхрийг үтэр түргэн дуудаж авчран байцаавал аав ээжийнхээ өвөртлүүлж явуулсан сургалтын төлбөрөөр ангийнхнаа дайлж цайлаад салхинд хийсгэчихсэн нь баригдав. Женко-гийн караокегийн мэргэжлийн үйлчлүүлэгч, байнгын хүндэт зочин болж хувирсан байлаа. Ийм нөхөр нэг биш нэг хэсэг байгаа даа гэж бодоход хүйтэн хөлс чийхрах шиг болж билээ. Караокед ховсдуулчихсан байв. Ингэж л тэр илбэдэж чадаж байсан юм.

Женко ерээд онд Монголд саятан сугалаа санаачилж, шар такси бөөн бөөнөөр нь оруулж ирсэн хэргийн эзэн. Социализм гэгчээс капитализм хэмээх цоо шинэ өөр ертөнцөд дөнгөж хөл тавьж буй монголчуудад эдгээр нь бас л шив шинэхэн зүйл байлаа. Хүн бүр саятан болохыг мөрөөдөж байсан цаг үе. “Саятан” сугалааг багц багцаар нь худалдан авч аз хийморио сорьцгоов. Тэднээс хэд нь шинэ цагийн саятан болсныг үнэндээ би мэдэхгүй юм. Харин кино найруулагч С.Баярсайхан “…юм үзээгүй ард түмэн “Саятан” сугалаанд сэгсрүүлээд дууссан даа. “Саятан” сугалаагаар хэн ч саятан болсонгүй, харин манай Ерөнхийлөгч ганцаараа саятан болж төгссөн билээ” гэж бичсэнийг уншиж байсан. Үнэн ч байж магадгүй.

Саятан сугалаанаас дутахгүй их мөнгийг Женко шар таксинаасаа олж чадсан нь маргаангүй юм. Тав, арвыг биш таван зуун ширхэгээр бөөндсөн гэлцдэг юм.

Тэр үед Улаанбаатарт шар өнгөтэй машин тэрэг ер байсангүй. Нэг л мэдэхэд энд тэндгүй шар цоохор цох гэлтэй жижигхэн тэрэг дэвхэрч цовхорч дэгдэн харайлгаж явдаг болчихсон байв. Түүнийгээ Женко эзэмшигч эзэнд нь гэрээгээр хүлээлгэж өгөөд өөрт нь өмчлүүлсэн юм гэнэ лээ. Энэ тэрэг чиний хувийн өмч. Яаж эдэлж хэрэглэх чинь чиний хэрэг. Гагцхүү өдөр бүр төдөн төгрөгийн орлого олж, түүнийгээ оройд нь багтааж миний дансанд оруулж тушаасан байх үүрэгтэй. Өөр зүйлийг чамаас шаардахгүй. Өнөөдөр чамтай гэрээ байгууллаа, яг тэдэн хоногийн дараа энэ машин эзэмшигч чиний хувийн өмч болно гэжээ. Таван зуун иргэн ингэж гэв гэнэтхэн хувийн машинтай болчихож байгаа юм. Хувийн өмчийн эдэлгээ хэрэглээ, арчилгаа тордлого шал ондоо шүү дээ.

Энэ бол гэрээ байгуулагч тухайн хүнд тэнгэрээс унасан гэв гэнэтийн олз байв. Авсан машинаа аминаасаа илүүтэй хайрлаж, арчиж зүлгэн тордоно тойглоно гэдэг тоймгүй. Оруулах ёстой орлогыг нь түргэхэн оруулах гэж өдөр, шөнөгүй гүрдийж дөрвөн зүг найман зовхист тасралтгүй давхихаасаа ч сийхгүй. Нэг л мэдэхэд Женкогийн шар цоохор такси аймаг хотгүй тархчихсан байж билээ. Уг нь хот газрын засмал замын зориулалттай намхан, хүчтэйхэн үлээчихвэл тэр чигтээ хийсчихмээр жижигхэн тэрэг шүү дээ. Гэтэл Өвөрхангай аймаг, Орхон голын алдарт Улаан цутгалангийн хад чулуун дундуур хамж явсан гэвэл та итгэх үү? Би өөрийн нүдээр үзсэнээ хэлж байна шүү. Тэнд чинь УАЗ-469 машин л тэнхээ зааж тэмцэн зүтгэдэг бартаат газар. “Энэ золбин шар энд юу хийж явдаг байна вэ” гэж ач хүү минь ангайн гайхаж асууж байсныг би ер мартдаггүй юм. Түмэн олон түүнд “золбин шар” хэмээх зохицсон нь аргагүй ончтой оноосон нэрийг олж хайрласан нь энэ байлаа.

Женкогийн энэ мэтээр амьтан хүнийг ангайлгаж гайхшруулсан, овсгоо гаргаж олон түмнийг нүд бүлтийлгүүлэн, чих дэлдийлгэсэн нь нэг биш. Нилээд зүйлийг хэлж ярих хэрэгтэй болно. Тэгэвч тэр бүгдээс давж гарсан нь, “даравч далдайж булавч бултайдаг” нь 17 чингэлэг спиртийг ганцхан хоногийн дотор ус болгож хувиргасан алдарт илбэ. Энэ нь яах ч аргагүй ном сударт бичигдэж, түүх бичлэгт тэмдэглэгдэж үлдэнэ.

Монголын түүхэнд олон давтагдахгүй нэн зоримог үйлдэл. Муухан детектив зохиолыг ч давж гарна гэж сэтгүүлч Д.Дамдинжав тодорхойлжээ. Үнэхээр тийм юм. 1997 онд урд хөршөөс Монгол Улсын хилээр 17 чингэлэг ачаа орж ирсэн аж. Бичиг баримтыг үзэж газар дээр нь шалгаж нягталсан гаальчид 340 тонн спирт болохыг олж тогтоожээ. Эхлээд тэд өөрсдөө ч нүдэндээ ч итгэсэнгүй, тархи толгойд нь үнэндээ багтаж өгөхгүй байсан гэнэ лээ. Үнэрлэж, амталж үзээд ч зарим нь итгэж чадахгүй байсан гэдэг юм. Сорьц дээж авч байж л сохроогүй гэдэгтээ сая үнэмшицгээжээ. Ингээд бүр зураг хөргийг нь авч төв телевизийн зураглаачаар бичлэг хүртэл хийлгэж баталгаажуулаад 1997 оны 10 дугаар сарын 5-ны шөнө АН-ын угшилтай УИХ-ын гишүүн асан Г.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” хэмээх баталгаат гаалийн агуулгын хяналтын талбайд лацдаж ломбодоод битүүмжлэн хадгалуулсан байна.

Хилээр оруулж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис гэж гаалийн мэдүүлэгт тэмдэглүүлж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж. Хил, гаалийн хяналтынхан бүх зүйлийг ном дүрмийн дагуу үйлдэж бүртгэж нотолгоожуулсан байна. Маргааш өдөр нь ирээд үзвэл бүх зүйл байр байрандаа, хөдөлгөсөн хөндсөн зүйлгүй. Гагцхүү ганц өдрийн өмнө тагнай түлж, хэл чимчигнүүлэн шатаачих гэж байсан 96 градусын цэвэр спирт ариутгалын бодис, ус болж хувирсан байсан гэнэ.

Монголын битгий хэл дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдэж харагдаж, сонсогдож дуулдаж байгаагүй гэмт хэргийг илрүүлчихлээ гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэх зүйлгүй гүн итгэлтэй байсан хил гаалийнхан, ялангуяа уг булхайг уудлан илчилж баталгаажуулсан байцаагч модон хөшөө шиг хөдөлж чадахгүй хөшин гайхширчээ. Уулга алдан цочирдож, ухаан санаа булингартан цээж дотор бачимдаад үг ч хэлж чадахгүй дэмий л ам ангалзавч юу хэлж буй нь үл ойлгогдоно. Энэ чинь юу вэ, ийм юм байж болох уу хэмээн гагцхүү ухархайдаа багтаж ядан эргэлдэх хоёр нүд нь л хэлж байв. Ид шид үү, илбэ ухаан уу хэн ч хэлж мэдэхгүй байв. Тэгтэл тэнд байгсад дотроос хэн нэг нь сая санаа авч “тэгж ч наргихгүй шүү хө, яах ч аргагүй яс баталгаа бий. Төв телевизийн бичлэг дээр өнгө дүрс, хээ хуартайгаа өдөр, цаг, минуттайгаа бичээстэй байгаа. Түүнийгээ авчирч тулгаж үзье” гэж хашгирчээ. Тэр даруй унаа тэрэг, утас шөрмөс болж түргэн жагсаал авцгаав. Хүн бүр дор бүрнээ өчигдрийн үйл явдал, акт тогтоолтын амьд гэрч болцгоож ам амандаа  гэрчлэн шуугилдав.

Удалгүй төв телевизийн их студи руу явсан элч хоосон гуяа ганзагалан уруу дорой царайлсаар урамгүйхэн буцаж иржээ. Урд орой нь үл мэдэх хар масктай хутга шөвөг далайсан аймшигт дээрэмчид үндэсний телевизийн студид дайран орж ирээд бүтэн цагийн бичлэгийг нь хуу хамж аваад зугтан алга болсон байлаа. Арайтай л хүн амины хэрэг гарсангүй. Азтай, эзтэйгээ гайхалдан шуугилдсан хэдэн хүүхэн тэнд байна гэнэ. Эл мэдээ тэдэнд гэрэл гэгээтэй гэгээн цагаан өдөр тэнгэр дуугарч аянга ниргэх шиг л сонсогдсон байна.

Хэн ч, юу ч хэлж чадахгүй алмайран гайхацгаав. Гэмт хэргийг илрүүлэгч гаалийн байцаагч “ховсдчихлоо гэж үү” хэмээн амандаа аяархан дуугарчээ. Гэвч энэ үгийг бүгд сонссон байв.

Женко жигтэйхэн хурдтай ажиллаж чаджээ. Ганцхан шөнийн дотор бүхэл бүтэн цуврал детектив киноны үйл явдлыг үнэн болгож 17 чингэлэг спиртийг ус болгон хувиргаж, төв телевизийн бүтэн цагийн бичлэгийг үзвэл үнс, харвал хальс болгож чадсан байлаа. Одоо бол гэрчлэх баримт байхгүй, хоосон протокол, хэнд ч хэрэггүй хэдэн өгүүлбэртэй гаалийн байцаагчийн акт л үлдсэн аж.

Энэ бүхнийг илбэ гэж хэлэхгүй бол өөр юуг ид шид гэж нэрлэх юм билээ дээ. Хүн төрөлхтөний түүхэнд ийм сонин содон зүйл өдрийн од шиг ховорхон тохиолдож байж. Буурал түүхийн алс тэртээд Кана хот  дахь нэгэн том хурим найрын үеэр Еисус Христ эхийнхээ хүсэлтээр 380 литр усыг дарс болгон хувиргаж бурханы аугаа их хуч чадлыг харуулсан хэмээн Библ судрын 2:1-12-т домоглон бичиж үлдээжээ. Хурим найранд нь хувь хүн би бээр өөрөө биечлэн оролцох аз завшаан тохиогоогүй болохоор тийм, үгүй гэж хэрхэн хэлж чадах билээ.

Судар номд бичсэнээс үзвэл архи дарсыг ганц тарнидан үлээгээд ус болгож хувиргадаг ухаантан хутагт хувилгаад Монголд байсан гэлцэх юм билээ. Чихээр сонссон ч, нүдээрээ үзээгүй болохоор баталж нотолж бас л чадахгүй. Харин манай Женко буюу Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болохоор ганцхан шөнийн дотор 340 тонн спиртийг ус болгон хувиггаж чадсан байгаа юм. Энэ үйлдлийг нь Еисус Христээс ч давж гарсан аугаа том адал явдалт үйл явдал гэж хэлж болно. Яах ч аргагүй Монголд болж өнгөрсөн бодит зүйл. Баримт нотолгоотой, олон олон амьд гэрчүүдтэй.

Тэгэхдээ ухаант мэргэн уншигч та углуургаар нь ухаж төнхөж ойлгоорой. “Онцгой албан татваргүй 340 тонн спирт ийнхүү маш нууц үйл ажиллагааны /операцийн/ дор монголчуудын ходоод руу цутгасан гэж болно. Яг тэр үед Женкогийн хөрөнгө 10 дахин нугарсан байх магадлалтай” гэж сэтгүүлч Д.Дамдинжав бичжээ. 

Даян дэлхийг биш юмаа гэхэд даяар Монгол Улс, бүх монголчуудыг гайхшруулсан Женкогийн дараагийн сод үйлдэлд яах ч аргагүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн зүй ёсоор орно. Монгол Улсын төрийн тэргүүнээр тасралтгүй найман жил заларч монголын нийгмийг бужигнуулсан Цахиагийн Элбэгдорж өөрийн залгамжлагчаа тодруулчихаад байсан цаг үе. Тэр нь Миеэгомбын Энхболд, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд 65 суудал авч парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн эрх баригч МАН-ын дарга. Урьд нь Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр Улсын Их Хурлыг толгойлж, Засгийн газрыг ч хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байв. Албан ёсоор зарлаагүй л болохоос үнэн хэрэг дээрээ Миеэгийн хүү Их Хурал, Засгийн газрын аль алиных нь жолоог өөрийн гарт чанга атгаж байлаа.

2009 онд Намбарын Энхбаярыг өөрийн болоод өрөөлийн хүчнүүдтэй нийлж өшиглөж унагаад Монгол төрийн толгойд гарч ирсэн Цахиагийн Элбэгдорж бүтэн найман жилийн турш залгамжлагчаа хэнээр тодруулахаа өдрийн бодол, шөнийн зүүд болгон байж бодож бясалгажээ. Ардчилсан нам түүний атганд багтаж байлаа. Айлын тал буюу Ардын Намын толгойлогчид Санжийн Баяр, Миеэгомбын Энхболдоос эхлээд цөөнгүй нь түүнийг талархан дэмжиж тал засч байв. Ойрын бус уртын сунгаанд давхиулах хурдан хүлгийг сайн уяач түмэн зүйлээр түншиж, мянган шинжээр шинжиж тодорхойлдгийн адил Цахиагийн хүү хүний өөрийн “шижир алтууд”-ыг ахин дахин үнэрлэж, бүр хазалж амталж үзэн өөрийн гэсэн өвөрмөц шүүлтүүрээр шүүж шалгаж байв. Тэр олон жилийнх нь онцгой том сорилт шалгуурыг амжилттай дааж гарч чадсан нь Миеэгомбын Энхболд. Залгамжлагчаа зовж зүдэж байж тодруулж аваад дөрөө нийлүүлэн харшуулж Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд уяа сойлгыг нь ханатал тааруулж, хантайртал чавхруулж байв. Монголын нийгэмд дараагийн 5 дахь Ерөнхийлөгч бол Миеэгомбын Энхболд мөн гэсэн ойлголт түгэн тархаж, Монголын толгой баячуул сая доллараар мөрөө тавихаасаа ч буцахгүй итгэл үнэмшилтэй болоод байсан цаг үе бол 2017 он. Ийм нөхцөлд эрх баригч намын нэр дэвшигчийн эсрэг, эзэн хаан Элбэгдоржийн хүсэл зоригийн өөдөөс аймшиггүйгээр сөрөх сачийтай бөгөөд цөстэй аавын хүү бараг байгаагүй юм. Хад мөргөж духаа хагалан хамраа шалбалж, хавиргаа хугалуулахыг хэн хүсэх билээ дээ, тэнэгтэж  солиороогүй л юм бол.

Энэ бүхнийг Женко мэдээгүй биш мэдэж байсан ч зориг өчүүхэн ч үл шантарч арван метрийн зузаантай хойт мөсөн далайн мөнхийн цэвдгийг “Арктика” хэмээх атомын мөс зүсэгч хөлөг онгоц зүсэн орох адил гэрлийн хурдаар шумбан дайрч цас мөсийг шажигнуулан хэмхчиж эхэлсэн билээ. Энэ бол ухаант хүний санаанд оромгүй, хэрийн эрийн толгойд багтамгүй том алхам байлаа.

Сүүлд АН-ын доторх нэр дэвшигчдийн сунгаанд орж өрсөлдсөн нэг лидер надад “Баттулгыг барж идэхгүй юм билээ, баруун солгойгүй мөнгө шидэлж байгаа юм чинь. Хоосон ядуу ард түмэн чинь ходоодоороо саналаа өгөөд сурчихсан юм байна шүү дээ” гэж учирласан удаатай. Үнэний үндэс буйг үгүйсгэх аргагүй. Энэ бол самбо бөхийн дэлхийн аваргын гаршсан ганц дархан мэх байх бүрэн магадлалтай.

Хүч тэнцүүгүй эл өрсөлдөөнд хөндлөнгөөс нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бас бий. “Босоо Ганбаа” хэмээх “босоо ороолон” хажуу талаас гэнэт гарч ирээд /тэр МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн/ хачин ихээр Миеэгомбын хүүг хорлочихсон байдаг юм. Сүүлийн гучин жилийн түүхэнд Ардын нам, эсвэл Ардчилсан намаас нэр дэвшигчийн хэн нэг нь уралдааны анхны шатанд цоройн гарч ирдэг байв. Пунсалмаагийн Очирбат тэгсэн. Нацагийн Багабанди мөн ялгаагүй. Намбарын Энхбаяр, сүүлд Цахиагийн Элбэгдорж энэ уламжлалыг давтсан.

2017 онд эрх баригч Ардын Намаас нэр дэвшүүлж, “эзэн хаан” Цахиагийн Элбэгдоржийн таалан соёрхсон Миеэгомбын Энхболд ингэж гарах нь маш тодорхой, толинд тодхон бууж байна гэж “шарсан мах анддаггүй шар халзан зурхайч” нар санал нэгтэй хэлж байв. Олигархи бүлэглэлийнхэн, оффшорчдын төлөөллүүд халаасаа хоосолтол гүвцгээж төр, засаг ч түүнд нь хүч нэмэн хутгалдаад халамжийн бодлого хавтгайран өдөр өдрөөр өргөжин тэлж байсан юм. Нэрэлхэж ичилгүйгээр нэр дэвшигчийн хишгийг ирж хүртээрэй, нэг зуун мянга, хоёр зуун мянгаа очиж аваарай гэж гудамж талбайд Цагаан хоолойгоор зарлах нь холгүй ил цагаандаа гарч байв. Харин Женко түүнд өвдөг сөгдөн бууж өгсөнгүй, сөргүүлэн дайрч, сэхээ өгөлгүй давшилж ачих мэхийг өөрт нь эргүүлэн хийж жинхэнэ дэлхийн аваргын хэмжээнд зиндаархаж байсан нь бодит үнэн юм.

Ингээд гайтай Ганбаа, зайтай Женко хоёрын хавсарсан мэхтэй халз тулсан Миеэгомбын Энхболд эхний шатаар илүүрхэн тасарч гарч чадалгүй хоёрдугаар шатанд тунаж үлдсэн түүхтэй. “Тунаж үлдсэн” гэж хэлэхэд ч бас түвэгтэй дээ. Баян-Өлгий зэрэг зарим аймгийн хэд хэдэн сумын дүн мэдээг удтал уяж “унжин”,  орой үдэш болсон хойно Сонгуулийн ерөнхий хорооны цахилгаан самбарыг зориудаар гацаалгаж байгаад иргэд сонгогчдыг оронд нь оруулан унтуулж, өглөө сэрж босоход өнөөх Миеэ нь үлдчихсэн байсан юм. Халтмаагийн Баттулгын од ингэж гэв гэнэт асан гялалзсан түүхтэй. Босоо ороолон Ганбаатарт санал өгсөн дөрвөн зуун мянган иргэдийн зуун мянга нь хоёрдугаар шатны сонгуульд “цагаан сонголт” хийж, үлдсэн хэсгийн ихэнх нь санал хураах байруудад ирээгүй бөгөөд ирсэн нь АН-аас нэр дэвшигчид саналаа өгчээ. Ингэж монголын ард түмэн хаан суудалд залрагч Цахиагийн Элбэгдоржид, бас түүний сонгон тодруулсан залгамжлагч Миеэгомбын Энхболдод “битгий давар” гэж салаавч үзүүлж, сануулга өгсөн юм. Хоёр дахь шатны санал хураалтад Халтмаагийн Баттулга иргэд сонгогчдын 55,15 хувийн санал авч хамгийн их дуулиан шуугиантайгаар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдон гарч ирсэн билээ /М.Энхболд 44,35 хувийн санал авчээ/. Энэ бол түүний олон олон онцгой тод үйлдлийн оргил цэг нь яах ч аргагүй мөн байлаа. Илбэ шидийн гэмээр их амжилтын эзэн болж тэр чадсан юм.

Хорьдугаар зууны ерээд оноос хориннэгдүгээр зууны хориод оныг хүртэлх хорь гучин жилийн турш Женко буюу өнөөгийн Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монголчуудыг огт уйдаасангүй. Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар өнөөг хүргэв. Зарим нэгээс нь чадан ядан өгүүлэх гэж оролдлоо. Тэгэхдээ бүгдийг биш цөөхнийг. Цаана нь зөндөө юм үлдсэн.

“Түүний түүх бараг л Монте Кристогийн түүх шиг. Бас улстөрд ороод ганцаархнаа шахам зөрж зүтгээд байгаа нь Дон Кихот ч юм шиг” гэж сэтгүүлч Д.Төрмөнх Женко-г өргөмжилжээ. Тийм ч байж мэднэ, үгүй ч байж болно. Ямар ч байсан Монголын толгой баячуудаас хамгийн түрүүлж Цонжинболдогт их эзэн Чингис хааны аварга том морьт хөшөө байгуулсан нь үнэн. Тэр хөшөө Азид, тэр ч битгий хэл дэлхийд үгүй цорын ганц гэдэг нь бас үнэн. Төв аймгийн Эрдэнэ суманд өвөг дээдсийн өв соёлыг өвлүүлж хадгалсан “13 дугаар зууны тосгон” байгуулсан нь мөн л бултахын аргагүй бодит баримт. “Их Майдар” хотхоныг барьж байгуулахаар шантралгүйгээр зүтгэж байгаа нь ч мөн үнэн. Тавантолгой-Зүүнбаянгийн таван зуун км шахам урт төмөр замыг монгол инженер, техникийн ажилтнууд, монгол цэргийн хүчээр монголчууд өөрсдөө анх удаа барьж байгуулсан нь /хэдийгээр энэ нь янз бүрийн шүүмжлэлд өртдөг ч/ бас л үгүйсгэхийн аргагүй үнэн баримт. Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг зургаан сая хүртэлх төгрөгийн зээлээс нэг удаа хэлтрүүлсэн хүн нь ахиад л Халтмаагийн Баттулга. Өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгоод үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе гэж үхэр шиг ахин дахин зүтгэж байгаа нь ч бас тэр. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн амнаас хэзээ ч гарахгүй, зуун жилийн түүхтэй МАН-ыг тараая гэж хэлж чадаж байгаа “дайсан” бол мөн л Халтмаагийн Баттулга. Нийтийн жишгээр амьдарч, сүргийн жишгээр сэтгэж үл чадна тэр. Арай өөр нүдээр хорвоо ертөнцийг харж, өөрийнхөөрөө өнгөлзөн зүтгэлнэ тэр.

Түүний үг ч, үйлдэл нь ч үнэхээр “эсэргүү”. Бусдаас гарахгүй үг, үйлдэл түүнээс гарна. Түүгээрээ Женко бусдаас эрс ялгарна. Сэтгүүлч Д.Дамдинжав 4 дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын “Улстөрийн сүүлчийн гавьяат жүжигчин” гэж их л онож нэрлэсэн. Өөр тийм “улстөрийн гавьяат жүжигчин” Монголд ахиж төрөхгүй биз. Төрөхөөргүйгээр чадмаг сайн жүжиглэж, хотол түмнээ хошгируулж чадсан нь ганцхан тэр.

Харин би Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг “Ховсдогч Ерөнхийлөгч” гэж арай өөрөөр, тэгэхдээ үнэнээр нь өргөмжлөн цолломоор байна. Тэгж хэлэх бүрэн үндэслэл үнэхээр түүнд байгаа юмаа.

Олноос онцгойрч сондгойрсон ийм хүмүүс амьдралд өдрийн од шиг ховорхон. Бараг байхгүй дээ. Байдаг юмаа гэхэд ганц ганцхан. Нэг нь Женко. Хотлоор нь ховсдогч манай Ерөнхийлөгч.

 х    х   х

Бөөрөнхий бөмбөрцөг тэнхлэгээ тойрон эргэлдэж сарыг дагуулан нарыг тойрно. Замбуу тивийн нартайгаа хамт замилан орчлонгийн уудмаар хэсүүчлэн тэнүүчилнэ. Хаашаагаа явж байгаа, хаана хүрэхээр зорьж буйг хэн ч үл мэднэ. Бөмбөрцгийн бөөрөнд наалдаастай, Азийн цээжинд тэгнээстэй жижигхэн Монгол нэг нийгмийг халж, нөгөө нийгмээр сольж тэсч үлдэх гэж тэмцэн тэмүүлнэ. Шургачиж уначихгүйг хичээж, шударгуу байхыг мачийж нэг Ерөнхийлөгчийг халж, нөгөө Ерөнхийлөгчийг налж хэсэгхэнтээ ярвайж, хэсэгхэнтээ мишээж мянга мянган өдөр   өчүүхэн ч зав чөлөөгүй. Харин хаашаа явж байгаагаа мэдэхийг хүснэ, хаана хүрэхээ мэдрэхийг зорино. Гэвч цагийн байдал ороо бусгаа. Удирдагчдын явдал шалдар булдар. Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвана. Улстөрийн намууд нь шалиг завхай, толгойлогчдынх нь нүд улаан, мөнгө цагаан. Алхам тутамдаа ард түмэндээ хайр зарлавч амлалтууд нь худал хуурмаг. Хөршүүдийнх нь зан ааш хаврын тэнгэр шиг хувьсамтгай, хүчтэй гүрнүүдийн санаа бодол арван нүүдлийн цаадах уран бэрийн нүүдлийг санагдуулна. Хүмүүсийнх нь аж амьдрал гантай зун шиг алаг цоохор, тарчиг ядмаг. Долоон голтой тулдаа л амь тасарчихгүй шиг шар өдөр, бор хоногийг туулан туучна. Үйлийнх нь үр гэгч энэ буюу

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.