Монголд нэг хүний засаглал-авторитари дэглэм тогтсон гэж эх орноо муулж, аль муугаар харлуулж өчүүхэн амиа хоохойлох эрх олж авах гэсэн юм биз дээ! Тэр энэ худал сенсаацаараа цагаачлах эрх хүсэх гэж байгаа юм шиг хар төрөөд явчихлаа.
Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Роберт Амстердам гэгч “Цагаан ном” гээчийг гаргаж “Ч.Сайханбилэгийн эсрэг явуулж байгаа мөрдлөг хавчлага, түүний хэлмэгдэл” гэгчээр жишээ татан англиар тарааж Монголыг дэлхий нийтэд “шившиглэх” юм байна л даа. Чи өөрөө Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн шүү дээ! Хэрэв Монголд авторитар дэглэмтэй байсан бол, тэр ардчилал гээч чинь байгаагүй бол чам шиг юмнууд гаднын үнэтэй өмгөөллийн компани, өмгөөлөгчид хөлслөөд, холоос эх орон руугаа өмхий шүлс үсчүүлэн нулимж суухгүй байсан юм. Хэрэв чиний хэлж байгаа шиг байсансан бол чам шиг юмнууд монголчуудын зуун жил сайхан амьдрах ордыг харийнханд найр тавьчихаад өндөр өртөгтэй оронд хэдэн жилээр амьдарч суух боломж олдохгүй байсан юм. Хэрэв тийм байсан бол чам шиг хүүхэлдэйнүүд төрийн эрхэнд гарч Монголын хувь заяагаар тоглох эрх бүр ч олдохгүй байх байсан юм… Гаднын үнэтэй өмгөөллийн компани, өмгөөлөгч хөлслөх мөнгөө хаанаас олсноо ард түмэндээ тайлагначих сачийгүй арчаагүй царайлах ийм хүнээр Ерөнхий сайд тавьсан Монгол өөрөө гутамшигтай! Эх орноо харьд гутаан доромжилж харьд амьдрах эрх горьдогчид энэ эх орны хүү, охин гэж хэлэх эрхтэй юм уу?!
2000 оны тракторчдын жагсаалыг талбайгаас хүч хэрэглэн тараасныг санаж байна. Энэ үйл явдлын баримт болсон хэдхэн секундын бичлэг зөвхөн надад байсан юм. Бүх хүний баримтыг цагдаа хураасан ч би бичлэгтэй хуурцгаа тэднээс нуун авч үлдэж чадсан билээ. АН-аас зохион байгуулсан үйл явдал байсан учраас би түүнийг АН-ын өмч гэж үзэж архивт нь хүлээлгэж өгсөн. Харин түүнийг хэдэн мянга хувилан зарж, маш олон хүн Уянга нэртэй болж, хэдэн мянгаараа тэнд оролцсон болж эх орноо адгийн муугаар харуулж байгаад АНУ-д цагаачлах эрх хүссэн байж билээ. Тэд АНУ-ын иргэд, тэнд төрсөн хүүхдүүд нь харийн иргэд болцгоосон. Тэд эх оронгүй болцгоосон… Надад гунигтай санагдсан! Дараа нь би зайрмаг огтоос идэж үзээгүй хүн болсон гэж ичихгүй ярьж харийнхны элэг доог болсон Ерөнхийлөгч, одоо Ерөнхий сайд нь! Чи эх оронч юм бол улсаа зарж улсаасаа баян болсон офшоорчдоос ичих ёстой. Чи тэдэнтэй ханцуй шамлан тэнцвэргүй тулаанд орж байгаа Ерөнхийлөгчийг “дарангуйлагч” гэж цоллохын оронд түүнийг дэмжсэн ганц үг хэлэх байсан юм. Монголын ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлсандаа өөрөөсөө ичих ёстой!
Цаг хугацааны шалгуур даахгүй, тэр дороо танигдах ичгүүрт үнэн гэж байдаг юм, Сайханбилэг ээ! Чиний Дубайн гэрээ бол түүхийн шившигт бичигдэх урвалт байсныг цаг хугацаагаар нотлох албагүй! Чамд эх орон чинь, газар шороо чинь, ард түмэн чинь гомдлоо. Үүнээс өөр амьдрах арга олдсонгүй юу?! Харьд бэлтгэгдсэн, харийн бодлогын боолууд төрийг нь ээлжлэн эзэгнэж, хөрөнгө мөнгөнөөс өөр үнэт зүйл, сэтгэл татах юмгүй цөөхөн хөрөнгөтнүүд харийн өлмийд сөгдөх мөртөө ард түмнээ дарласан, улсаа зарж улсаасаа баян болсон “чөтгөрийн хүү”-нүүдийн эрхшээлд орсон хөөрхий эх орон минь!… Түүхийн энэ шившигт үеийг хэрхэн туулж барна аа! Эрх баригчдад адлуулж, мөрдүүлж мөшгүүлж, гүтгэгдэн доромжлогдож, хоригдож байцаагдаж, сониноо хаалган үг хэлэх эрхээ хориулж, бүр сониныг минь хэвлэх үйлдвэр Монголд байхгүй болж, орон гэрээ эвдүүлж сүйдүүлж, төрөөд долоо ч хоноогүй хөхний сүүгээ дуслуулан нялх үрээ орхиод цагдаад хулгайлагдаж байхдаа ч миний толгойд цагаачлах байтугай эх орноо харьд муучлах тухай бодлын зий орж ирж байсангүй.
Харин хэрхэн яаж үүнийг өөрчлөх вэ, би биш бол хэн гэж? гэж чам шиг хулгайчидтай тэмцсээр өдийг хүрсэн. Би гутаж байна! Дубайн гэрээний чинь төлөө маргалдах цөөн боловч өмгөөлөгч чамд байсаан, энд! Харин одоо үүний чинь төлөө бүгд үзэн ядна! Эх орон чинь чамд гомдож байгаа. Эх орон гэдэг амьтай юм. Ийм шившигт үйлдлийн чинь дараа чамд Монгол нутгийн шороонд хөл тавих эрх байгаа гэж үү? Үнэндээ энэ цаг үед дур гутаж байна!