Өнгөрсөн өдрөөс эхлэн ЭМЯ тодорхой хэдэн албан тушаалтнууд ажлаасаа халагдахаар болсон гэх мэдээлэл тараад байна. Одоогоор ЭМЯ-ны 20 гаруй хүнийг сэлгээ нэрийн дор халж эхэлсэн талаар цахим орчинд мэдээлэл түгээд байгаа билээ.
ЭМЯ нийт долоон газрын даргатай. Үүнээс дөрвөн газрын даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тухайлбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Ингэхдээ Д.Нарангэрэл, Я.Буянжаргал нарт нэгэн эмнэлгийн орлогч даргаар очих саналыг тавьсан байна. Тэд уг саналыг нь хүлээж аваагүй учир сэлгээ гэх нэрийн дор халаа сэлгээгээ хийжээ.
Ажлаасаа гэнэт халагдсан яамны 20 гаруй ажилтан, албан хаагчид шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан талаар Д.Нямхүү захирал өчигдөр /2020.12.24/ мэдээлсэн. Шалтгаан нь ХӨСҮТ-өөс халдвартай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхгүй гэж эсэргүүцсэний төлөө түүнийг ажлаа өгөхийг шахан шаарджээ.
Монгол Улс дотооддоо covid-19-ийн халдвар алдаж, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж байгаа энэ хүнд цаг үед Эрүүл мэндийн салбар нь дотроо хөлөө жийлцэж хөдөлгөөнд орж эхэлсэн нь сайны дохио биш лавтай.
Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өгсөн юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар яамны нийт албан хаагчдыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна. Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх ажил цаг хугацааны хувьд оны төгсгөлд таарлаа. Тогтоолыг Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу явагддаг зарчмын дагуу юуны өмнө нийт албан хаагч нарыг чөлөөлж байж, дараагийн шинэ бүтцээр нийтээр нь байршуулан томилдог процессийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Яамны зарим албан хаагчдыг дээр дурьдсан бодлогын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрүүд хуулийн хүрээнд гаргаж байна. Үүнийг зарим веб сайт, хэвлэлүүд албан хаагч нарыг ажлаас нь хоморголон халсан мэт ташаа агуулгаар мэдээллийг хүргэж байна. Эрүүл мэндийн яам чиг үүргээ хэрэгжүүлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвийн ажиллаж байна гэв.