УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газрын хаалгыг цөм өшиглөөд орж суусан сайд бол Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар юм. Учир нь Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Засгийн газарт давхар дээлтэй дөрөвхөн сайд байхаар заачихсан.
Тэгэхээр гишүүдийн дундаас шигшигдэж шилэгдэж сайд болно гэсэн үг. Харин Х.Нямбаатар шилээний сайд мөн үү гэвэл үгүй. Сайд нар тодрох сүүлийн өдрүүдэд нэр нь гарч ирээд, яагаад ч юм тэр чигээрээ л сайд болсон. Тэр утгаар нь Засгийн газрын хаалгыг цөм өшиглөж орсон гээд байгаа юм.
Томилогдох гэж байхад нь Ерөнхийлөгч юу гэлээ дээ, “…Нямдоржийн хэмжээнд ажиллахгүй бол салбарынхан чинь тоохгүй шүү” гэж зөвлөж байлаа.
Х.Нямбаатар сайд болоод хагас жил болох гэж байна. Салбарынхан нь яаж байгааг бүү мэд.
Харин олон нийтэд сүрхий “тоогдож” эхэллээ. Мань эр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ер нь монгол хүний мэдэх хийгээд үг хэлэх, мэдээлэх эрхэнд халдсан хууль санаачлав.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ХЗДХЯ-ны албан ёсны сайтад 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 23:58 цагт байршуулжээ. Ердөө жилийн өмнө Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлд “Худал мэдээ тараах” гэмт хэрэг гэснээ дахин өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийн саналыг гаргасан байгаа юм.
Үүгээр сэтгүүлчид 1-5 жилийн хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад 10-80 сая төгрөгийн торгууль ногдуулах заалт орох гэж буй аж. Зөвхөн сэтгүүлчид ч бус фэйсбүүк, твитер, бусад цахим сүлжээнд мэдээлэл түгээсэн, шэйрлэсэн иргэд ч энэ зүйл ангиар шийтгүүлнэ.
Дам, бас том утгаараа өнөөдрийн ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүний ганц дархан эрх болох үг хэлэх эрх үүгээр хязгаарлагдана. Сэтгүүлчид ч, жирийн иргэд ч ззнийг эсэргүүцэж эхэллээ.
Х.Нямбаатар хуулийн төслөө хамгаалах гэж өдөр бүр хуулийн төслөө өмөөрч амыг нь хамхих гээд байгаа хэвлэлүүдээр гүйж явна. Ийм заалт хийхгүй бол болохгүй, өөрөө машид хохирсон гээд “кейс”-үүдээ ч ярьж байна.
Х.Нямбаатарын Эрүүгийн хуульд хийх гээд байгаа заалт хаанахын, хэний бодлого вэ. Энэ заалт хуульд орвол хэний, юуг хөндөх вэ. Ингэчихвэл үр дүн нь болох вэ гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа болов уу.
Дүгнэлт бол “…Тэр асуудлыг томоор нь харахгүй байна. Зөвхөн өөртөө учирсан шийдэхийг хүсч байна” гэж гарна.
Х.Нямбаатар бол Засгийн газрын ХЗДХ-ийн сайд, тэр утгаараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн, энэ утгаараа хууль санаачлах эрх түүнд бий. Гэхдээ энэ Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг ХЗДХ-ийн сайдын хувьд удирдан боловсруулжээ.
Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Х.Нямбаатар нэгдүгээрт, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “…Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16.16-д “…Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг. Энэ нь Х.Нямбаатарын боловсруулсан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шууд хориглох ёстой юм.
Хоёрдугаарт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд бас халдаж байна. Ийм нэртэй, 1998 онд батлагдсан, дөрөвхөн заалттай, хэдхээн үгтэй, мэгзэм шиг нэг хууль манай салбарыханд үйлчилдэг.
Түүгээр Х.Нямбаатар байтугай Засгийн газар, УИХ ч хэвлэл мэдээллийн салбарыг “чиглүүлэн хөгжүүлэх” эрхгүй. Хуульд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” гээд заачихсан.
Бас уг хуулийн 3.1-т “…Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалт байдаг. Энэ утгаараа Х.Нямбаатарын хуулийн төсөл Монгол Улсад 22 жил үйлчилж буй хуульд халдсан байна.
Цар тахал гэж бужигнахаас өмнөхөн Цагдаагийн байгууллагын дэргэд мэдэх, мэдээлэхийг хянах тусгай нэгж байгуулаад л байсан. Тэр нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.2-т “…Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн л байх жишээтэй.
Х.Нямбаатарт уншуулах бас нэг заалт бий. Уг хуулийн Хоёрдугаар зүйлд “…Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж бий.
Үүнтэй зэрэгцээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага алдаа мадаг гаргах, Х.Нямбаатарын хүсээд байгаа “худал мэдээлэл” түгээсэн үед хүлээлгэх хариуцлагыг ч тодорхой заажээ. Хуулийн 3.1-т “…Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэчихсэн. Зөрчлийн болоод Эрүүгийн хуульд үүнийг хамаатуулан татах заалтууд оруулсан.
Түүнчлэн Х.Нямбаатарын боловсруулсан энэ төсөл У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого байв уу, аль эсвэл Х.Нямбаатар хувийн тоглолт хийгээд ийм төсөл санаачилсан уу. Үүнийг мэдэхийн тулд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг харах хэрэгтэй. Энэ хөтөлбөр өнгөрсөн наймдугаар сард батлагджээ.
Хөтөлбөрт хэвлэлтэй холбоотой ганц заалт байдаг юм. 2.6.4-т нь “…Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ” гэж бий. Гэхдээ үүнийг ойлгоход төвөгтэй. Яг юу бодож ийм үг өгүүлбэр оруулсан нь хачин. Бодвол их л гүн бодож хийсэн бололтой юм.
“…Бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ” гээд байгаа юм шүү. Олон дахин уншаад ч ойлгогдохгүй. Хачин абсурд заалт байгаа юм. Ямар сайндаа л “…Яруу найрагч Цэндийн Чимэддорж гуайн “…Мал буянаа яаж адуулан маллахыг марксизмаар заалгахгүй ээ” гэдэг шиг Монголын хэдэн сэтгүүлч мэдээ нийтлэл яаж бичихээ Засгийн газраар заалгах дээрээ тулаагүй л дээ” гэж манай салбарын ланжгар хэлж байхав дээ.
Хэдхэн хуулийн хэдхээн заалт харахад Х.Нямбаатарын хуулийн төсөл өч төчнөөн зөрчилтэй байна.
“…Монгол Улсынхаа иргэн бүрийн төлөө” гэдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Ийм хууль санаачил” гэж Х.Нямбаатарт тушаал даалгавар өгөөгүй л байж таарна.
Тэгэхээр ингэж хуультай, төртэй зөрчилдөн байж монгол хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж буй нь Х.Нямбаатарын хувийн сонирхолтой холбоотой болж байна. Тэр өдөр бүр ямар нэг хэвлэлээр ярьж байгаа, түүнийг үзээрэй, ойлгогдоно.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин