Comment.mn

Сумын эмч, мэргэжилтнүүдийн тэтгэмжийг хэвээр үлдээхийг хүслээ

cd2ba0f1-7e51-4e3e-8042-90d774342ce8Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдэд нэгэн хүсэлт илгээжээ.

Тус холбооны тэргүүн Ц.Ганхүүгийн гарын үсэг бүхий уг хүсэлтэд өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй Эрүүл мэндийн  тухай хуулийн нэгэн заалтыг сумын эмч, мэргэжилтнүүдийн хувьд хэвээр үлдээж өгөхийг хүссэн байна.

2011 онд батлагдсан Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй” гэж заасан байна.

Харин “… сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласанэмнэлгийн   мэргэжилтэн тэтгэвэрт   гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно” гэж заажээ.

Гэтэл Засгийн газраас 12 сарынцалинтай  тэнцэх тэтгэмж олгох саналыг УИХ-д оруулж байгаад нийт сумын эмч мэргэжилтнүүд сэтгэл эмзэглэж байгаагаа хэлсэн байна.

Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд дотроо сумын эмч, мэргэжилтнүүд ажлын ачаалал ихтэй, цаг наргүй ажилладаг, сэтгэл зүйн дарамт ихтэй, эрүүл мэндийн хувьд байнга эрсдэлтэй ажилладаг нь амьдрал дээр ил байдаг. Дээр нь хөдөө орон нутагт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн байнга дутагдалтай байдаг бөгөөд ялангуяа мэс засал, хүүхдийн эмч, эх барих, эмэгтэйчүүд зэрэг нарийн мэргэжлээр мэргэшсэн  эмч нарын хэрэгцээ шаардлага байсаар байгаа юм.

Харин хуулийн дээрх заалт амьдралд хэрэгжиж эхэлснээс хойш хөдөө орон нутагт ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтний тоо өссөн гэнэ.

Хэрэв хуулийн дээрх заалт өөрчлөгдөхөд хүрвэл хөдөө орон нутагт ажиллах эмчийн тоо эрс цөөрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдоход хүрнэ гэдгийг ч Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос гаргасан хүсэлтдээ өгүүлжээ.

Хөдөлмөрийн яамнаас  2013 онд хийсэн “Цалин хөлсний бүтцийн судалгаа”, Эрүүл мэндийн яамны 2014 оны цалингийн судалгаагаар  төсвөөс санхүүждэг эмнэлгийн эмчийн  дундаж цалин  489 мянга, сувилагчийнх  407 мянга байдаг нь бусад салбарын төрийн  албан хаагчдын цалингаас даруй 20 хувиар доогуур үзүүлэлт аж.

Нөгөө талаар иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах эрхийг ч давхар бодолцох ёстой гэсэн байна.  Тиймээс хуулийг өөрчлөхдөө сумын эмч, мэргэжилтнүүдийн хувьд хуучин заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсчээ.

Г.Гэрэл

www.gereg.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.