Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалын үеэр ярив. Тэрбээр,
“Ардчилсан сонгуулиар ардчиллыг хамгаалдаг. Гэтэл өнөөдөр захиалгын шүүх, шүүгчийн шийдвэрээр хүний сонгох сонгогдох эрхийг уландаа гишгэдэг үе ирсэн байна. Ардчиллаа хамгаалъя. Өөрийнхөө болон эхнэрийнхээ цүнхийг барьж байснаас биш хэн нэгэн даргын цүнхийг барьж байгаагүй. Хэн нэгэнтэй нэгдээгүй. ХҮН хэн нэгэнд худалдагдахгүй. Хэн нэгэнтэй наймаа хийж ашиг хонжоо олно гэж зориогүй.
Ардчилсан нам, МАХН нэгдэж сонгуульд оролцож байгаа. Бидэнд энэ саналыг тавьсан. Бид нэгдэхгүй гэдэг хариултаа өгсөн. Ардчилсан нам, түүний ард талд нь Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэж хардаж байна. Ерөнхийлөгч та 2021 онд дахин сонгогдоно гэж бодож байгаа бол бүх улс төрийн намыг сонгуульд оролцуулах хэрэгтэй.
Хуулийн байгууллага хараат, хэн нэгэнд үйлчилдэг байх юм бол өөрчлөх ёстой. Бидний шаардлагын хариуг 24 цагт өгөхгүй бол эсэргүүцэл илэрхийлж, хамгийн хүнд тэмцлийг сонгоно” гэлээ.